Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 103/ШШ2021/00135

 

 

2021          04           27                                      103/ШШ2021/00135

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

   Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн  хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ............................... дугаар  хороо, Залуусын гудамж өөрийн байранд байрлах ..................-ын  нэхэмжлэлтэй

Хариуцагч: ............... оны ................. дугаар сарын ................-ний  өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, ашиглалтын инженер мэргэжилтэй,  өндөр насны тэтгэвэрт, Багануур дүүргийн ................ дугаар  хороо, ............. дугаар байрны .............тоотод оршин суух, Б.П.Э-холбогдох  худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 715.450.57  төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар  сарын 04-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг,  Б.Б, хариуцагч П.Э, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн ........... дугаар  хороо, ............. дугаар байрны .............. тоотод оршин суух, Б.П.Э нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох  715.450.57  төгрөгийн төлбөрийг  төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа, хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа  480.531.7   төгрөгийг төлнө гэсэн байна. Манай байгууллага иргэдийн хүсэлтээр ам бүл хасдаг байсан. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын журам гарснаар ам бүл хасахаа больсон. Тоолууржуулах аян зарлаад айл өрхүүдэд тоолуур тавиулах санал тавьж байгаа, энэ айл тоолуур тавиулаагүйн улмаас ам бүл хасагдаагүй, тиймээс 3 ам бүлээр төлбөр гарсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

 Хариуцагч П.Э  шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд өгсөн хариу  тайлбартаа: Э миний бие Багануур дүүргийн ........ дугаар  хороо, ........а дугаар байрны ............... тоотод оршин суудаг. Би уг байрыг 1990 оны 12 сард ашиглалтанд орсноос хойш 31 жил эзэмшиж байна. Манайх ам бүл 4 үүлээ амьдарч байгаад 2016 онд том охин Улаанбаатар хотод ажиллаж амьдрахаар болсон тул тухайн үед Багануур Ус ААТҮГ-т  ам бүл хасуулах хүсэлт гарган хүсэлтийг хүлээн авч  тухайн сараас нь  3 ам бүлээр  төлбөр тооцоо бодогдож эхэлсэн.  2020 оны 1 сард бага охин Улаанбаатар хот руу шилжсэн тул  Багануур-Ус ААТҮГ-т  ам бүл хасуулах хүсэлт гаргасан боловч ямар нэгэн албан ёсны хариу өгөөгүй. Ингээд уг байгууллага хуучин 3 ам бүлээр тооцоог хийж байгаа тул би төлөх боломжгүй гэж үзээд одоог хүртэл төлбөрөө төлөөгүй. Багануур Ус ААТҮГ-ын гаргасан 715.450 төгрөгийн нэхэмжлэлийг бүрэн төлөх боломжгүй. Миний  хүсэлт бол 2 ам бүлээр хэрэглэсэн төлбөр тооцоог хийх боломжтой . Хэрвээ 2 ам бүлээр тооцвол нэмэлт зардалтай нийлээд 517.102.60  төгрөг болж байгаа. Байцаагчтай хамт бодож гаргасан тооцоо байгаа юм. 8 дугаар сард холигчоо солиулсан. Ер нь бол хэрэглэснийхээ хэмжээгээр мөнгөө төл гэсэн журам л үйлчилдэг гэж ойлгож байгаа, эднийх заавал тоолуур тавиул гэж шаардаад ам бүл хасахгүй байгаа юм.  Надад ус илүү дутуу хэрэглэсэн зүйл байхгүй, хий хоосон хардаад байгаа юм, тоолууртайгаар, эсвэл тоолуургүйгээр төлөх эсэх нь миний дурын асуудал гэж үзэж байна. Заавал тоолуур тавиулах ёстой гэсэн дүрэм журам байхгүй, тоолуур тавиул гэсэн албан бичиг мэдэгдэл өгөөгүй, гэнэт ацаг тавиад шахаж шаардаад байгааг зөвшөөрөхгүй байна. Аргаа бараад шүүхэд өг, шүүхээр шийдүүлнэ гэж хэлсэн. Ам бүл хасуулахдаа бүрдүүлэх материалыг нь эднийхээс асуугаад хот явж бүх шаардлагатай баримтуудыг хөөцөлдөж авчирч өгсөн, усыг 2 хүн хэрэглэсэн учраас  2 ам бүлээр л төлнө гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч “..................ААТҮГ нь хариуцагч Б.П.Э холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 715.450.57  төгрөг гаргуулах  нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч П.Э нь нэхэмжлэлийн шаардлага 715.450.57  төгрөгөөс  ам бүл 2 байхад төлбөрийг 3 ам бүлээр тооцсон, 2 ам бүлээр тооцож 517.102.60 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэх үндэслэлтэй гэж  үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч П.Э.оос  2020 оны 02 дугаар сараас 2021 оны 02 дугаар сарыг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 715.450.57  төгрөгийг төлүүлэхээр шаардсан.

 

Хангагч байгууллага нь хэрэглэгч П.Э.той цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

        Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д “хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ” , 13 дугаар зүйлийн 13.2-д “хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна” , 14 дүгээр зүйлийн 14.1.2-д “хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг хангагч шаардах эрхтэй”, 15 дугаар зүйлийн 15.1.3-д “ хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй”, гэж тус тус хуульчилсан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаар хангагч байгууллага нь хэрэглэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй, хэрэглэгчээс төлбөр, хохирлоо шаардах эрхтэй, хэрэглэгч авсан үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх  үүрэгтэй юм.

 

Хангагч байгууллага нь Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэглэсэн усныхаа  төлбөрийг төлнө.

 

Монгол Улсын Засгийн Газрын  2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор Коронавируст халдвар /Ковид19/ цар тахлын  үед айл өрхийн дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу тооцож, тогтоолын 1-д заасан айл өрхийн орон сууцны 100 метр квадрат хүртэл талбайд ногдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсний дагуу хэрэглэгч нь дээрх хугацааны төлбөрөөс чөлөөлөгджээ.

 

Хариуцагч нь 2020 оны 02 дугаар сар хүртэл цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг 3 ам бүлээр тооцож төлж байсан бөгөөд 02 дугаар сараас охин П.Б  нь Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг рүү шилжиж, 25 дугаар хороо 103/3 байрны 39 тоотод оршин суух болсон, улмаар  Инженер Геодизи ХХК-д ажилд орсон учраас хангагч байгууллага болох “Багануур-Ус” ААТҮГ-т 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ам бүлээс хасалт хийлгүүлэх тухай өргөдөл гаргасан, “Багануур-Ус” ААТҮГ нь өргөдлийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан болох нь П.Б-ын  өргөдөл, 1374456 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, “Багануур-Ус” ААТҮГ-ын өргөдөл гомдол хүлээн авсан бүртгэлийн дэвтрийн хуулбар, Багануур дүүргийн ................ дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 10-13 дугаар тал/

 

Хангагч байгууллага нь ам бүл хасагдсан, өөр орон нутаг руу шилжсэн гэдэг нь баримтуудаар тогтоогдсон атал өргөдөл гомдлын хариуг хуульд заасан хугацаанд, зохих журмын дагуу өгөөгүй, 2 хүний хэрэглээний төлбөрийг 3 хүнийхээр тооцож нэхэмжилж байгаа нь нийтээр дагаж мөрдөх ёс суртахууны хэм хэмжээ,  шударга ёсны зарчимд үл нийцнэ.               

 

Иймд хэрэглэгч П.Э-оос цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлсийг 2 ам бүлээр тооцон  Хот  суурины  ус хангамж,  ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн  2019 оны 11 дүгээр  сарын 22-ны 105 дугаартай “Нийслэлийн Багануур дүүргийн цэвэр,бохир усны үйлчилгээний тариф батлах” тухай тогтоолын дагуу цэвэр бохир усны үйлчилгээний хөлсийг тоолуургүйгээр тооцож 502.802.60 төгрөг, холигч дуудлагаар солиулсан үйлчилгээний зардалд 14.300 төгрөг, нийт 517.102.60 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, шаардлагаас 198.347.97 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх  хэсэгт  зааснаар  улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар 517.102.60  төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 16.163 төгрөгийг гаргуулж  улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

       

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

          1.Иргэний  хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Д.Э-оос  гэрээний үүрэгт  517.102.60 /таван зуун арван долоон мянга, нэг зуун хоёр төгрөг, жаран мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч  Багануур-Ус аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт олгон, нэхэмжлэлээс үлдэх 198.347.97 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч  ..................... нь тэмдэгтийн хураамж   урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч П.Э-оос  улсын тэмдэгтийн хураамжид  16.163 төгрөгийг  гаргуулж  улсын орлого болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ЦЭЦЭГДУЛАМ