| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Цэцэгдулам |
| Хэргийн индекс | 103/2021/00116/И |
| Дугаар | 103/ШШ2021/00136 |
| Огноо | 2021-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 103/ШШ2021/00136
| 2021 оны 04 сарын 27 өдөр | Дугаар 103/ШШ2021/00136 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын гудамж өөрийн байранд байрлах Багануур-Ус ААТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1959 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Баялаг хороолол, 100-12 тоотод оршин суух, Алагморьт овгийн Равдангийн Батхүүд холбогдох худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.185.523.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрцэцэг, Д.Одгэрэл, хариуцагч Р.Батхүү, нарийн бичгийн дарга А.Ундармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ болон байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, Баялаг хороолол, 100-12 тоотын хэрэглэгч Р.Батхүү нь цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.185.523.49 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулахгүй хуримтлагдсан авлага үүсгэж, манай байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг удаа дараа зөрчиж байгаа. Засгийн газрын тогтоолоор айл өрхийн 2020 оны 12 дугаар сараас 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацааны төлбөрийг чөлөөлсөн. Гэхдээ айл өрхийн 100 м.кв хүртэлх талбайн төлбөрийг чөлөөлсөн. Энэ айл 241 м.кв талбай бүхий орон сууц эзэмшдэг учраас илүү 141 м.кв-ын үнийг төлөх үүрэгтэй, гэтэл энэ төлбөрөө төлөхгүй гэж маргаад байгаа юм. Банк төлбөрийг хагасалж авдаггүй, Ковидтой холбоотойгоор 2020 оны 12 дугаар сарын 01-нээс эхлэн бүх айл өрхүүдийг алдангиас чөлөөлсөн. Нэхэмжилсэн төлбөрийн дүнд алданги ороогүй, гэрээ нь 2020 оны 04 сараас шинэчлэгдсэн, айлуудаар явах боломжгүй учраас цахимаар гэрээ хийсэн. Бүтэн жил төлбөрөө төлөөгүй, манайх ч хүлээцтэй хандсан, сүүлийн үед яриа нийцэхгүй болсон учраас шүүхэд хандсан. Төлбөрөө төлөхгүй 3 сараас дээш болоход манайх шууд шүүхэд ханддаг журамтай. Батхүү гуай цар тахлын улмаас төлбөрөө төлж чадахгүй байна гээд яваад байсан. Удирдлагууд энэ айлаа яагаад шүүхэд өгөхгүй байгаа юм бэ гэж байнга шахаж шаарддаг, эднийхээс болоод байцаагч цалингаа хасуулдаг. 2021 оны 2 сард нэмж 1100 төгрөг л гарсан, энэ нь эднийх манайд дуудлага өгөөд засварчин ирж оношилгоо хийсэн, гэрээн дээр дуудлага дуудахад 1000 төгрөгийн үйлчилгээний хөлс авна гэж заасан байгаа. 2020 оны 12 дугаар сар дээр суурь хураамж нэмж авсан, гэтэл суурь хураамж улсаас үзүүлж байгаа хөнгөлөлтөд хамаарах байсан юм байна лээ. Тэгээд дараа сараас нь суурь хураамж 12.100 төгрөг нь хасагдаад явсан. 2020 оны 2-4 сарын нийт төлбөр 663.649.36 төгрөг байсан. Батхүү нь 2 дугаар сард 400.000 төгрөг, 3 дугаар сард 200.000 төгрөг төлсөн, үүнийг хасаад үлдэгдэл 63.649.36 төгрөг 4 дүгээр сар дээр гарсан байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Р.Батхүү шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Багануур Ус ААТҮГ-аас ус дулааны мөнгө 1.185.523.49 төгрөг нэхэмжилсэн байна. Энэ мөнгийг төлөх нь үнэн хэдий ч огт төлөөгүй тохиолдол үгүй. Тухайлбал 2020 оны 10 сард Төрийн банканд 250.000 төгрөг, Багануур Усын санхүүд бэлнээр 400.000 төгрөгийг 2020 оны 12 сард төлсөн хэдий ч тодорхой хувийг алдангид суутгасан. НӨАТ-ын баримт огт өгдөггүй байсан. Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 267 дугаар тушаалаар Аж ахуйн нэгж, иргэний цахилгаан дулааны үнийг тэглэх түр журам гарч хэрэгжиж байгаа. Уг журамд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл цахилгаан дулааны үнийг төрөөс хариуцахаар шийдвэрлэсэн атал 2020 оны 12 дугаар сар 2021 оны 1 сар, 2 сарын төлбөр болох 320.559.36 төгрөгийн төлбөр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Би 2020 оны 12 дугаар сарын 01-нээс өмнөх төлбөр болох 864.964.13 төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний дотор бүрэн төлж барагдуулна. Үлдэх 320.559.36 төгрөгийг төлөхгүй гэжээ.
Хариуцагч Р.Батхүү шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би ХААН банкаар үйлчлүүлдэг, төлбөрөө төлье гээд очихоор 2019 оны төлбөртэй гээд ХААН банк авдаггүй, эдний байгууллага дээр очоод би ХААН банкаар төлмөөр байна гэж хүсэлт гаргасан боловч шийдэж өгөөгүй, ард иргэддээ сэтгэл гаргаж үйлчлэх хэрэгтэй. ХААН банкнаас мөнгөө аваад Төрийн банканд очиж төлдөг, эдний байгууллагын хүнд сурталын улмаас ийм өр төлбөр үүссэн. Би төлөхгүй гэсэн юм байхгүй, төлөөд ч ирсэн, төлөх ч болно. Банканд очихоор алданги авдаг, шүүхэд нэхэмжлэл гаргахаараа алдангигүй болчихдог, ийм байж болохгүй, шүүхийн байгууллагын нэр барьж дууддаг. Ганцэцэг гэдэг хүн шүүхийн шийдвэр гарсан хүрээд ир гэж дуудаж байгаа юм. Дуудлага өгөхөөр ирж харчихаад 1000 төгрөг авахаар нэхдэг, шударга ёсонд нийцэхгүй, эднийх хуурамч бичиг баримт үйлдэж байна, иргэдтэй гэрээ байгуулах ёстой, гэрээ хийгээгүй, мөнгө бэлнээр аваад ямар ч баримт өгдөггүй. Хүнд сэтгэлээсээ үйлчилчихээд мөнгө нэхэх хэрэгтэй, би төлбөрөө төлнө гэж бодож байсан, гэтэл намайг шүүхэд өгсөн учраас 2020 оны 12 дугаар сараас хойшхи төлбөрийг төлөхгүй гэж байгаа. Би дулаан, ус хэрэглэсэн нь үнэн учраас төлбөрөө төлөх үүрэгтэй, иргэдийн амьдралын нөхцөл боломжийг харах хүндлэх хэрэгтэй, хэдэн төгрөгийг алдангид авсан, хэдийг нь үндсэн төлбөрт аваад байгаа нь тодорхойгүй байдаг гэв.
Шүүхээс хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь хариуцагч Алагморьт овгийн Равдангийн Батхүүд холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт 1.185.523.49 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Р.Батхүү нь нэхэмжлэлийн шаардлага 1.185.523.49 төгрөгөөс 864.964.13 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, 320.558.99 төгрөгийн төлбөрийг Монгол Улсын Засгийн газраас Короновируст халдвар /Ковид19/ цар тахлын үед айл өрхийн дулаан, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төрөөс хариуцахаар тогтоол гарсан, дуудлагаар ирээд үйлчилгээ үзүүлээгүй, гэрээ байгуулаагүй гэсэн үндэслэлүүдийг дурдаж зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч байгууллага нь хариуцагч Р.Батхүүгээс 2020 оны 04 дүгээр сараас 2021 оны 02 дугаар сарыг дуусталх цэвэр ус түгээсэн, бохир ус татан зайлуулсан үйлчилгээний хөлс болох 1.185.523,49 төгрөгийг төлүүлэхээр шаардсан.
Хангагч байгууллага нь хэрэглэгч Р.Батхүүтэй цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах гэрээг 2020 оны 04 дүгээр сараас өмнө бичгээр, 04 дүгээр сараас хойш цахимаар байгуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч гэрээ байгуулаагүй гэж маргаж байгаа хэдий ч өөрийн өмчилж байгаа орон сууцны талбайн хэмжээ 241 м.кв гэдэгт маргаагүй болно.
Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13-д хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ , 13 дугаар зүйлийн 13.2-д хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна , 14 дүгээр зүйлийн 14.1.2-д хэрэглэгч гэрээнд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээг цуцлах, учирсан хохирлоо төлүүлэхийг хангагч шаардах эрхтэй, 15 дугаар зүйлийн 15.1.3-д хэрэглэгч цэвэр усаар хангах, бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй, гэж тус тус хуульчилсан.
Дээрх хуулийн зохицуулалтаар хангагч байгууллага нь хэрэглэгчтэй гэрээ байгуулах үүрэгтэй, хэрэглэгчээс төлбөр, хохирлоо шаардах эрхтэй, хэрэглэгч авсан үйлчилгээний хөлсийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй юм.
Хангагч байгууллага нь Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1-д зааснаар хэрэглэгчийг цэвэр ус, дулааны эрчим хүчээр хангах, бохир ус татан зайлуулах үүргээ биелүүлсэн, хэрэглэгч нь ус, дулааны эрчим хүч хэрэглэсэн гэдэгт маргаагүй учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь хэсгүүдэд зааснаар хэрэглэгч нь хэрэглэсэн усныхаа төлбөрийг төлөх үүрэгтэй байна.
Монгол Улсын Засгийн Газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дугаартай тогтоолоор Коронавируст халдвар /Ковид19/ цар тахлын үед айл өрхийн дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөр болон энгийн хог хаягдлын үйлчилгээний хураамжийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс тооцож 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд төрөөс хариуцан төлөх арга хэмжээг зохих журмын дагуу тооцож, тогтоолын 1-д заасан айл өрхийн орон сууцны 100 метр квадрат хүртэл талбайд ногдох дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр шийдвэрлэсэн.
Хариуцагчийн өмчилж буй орон сууц нь 241 м.кв талбайтай бөгөөд 100 м.кв нь Монгол Улсын Засгийн Газрын 211 дугаар тогтоолын дагуу хөнгөлөлтөд хамаарч, үлдэх 141 м.кв талбайд ногдох төлбөр нь хөнгөлөлтөд хамаарахгүй, хангагч байгууллага нь тогтоолын дагуу хөнгөлөлтийг хэрэглэгчийн төлвөл зохих төлбөрөөс хасаж тооцсон байх тул хариуцагчийн 2020 оны 12 дугаар сараас хойшхи төлбөрийг төлөхгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 02 сарыг дуусталх хугацааны төлбөрийг хариуцан төлөх үүрэгтэй байна.
Иймд нийт нэхэмжлэлийн үнийн дүнгээс төлбөрт үйлчилгээ үзүүлсэн төлбөр 1100 /Нөат 100/ төгрөгийг гэрээ байгуулаагүй, үйлчилгээний хөлсөнд 1000 төгрөг авдаг гэсэн баримтгүй гэсэн үндэслэлээр, 2020 оны 12 дугаар сарын 114.553.12 төгрөгийн төлбөрөөс дулааны суурь хураамж 12.100 төгрөгийг Засгийн газрын тогтоолын дагуух хөнгөлөлтөд суурь хураамж хамрагдаж байгаа гэсэн үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож үлдэх 1.172.323.50 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч байгууллага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд 1.172.323.50 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжид 32.686 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Алагморьт овгийн Равдангийн Батхүүгээс 1.172.323,50 /нэг сая, нэг зуун далан хоёр мянга, гурван зуун хорин гурван төгрөг, тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ-т олгон, нэхэмжлэлээс үлдэх 13.200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Багануур-Ус ААТҮГ нь тэмдэгтийн хураамж урьдчилан төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Батхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид 32.686 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ЦЭЦЭГДУЛАМ