Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2021/00023

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 103/ШШ2021/00023

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1990 онд Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, халх, дээд боловсролтой, нүүр амны их эмч мэргэжилтэй, ам бүл 3, Багануур дүүргийн 3 дүгээр хороо, 38 дугаар байрны 14 тоотод оршин суух, Да экюпмент шүдний эмнэлэгт шүдний эмч ажилтай, Харчу овгийн Ганхуягийн Маралмаагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1990 онд Багануур дүүрэгт төрсөн, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, төмөр замын диспетчер мэргэжилтэй, ам бүл 3, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 10 дугаар байрны 24 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, Хэгэлдэргэн овгийн Түвшинжаргалын Баяржаргалд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Маралмаа, хариуцагч Т.Баяржаргал, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Г.Маралмаа шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Т.Баяржаргалтай танилцаад 2011 оны 10 дугаар сарын 5-нд гэрлэлтийн 75 дугаар тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Биднийг хамт амьдрах хугацаанд 2011 онд хүү Тэмүүлэн төрсөн. 2017 онд миний бие хүчирхийлэлд өртөж эрүүл мэндээр хохирч, мөн энэ үеэс хойш зан байдал таарч тохироогүй. Т.Баяржаргал нь мөрийтэй тоглоом олон жил тоглож, өр зээл байнга тавьж явдаг. Үр хүүхэддээ халамжгүй, гэр бүлээ авч явах чадваргүй. Сүүлийн 1 жил тусдаа амьдарч байгаа. Зан харилцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Тэмүүлэнг миний асрамжинд үлдээж, эцэг Т.Баяржаргалаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Маралмаа шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авсан 3 сарын хугацаанд Багануур дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвөөс болон шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас над руу хэд хэдэн удаа залгасан. Би 11 сард хотод байсан, ковид өвчний улмаас нааш цааш явах боломжгүй байсан. Нөгөөтэйгүүр миний зүгээс эвлэрэх хүсэлгүй байсан болохоор очихгүй гээд ирээгүй. 12 сард ирээд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчтай уулзсан. Эвлэрэх хүсэлгүй байна, гэрлэлтээ цуцлуулна гэв.

 

Хариуцагч Т.Баяржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд түрүүний шүүх хуралдаан дээр гаргасан санал хэвээрээ байгаа. Салмааргүй л байна. Би Маралмаа руу байнга залгадаг байсан, хааяа утсаа авна, хааяа утсаа авахгүй, эвлэрье гэж зөндөө гуйсан. Хотод байхад нь уулзая гээд нэг очсон боловч уулзаагүй, 12 дугаар сарын 23-нд хот руу очиж би өөрөө авчирсан. Намайг 1 жил харчих тэгээд болохгүй бол гэрлэлтээ цуцлуулья гэж хэлсэн, зөвшөөрсөн боловч дахиад маргалдсан. Хүүхэд хадмынд байгаа, хүүхэдтэйгээ уулзаж байгаа, намайг ажилгүй болчихоор салъя гээд байгаа байх, бас хажуу талаас нь хадмууд сал гээд байх шиг байгаа юм. Миний хувьд өвчин гараад одоогоор ажил түр зогсоод байгаа. Жаргалтай, зовлонтой үе зөндөө л байсан, би учир зүггүй архи уугаад байдаг хүн биш, цахим тоглоомд нэг хэсэг донтсон үе байгаа. Одоо нэгэнт сална гээд байгаа хүнийхээр шийднэ биз дээ гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Маралмаа нь хариуцагч Т.Баяржаргалд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Г.Маралмаа, хариуцагч Т.Баяржаргал нар нь 2011 онд танилцаж 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаандаа 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүү Б.Тэмүүлэнг төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, 0000756530 Г-488 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 9 жил хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа нөхөр болох Баяржаргал нь мөрийтэй тоглоом тоглодог, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаас шалтгаалан хоорондоо хэрүүл маргаантай, таарамжгүй харьцаатай байдаг байсан нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байх ба хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан нь талуудын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 310 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоол зэрэг баримтаар тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Г.Маралмаа нь гэр бүлээ, үр хүүхдээ элэг бүтэн амьдруулъя гэсэн сэтгэлгүй, эргэж хамтран амьдрах хүсэлгүй, хариуцагч Т.Баяржаргал нь эвлэрэх талаар санаачлага гаргасан боловч Г.Маралмаа нь хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авсан боловч талууд эвлэрээгүй болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны 2021 оны 01 дүгээр сарын 4, 2021 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн тэмдэглэлүүд, Нийслэлийн Багануур дүүргийн Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс ирүүлсэн албан бичиг, буцах хуудас зэргээр тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоохасуудлыг шүүх шийдвэрлэнэ, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, 38.3 дахь хэсэгт эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно гэж заасны дагуу хүүхдийг эх Г.Маралмаагийн асрамжид үлдээж ,Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Т.Баяржаргалаас тэтгэлэг гаргуулж, хүү Б.Тэмүүлэнг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар эцэг Т.Баяржаргал нь хүү Б.Тэмүүлэнтэй байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхэдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Т.Баяржаргалаас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 178.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баяржаргалаас 178.330 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Маралмаад олгохоор шийдвэрлэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Харчу овгийн Ганхуягийн Маралмаа, Хэгэлдэргэн овгийн Түвшинжаргалын Баяржаргал нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 14.7-д зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнг эх Г.Маралмаагийн асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн хүү Б.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг тогтоон эцэг Т.Баяржаргалаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177.430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Баяржаргалаас 177.430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Маралмаад олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ