Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/00779

 

 

 

 

 

 

 

 

2021           03          11                                        101/ШШ2021/00779

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 хороо, 0 тоотод байрлах, РД:0, Х ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, 0 хороо 0 тоотод байрлах, РД:, С ХХК-д холбогдох түрээсийн гэрээний үүрэгт 5.750.000 төгрөг, 2.950.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг бараа материал гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай Х ХХК нь С ХХК-тай 2018-07-26-ны өдөр 18-595 тоот түрээсийн гэрээг Иргэний хуулийн 318-326 дугаар зүйл, Компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн холбогдох заалтыг удирдлага болгон харилцан тохиролцож байгуулсан. С ХХК нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр V-2 100 ширхэг тулаасыг төмөрийг түрээслэн авсан боловч гэрээний үүргээ биелүүлж түрээсийн төлбөрөөсөө өнөөдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахгүй мөн буцаан хүлээлгэн өгөлгүй хэрэглэж манай компанийг хохироож байна. 100 ширхэг цагаан хуучин V-2 тулаасыг 785 хоног хэрэглэсний төлбөр 7.790.000 төгрөгөөс 2.040.000 төгрөгийг төлж 5.750.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 100 ширхэг цагаан хуучин V-2 тулаас нэг бүрийн үнэ 29500 төгрөг буюу нийт 2.950.000 төгрөгийн үнэ бүхий тулаасыг хүлээлгэж өгөөгүй. Иймд хариуцагч С ХХК-иас барилгын туслах материал түрээслэх гэрээний үлдэгдэл төлбөр 5.750.000 төгрөг, 100 ширхэг V-2 тулаасыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х ХХК нь 2018-07-26-ны өдөр 18-595 тоот гэрээ байгуулахдаа гэрээний үйлчлэх хугацаагаа заагаагүй байгаа нь энэхүү гэрээний дагуу аливаа хугацаа төлбөрөө амаар тохирохоос өөр тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэрээ байгуулах нь харилцан ашигтай, адил тэгш хариуцлага хүлээхээр хийгдэх байтал нэг талыг барьсан гэрээ байгуулсан байна гэж үзэж байна. Гэрээг цуцлах тухай болон гэрээний үргэлжилсэн хугацааг 09 сарын 16-ны өдөр С.М-тай удаа дараа утсаар ярилцсаны үр дүнд түрээсээр ашигласан хоногийг эцэслэн тохирч нийт 2.040.000 төгрөг байхаар амаар тохирч үүнээс түрээсийн төлбөр болон байгууллагад олох байсан ашгийн нөхөн төлбөр гэж 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Түрээслэж буй эд хөрөнгө болох сафутыг буцаан авчирч өгөхөөр эцэслэн шийдвэрлэсэн байсан.

Түрээслүүлэгч гэрээний 1.3-ийг хэрэгжүүлэх санал санаачилга гаргаагүй, гэрээний хавсралт материал бүрдүүлж албажуулаагүйгээс бидэнд гэрээний дагуу ажиллах боломж нөхцөл хаалттай байсан. Бид барьж буй барилгын ажпаа дуусахаар нь Д аймгийн Э сумаас бусад эд зүйлсийнхээ хамт нэг тээврээр авчирч өгөхөөр амалсан боловч 2019 оны 12 сард барилгын ажил хөрөнгө санхүүжилт тасарч зогссон бөгөөд улмаар 2020 оны 1 сард корона вирусын халдвар гарч хөл хорионы дэглэм тогтсоноор түрээслэсэн эд зүйл сафутыг нь татан авах боломжгүй болсон. Улмаар 2020-03-16-нд Д аймгийн засаг дарга одоогийн их хурлын гишүүн Т.Э, мөн их хурлын гишүүн байсан одоо мөн их хурлын гишүүнээр сонгогдсон Б.Д нар Э суманд баригдаж байсан барилга барих манай гэрээг цуцалж байгаа тухай ам шийдвэр гаргаж, 2020-09-02-ны өдрийн 1/1 тоот албан бичгээр ирүүлсэн. Дээрхи хугацаанд бид барилга дээр аливаа үйл ажиллагаа явуулах эрхгүй болсон юм.

Манай байгууллага Х ХХК-иас түрээсээр ашигласан түрээсийн төлбөрөө тус компанийг төлөөлөгч С.М-тай удаа дараа ярилцаж 2019-09-16 өдөр 1.500.000 төгрөг төлж түрээсийн төлбөр, бусад хохирлыг барагдуулах нөхөн төлбөр дуусч зөвхөн түрээсээр авсан 100 ширхэг сафутыг буцаан өгөхөөр эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд уг зүйлийг нь буцаан өгөхөд давагдашгүй нөхцөл байдал буюу цар тахал өвчин болон төрийн байгууллагын шийдвэрээр барилгын ажил зогсоож гэрээг цуцлагдаж, манай компаний эд хөрөнгийг битүүмжилсэн. Сафуд буюу тулаасыг бидэнд олон хоног ашиглах шаардлага байгаагүй. Өнөөдрийг хүртэл битүүмжлэгдсэн байгаа учир бид тулаасыг авах үүднээс иргэний хэрэг үүсгэсэн захирамжийг авч хүргүүлж байгаа. Нэхэмжлэлээс түрээсийн төлбөр 5.750.000 төгрөгийг зөвшөөрөхгүй, V-2 тулаасийг буцаан өгөхийг зөвшөөрч байна, буцаан өгөх үед эвдэрч гэмтсэн байвал мөнгийг нь өгөхөд татгалзахгүй гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь С ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үүрэгт 5.750.000 төгрөг, 2.950.000 төгрөгийн үнэ бүхий 100 ширхэг /V-2 сапуд/ тулаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч С ХХК нь түрээслүүлэгч талын төлөөлөгч С.М-тай удаа дараа утсаар ярилцсаны үр дүнд түрээсээр ашигласан хоногийг эцэслэн тохирч 2019-09-16-ны өдөр 1.500.000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулсан тул түрээсийн төлбөр 5.750.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, цаг үеийн байдалтай холбоотойгоор 100 ширхэг барилгын тулаас төмрийг буцаан өгөхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Зохигчид 2018-07-26-ны өдөр 18-595 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээ байгуулж, нийт 100 ширхэг барилгын туслах материалыг түрээслэх, түрээслүүлэхээр харилцан тохиролцсон байна. /ХХ-ийн 4-6 тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүсэж, тус гэрээний харилцаа дуусгавар болсон болох нь тогтоогдож, гэрээний хүчин төгөлдөр эсэх байдлын талаар маргаагүй.

Түрээслүүлэгчтэй ярилцаж тохиролцож 2019-09-16-ны өдөр 1.500.000 төгрөгийг төлж төлбөрийн тооцоо дууссан, түрээслүүлэгч талын төлөөлөгчтэй ярилцаж тохиролцсон гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар дугаар зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй.

2018-07-26-ны өдрийн 18-595 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу түрээслэсэн 100 ширхэг /V-2 сапуд/ барилгын туслах материал нь өнөөдрийг хүртэл хариуцагч С ХХК-ийн барьж буй барилга дээр байгаа буюу түрээслэгчийн эзэмшил ашиглалтанд байгаа болохыг зөвшөөрсөн.

Цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн хариуцагч нь түрээсийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэж тайлбарлаж байгаа ч түрээсийн гэрээний төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй юм.

Түрээслэгч нь түрээсийн гэрээний 2.6-д зааснаар түрээсийн эд зүйлийг бүрэн бүтэн түрээслэгчид буцаан өгөх үүрэгтэй, мөн гэрээний 6.1-д заасан нөхцөл байдал үүссэн болох нь нотлогдоогүй.

Иймд түрээсийн гэрээний үүрэгт хариуцагчаас 5.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 2018-07-26-ны өдрийн 18-595 дугаартай барилгын туслах материал түрээслэх гэрээний дагуу түрээслэсэн 100 ширхэг /V-2 сапуд/ барилгын туслах материалыг буцаан өгөхийг зөвшөөрч маргаагүй.   

Нэхэмжлэгч Х ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С ХХК-иас 62150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С ХХК-иас 5.750.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч С ХХК нь 100 ширхэг /V-2 сапуд/ барилгын тулаас төмрийг нэхэмжлэгч Х ХХК-д буцаан өгөхийг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62150 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С ХХК-иас 62150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА