Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2021/00137

 

 

 

 

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2021/00137

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 1992 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Сүхбаатар аймагт төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 6, эгч дүү, аав ээж, охины хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 3 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, Таван толгой ХХК-д жолооч ажилтай, Боржигон овгийн Эрдэнэ-Очирын Пүрэв-Очир /РД:ЛЮ92091939/,

Хариуцагч: 1997 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, ам бүл 3, ээж дүүгийн хамт Багануур дүүргийн 4 дүгээр хороо, Жаргалантын 10 дугаар гудамжны 9 тоотод оршин суух, 139 дүгээр цэцэрлэгт тогооч ажилтай, Боржигон овгийн Тодхүүгийн Оюунбилэгт холбогдох /РД:НЧ97080405/ гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Пүрэв-Очир, хариуцагч Т.Оюунбилэг, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

Нэхэмжлэгч Э.Пүрэв-Очир шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Э.Пүрэв-Очир миний бие Т.Оюунбилэгтэй 2013 онд танилцаж 2016 онд гэр бүл болж охин П.Сийлэн төрсөн. 2017 оноос салж тус тусдаа амьдарч байна. Бидний салах болсон шалтгаан нь би Сүхбаатар аймагт ажил хийдэг, эхнэр Багануурт байдаг байсан, бие биенээсээ хол байдаг байсан болохоор зан харьцаа тохирохгүй, Оюунбилэг өөр хүнтэй болж хамтран амьдрах болсон. Одоо тэр хүнийхээ хүүхдийг гаргах гэж байгаа учраас эргэж амьдрах боломжгүй. Бид хоёр ерөнхийдөө 2015-2017 оны хооронд 1 жил л хамт амьдарсан. Охин ихэвчлэн над дээр байсан, одоо 5 настай. Оюунбилэг нь 2017 оноос хойш үе үе нөгөө залуутайгаа алга болчихдог, ямар ч холбоогүй байхгүй, охинтойгоо уулзахгүй алга болчихдог байсан учраас охин над дээр байдаг. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийг тогтоож өгнө үү, тэтгэлэг авахгүй гэв.

 

Хариуцагч Т.Оюунбилэг шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Тодхүү овогтой Оюунбилэг миний бие 2013 онд Эрдэнэ-Очир овогтой Пүрэв-Очиртой амьдарч дундаасаа охинтой болж гэр бүлээ батлуулсан. Хамтран амьдраад 2 жил болсон. 2017 оноос хойш тусдаа амьдарч байна, би өөр хүнтэй хамтран амьдарч байгаа, одоо 5 сартай жирэмсэн, тиймээс гэрлэлтээ цуцлуулна. Гэр бүл салах шалтгаан надаас үүдэлтэй. Охиноо аав эмээ хоёр дээр нь үлдээнэ. Охин маань эмээ дээрээ өссөн, би хотод цэцэрлэгт 3 жил ажиллаж байгаад 2019 онд Багануурт ирсэн, охиноо авах гэсэн боловч эмээ нь ачийг маань надад үлдээчих, чамтай уулзуулахгүй гэсэн юм байхгүй гэсэн учраас үлдээхээр шийдсэн, эмээтэй нь ярилцсан. Пүрэв-Очирын гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Пүрэв-Очир нь хариуцагч Т.Оюунбилэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

 

Нэхэмжлэгч Э.Пүрэв-Очир, хариуцагч Т.Оюунбилэг нар нь 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдрах хугацаандаа охин П.Сийлэнг төрүүлсэн болох нь №1101000111 гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, №335/000043 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон байна.

Гэрлэгчид хамтран амьдрах хугацаандаа гэр бүлийн тааламжгүй харилцааны улмаас 2017 оноос хойш тус тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, хариуцагч Т.Оюунбилэг нь 2019 оноос өөр хүнтэй хамтран амьдарч, одоо 5 сартай жирэмсэн, гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны уулзалтын болон ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдсон, гэрлэгчид эвлэрэн хэлэлцэж эргэж хамтран амьдрах боломжгүй болсон байх тул гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

Гэрлэгчид нь хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул эвлэрлийг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална, 4.5 дахь хэсэгт хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж адил үүрэг хүлээнэ, 26.2 дахь хэсэгт хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар гэрлэгчид нь хүүхдүүдтэйгээ байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон тул хүүхэдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно. Иймд гэрлэгчдийн зүгээс хэн нэгнийгээ хүүхэдтэйгээ уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Боржигон овгийн Эрдэнэ-Очирын Пүрэв-Очир, Боржигон овгийн Тодхүүгийн Оюунбилэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Пүрэв-Очирын Сийлэнг эцэг Э.Пүрэв-Очирын асрамжид үлдээхээр гэрлэгчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Нансалмаад даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.Оюунбилэгээс 140.400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Пүрэв-Очирт олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ