| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/00408/И |
| Дугаар | 101/ШШ2021/00950 |
| Огноо | 2021-03-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2021/00950
2021 03 25 101/ШШ2021/00950
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0-р хороо 0 тоот хаягт оршин суух, РД:0, Ш.Б-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, 0 хороо, БЗД-ийн ЗД-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 35.740.000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 01-р сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би БЗД-ийн ЗД-н 2013-01-17-ны өдрийн Б/0 тоот захирамжаар тус дүүргийн 17-р хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад, 2015-12-04-ний өдрийн Б/0 тоот захирамжаар хууль бусаар ажлаас чөлөөлөгдсөн.
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-12-ны өдрийн 0-р шийдвэр, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-07-21-ны өдрийн 221/МА2016/0-р магадлал, Улсын дээд шүүхийн 2016-11-03-ны өдрийн 0-р тогтоолоор хууль бусаар ажлаас халагдсаныг тогтоосон.
Шүүхийн шийдвэрийг дүр үзүүлэн биелүүлж 2018-04-13 ны өдрийн Б/0 тоот захирамжаар 5 өдөр ажилд томилогдсон боловч нэг эдх өдөр нь буюу 2018-04-17-ны өдрийн Б/0 тоот захирамжаар ажлаас үндэслэлгүйгээр халсан. Энэ тухай нийслэлийн Засаг дарга С.Б-д гомдол гаргахад, 2018-06-08 ны өдрийн А/0 тоот захирамжаар БЗД-ийн ЗД-н үүрэг гүйцэтгэгч Т.Б-н 2018-04-17 өдрийн Б/0 тоот захирамжыг хүчингүй болгосон. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2020-11-27-ны өдрийн Б/0 тоот захирамжаар тус дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргаар ажилдаа эгүүлэн томилогдсон билээ. Иймд 2018-04-14-ний өдрөөс эхлэн 2020-11-27-ны өдрийг хүртэлхи 32 сар 13 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор болох 35.740.000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын зохин бичилтийг хийлгэхээр нэхэмжлэл гаргасан.
БЗД-ийн ЗД-н тамгын газраас 2020-12-08-ны өдрийн 02/0 тодорхойлолтын дагуу нэг сарын цалинг 1.158.117 төгрөгөөр тооцсон. 2018 оны 4-р сараас 6-р сард цалин хөлс аваагүй гэтэл Нийгмийн даатгалын лавлагаа авахад цалин өгсөн бичилт хийсэн байгааг сая мэдсэн гэв.
Хариуцагч БЗД-ийн ЗД-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргаар ажиллаж байсан Ш.Б-г үндэслэлгүйгээр ажлаас чөлөөсөн БЗД-ийн ЗД-н үүрэг гүйцэтгэгч Т.Б-н 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/0 дугаартай захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Б 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/0дугаартай захирамжаар хүчингүй болгожээ. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө.”, мөн 50 дугаар зүйлийн 50.1-т “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныгтөрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.5- д “Энэ хуулийн 498.1,498.2,498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй” гэж тус тус заасан байна. Иймд уг хууль бус шийдвэр гаргасан БЗД-ийн ЗД-н үүрэг гүйцэтгэгч Т.Б-р хохирлыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж үзэж байгаа.
Шүүхээс нэхэмжлэгчийн цалин хөлсийг хуульд заасан хэмжээгээр тооцон гаргуулахад татгалзах зүйлгүй гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч БЗД-ийн ЗД-д холбогдуулан 2018 оны 04-р сарын 14-ний өдрөөс 2020 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан 32 сар 13 хоногийн цалин 35.740.000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч хуульд зааснаар ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулахад татгалзахгүй гэжээ.
Ш.Б нь Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байгаад Баянзүрх дүүргийн Засаг даргын 2015-12-04-ний өдрийн Б/0дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.
Тэрээр ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-12-ны өдрийн 0-р шийдвэрээр Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 3.154.787 төгрөгийг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016-07-21-ний өдрийн 221/МА2016/0 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 11 сарын 03-ны өдрийн 0 дүгээр тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 сарын 21-ний өдрийн 221/МА2016/00 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 сарын 12-ны өдрийн 0 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх ба зохигчид эдгээр үйл баримтын талаар маргаагүй.
БЗД-ийн ЗД-н үүрэг гүйцэтгэгч Т.Б-н 2018 оны 04 сарын 13-ны өдрийн Б/0 дугаар захирамжаар Ш.Б-г Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны засаг даргаар томилж, 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/0 дугаар захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Тэрээр энэ асуудлаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга С.Б-н 2018 оны 06-р сарын 08-ны өдрийн А/0 дугаартай захирамжаар БЗД-ийн ЗД-н үүрэг гүйцэтгэгч Т.Б-н 2018 оны 04 сарын 17-ны өдрийн Б/0 дугаар Ш.Б-г ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д зааснаар ажилтныг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй.
Ийнхүү БЗД-ийн ЗД-н 2020 оны 11-р сарын 27-ны өдрийн Б/0 дугаар захирамжаар дээрхи шүүхийн шийдвэрийг үндэслэн Ш.Б-г 2020 оны 11-р сарын 27-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 0 дугаар хорооны Засаг даргаар томилж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүргээ хэрэгжүүлсэн байна. /хх-ийн 28 тал/
Нэхэмжлэгч Ш.Б-н шүүхэд ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт, 10 дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт 2018 оны 6-р сарыг дуусталхи хугацааны цалинг олгосон гэж үзэхээр байна. /хх-ийн 85-87 дугаар тал/
Нэхэмжлэгч нь 2018 оны 4-р сараас 6-р сарыг дуусталхи хугацааны цалинг надад бодитойгоор өгөөгүй гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иймд Нийслэлийн БЗД-ийн ЗД-н 2020-11-27-ны өдрийн Б/0 тоот захирамжинд зааснаар 2018 оны 7-р сараас 2020 оны 11-р сарын 27-ны өдрийг хүртэлхи 28 сар 13 хоногийн ажилгүй байсан үеийн цалин 31.010.788 төгрөгийг хариуцагч БЗД-ийн ЗД-с гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 4.729.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БЗД-ийн ЗД-с 31.010.788 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ш.Б-т олгож, нэхэмжлэлээс 4.729.212 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Ш.Б-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтийг хийхийг БЗД-ийн ЗД-д даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Б-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 336.650 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч БЗД-ийн ЗД-с 313.003 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Б-т олгосугай.
4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА