Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 81

 

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, шүүгч Н.Баярмаа, шүүгч Б.Халиун нарын бүрэлдэхүүнтэй,  

иргэдийн төлөөлөгч Х.Мөнхбаатар,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Ц.Төрбаяр, түүний өмгөөлөгч В.Оюун-Эрдэнэ ҮД /№2101/, Ч.Энхбаяр ҮД /№0206/, Г.Ганбат ҮД /№1912/

шүүгдэгч Б.Алтангэрэл, түүний өмгөөлөгч Р.Булган ҮД /№2209/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн 201625031772 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

               Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1996 оны 3 дугаар сарын 23-нд Төв аймгийн Баян чандмань суманд төрсөн, нас 20, эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил байхгүй, Монгол улсын боловсролын их сургуулийн математик, байгалийн ухааны сургуулийн 4 дүгээр курсын оюутан, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Алтан өлгий 4-116 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Алтан овогт Цоггэрэлийн Төрбаяр /РД:НХ96032311/,

 

     Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1995 оны 9 дүгээр сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, нас 21, эрэгтэй, боловсрол бүрэн дунд, мэргэжил авто механигч, Ион гэгээ ХХК-нд жолооч ажилтай, Төв аймгийн Баянчандмань сум Замт багийн 20-4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Эзэн овогт Батсүрэнгийн Алтангэрэл /РД:УХ95092371/

       

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/: Шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нар нь бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайханыг зодож эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон гар утас, түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэж 348.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ц.Төрбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05 цагийн үед Алтангэрэл бид хоёр Дэнжийн 1000-д найзындаа байж байгаад гэр рүүгээ явах замд Дэнжийн 1000-н цагаан байрны буудал өнгөрөөд явж байтал Алтангэрэл манай найз охинтой явалддаг залуу байна машинаа зогсоож бай гээд машинаас буугаад нэг хүнтэй уулзсан. Тэгээд би машиндаа гар утсаа оролдоод сууж байтал Алтангэрэл буугаад ир гэхээр нь би машинаас бууж очоод энэ юун хүн бэ гэж асуухад манай найз охинтой явалддаг залуу байна гээд маргалдаж байсан. Тэгээд би салгах гэж оролдож байгаад хохирогч Баярсайхан бид хоёр хамт далан руу унасан. Тэгсэн Алтангэрэл далангаас гараад явж байхаар нь араас нь дуудсан боловч сонсоогүй. Тэгээд би Баярсайханд “чи тэр хүн нь мөн юм уу, та хоёр ярилцаад учраа олооч” гэж хэлээд далангаас гарахад Алтангэрэл зам дээр байсан машин унаад явсан байсан. Тэгээд би Алтангэрэлыг хайгаад явж байтал Алтангэрэл Баянбүрдийн тойргийн дэргэд байхаар нь хүргэж өгөөд гэртээ очиж амарсан. Тухайн үед би хохирогчоос эд зүйлс авсан гэдгийг мэдээгүй. Сүүлд мөрдөн байцаалтын шатанд мэдсэн. Өөр зүйлгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Алтангэрэлээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Ц.Төрбаяр бид хоёр найзындаа хоноод өглөөний 05 цагийн үед гэр рүүгээ явж байтал манай найз охинтой явалддаг гэх залуу явж байсан. Тэгэхээр нь би Төрбаярыг машинаа зогсоож бай гэж хэлээд машинаас буугаад “чи манай найз охинтой явалддаг залуу мөн үү” гэж асуухад эхлээд дуугараагүй. Дахин асуухад тийм зүйл байхгүй гэсэн. Тэгээд би Төрбаярыг машинаасаа буугаад ир гэж дуудахад Төрбаяр надаас энэ юун залуу вэ? гэж асуухаар нь манай найз охинтой явалддаг залуу байна гэж хэлсэн. Тэгэхдээ Төрбаярыг тэр залуутай ярилцаж байх хооронд нэрийг нь мэдэх зорилгоор түрүүвчийг нь авсан. Тэгсэн түрүүвчинд нь юу ч байхгүй болохоор нь буцаагаад халаасанд нь хийсэн. Тэгсэн Төрбаяр тэр залуутай маргалдаж байгаад далан руу унах шиг болсон. Учир нь би машин руу яваад сайн хараагүй. Тэгээд тэр залуугийн гар утсыг аваад эхлээд далангаас гараад найз охиныхоо зураг, утасны дугаар, мессеж зэргийг шалгасан боловч байгаагүй. Тэгээд буцаагаад гар утсыг нь өгөх гээд очиход тэр залуу байгаагүй. Тэгээд Төрбаяр намайг гэрт хүргэж өгөөд салсан гэв.

 

Хохирогч Ц.Баярсайханаас мөрдөн байцаалтад өгсөн: ...Би 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн найз Дэлгэрбуянгийн гэрт хоночихоод өглөө нь 05 цагийн орчимд гараад цагаан байрны автобусны буудлын орчимд баянбүрд талруу ганцаараа явж байсан юм. Тэгтэл замын хажуугаар явж байсан нэг суудлын автомашин зогссон бөгөөд тэр машинаас нэг жижиг биетэй залуу гарч ирсэн. Тэгсэнээ тэр залуу ямар нэгэн шалтгаангүйгээр надда хандаж энэ миний найз охинтой унтсан пизда байна шүү дээ 2лаа зодолдъе гэснээ машинд сууж байсан залуугаа дуудаад гараад ир гэсэн тэгтэл машинаас тэр залуугаас арай өндөр залуу гарч ирээд намайг хоёр залуу надтай зууралдаж эхэлсэн. Тэгэх хоорондо тэр хоёр залуугийн нэг нь миний түрийвчийг халааснаас авсан бөгөөд тэр хоёр надтай зууралдаж байгаад тэр хоёр намайг газарт унагаасан. Би гартаа утсаа бариад доошоо харсан байдалтай газар унасан бөгөөд намайг газар унасан байхад тэр хоёр хажуу талын даланруу түлхээд унагаасан юм. тэгээд миний араас орж ирээд миний гар утсыг булаагаад авсан. Тэгээ л тэр хоёр цаашаа гүйгээд машиндаа суугаад яваад өгсөн. ...тэр хоёр хэд хэдэн удаа цохиод намайг доошоо хараад хэвтэж байхад "наад муу чинь ямар овоо пизда вэ? Утсаа нуугаад байна" гэсэн зүйл ярьж байсан. ...өөрийн гар утсаа нэг жилийн өмнө тэди төвөөс 350.000 төгрөгөөр авч байсан. Түрийвчээ ах жилийн өмнө бэлгэнд өгч байсан бор өнгийн арьсан түрийвч байсан. Түрийвчээ би 30.000 төгрөгөөр үнэлж байна. Түрийвчин дотор бугийн эврэн ясан хийцтэй, шагайн харвааны жижиг сум байсан тухайн сумыг манай найз сарын өмнө бэлэглэж байсан хадуур 30.000 төгрөгийн ханштай байдаг. Бэлнээр нийт 58.000 төгрөг байсан тухайн мөнгөнүүдээ би 45.000 гаран төгрөг нь хэтэвчин дотор байсан, харин үлдсэн мөнгө нь өмдний ард талын халаасанд байсан. Учир нь би таксинд өгнө гэж бодоод мөнгөө тус тусд нь хийсэн байсан юм. газар унаагүй байхад энэ хоёр залуу миний ард талын халаасыг тэр чигт нь шалгасан бөгөөд тэгэхдээ миний мөнгөнүүдийг авсан.” гэх мэдүүлэг /1хх-ийн 38-41х/

 

Яллагдагчаар Ц.Төрбаяраас мөрдөн байцаалтад өгсөн: 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Алтангэрэл бид хоёр Цэндээгийн гэрээс гараад цагаан байрны автобусны буудал өнгөрөөд явж байсан. Тэр үед Алтангэрэл машины ард талын суудал дээр гундуу, урвайсан царайтай явж байхаар нь би Алтангэрэлийг сэргээх гээд тоглоомоор зодолдох уу гэж хэлсэн. Алтангэрэл тэгсэн чинь байж байдаа энэ манай найз охинтой унтсан залуу мөн байна гэж замын хажууд явж байсан залуу руу зааж хэлээд машинаа зогсоо гэсэн. Машин зогссоны дараа Алтангэрэл машинаас буугаад машины ард нэг залуу дээр очоод юм яриад зогсож байсан. Тэгтэл Алтангэрэл андаа буугаад ир гээд намайг дуудсан. Намайг тэр хоёр дээр очоод Алтангэрэлээс энэ юун хүн юм бэ? гэхэд Алтангэрэл энэ манай найз охинтой явалдаад байдаг юм гэж хэлээд хохирогч руу цээжнээс нь бариад авсан. Харин би хохирогчийн баруун талын гарнаас нь тэр хүнийг явуулахгүй гээд бариад авсан. Уг нь би найздаа туслах зорилгоор барьсан. Барьчихаад би гараа тавьсан. Хохирогч Алтангэрэл хоёр хоорондоо зууралдаж ноцолдож эхэлсэн. Тэгэхээр нь би хохирогчийг хажуу тийш нь гараараа татах үед газар унасан. Тэр хүнийг газар унагаах үед хохирогчийн баруун хойд талын халааснаас мөнгө ил харагдсан. Тэр мөнгийг нь би аваад Алтангэрэлд шууд өгсөн.Тэгээд Алтангэрэл хохирогчийн түрийвчийг нь ухаж эхэлсэн бөгөөд харин би хохирогчийг босгох гэхэд хохирогч босохгүй эсэргүүцээд байсан. Тэгээд би тал талаас нь хохирогчийг босгох гээд татсан. Би хохирогчийн ард талд гарсан байсан бөгөөд хохирогчийг татах үед би хөл алдаад жалгаруу унсан бөгөөд унах үедээ би хохирогчоос татах үед хохирогч миний дээрээс надтай хамт жалгаруу унчихсан. Тэгээд би хохирогчийг жалганаас гаргах гээд оролдсон боловч хохирогч доошоо харж хэвтчхээд дээшээ харахгүй босохгүй байсан. Тэгээд Алтангэрэл жалгаруу гүйж орж ирсэн бөгөөд Алтангэрэл надтай хамт хохирогчийг босгох гэж оролдсон. Алтангэрэл хохирогчийг хэд хэдэн удаа татаж байгаад босохгүй болхоор нь цаашаа яваад өгсөн. Тэгээд би Алтангэрэлийн араас жалганаас гараад явсан. ..Би хохирогчид гар утас байсныг хараагүй. Тэгээд ноцолдож байхад хохирогчийн халаасанд гар утас байхыг нь би гартаа мэдэрсэн. Тэхдээ гар утас хохирогчийн халаасанд яг байгаагүй хөлнийх нь тэр хавьд байсан. Тэгээд би Алтангэрэлд утас нь тэр байна гэж хэлсэн. Би хохирогчийг жалганд унах үед хохирогчийн дээрээс нэг удаа өвдгөлж унсан. Дахиад 2 удаа өшиглөсөн бөгөөд эхний удаагийн өшиглөлт хохирогчийг оноогүй харин 2 дахь өшиглөлт нь хохирогчийн нуруунд нь онсон” гэх мэдүүлэг /хх-ийн 81-83х/

Яллагдагчаас Б.Алтангэрэлээс мөрдөн байцаалтад өгсөн: ...2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 05 цагийн үед бид хоёр Дэнжийн мянгад байдаг найз Оконоо гэж дууддаг нэг эмэгтэй найзынхаа гэрт хончихоод Төрбаяртай хамт халтууранд явах гээд Төрбаярын машинтай гарсан юм. Тэгээд цагаан байрын автобусны буудал өнгрөөд нэг засварын газрын дэргэд нэг эрэгтэй хүн ганцаараа явж байсан. Тэгээд Төрбаяр цонхруугаа хараад үзэх үү гэж хэлсэн. Тэгээд би Төрбаярт машинаа зогсоож бай гэж хэлээд би эхлээд машинаас буугаад хохирогч дээр очисон юм. Би тэр залуу дээр очоод энэ залуу манай найз охинтой унтсан залуу мөн байна гэхэд тэр залуу надад хандаж би биш гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдсэн чинь Төрбаяр машинаас бууж ирээд тэр залууг бид хоёр замруу орох гээд байхаар нь тэр залуугийн баруун талын гарт нь бага зэрэг хүрээд машин замаас наашаа бол гэж хэлээд холдуулсан. Тэгээд бид хоёр хохирогчийг бид хоёр замаас холдуулж байх үед Төрбаяр надад хаанаас гаргаж ирсэн нь мэдэгдэхгүй 12.000 төгрөг өгсөн. Би тэр мөнгийг нь аваад өөрийн халаасанд хийсэн. Тэгээд Төрбаяр тэр хоёр жалга руу яваад орчихсон бөгөөд тэр үед би машинруугаа хараад зогсож байсан. Тэгээд би жалгаруу буцаж ороод тэр залуугийн өмдний халааснаас нь хохирогчийн гар утсыг нь авсан. Тэгээд би жалганаас буцаад гараад явсан. Тэгээд машинаа асаагаад Баянбүрдийн аюулгүйн тойргийн тэнд машин зогсоол дээр байрлуулсан юм. Тэгээд намайг байрны урд машинтайгаа зогсож байхад Төрбаяр ирээд машинд суусан гэх мэдүүлэг /1хх-ийн 77-80х/

 

Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 84х, 86х/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 85х, 87х/, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 6-9х/ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27х/, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33х/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34-35х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

             Шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нар нь бүлэглэж 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Баярсайханыг зодож эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж довтлон гар утас, түрийвчтэй эд зүйлийг дээрэмдэж 348.000 төгрөгийн хохирол учруулсан нь Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад /1хх-ийн 77-80х, 81-83х/ өгсөн мэдүүлэг, хохирогч Ц.Баярсайханы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-41х/, эд зүйлийн үнэлгээ, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: /хх-ийн 6-9/ 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 26-27/, 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-33х/, Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 34-35х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баритуудаар тогтоогдож байна.

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Иймд хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч  Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.


              Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт ял шийтгэл оногдуулахдаа хүнд гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан гэм хорын хохиролыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур ял шийтгэлийг оногдуулж, мөн тэдгээрийн эдлэх ялын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

            Шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарын 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 22 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, мөрдөн байцаагчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61-10 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

             

              1. Шүүгдэгч Алтан овогт Цоггэрэлийн Төрбаяр, Эзэн овогт Батсүрэнгийн Алтангэрэл нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаагаар хүч хэрэглэн дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

              2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт оногдуулсан 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарын цагдан хоригдсон 22 /хорин хоёр/ хоногийг тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

5. Хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 61-10 УБЕ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн автомашин битүүмжилсэн тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Төрбаяр, Б.Алтангэрэл нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БАТГЭРЭЛ

           

                                           шҮҮгЧИД                                       Б.Халиун,

 

                                                Н.БАЯРМАА