Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/354

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Ц.Ганцэцэг /томилолтоор/

шүүгдэгч Т.******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2405012430214 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 6 дугаар сарын 01-нд Увс аймгийн Баруун туруун суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Вагоны техникч мэргэжилтэй, Улаанбаатар төмөр замд засварчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг *******, *******ны *******, урьд ял шийтгэлгүй, /РД:ОА95060*******1/, ******* овогт *******ийн *******.

Шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Hermes” худалдааны төвийн зүүн талын замд “Toyota Prius 20” маркийн *******-******* УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг  зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

                                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 12 цаг 20 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Hermes” худалдааны төвийн зүүн талын замд “Toyota Prius 20” маркийн *******-******* УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй,...согтууруулах ундаа...хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь:

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн “Т.*******г 3.18 хувийн согтолттой...” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал)

Согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгуулсныг баримтжуулсан гэрэл зураг, (хавтаст хэргийн 02 дахь тал)

Стандарт хэмжил зүйн газрын физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын 0943 дугаартай гэрчилгээ (хавтаст хэргийн 03 дахь тал)

2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн жолооны үнэмлэхийн төлөв хүчингүй, 2023.9.29-2024.9.29 эрх хасагдсан тухай лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал)

Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс Т.*******д 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 14-26 дахь тал)

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.*******н яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг 40 минутын орчимд найз нарын хамт гурвуулаа 10 дугаар хорооллын Номин худалдааны төвийн зүүн талын байрны гадаа найз н машин дотор 2 литрийн савлагаатай сэнгүр нэртэй пиво гурвуулаа хувааж уугаад байж байгаад би нэлээн муудаад найз н эзэмшлийн “Toyota Prius” маркийн *******-******* УЕЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо 41д-37 тоотод гэр рүүгээ яриад явж байгаад 10 дугаар хорооллын уулзвараар ертөнцийн зүгээрээ хойноос урагш нэвтрээд “Hermes” худалдааны төвийн урд чигээрээ явж байсан жижиг суудлын машин байсан түүнийг шүргэсэн. Тэгээд нөгөө машины жолооч нь цагдаад дуудлага өгсөн бөгөөд удалгүй цагдаа ирээд манай найз н машиныг ачаад намайг аваад Баянгол дүүргийн замын цагдаа руу аваад явсан тэнд очоод үлээж шалгуулахад 3,18 хувийн согтолттой гарсан. Тэгээд би нөгөө машины жолоочид машиныг нь зурсан байсан учраас хохирлын мөнгө 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх байхгүй, эрхээ хасуулсан. Би 2023 оны 9 дүгээр сард Баянгол дүүрэгт жолоодох эрхээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол хийж 01 жилээр хасуулсан байсан...” (хавтаст хэргийн 44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Т.******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн нэг жилийн хугацаанд хасуулсан үедээ 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Hermes” худалдааны төвийн зүүн талын замд “Toyota Prius 20” маркийн *******-******* УЕС улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Т.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгосон, шүүгдэгч Т.*******н хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.500.000 төгрөгийн торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                               ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч Т.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр (2) жилийн хугацаагаар хасаж, гурван мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (3.500.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.*******д оногдуулсан торгох ялыг зургаа (06) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар  Т.*******н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр (02) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Хэрэгт Т.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ДАЙРИЙЖАВ