| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0166/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/174 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/174
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч З.Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Г-т холбогдох эрүүгийн 2425000000147 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
З.Г
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч З.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн *** тоотод тодорхой шалтгаангүйгээр Б.Х-н зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Г мэдүүлэхдээ “Хохиролд 150 000 төгрөг төлсөн, согтуу байсан тул сайн санахгүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Х “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Х-н “У-ийгэрт орох үед Ганзоо гэх залуу гэрт ширээний зүүн талд сандал дээр сууж байсан. Би Ганзоо ахыг сайн уу ахаа гэж хэлээд баруун талд сууж байсан чинь тавагтай чихэр ид гэсэн. Намайг муухай хараад байна уу, би ингэж ярьдаг хүн биш үү гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, дараа нь ширээн дээр байсан сэрээгээр миний зүүн талын гуя хэсэг рүү хатгасан. Би Ганзоо ахыг цааш нь түлхээд холдсон” гэх мэдүүлэг. /хх-ийн 9 дүгээр хуудас/
2. Гэрч Г.У-ий“2024 оны 02 дугаар сарын 13-ны орой 20-21 цагийн үед Шанд багийн *** тоот манай гэрт ээж С дүү У хамаатны ах Г нар байсан. Энэ үед гаднаас найз Х , Ц нар золгохоор орж ирсэн. Найз Х , Ц хоёр ээж болон Г ахтай золгож байсан. Энэ үед би арын өрөөнд байсан чинь найз Х орилсон. Би хойд өрөөнөөс гараад ирсэн чинь найз Х босоод зогсчихсон байсан. Юу болсон талаар асуусан чинь гуя руу сэрээ зоочихлоо гэж хэлээд гараад явчихсан. Хэсэг хугацааны дараа цагдаа дуудаад ороод ирсэн. Би ямар шалтгааны улмаас ийм зүйл болсныг Х гээс асуусан чинь танай ах чинь зүгээр байхад миний гуя руу сэрээ зоочихлоо гэж хэлсэн Г ах тухайн үед маш согтуу байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 11 дүгээр хуудас/
3. Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай “Б.Х-н биед зүүн гуянд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Уг гэмтэл нь мохоо үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-ийн 14-15 дугаар хуудас/
4. Яллагдагч З.Г ийн “2024 оны 02 дугаар сарын 13-ны 16-17 цагийн үед Наран багийн ** тоот гэрээсээ гараад Вансэмбэрүү дэлгүүрт орсон. Дэлгүүрээс гараад явж байхдаа урьд барилга дээр ажиллаж байсан Б ахтай тааралдсан. Б ахыг гэртээ дагуулж ирээд 0,5 хэмжээтэй Соёрхол архи уусан. Би гэрээсээ гараад найз Э-н гэр лүү явсан. Э-н гэрт хүн байхгүй, цоожтой байхаар нь хөрш айл болох Ж ахын гэрт орсон чинь Ж ах эхнэрийнхээ хамт байсан. Ж ахынд хэсэг сууж шар айраг уусан. Тэгээд харих замаараа нагац эгч Ц-н гэрээр ороод гаръя гэж бодоод замаараа орсон санагдаж байна. Нэг мэдэхэд үеэл дүү У найзынхаа хамт гэрт ороод ирчихсэн байсан. У-н найзтай маргалдаж, гуя руу нь сэрээгээр хатгасан байсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 22-23 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч З.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн *** тоотод тодорхой шалтгаангүйгээр Б.Х-н зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн тул ялыг нэмж нэгтгэн оногдуулах нь зүйтэй” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Х-н “Намайг муухай хараад байна уу, би ингэж ярьдаг хүн биш үү гэж хэлээд миний нүүр хэсэг рүү гараараа цохиж, дараа нь ширээн дээр байсан сэрээгээр миний зүүн талын гуя хэсэг рүү хатгасан. Би Ганзоо ахыг цааш нь түлхээд холдсон” гэх мэдүүлэг, гэрч Г.У-ий“Би хойд өрөөнөөс гараад ирсэн чинь найз Х босоод зогсчихсон байсан, юу болсон талаар асуусан чинь гуя руу сэрээ зоочихлоо гэж хэлээд гараад явчихсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай дүгнэлт, яллагдагч З.Г ийн “Нэг мэдэхэд үеэл дүү У найзынхаа хамт гэрт ороод ирчихсэн байсан. У-н найзтай маргалдаж, гуя руу нь сэрээгээр хатгасан байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч З.Г нь 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн *** тоотод согтуурсан үедээ Б.Х-н зүүн гуян тус газар сэрээгээр хатгаж, эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Г нь согтуурсан үедээ тодорхой шалтгаангүй, шууд санаатай үйлдлээр бусдын эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч З.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Х-н эрүүл мэндэд нь шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хасах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч З.Г нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолт, шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтаар тогтоогдож байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж, нэгтгэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтоор шүүгдэгч З.Г нь Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас 10 сар 14 хоногийн ял эдлээгүй үлдсэн болох нь тогтоогдож байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн З-ын Г ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-г 2 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон 2 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 14 хоногийн ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 сар 14 хоногийн хугацаагаар хасч, 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Г-т оногдуулсан 2 жил 2 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС