Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/312

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Д.Агар /томилолтоор/

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2403000900147 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 2001 оны 9 дүгээр сарын 01-нд Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт, Чингэлтэй дүүрэг *******, ******* *******од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:УП*******/, ******* овогт ******* *******.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зорчигч тээврийн төв буудал /вокзал/ дээр бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн *******ын эзэмшлийн 8 ширхэг гар утсыг гэгчид хүлээлгэн өгөхдөө үзмэн ягаан өнгийн 1 ширхэг “IPhone 14 Pro max” загварын гар утсыг өгөлгүй хувьдаа авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Улаанбаатар төмөр зам ХНН-ийн Зорчигч тээврийн төв буудал /вокзал/ дээр *******ын итгэмжлэн хариуцуулж өгсөн эзэмшлийн 8 ширхэг гар утсыг д хүлээлгэн өгөхдөө үзмэн ягаан өнгийн 1 ширхэг “IPhone 14 Pro max” загварын гар утсыг хувьдаа авч завшсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал),

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-15 дахь тал),

Хохирогч *******ын “Би 2019 оноос одоог хүртэл “Smart phone” гар утас худалдааны төвийн 8 дугаар лангуунд гар утасны худалдаа эрхэлж байгаа. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай ажлын газрын миний дугаарын гар утас руу дугаарын утсаар залгаад Би Бүгд найрамдах Хятад ард улсын Хөх хот, Эрээн хоёрын хооронд байна. Та лангуунаас миний эвдрэлтэй 20 ширхэг гар утсыг аваад дугаар руу залгаад өгөөд явуулчих. Тэгээд танд бас эвдрэлтэй гар утаснууд байвал өгөөд явуулчих гэж хэлэхэд нь би наадах хүн чинь утсыг чинь, авч явж чадах юм уу, хил гаалиар утсыг чинь авч гарч чадах юм уу гээд ад хэлэхэд надад би өөрөө буцаж Замын-Үүд рүү гараад утсаа аваад наад хүнийг чинь дагуулаад урагшаа гарах юм гэж хэлэхэд нь би зөвшөөрсөн. Тэгээд өөрийн эвдрэлтэй гар утаснууд болох хар өнгийн “Samsung А90” маркийн гар утас 1 ширхэг, “Redmi note 8” маркийн цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн энгийн iPhone 12 нэг ширхэг, хар саарал өнгийн “Iphone 12 рrо mах” 1 ширхэг, ягаан өнгийн энгийн Iphone 13 нэг ширхэг, ногоон өнгийн “Iphone 12 рrо mах” 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн iPhone 14 рrо mах 1 ширхэг, цэнхэр өнгийн 15 рrо тах 1 ширхэг, нийт 8 ширхэг гар утас болон ын 20 ширхэг эвдрэлтэй гар утсыг өөрийн танил дүү болох болон нарт өгөөд энэ гар утсыг ын надад өгсөн дугаар руу залгахад, Би өөрөө очиж авах боломжгүй байгаа учраас өөр хүн явуулъя гэж хэлээд *******ын дугаарын утсыг надад өгөхөд нь би , нарт *******ын дугаарын утсыг өгөөд энэ дугаартай холбогдоод нийт 28 ширхэг гар утсыг хүлээлгээд өгөөрэй гэж хэлээд явуулсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 15 цагийн үед өөрийн эвдрэлтэй 8 ширхэг гар утсаа бөмбөлөгтэй 1 ширхэг гаднаасаа нэвт харагддаг гялгар уутанд ороогоод өгсөн, бэхэлж скочидсон асуудал бол байхгүй. , 2 тэр чигт нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

Хохирогч *******ын дахин өгсөн: “Би өөрийн алга болсон гэх үзмэн ягаан өнгийн “Iphone 14 рrо mах” загварын 1 ширхэг гар утсаа анх 2023 оны 11 дүгээр сард Бүгд найрамдах Хятад ард улсын Шэньжэнь хотоос Монгол мөнгөөр 3.589.000 мянган төгрөгөөр худалдан авч байсан...Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан, санал, хүсэлт байхгүй. Би 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр алдагдсан үзмэн ягаан өнгийн “Iphone 14 рrо mах” загварын гар утсыг өнөөдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр бүрэн, бүтэн хүлээн авсан. Ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй байна. Би гар утсаа бүрэн, бүтэн хүлээж авсан тул надад цаашид гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй. Мөн тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31, 36 дахь тал),

Иргэний нэхэмжлэгч ын “Би дугаарыг 2020 онд Скайтел ХХК-аас худалдаж авч байсан. Одоо энэ дугаарын манай нөхөр болон Ч. нь барьж байгаа. Манай нөхөр болох Ч. нь манай ажлын хажууд байрлах Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн /КFС/-тэй байрны хажууд байрлах биллиард тоглож байхдаа танилцсан гэх зүс таних н. гэх залуу 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр биллиардад манай нөхөртэй таараад үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утсыг та 2.000.000 төгрөгөөр худалдаж авах уу, мөнгөний хэрэг гараад хямдхан зарж байгаа юм аа, машинаа банк бус санхүүгийн байгууллагад тавьсан чинь мөнгө нь нэхэгдээд байгаа юм аа гэж манай нөхөр надад хэлэхээр нь очиж үзэж байж больё гэж бодоод тухайн өдрийн орой 18 цагийн үед Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн /КFС/-тэй байрны хажууд байрлах биллиардад н. гэх залуутай уулзахаар ороод нөхөр бид хоёр үзтэл үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын ажиллагаа хэвийн ямар нэгэн гэмтэлгүй имей кодгүй гар утас байхаар 2.000.0000 төгрөгөөр худалдаж авахаар болоод мөнгийг нь 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гар утас худалдаж авсан мөнгө болох 2.000.000 төгрөгийг би нөхөр Ч.гийн Голомт банкны тоот дугаарын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн. гэх залуугаас үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утсыг авахад ямар нэгэн имей кодгүй байсан тул асуудалгүй утас гэж бодоод авсан. Одоо тухайн гар утсыг манай нөхөр Ч. барьж байгаа. Манай нөхөрт үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утас зарсан хүнээс нийт 1.989.000 төгрөг нэхэмжилж байна, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр манай нөхөр Ч. нь өөрийн Голомт банкны тоот дугаарын данснаас 1.900.000 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 89.000 төгрөгийг ******* гэх хүнд тус тус шилжүүлж өгсөн байсан. Иймд би нийт 1.989.000 төгрөгийг ******* гэх хүнээс нэхэмжилж байна...” гэсэн  мэдүүлэг (хавтаст хэргийн 37-41 дэх тал),

Гэрч ын “Би 2014 оноос хойш Улаанбаатар хотод Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Smart Phone” гар утас худалдааны төвийн лангуунд гар утас худалдаалж ирсэн. Би Бүгд Найрамдах Хятад ард улсын Шэньжэнь мужаас 2023 оны 12 дугаар сард Samsung болон Iphone маркийн 100 орчим гар утас худалдан авч ирээд зарж байсан бөгөөд тухайн гар утаснуудаас нийт 20 ширхэг гар утас нь эвдрэлтэй байсан тул буцааж анх худалдан авсан газартаа аваачиж солиулахаар болсон...******* найз гэдэг эмэгтэй нь Улаанбаатараас наашаа гарна гэдгийг сонсоод лангуун дээрээ үлдээсэн эвдрэлтэй 20 ширхэг гар утсыг гаар авчруулахаар болсон. Би явахдаа лангуугаа түгжээд явсан бөгөөд хамт утас зардаг эгчийг гуйж гэдэг хүнтэй холбогдоод миний лангуунаас 20 ширхэг гар утсыг өгөөд явуулчих гэж гуйсан...Ингээд эгч нэмээд 8 ширхэг гар утсыг , гэдэг 2 хүнд Монтел худалдааны төвөөс өгч явуулан тэр 2 нь надтай хамт явсан ******* том хүү ******* гэдэг залууд өгөөд ******* нь д вагон вокзалын ард галт тэрэг хөдлөхөөс өгсөн гэж надад хэлсэн. нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 16:45 цагийн Замын-Үүдийн галт тэргэнд сууж 09-ний өдрийн өглөө Замын-Үүдэд ирсэн бөгөөд би өмнөх өдөр нь ирсэн байсан тул тосож аваад байрлаж байсан буудалдаа очиж гар утсаа хүлээж авахад миний захисан 20 ширхэг гар утас бүрэн, харин эгчийн сүүлд нь өгч явуулсан 8 ширхэг гар утаснаас 1 дутуу 7 ширхэг гар утас байсан. Би гаас нэг гар утас нь байхгүй байна гэж хэлэхэд хүн холоос авчирч байхад гээд уурлаад байсан. Би эгч рүү утсаар залгаад та хэдэн ширхэг утас өгч явуулсан бэ, энд 7 ширхэг утас байна гэж хэлэхэд би 8 ширхэг утас өгч явуулсан, эгч нь явуулсан утасныхаа зургийг нь явуулъя гэж хэлээд над руу зургийг нь явуулсан. Би эгчийн явуулсан зургийг харахад...нийт 8 ширхэг гар утасны зураг байснаас авчирсан утастай нь тулгаж үзэхэд үзмэн ягаан өнгийн “iPhone 14 pro max” маркийн гар утас байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44-46 дахь тал),

Гэрч Д.гийн “2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай танил эгч ******* дугаарын утаснаас миний дугаарын утас руу залгаад нэг гуйх юм байна. Миний 8 ширхэг гар утсыг надаас ирж аваад *******ын дугаарын гар утас руу залгаад байгаа газарт нь аваачаад өгчих. Би Бүгд найрамдах Хятад Ард улс руу хүнд өгч явуулж солих гэж байгаа юм гэхэд нь би зөвшөөрсөн. Надтай хамт манай нөхөр Ц. 2024 оны 01 дүгээр сарын 08-ны 15 цагийн үед “Smart Phone” гар утас худалдааны төвийн лангуунд очиж *******аас хар өнгийн Samsung А90 маркийн гар утас 1 ширхэг, Redmi Note 8 маркийн цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн энгийн iPhone 12 нэг ширхэг, хар саарал өнгийн iPhone 12 pro max 1 ширхэг, ягаан өнгийн энгийн iphone 13 нэг ширхэг, ногоон өнгийн iphone 13 рrо 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн iphone 14 pro max 1 ширхэг, цэнхэр өнгийн 15 рrо mах 1 ширхэг, нийт 8 ширхэг гар утас  үзэж авсан. 2024 оны 16 цагийн үед *******ын байгаа газар болох Чингэлтэй дүүргийн *******ны нутаг дэвсгэрт байрлах Тэнгис кино театрын ертөнцийн зүгээр баруун талд буюу КFС-ын урд талын зам дагуу өөрийн эзэмшлийн саарал өнгийн RX450 маркийн автомашины цонхоор нь *******т нийт 8 ширхэг гар утсыг өгсөн. Тухайн гар утаснууд бөмбөлөгтэй 1 ширхэг гаднаасаа нэвт харагддаг гялгар уутанд ороогоод хийсэн байдалтай, бэхэлж скочидсон асуудал бол байхгүй байсан бөгөөд ******* тоолоод тэр чигт нь аваад явсан. ******* тухайн 8 ширхэг гар утсыг тоолоод аваад явахыг манай нөхөр Ц. харсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал),

Гэрч Ц.н “2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай танил эгч ******* дугаарын утаснаас манай эхнэр Д.гийн дугаарын утас руу залгаад ганц тус хүргээч. Миний 8 ширхэг гар утсыг надаас ирж аваад *******ын дугаарын гар утас руу залгаад байгаа газарт нь аваачаад өгчих. Би Бүгд найрамдах Хятад ард улс руу хүнд өгч явуул солих гэж байгаа юм гэхэд нь манай эхнэр Д. зөвшөөрсөн...******* тоолоод тэр чигт нь аваад явсан...Тухайн 8 ширхэг гар утсыг шинэ эсвэл хуучин утас байсан эсэхийг анзаараагүй ямар ч байсан тоогоор нь *******т хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

Гэрч гийн “...*******ын 62-19 УБҮ улсын дугаартай автомашины урд *******тай тааралдаад би танай ээжийн захисан 20 ширхэг гар утсыг Замын-Үүдийн вагоноор авч явах гэж байгаа дахиж залгаад 1 ширхэг Notebook болон 8 ширхэг гар утас өгч явуулах талаар ярьсан гэхэд ******* надад байгаа би авчихсан байгаа танд өгч явуулах 1 ширхэг саарал өнгийн notebook болон 8 ширхэг гар утас миний машины урд байгаа та миний машины түлхүүрийг аваад байж бай гэхэд нь би *******ын машиныг онгойлгоод харах үед жолоочийн эсрэг талын суудал дээр нь саарал өнгийн цүнхтэй notebook болон гар утаснууд байж байсан. Тэгээд ******* ачаагаа зөөнө гээд цааш явах үед машиныг нь цоожлоод *******т түлхүүрийг нь өгсөн.  Тэгээд ******* машинаасаа юм зөөнө гээд буцаад цааш явчхаад хүрээд ирсэн. Тэгсэн машинд хулгай орсон гээд танихгүй дугаараас залгалаа гээд сандраад явсан. Тэгээд ******* удалгүй буцаж ирээд надад саарал өнгийн цүнхтэй notebook өгөөд эгчээ би сая айгаад notebook болон 8 ширхэг гар утас алга болчихлоо гэж бодоод үзтэл гайгүй байна гэж хэлэхэд нь би миний сайн найзын хүүхэд юм чинь гэж бодоод шууд аваад явсан. Тэгээд би тэр notebook болон 8 ширхэг гар утсыг нээж үзэж хараагүй авч байгаад 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагийн үед ад тухайн өөрийнхөн захисан 20 ширхэг гар утас болон notebook, 8 ширхэг гар утсыг хүлээлгэн өгөх үед сүүлийн 8 ширхэг гар утаснаас үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын 1 ширхэг гар утас алга болсон байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 67-68 дахь тал),

Гэрч Э.Үүрийнцолмонгийн “2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр манай найз залуу болох ******* *******тай уулзахад үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утас гаргаж ирээд надад хүн өгсөн юм аа, чи барих уу гэхээр нь тэгье гэж хэлэхэд манай найз залуу ******* чи тэгвэл ID-гаа хийгээд шалгачих гэхээр нь шалгаад үзтэл ажиллагаа хэвийн хүрээ хэсэг болон дэлгэцийн зүүн доод буланд сэв зураастай утас байсан. Маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр манай найз ******* ирээд би машинаа банк бус санхүүгийн байгууллагад сарын төлөлтөө хийгээгүй гээд хураалгачихлаа, наад утсыг чинь зараад мөнгийг нь өгөх хэрэгтэй байна гэж хэлээд iPhone 14 pro max загварын гар утас буцаагаад аваад авсан. Тэрнээс хойш дахиж тэр утсыг хараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-77 дахь тал),

Гэрч Ч.гийн “...2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Тэнгис кино театрын хажууд байрлах биллиардад тоглож байхад ******* орж ирээд “ахаа утас авах уу танд бол хямдхан өгнө шүү” гэхээр нь ямар утас байгаа юм гэхэд үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утас байна гээд нэг гар утас гаргаад ирсэн. Тухайн гар утсыг би үзэж байгаад ахдаа өгөөд явуулаач эхнэрт үзүүлэх гэсэн юм гэсэн чинь ахаа баруун, зүүнээрээ өгнө гэхээр нь орой гэртээ очоод эхнэр д хэлээд 18 цагийн үед буцаж биллиардад очиж *******ын зарах гэж байсан гар утсыг нь аваад эхнэрт үзүүлээд авахаар болоод дугаар руу залгаад гараад ирээч гэж дуудсан удалгүй ******* гарч ирэхэд машин дотор уулзаад за ах нь маргааш найдвартай наад гар утасны чинь мөнгийг нь хийнэ гэж хэлээд” н.*******аас үзмэн ягаан өнгийн iPhone 14 pro max загварын гар утсыг авч явсан. Би мөнгө олдохгүй байсан учир маргааш нь мөнгийг нь хийж чадаагүй ба 2024оны 01 дүгээр сарын 19-ний өдөр эхнэрээс 2.000.000 төгрөг авч эхнэр өөрийн Худалдаа хөгжлийн банкны тоот дугаарын данснаас миний Голомт банкны тоот дугаарын дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн би тухайн мөнгийг ******* руу залгаж ямар дансанд хийх вэ гэхэд надад Хаан банкны тоот дугаарын Э.Үүрийнцолмон гэх хүний дансыг өгөхөөр нь би тухайн өдрийн 13 цаг 10 минутад 2.000.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн гар утсыг буруу замаар олсон гар утас гэж мэдээгүй анх үзэж авахад ямар нэгэн кодгүй байсан. Тухайн гар утсыг манай эхнэр 2.000.000 төгрөг гаргаж авсан тул буруутай этгээдээс манай эхнэр 2.000.000 төгрөг нэхэмжлэх болно...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 83-85 дахь тал),

 “Ашид Билгүүн” ХХК-ийн iPhone 14 pro max загварын гар утсыг 3.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 100-102 дахь тал),

Яллагдагч *******ын “Цагдаагийн байгууллагаас миний хувьдаа завшиж бусдад зарсан iPhone 14 pro max загварын гар утсыг Ч. гэх хүнээс хураан авч хохирогч ******* гэх хүнд хүлээлгэн өгсөн талаар мэдсэн. Би хохирогч *******тай хохирлын талаар ямар нэгэн маргаангүй мөн иргэний нэхэмжлэгч д учруулсан хохирлын мөнгө болох 1.989.000 төгрөгийг дансаар шилжүүлж хохирлын баримтыг хэрэгт хавсаргаж өгөхөө илэрхийлж байна. Иймд надад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128-129 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь БНХАУ-руу буцаан хүргүүлэхээр Samsung А90 маркийн гар утас 1 ширхэг, Redmi Note 8 маркийн цэнхэр өнгийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн энгийн iPhone 12 нэг ширхэг, хар саарал өнгийн iPhone 12 pro max 1 ширхэг, ягаан өнгийн энгийн iphone 13 нэг ширхэг, ногоон өнгийн iphone 13 рrо 1 ширхэг, үзмэн ягаан өнгийн iphone 14 pro max 1 ширхэг, цэнхэр өнгийн 15 рrо mах 1 ширхэг, нийт 8 ширхэг гар утсыг *******т итгэмжлэн хариуцуулан өгсөн байна.

Улмаар дээрхи 8 ширхэг гар утсыг ******* нь БНХАУ-руу явах д хүлээлгэн өгөхдөө үзмэн ягаан өнгийн 1 ширхэг “IPhone 14 Pro max” загварын гар утсыг хувьдаа авч завшиж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******аас Тээврийн прокурорын газарт гаргасан “миний бие өөрийн алдагдсан IPhone 14 pro max загварын гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан тул цаашид гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн хүсэлтийг гаргажээ. (хавтаст хэргийн 209 дэх тал)

Харин ******* нь завших гэмт хэрэг  үйлдэж авсан IPhone 14 pro max загварын гар утсыг Ч.д нь 2.000.000 төгрөгөөр худалдсан байна.  Шүүгдэгч ******* нь Ч.д 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1.1000.000 төгрөг, 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 1.200.000 төгрөгийг тус тус дансаар шилжүүлсэн байх тул энэ хэрэгт шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000  төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжит хугацаа олгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасныг шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                 ТОГТООХ нь:

1. ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (3.000.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан торгох ялыг зургаа (06) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          

                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ