Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 103/ШШ2021/00151

 

      2021           5           10                                       103/ШШ2021/00151

 

    

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

 

             Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд  хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .................. оны ................  дугаар сарын ..................-ний өдөр ...................аймгийн .............. хотод төрсөн, эмэгтэй, .......... настай, ............боловсролтой, ..................  мэргэжилтэй,  ам бүл .............., хүүгийн хамт ..........  дүүргийн ............... дугаар хороо, ..................... дугаар байрны .............. тоотод оршин суух, Б.М.Э/РД:СЮ......................./,

Хариуцагч: .................. оны .................дугаар сарын ...........ны өдөр .................... аймгийн ..................... хотод төрсөн, эрэгтэй, .................... боловсролтой, ................... мэргэжилтэй,  ам бүл ..................., эрхэлсэн тодорхой ажилгүй, Багануур дүүргийн  .................. дугаар  хороо, ................. дугаар байрны .............. тоотод оршин суух, Х.Д.У-д холбогдох  /РД:КЮ88031671/  гэрлэлт цуцлуулж,  тэтгэлэг гаргуулах  тухай  нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Д., нарийн бичгийн дарга  Г.Есү-Үжин  нар оролцов.     

ТОДОРХОЙЛОХ нь :

           Нэхэмжлэгч М.Э шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлага, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: М.Э  миний  бие 2004 онд У-тэй танилцаж, 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 0118150 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр У.Тхүү төрсөн. Бид зан харилцааны таагүй байдлын улмаас 2017 оноос салж тусдаа амьдрах болж тэр үеэс хойш хүү маань миний асрамжинд амьдарч өсч торнисон. Одоо бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж,  тэтгэлэг гаргуулж өгнө үү. Бидний дунд өмчлөл болон  эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө урьдчилан шийдвэрлүүлэх журамтай танилцаж эвлэрүүлэн зуучлагчид хандсан болно. Хүүхдийн асрамж дээр бид харилцан тохиролцоод миний асрамжид үлдээхээр болсон. Салах болсон шалтгаан нь тусдаа амьдраад 4 жил болсон, хамтдаа амьдрах гэж үзсэн, 2017 оноос өмнө 2015 оны үед салж 1 жил шахам тусдаа амьдарч байсан. 2019 онд 4-5 сар хамт амьдарсан,  байнга муудалцаад байдаг, зан харилцаа тохирдоггүй. Тэгээд ингэж байхаар салъя гэж шийдвэрлэсэн, одоо би 33 настай, ийм амьдралаар олон жилийг өнгөрөөх боломжгүй, байнгын хэрүүлээс болоод хүүхэд хүртэл тайван байж чадахгүй байдаг, эхэндээ хүүхдээ бодоод салахгүй байсан, сүүлд жинхэнээсээ хүүхдээ бодоод салахаар шийдсэн. У 2020 оны 3 сард намайг зодсон, нилээн хүнд зодсон, баривчилгаанд 5 хоног явсан, тэгээд би өргөдлөө буцааж авсан. Энэ байдлаас нэг нь шороонд, нөгөө нь шоронд орж магадгүй юм байна гэж үзээд салах шийдвэр гаргасан. Байнга зодохгүй, хааяа алгадах, чимхэх зэргээр зоддог л байсан, хардалтын улмаас согтуудаа зодсон, салах нөхцөл байдал бид хоёроос хоёулангаас нь болсон, хүүхдийнхээ дэргэд зодсон.  Архи уудаг,  уухаараа зодох гээд байдаг. Бид хоёр 2011 онд суусан, жирэмсэн болохоос эхлээд өөр хүнтэй гэр бүлийн харилцаа тогтоож эхэлсэн, 2-3 хүнтэй холбогдож байсан, 1 жил өөр хүнтэй хамт амьдарч байсан. Архи их уудаг байсан, шөнөдөө л гэртээ орж ирдэг. Эргээд амьдарвал өмнөхөө яриад хэрүүл маргаан, зодоон болно гэж бодож байна. Бид хоёрын зодоон маргаанаас болж хүү маань айгаад нүд нь анивчаад их цочимтгой болсон, одоо амгалан тайван байхаар хөөрхөн байгаад байгаа гэв.

            

            Хариуцагч  Д.У шүүхэд гаргасан тайлбар, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Д.У миний бие М.Э-тэй 2004 онд танилцаж 2009 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 0118150 тоот гэрлэлтийн баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бид гэр бүл болоод 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүү У.Т мэндэлсэн. Олон жил гэр бүл байсан боловч ажил амьдралын онцлогоос болж нэхэмжлэгч талаас гаргасан хүү У.Төгсцогтыг ээжийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг, гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. Бид хоёр 10 жилд байхаасаа эхэлж үерхсэн, тэгэхэд л Э өөр хүн амьтантай явалдаад байдаг байсан. Хамгийн анх манай хүн эхэлсэн. Гэрлэлтийн баталгаатай боловч хоёр тусдаа амьдардаг байсан, 2 удаа амьдрах гэж үзээд болохгүй байсан болохоор гэрлэлтээ цуцулуулахаар шийдвэрлэсэн. Хоёулаа гэр бүлээс өөр хүмүүстэй харилцаа тогтоосноос болоод хэрүүл маргаан үүсдэг байсан. Архи уухаар тэр юмнууд нь бодогдоод байдаг.  2-3 жил хамт амьдраад эргээд 2-3 жил тусдаа амьдраад бие биенээсээ хол байдаг байсан болохоор бие биеэ харддаг, түүнээсээ болоод хамт байхаараа ерөөсөө таардаггүй, байнгын хэрүүл маргаантай байдаг, иймээс эргэж амьдрах боломжгүй гэж үзэж байгаа гэв.

 

Шүүхээс хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Д.У-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүхэд гаргажээ.

              Нэхэмжлэгч М.Э, хариуцагч Д.У нар нь сургуульд байхаасаа үерхэж байгаад 2009 онд гэр бүл болж , 2009 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн.  Хамтран амьдрах хугацаандаа 2012 оны 12 дугаар сарын  21-ний өдөр хүү У.Т-г  төрүүлсэн болох нь 0118150 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний болон 0000838259 Г-19  тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогджээ.

Зохигчид нь 2017 он буюу тусдаа амьдрах  хүртэлх 8 жилийн хугацаанд тогтмол хамтран амьдраагүй, 2-3 жил хамт, 2-3 жил тус тусдаа амьдардаг байсан, хоёулаа гэр бүлээс гадуур өөр хүмүүстэй эр эмийн харьцаа тогтоодог байснаас хоорондын үл ойлголцол үүсэж байнгын хэрүүл маргаантай байх болсон, улмаар уг шалтгааны улмаас нөхөр болох Д.У нь  согтууруулах ундаа хэрэглэх болсон, хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  байсан зэрэг нь тус тусдаа амьдрах, гэр бүл салах шалтгаан болсон байх ба хариуцагч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байснаа үгүйсгээгүй байна.             

            Гэрлэгчид нь эргэж хамтран амьдрах хүсэлгүй, бие биенээ гэх хайр сэтгэлгүй болсон, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, гэр бүлийн хүчирхийлэлийн улмаас хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн, гэрлэгчид нь шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон болох нь Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны тэмдэглэл, зохигчдын шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул  гэрлэгчдэд шүүхээс хуульд зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авах нь зохих үр дүнд хүрэхгүй гэж үзэн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт “ …хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг хэний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох…асуудлыг шүүх шийдвэрлэнэ”,  21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт ”хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу тэтгэлгийг тогтоон эцэг Д.У-с гаргуулж, хүү  У.Т-г    тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Д.У-с гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 108.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-с 108.065 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч  М.Эд олгохоор шийдвэрлэв.  

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд нь хуульд заасан нотлох баримт гаргах, цуглуулах шаардлагыг хангасан, үнэн зөв, энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд гэж дүгнэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар    зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-д зааснаар  Б.Б.М-ийн Э, Х,Д.У нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэрлэгчид нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээхээр харилцан тохиролцож гэрээ байгуулан, гэрээг нэхэмжлэлд хавсарган шүүхэд ирүүлсэн болохыг дурдсугай.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд  зааснаар 2012 оны 12 дугаар сарын 21 ний өдөр төрсөн  хүү У.Т-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны  доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлгийг  тогтоон эцэг Д.У-с сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг журамлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Багануур дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах П.Н-д  даалгасугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.У-өөс 108.065 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эд  олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ЦЭЦЭГДУЛАМ