| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/105 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ө.Эрдэнэмөнх |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/105
.
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Номин-Эрдэнэ,
Улсын яллагч Ө.Эрдэнэмөнх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430000960079 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны ******* дүгээр сарын *********-ны өдөр Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “Тунгуан майнз” ХХК-д туслах ажилтан ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдүүдийн хамт ********* аймгийн ********** сумын 5 дугаар баг, ************* 628 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***********,
******* ургийн овогт ******* *******
Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний шөнийн 02 цагийн орчим согтуурсан үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* 628 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******ыг үл ялих зүйлээр шалтаглаж цохиж, зодон эрүүл мэндэд нь “ тархи доргилт, зүүн хацар, зүүн эрүү, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Машиндаа ганцаараа 2.5 литрийн пиво 3-ыг уугаад шөнө 01 цагийн орчим гэртээ очоод би эхнэрээ хэл амаар доромжилж агсам тавьж биед нь халдаж цохиж зодсон асуудал гаргасан нь үнэн. Би хийсэн хэрэгтээ их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 48-50-р хуудас/
хохирогч *******гийн “ 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд манай нөхөр *******, манай найз бид гурав гадуур хоол идэхээр хамтдаа гарсан. Нөхөр бид хоёр бага охиноо аваад явсан. “” зоогийн газарт хоол унд захиалж идчихээд хэсэг юм яриад сууж байтал манай бага охин уйлаад байхаар нь би нөхрийгөө “охиноо аваад түр гадаа гарч бай” гээд гаргасан. Удалгүй манай нөхөр гаднаас охиноо аваад орж ирээд гэнэт уурлаад “гэр рүүгээ явъя, очиж галаа түл” гээд намайг загнаж эхэлсэн. Тэгээд би найз ад “найз нь түр гарчхаад ирье, хүлээж байгаарай” гэж хэлээд нөхрөө охинтойгоо аваад Зоогийн газраас гараад машиныхаа хажууд очоод юм ярих гэсэн чинь манай нөхөр намайг машин руу түлхээд “суу” гээд уурлахаар нь би машиндаа охиноо авч суугаад нөхөртөө хандан “чи охиноо аваад түрүүлээд гэр рүүгээ харьж байх уу, би тай жаахан сууж байгаад очъё” гэсэн чинь намайг “тэгвэл чи зайлахгүй юу” гэж хэлээд намайг гаднаас машины хаалга нээгээд чирч буулгаад “зайл янхан, гичий минь” гэж хэл амаар доромжлоод байж байтал манай найз гарч ирээд *******ийг “чи эмэгтэй хүнийг ингэж болохгүй ш дээ” гэсэн чинь манай нөхөр ыг “чамд ямар хамаатай юм бэ” гэсэн чинь манай найз би “цагдаа дуудлаа шүү” гэсэн чинь манай нөхөр намайг машинд суу гэхээр нь би суухгүй гэсэн чинь намайг багалзуурдаад суу гэхээр нь би айгаад машиндаа суусан чинь шууд гэр рүүгээ хөдлөөд явсан.
Тэгээд гэртээ очоод намайг гэрт буулгачхаад өөрөө машинтайгаа хөдлөөд явсан. Шөнө 02 цагийн орчим бага зэрэг архи уусан байдалтай халамцуу гэртээ орж ирэхээр нь би “чи архи уучихсан юм уу” гэсэн чинь “чамд ямар хамаатай юм пизда минь” гэхээр нь айгаад дахиж юм асуугаагүй. Тэгсэн намайг “хайр даахгүй новш, надад хүүхэд гаргаж өг” гэж агсам тавьж уурлаад намайг орондоо хүүхдүүдтэйгээ байхад алгадаад, үсдэж босгоод, гэрийн шалан дээгүүр чирээд, толгой руу гараа атгаж цохиод, өшиглөөд намайг “гэрээс гар, яв” гээд зодсон. Би тухайн үед айсандаа чанга орилж хашхирсан чинь манай хүүхдүүд болон *******ийн дүү нар сэрээд айж уйлаад намайг өмөөрч *******ийг болиулах гээд хорьсон боловч дийлээгүй. ******* миний зүүн хацар луу удаа дараа алгадаад, үснээс гараараа зулгааж, үсдээд тавихгүй байсан. Тэгсэн ******* гал тогооны шургуулгаас хутга аваад өөрийнхөө гарыг зүсээд, уяа аваад өөрийгөө боож ална гэж айлгаад байсан. Би утсаараа цагдаад дуудлага өгөх гэсэн боловч манай нөхөр миний утсыг авчхаад өгөхгүй байсан. Намайг “100.000 төгрөгөөр биеэ үнэлдэг, янхан” зэргээр хэл амаар доромжилж байгаад нэг юм унтаж амарсан. Унтсаных нь дараа би утсаа аваад өөрийнхөө Улаанбаатарт байдаг төрсөн эгч рүүгээ “******* намайг зодсон” талаараа чат бичиж хэлэхэд манай эгч аймгийн цагдаа руу дуудлага мэдээлэл өгсөн байсан. Бид хоёр хамтран амьдраад нэг жил болж байгаа юм. 2023 оны 12 дугаар сараас эхлээд намайг удаа дараа эрүүл, согтуудаа цохиж зоддог байсан. Өөрийг нь дагаж ирсэн хоёр ихэр охиныг нь загналаа гэж намайг зоддог, мөн найз нөхөдтэй холбож хардаж намайг зоддог. Би зодох болгонд нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч гомдол гаргаж байгаагүй. Энэ удаа мөн би өөрөө цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй манай эгч дуудлага өгсөн байсан. Би өмнө нь намайг зодох болгонд өөрийнх нь хоёр бага насны охинуудыг нь, ээжийг нь бодоод цагдаад гомдол гаргадаггүй, чимээгүй өнгөрөөгөөд явдаг байсан юм” гэх мэдүүлэг/хавтас хэргийн 18-20-р хуудас/,
гэрч ******* “ Би 2024 оны 03 дугаар сарын 10-ны орой 19 цагийн орчимд найз *******той уулзаад гадуур хоолонд орохоор болоод нөхөр ******* болон бага охиных нь хамт гурвуулаа “” зоогийн газар руу нь орсон. Бид хоолоо идээд сууж байсан чинь *******ы бага охин уйлсан чинь ******* охиноо аваад зоогийн газраас гарсан. Удалгүй ******* охинтойгоо орж ирээд эхнэрээ “явъя” гээд дагуулаад гарсан. Манай найз “гялс гарчхаад эргээд ороод ирье” гэж хэлээд гарсан. Би араас нь гарсан чинь, манай найз ******* эхнэрийгээ загнаад маргалдаж муудаад байхаар нь би “хөөе чи одоо болилдоо” гээд очсон чинь ******* эхнэрээ машиндаа суулгаад шууд хөдлөөд явчихсан. Тэр орой нь шөнө хэдэн цагийн үед гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан би гэртээ очоод хэсэг байж байгаад санаа зовоод утсаараа ******* руу залгасан чинь надад э “найз нь цагдаа руу явж байна, эргээд яръя” гэж хэлээд дахиж надтай яриагүй. Миний мэдэхээр ******* урьд өмнө нь манай найзыг буюу эхнэрээ цохиж зодож байсныг нь би мэднэ. 2024 он гараад нэг удаа ******* өөрөө нөхөртөө зодуулсан талаараа над руу утсаар залгаад уйлаад ярьж байсан. Би цаг хугацааны хувьд тодорхой хэлж мэдэхгүй байна, санахгүй байна. Ер нь миний нүдэн дээр хоорондоо маргалдаж муудаад эхнэрээ цохиж зодож байсан асуудал бол гарч байгаагүй ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24-р хуудас/,
гэрч ийн “Манай төрсөн дүү ******* нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнийн 02 цаг 51 минутын үед “ намайг зодоод байна” гэсэн утгатай чат, өөрийнхөө зодуулсан байгаа байдлынхаа зургийг явуулсан байсныг нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр харсан. Би дүүгээс ирсэн чат, зургийг хараад шууд Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын 7051102 дугаарын утсанд уг асуудлын талаар мэдэгдэж байсан. Би дүү *******ы зүс царайг харах гээд фейсбүүк чатаар олон удаа залгасан боловч дүү маань авахгүй байж байгаад сүүлд нь утсаа аваад надтай ярихаар нь ямар шалтгааны улмаас цохиж зодсон талаар асуухад “нөхөр намайг 100,000 төгрөгөөр биеэ үнэлдэг, хардалтын улмаас зодсон” тухайгаа хэлсэн. Тэгэхээр нь “нөхөр чинь эрүүл юм уу? согтуу юм уу” гэхэд “бага зэргийн халамцуу байсан” талаар хэлэхээр нь эмнэлгийн байгууллагад очиж үзүүл гээд явуулж байсан. Харин *******ийн утас руу “чи яахаараа миний дүүг цохиж зодож байгаа юм” гээд асуухад миний буруу л гээд байсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 26-27-р хуудас/,
Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 105 дугаартай “...1.*******гийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн эрүү, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 4.Дээрх гэмтлүүд нь хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт/хавтаст хэргийн 33-34-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзсэн болно.
2. Прокуророос *******ийн, хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн зүгээс гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлээр илрэх бөгөөд хохирол, хор уршиг учирсан нь уг үйлдэлтэй холбоотой, шалтгаалсан байх бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байхаар хуульчилсан ба тухайн хэргийн хувьд энэ хүндрүүлэх нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан“ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх ” гэх шинжээр тодорхойлогдоно.
4. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4-т зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэг гэдэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинж нь 1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байх; 2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5- 10хувь/ тогтонги алдагдсан...байхыг ойлгох бөгөөд хохирогч *******гийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарахыг 105 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд дурдсан нь үндэслэлтэй, энэ шинжээчийн дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй, хүлээн зөвшөөрсөн байна.
5. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “ эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч,асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”-ийг гэр бүлийн хүчирхийллийн үйлчлэлд хамаарах этгээд,
5 дугаар зүйлийн 5.1.1-д “ энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүй” - г “ гэр бүлийн хүчирхийлэл,
6 дугаар зүйлийн 6.2-т “ Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ ” гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч *******, хохирогч ******* нар хамтран амьдраад нэг жил гаран болж байгаа, хамтын амьдралтай хүмүүс болохоо хэрэгт хоёул мэдүүлжээ.
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байнга зоддог, догшин авирлаж харгис хэрцгий харьцдаг байдал нь хэвшил, зуршил болсон буюу урт удаан хугацаанд үргэлжилсэн, тасралтгүй байнгын шинжтэй хууль бус үйлдлийг ойлгох боловч бие, хүчний болон бусад давуу байдал, өөрөөс шалтгаалсан хамааралтай, эрхшээлдээ байгаа байдлыг ашиглан, үл ялих зүйлээр, эсхүл ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр хохирогчийн бие махбодод халдаж буй нэг удаагийн үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэлд хамааруулан ойлгоно.
6. Хэргийн баримтаар, шүүгдэгч ******* нь эрүүл болон согтуурсан үедээ тодорхой шалтаг шалтгаангүйгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч *******г зодож эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн хацар, зүүн эрүү, хүзүү, цээж, хэвлий, нуруу, зүүн шилбэ, зүүн шагайд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд прокуророос нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас дээрх зүйлчлэлээр түүнийг гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч ******* хэргийн дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.
7. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Учир нь тэрээр хүний биед цохиж зодсоноос эрүүл мэндэд нь хохирол, хор уршиг учруулж болохыг мэдсээр байж тодорхой шалтаг, шалтгаангүйгээр хохирогч *******гийн толгой биед гараар цохих, өшиглөх үснээс зулгаах зэргээр зодож зориуд хохирол учруулсан хийгээд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно ” гэж зааснаар тодорхойлогдоно.
8. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн гараараа гараар цохих, өшиглөх үснээс зулгаах зэргээр зодсон уг үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой юм.
Гэмт хэргийн хохирлын талаар:
Шүүгдэгч *******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч тэрээр эрүүл мэндийн үйлчилгээ аваагүй, гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний “Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй байхгүй” гэх мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024.03.26-ны өдрийн 21/46 дугаартай албан бичиг зэргээр нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.
Хохирогч ******* нь тухайн гэмтэлтэй холбоотойгоор өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж ” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай байна.
Прокуророос *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж шүүх үзэв.
Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн уг хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй,өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонсгосон 700.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хийгээд мөрдөн шалгах ажиллагааны явцад түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхийг албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй хийгээд мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон болохыг дурдъя.
Иймд прокурорын санал болгож, шүүгдэгч *******ийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Тодруулбал, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай бөгөөд шүүгдэгч *******ийн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох прокурорын санал нь тухайн хэргийн хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
*******өөс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1- т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.
Бусад
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8.“гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 700 /долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* түүнд оногдуулсан торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* тухайн гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотойгоор гаргасан хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар хэргийн талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрт энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН