Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2021/00084

 

 

 

 

 

2021 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 103/ШШ2021/00084

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1985 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн, эмэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, нөхрийн хамт Төв аймгийн Сэргэлэн суманд оршин суудаг, Багануур дүүрэг, 4 дүгээр хороо, Хөдөө хэсэгт оршин суух албан ёсны хаягтай, Дэндэв овгийн Доржийн Түвшинтөгс /РД:ЕС85101605/,

Хариуцагч: 1981 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, краказчин мэргэжилтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 7 дугаар гудамжны 4 тоот хашаанд оршин суух, Багануур тохижилт ААТҮГ-т гэрээт ажилтнаар ажилладаг, Халх овгийн Эрдэнэбаярын Анхбаярт холбогдох /РД:НЧ81083117/ гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагч Э.Анхбаяр нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Доржийн Түвшинтөгс нь 2000 онд Э.Анхбаяртай танилцаж улмаар 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэр бүлээ албан ёсоор баталуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2004 оны 10 дугаар сарын 12-нд охин Т.Маралаа, 2011 оны 4 дүгээр сарын 5-нд хүү А.Энгүүн нар төрсөн. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас болж 2018 оны 2 дугаар сараас тусдаа амьдарч байна. Тэр үеээс хойш хүү охин 2 хичээлтэй байх хугацаандаа аав дээрээ байж, амрах үедээ ээж дээрээ ирдэг. Одоо бид тус тусын амьдралтай болсон тул гэрлэлтийг цуцалж, охин Т.Марал, хүү А.Энгүүн нарыг Д.Түвшинтөгс миний асрамжинд үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаан байхгүй, хүүхдийн тэтгэмж авахгүй болно гэжээ.

Хариуцагч Э.Анхбаяр шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Нарийны 11 дүгээр гудамжны 01 тоотод оршин суугч, Э.Анхбаяр миний бие Д.Түвшинтөгстэй гэр бүл болж амьдарсан. Амьдрах хугацаанд 2004 оны 10 дугаар сарын 12-нд охин Т.Марал, 2011 оны 4 дүгээр сарын 05-нд хүү А.Энгүүн нар төрсөн. Бид гэр бүлийн таагүй харилцаанаас болж 2017 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа. Учир нь эхнэр болох Д.Түвшинтөгс нь өөр хүнтэй сууж Улаанбаатар хотод амьдрах болсон. Тэр үеээс хойш охин Т.Марал, хүү А.Энгүүн хоёр нь өвөө Эрдэнэбаяр, эмээ Нарантуяа бид гуравтай өнөөг хүртэл бидний асрамжинд амьдарч байгаа. Д.Түвшинтөгс нь хүнтэй суугаад хүүхэд гаргаад Төв аймгийн Сэргэлэн суманд амьдарч байгаа, эргэж амьдрах боломжгүй болсон. Бид хүүхдүүдийнхээ асрамж дээр харилцан тохиролцсон. Энэ байдлыг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс нь хариуцагч Э.Анхбаярт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцэж Хүүхдүүд болох Т.Марал, А.Энгүүн нарыг 9 дүгээр сарын 01-нээс буюу хичээл сургууль орж байх хугацаанд аав Э.Анхбаярын асрамжид, улирлын амралт болон зуны амралтаар ээж Д.Түвшинтөгсийн асрамжид байлгахаар харилцан тохиролцов гэсэн эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

 

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгс, хариуцагч Э.Анхбаяр нар нь 2006 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа охин Т.Марал, хүү А.Энгүүн нарыг төрүүлсэн болох нь №0013179 гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №0025295, №0000626750 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар, гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч Д.Түвшинтөгс нь өөр хүнтэй гэр бүл болж хүүхэд төрүүлсэн, гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын болон ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, Шинжээчийн сэтгэл зүйн оношилгооны дүгнэлт, Шинжээчийн багаар ажилласан талаарх илтгэх хуудас, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон, эвлэрэн хэлэлцэх боломжгүй байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдүүдийн асрамж тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд гэрлэгчдийн зүгээс хэн нэгнийгээ хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Нэхэмжлэгч Д.Түвшинтөгсөд 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр болох шүүх хуралдааны товыг 03 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдэж гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Дэндэв овгийн Доржийн Түвшинтөгс, Монгол овгийн Эрдэнэбаярын Анхбаяр нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагадаа Т.Марал, А.Энгүүн нарыг 9 дүгээр сарын 01-нээс буюу хичээл сургууль орж байх хугацаанд аав Э.Анхбаярын асрамжид, улирлын амралт болон зуны амралтаар ээж Д.Түвшинтөгсийн асрамжид байлгахаар эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Гантуяад даалгасугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Анхбаяраас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ