| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0173/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/175 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/175
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Т.Т
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д.Б-д холбогдох эрүүгийн 2425000000212 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 16 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн ширээн дээр тавьсан М.Я-н эзэмшлийн Sumsung А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч байгаа” гэв.
Хохирогч М.Я “шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ‘Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл. /хх-ийн 6-8 дахь тал/
2. Хохирогч М.Я-н “2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртын гол баг Баянзамд байрлах Миний сүлжээ дэлгүүрт ажил дээрээ кассан дээр ажиллаж байсан. Тэр өдөр би өөрийн А-52 загварын гар утсаа лангуун дээр байрлах пос машины хажууд тавьсан байсан. 20 цаг өнгөрч байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн нийт 85,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд лангуун дээр байсан миний гар утсыг хамт аваад гарсан байна. Тухайн өдрийнхөө 22 цагийн орчим мэдээд ажлын хүний гар утсаар залгахад дуудаж байсан, 30 минутын дараа залгахад холбогдох боломжгүй болсон байсан. 2021 оны Орхон аймгийн Мобиком худалдааны төвөөс 1 сая төгрөгөөр худалдан авч байсан. Цэнхэр өнгөтэй, шилэн наалттай, цагаан өнгийн кейстэй өөр ямар нэгэн сэв зураас байхгүй” гэх мэдүүлэг. /хх-ийн 12-13 дахь тал/
3. Гэрч Д.М-н “Тухайн үед бол би мэдээгүй сүүлд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр “Миний сүлжээ” дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа лангуун дээр хүн гар утсаа орхиод явчихсан байхаар нь аваад явчихсан. Ах болохоор хаясан утас олсон л гэж бодож байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дэх тал/
4. Мэргэшсэн үнэлгээчин Д.М-н 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай “2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар Samsung А52 маркийн гар утсыг 310 000 /гурван зуун арван мянга/ төгрөг болж байна” гэх үнэлгээний тайлан. /хх-ийн 23-27 дахь тал/
5. Үнэлгээчин Д.О, Л.Б, Д.М нарын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн эд хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 32-35 дахь тал/
6. Яллагдагч Д.Б-н “Би 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Уртын гол баг Баянзам Дархан нэхий худалдааны төвийн доор байрлах Миний сүлжээ дэлгүүрээр эхнэр Д-н хамт үйлчлүүлж цагаан сарын ширээний хүнсээ цуглуулж байсан. Тухайн үед манай эхнэрийн ээжийн бие муу яарч байсан тул авсан эд зүйлээ бүртгүүлээд тооцоо хийх гэж байхад худалдагчийн ширээн дээр миний гар утастай адилхан утас байхаар нь миний утас байна гэж бодоод аваад гарсан. Тэгээд гэртээ хариад авсан эд зүйлээ гаргаж байгаад халаасаа үзсэн чинь хоёр гар утас байхаар нь хүний утас андуураад авчихсан гэдгээ мэдээд буцаагаад өгье гэж бодоод байж байхад гар утасны цэнэг нь дуусаад унтарчихсан. Тухайн хадам ээжийн бие муу бүгд яаруу сандруу байсан болохоор би ч бас гар утсыг мартчихсан байж байгаад буцааж өгч чадаагүй. Би хийсэн үйлдэлдээ их гэмшиж байна. Гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 53-54, 57-58 дахь тал/
7. Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24/80 дугаартай “2024/2/8-ны өдрийн 20:16:49 цагт 70076687 терминалаар “Миний сүлжээ” дэлгүүрт хийгдсэн гүйлгээг 5094581578 тоот данстай, 9496284300993658 тоот картын дугаартай Доржсүрэнгийн Батжаргал /АЮ78102170/ хийсэн болно” гэсэн албан бичиг, хавсралт. /хх-ийн 74-75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Т.Т дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 16 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрт М.Я-н дэлгүүрийн кассын ширээн дээр түр тавьсан түүний эзэмшлийн Sumsung А-52 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогч М.Я-н “Тэр өдөр би өөрийн А-52 загварын гар утсаа лангуун дээр байрлах пос машины хажууд тавьсан байсан. 20 цаг өнгөрч байхад эрэгтэй, эмэгтэй 2 хүн нийт 85,000 төгрөгийн худалдан авалт хийсэн бөгөөд лангуун дээр байсан миний гар утсыг хамт аваад гарсан байна” гэх мэдүүлэг, гэрч Д.Мөнх-Эрдэний “Тухайн үед бол би мэдээгүй сүүлд 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Миний сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж байхдаа лангуун дээр хүн гар утсаа орхиод явчихсан байхаар нь аваад явчихсан. Ах болохоор хаясан утас олсон л гэж бодож байсан гэж ярьсан” гэх мэдүүлэг, Мэргэшсэн үнэлгээчин Дашдэлгэрийн Мягмарсүрэнгийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 20 дугаартай үнэлгээний тайлан, үнэлгээчин Д.О, Л.Б, Д.М нарын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “эд хөрөнгө үнэлгээний тайлан”, Д.Б-н “манай эхнэрийн ээжийн бие муу яарч байсан тул авсан эд зүйлээ бүртгүүлээд тооцоо хийх гэж байхад худалдагчийн ширээн дээр миний гар утастай адилхан утас байхаар нь миний утас байна гэж бодоод аваад гарсан” гэх мэдүүлэг, Хаан банкны 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 24/80 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 20 цаг 16 минутанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртынгол багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Миний сүлжээ” хүнсний дэлгүүрийн ширээн дээр байсан М.Я-н эзэмшлийн Sumsung А-52 загварын гар утсыг авч 310 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б нь бусдын эд зүйлийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй, нууцаар, хууль бусаар авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Я-д 310.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирол төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай прокурорын санал үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС