Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/882

 

 

                                                       

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1809014080645 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бын Б, 1986 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33-4 дүгээр гудамжны 3а тоотод оршин суух бүртгэлтэй;

            Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 230 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялаас 48 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлсэн;

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй;

            Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Бэлх” баарны гадаа иргэн В.Тагийн эзэмшлийн 04-34 УНӨ улсын дугаартай “Prius 10” загварын автомашиныг илээр, тээврийн хэрэгсэл жолоодож явсан И.Гэнэндармаад хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

            2018 оны 3 дугаар сарын 6-ны орой Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны ЗА тоот хашаанаас иргэн О.Оын эзэмшлийн 50-74 УБЕ улсын дугаартай “Verna Accent” загварын автомашинаар “такси үйлчилгээ хийж байгаад ирье” гэхэд нь итгэмжлэн хариуцуулж тээврийн хэрэгслийг өгч явуулсан боловч бусдад худалдан борлуулж эд хөрөнгийг хувьдаа авч завшсан,

            2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулах “Бүрэн Плаза” төвийн гадаа иргэн Б.Сын эзэмшлийн “Mi A2 Lite” загварын 520.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан авсан,

            2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Ба руу утсаар “Баянгол дүүргийн Замын цагдаагийн ахмад Баттөр байна, журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй шийдэж өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн А.Баас 435.000 төгрөгийг залилж авсан,

            2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод байрлах хохирогч Т.Бийн гэрээс “гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, “Samsung А50” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 896.400 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат хаан” нэртэй зочид буудалд хохирогч П.Мын “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, картнаас зарлагын гүйлгээ хийж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоот хашаанд байрлах гаражид байсан 19-52 УНҮ дугаартай “Toyota Prius 30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Т.Бийн зөвшөөрөлгүйгээр авч явсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан” тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Бт оногдуулсан хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 1 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн түүний эдлэх ялын төрөл хэмжээг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Бт энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолуудаар буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 750 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 252 цагийн ялыг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг, нийт 552 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 2 сар 9 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн Б.Бийн нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 9 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийн нийт 71 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бээс нийт 530.000 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Т.Бд 450.000 төгрөг, хохирогч В.Тад 80.000 төгрөг тус тус олгож, хохирогч В.Та гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой, шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б нь хохирогч А.Ба, П.М, О.О, Б.С нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хоргидож байх хугацаандаа хийсэн хэрэгтээ маш их гэмшиж, дахин гэмт хэрэгт холбогдож болохгүй гэдгээ маш сайн ойлгон ухамсарлаж байна. Өөрийн болчимгүй үйлдлийн улмаас гэр бүл, эцэг, эх, үр хүүхдээ зовоож, туйлын хүнд байдалд оруулсандаа харамсаж байна. Миний бие эхнэр Бямбасаруулаас тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид тусдаа амьдрах болсноос хойш эхнэр том хүүхдээ аваад явсан бөгөөд би бага охин 5 настай Аззаяатай хоёулаа амьдардаг байсан. Намайг хоригдсоноос хойш охин маань миний эцэг, эх дээр байгаа. Нялх хүүхдийнхээ ирээдүйг бодолгүй ийм байдалтай байгаадаа туйлын их харамсаж байна. Хэрэгт шалгагдаж байх хугацаандаа хохирогч нарт учруулсан хохирол төлбөрийг барагдуулахаар хичээсэн боловч хохирогч Б, Та нарын хохирлыг барагдуулж амжилгүй шүүх хуралдаан болсон. Миний бие дээрх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлсэн. Хохирогч нарын хохирол төлбөрийг төлж барагдуулж байгаа. Шүүгдэгч нь охинтойгоо хоёулаа амьдардаг талаар түүний хувийн байдлыг харуулсан баримтыг шүүхэд гаргаж өгч байна. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг харгалзан үзэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Бийн хувьд бусадтай харилцах, нийгэмд биеэ зөв боловсон авч явах, шударгаар хөдөлмөрлөх, олсон орлогоороо ар гэр, үр хүүхдээ тэжээн тэтгэх зэрэг зөв дадал зуршилд хэвшээгүй, амар хялбар аргаар мөнгө олох, түүнээс олсон мөнгөө зугаа цэнгэлд зарцуулдаг. Уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан болох нь тогтоогдсон. Шүүхээс Б.Бийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан тус тусад нь ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтаан нийт эдлэх ялыг 3 жил 3 сар 9 хоногоор тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн хувийн байдлын хувьд 2001, 2018 онуудад гэмт хэрэгт холбогдож шүүхээр шийтгүүлж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй байдаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

            Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутагт байрлах “Бэлх” баарны гадаа иргэн В.Тагийн эзэмшлийн 04-34 УНӨ улсын дугаартай “Prius 10” загварын автомашиныг илээр, тээврийн хэрэгсэл жолоодож явсан И.Гэнэндармаад хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан,

            2018 оны 3 дугаар сарын 6-ны орой Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамжны ЗА тоот хашаанаас иргэн О.Оын эзэмшлийн 50-74 УБЕ улсын дугаартай “Verna Accent” загварын автомашинаар “такси үйлчилгээ хийж байгаад ирье” гэхэд нь итгэмжлэн хариуцуулж, тээврийн хэрэгслийг өгч явуулсан боловч бусдад худалдан борлуулж эд хөрөнгийг хувьдаа авч завшсан,

            2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн 14 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлан үйл ажиллагаа явуулах “Бүрэн Плаза” төвийн гадаа иргэн Б.Сын эзэмшлийн “Mi A2 Lite” загварын 520.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч залилан авсан,

            2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр иргэн А.Ба руу утсаар “Баянгол дүүргийн Замын цагдаагийн ахмад Баттөр байна, журамлуулсан машинаа ав, эрхийг чинь хасахгүй шийдэж өгье” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн А.Баас 435.000 төгрөгийг залилж авсан,

            2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод байрлах хохирогч Т.Бийн гэрээс “гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, “Samsung А50” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 896.400 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат хаан” нэртэй зочид буудалд хохирогч П.Мын “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, картнаас зарлагын гүйлгээ хийж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан,

            2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоот хашаанд байрлах гаражид байсан 19-52 УНҮ дугаартай “Toyota Prius 30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Т.Бийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч В.Тагийн “...Би найз И.Гэнэндармаад өөрийн эзэмшлийн 04-34 УНӨ улсын дугаартай “Prius 10” загварын автомашиныг түрээсэлдэг. ...Бэлхийн эцэс рүү ... явж байтал зам дагуу миний автомашин зогсож байсан. И.Гэнэндармаагийн гэрт очоод “миний машин зам дагуу зогсож байна, Улаанааг ольё” гээд Улаанаагийн найз Оын гэрт очиход Улаанаа гэх залуу гадаа нь байж байсан. Би Улаанаад “чи яагаад машин тэнд аваачаад хаячихваа” гэж хэлэхэд “дугуй нь хагарсан 61-61 гэсэн “Аксент” загварын авто машинтай хүнд өгсөн” гэж хэлсэн. ...2018 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нэг танихгүй дугаараас залгаад ... “таны машиныг нэг хүн зарах гээд явж байна” гэж хэлсэн. Би “наад машиныг чинь алдчихаад зөндөө хайж байна” гэж хэлэхэд “за, та машинаа авч болно, гэхдээ тэр хүн надаас 80.000 төгрөг аваад явсан, ... 2.300.000 төгрөгөөр зарахаар тохирсон. ...” гэж хэлсэн. ...Запас дугуй 50.000 төгрөгөөр, аккумулятор ...120.000 төгрөгөөр худалдаж авсан, гупер цөмөрсөн 150.000 төгрөг, ... мөн тэр залууд өгсөн 80.000 төгрөг, 3 өдөр ажил тасалсан 135.000 төгрөг, 60.000 төгрөгийн бензин зарцуулсан. ...” /1хх 61-62/,

            гэрч И.Гэнэндармаагийн "...Би бие засах гээд гарсан чинь Улаанаа гэнэт машин асаагаад унаад явсан. ...Улаанааг хайгаад олоогүй. ...В.Та залгаад "миний машиныг хүн худалдаж авах гээд нэрээ шилжүүлэх гэсэн юм гэж залгаад байна, ...Б.Б хүнд зарна гээд явж байна" гэж хэлсэн. ..." /1хх 64-65/,

            гэрч Б.Барсын "...Тэр залуу "зарах машин байна" гэж хэлэхээр нь "ямар машин бэ" гэхэд "Prius 11" гэж хэлсэн. ...Машин дээр ирэхэд 03-34 УНӨ улсын дугаартай ягаан туяатай мөнгөлөг “Prius 10” загварын машин ... шаварт суусан байсан. ...Би "2.300.000 төгрөгт авъя" гэхэд "за, тэг тэг, уул нь 2.500.000 төгрөгөнд өгөх гэж байсан юм" гэж хэлсэн. ...Машин доторхыг үзэхэд жолоочийн хариуцлагын даатгал гарч ирсэн. Та гэсэн утасны дугаар байхаар нь залгахад "манайх машинаа алдсан байгаа" гэж хэлэхээр нь хаягаа зааж өгсөн. ..." /1хх 63/,

            Б.Бийн яллагдагчаар өгсөн "...Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. ...Надад машин барьж яв гэж хэлээгүй. Би машиныг барьж явах талаар И.Гэнэндармаад хэлээгүй. ...Дэлгүүрээс архи, пиво зээлсэн байсан ... мөнгийг өгөх гэж зарсан. ..." /1хх 45-46/,

            хохирогч О.Оын "...Манай эгчийн хүүхэд болох Б.Б нь миний эзэмшлийн цагаан өнгийн 50-74 УБЕ улсын дугаартай "Verna Accent" загварын автомашиныг авч яваад ... буцааж өгөлгүй алга болчихсон. ...Б.Б "машинаар чинь гадуур гарчихаад ирье" гээд авч гарсан. ...Б.Б нь найз Эрдэнэхүүтэй нийлж миний машиныг машины ченжид зарсан байсан. Би ... ченжид нь 270.000 төгрөг өгч, машинаа авсан. ..." /1хх 25-26, 27-28, 29-30/,

            хохирогч Б.Сын "...Дарь-Эхийн эцсийн буудал дээрээс хүн гар өргөхөөр нь аваад ... 7 буудал орсон. ...Тэр хүн ... “Бүрэн плазагийн ... 2 давхарт зоогийн газарт нэг шар эмэгтэй байгаа, ороод мөнгө аваад гараад ирээч" гэж хэлээд ... миний утсыг аваад ярьсан. ...би гар утсаа тэр хүнээс авахаа мартаад машинаас буугаад нөгөө зоогийн газар ороход ямар ч хүн байхгүй байхаар нь гараад очтол нөгөө залуу утсыг маань аваад алга болчихсон байсан. ..." /1хх 92-93, 94-95/,

            Б.Бийн яллагдагчаар өгсөн "...Бүрэн плаза төвийн гадаа байхдаа “найз руугаа залгая” гэж хэлээд дахин гар утсыг нь авсан. ...Би хүнтэй ярьж байгаад ирчихлээ гэхээр нь машинд нь сууж яваад эргээд иртэл нөгөө залуу алга болсон байсан. ..." /1хх 79-80/,

            хохирогч А.Бын "...Би ... согтуугаар машин барьж яваад Чингэлтэй дүүргийн замын цагдаад баригдсан. 2019 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр над руу 88634440 гэсэн дугаараас "өөрийгөө Баянгол дүүргийн замын цагдаагийн ахмад цолтой Баттөр байна, 70-16 УБЦ улсын дугаартай машины жолооч мөн үү, ... машинаа журмын хашаанаас гаргаж авахгүй юм уу" гэсэн. Би "мөнгө орж ирэхгүй байна, ороод ирвэл торгуулиа төлөөд авна" гэж хэлсэн. ...Над руу залгаад "чиний бичиг баримтыг аваад үлдлээ, бусад бичиг баримтыг явуулчихлаа, ... журмын хашааны мөнгийг хамтад нь хийчих, 75.000 төгрөг болсон" гэж хэлсэн. ...Хэлсэн данс руу нь эхнэр Жавжмаагийн 5009871086 данснаас 350.000 төгрөг хийсэн. ...Баянгол дүүргийн журмын хашаа руу очоод машинаа үзтэл байж байсан. ...буцаж очиж хүлээгээд ирэхгүй болохоор нь залгатал шал согтуу яриад "17 цагт ирээд авчих" гэж хэлсэн. ...хоёр өдөр утас нь холбогдохгүй байж байгаад холбогдсон. Тэгтэл дахиад журмын хашааны мөнгө 85.000 төгрөг нэхсэн. ...50.000 төгрөгийг Гандангийн автобусны буудал дээр байдаг "Хаан" банкны АТМ-ээс 5129007277 Амарболд гэдэг хүний данс руу хийсэн. Үлдэгдэл мөнгөө нэхээд байхаар нь 35.000 төгрөгийг бас энэ данс руу мобайл банкаар хийлгэсэн. ...над руу залгахаар нь бичиг баримтаа асуухад "надад байгаа" гэж хэлсэн. Би "Чингэлтэй дүүргийн ахмад Заяасайхан гэдэг хүн байсан" гэхэд "би авсан байгаа, холбоотой хүмүүс байгаа юмаа" гэж хэлсэн. ...Хэсэг хугацаанд таг болж байгаад "журмын хашаа руу очиж байна, хамт очоод машинаа авчих" гэж хэлсэн. Би явж очоод журмын хашааны хүнтэй уулзтал "ийм хүн болон ийм данс байхгүй, чи залилуулаад яваад байгаа юм биш үү" гэж хэлсэн. ...Нийт 435.000 төгрөгийн хохирол учирсан. ..." /1хх 168-170, 179-181/,

            гэрч З.Төрбатын "...Монелын автобусны буудал дээр машинтайгаа ... зогсож байхад нэг залуу хүрч ирээд “Сансарт байх "Хаан" банк руу явах уу" гэхээр нь ... тэр залууг аваад Сансарын "Хаан" банкин дээр хүргэсэн. Тэр залуу "таксины мөнгө болох 8000 төгрөгөө төлөх гэсэн чинь мөнгө байхгүй байна, би таны данс руу 350.000 төгрөг шилжүүлье, та тэр мөнгөнөөс 8000 төгрөгөө авчих" гэж хэлсэн. Тэр залуу нэг хүнтэй утсаар яриад миний 5009553392 тоот данс руу мөнгө шилжүүлж авсан. Тэр залууд 350.000 төгрөгийг авч өгөөд таксины 8000 төгрөгөө аваад явсан. ..." /1хх 182/,

            гэрч З.Амарболдын "...Б.Б гэх залуу миний "Хаан" банкны 5129007277 дугаарын данстай картыг "мөнгө хийж аваад өгье" гэж хэлсэн. ... Тухайн өдөр Б.Б миний "Хаан" банкны картыг 2 удаа гуйж ашигласан. ..." /1хх 184/,

            Б.Бийн яллагдагчаар өгсөн "...Би машиныг нь журмын хашаанаас авч өгье гэж хэлээд мөнгө авсан. Тэгээд машиныг нь авч өгөөгүй, мөнгийг нь аваад хаячихсан. ...би 2 удаа мөнгө авахдаа таксины жолоочийн дансаар авч байсан. ..." /1хх 160-161, 218-219/,

            хохирогч Т.Бийн "...Миний гар утсыг 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байсан. Би гар утсаа 320.000 төгрөгөөр авсан. ...Би Б.Бт машиныг унаж явах зөвшөөрөл өгөөгүй. Миний машины урд крилан, гупер, хойд крилан, хаалга зэргийг гэмтээсэн байсан. Би машинаа 450.000 төгрөгөөр янзлуулсан. Миний гутал, гагнуурын аппаратыг буцааж өгсөн. ..." /2хх 30-31, 32-33/,

            гэрч Т.Эрдэнэцогтын "...Т.Б, Б.Б буюу Улаанаа бид гурав архи уусан. ...Маргааш өглөө нь Т.Б над руу залгаад "утас алга болсон байна, ...Улаанаа утас аваад явсан байна” гэж ярьж байсан. Т.Бд "Samsung" загварын гар утас байсан. ...Маргааш өглөө нь харахад машины зүүн талын урд хойд гупер, хаалга нь зурагдсан байсан. ..." /2хх 37-38/,

            насанд хүрээгүй гэрч Б.Аийн "...Дэлгүүрийн Эрка ах нэг танихгүй ахтай орж ирсэн. ...Маргааш өглөө ... аавын утас алга болсон байхаар нь Эрка ахаас асуухад "мэдэхгүй, машинд чинь байгаа биз" гэж хэлсэн. ...Эрка ах намайг "нөгөө ахтай хамт дэлгүүр яваад ир" гэж хэлэхээр нь бид хоёр хамт аавын машинаар яваад дэлгүүрээс бэлэн гоймон, архи аваад буцаж яваад аавын машиныг гараж руу оруулах гэж байхдаа гаражийн хаалгыг шүргүүлчихээд машиныг нь гараж руу оруулж түгжсэн. ..." /2хх 40-41/,

            Б.Бийн яллагдагчаар өгсөн "...Би орон доороос нь хар өнгийн “А50” загварын гар утсыг аваад ломбардад 280.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. ..." /2хх 17-18/,

            хохирогч П.Мын "...Б.Б буудлын өрөөнд орж ирсэн. ...Б.Б жаахан унтчих уу гэж надаас асуухаар нь зөвшөөрсөн. Тэр хооронд нь би бас унтаад өгсөн. Сэрээд хартал Б.Б унтаж байсан орон дээрээ байхгүй байсан. ...Түрийвчээ гаргаж ирээд дотор талыг нь шалгахад "Хаан" банкны виза карт байхгүй байсан. ...Дансны үлдэгдлээ шалгахад 650.000 төгрөг зарлагадаж гарсан байсан. ...Б.Бтэй холбогдоод “мөнгөө авъя” гэхэд өөрөө миний мөнгийг авснаа хүлээн зөвшөөрсөн. ...Миний картын дугаарыг манай ажилчид бүгд мэднэ. ...Ажил хийх явцад картаар үйлчилгээ хийх болгонд хажууд байдаг. ... " /2хх 89-91/,

            Б.Бийн яллагдагчаар өгсөн "...Би хийсэн хэргүүддээ маш их гэмшиж байна. ..." /2хх 117-118/ гэх мэдүүлгүүд,

            "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-ийн 37-38, 70-71, 97-99, 2хх 46-48, 51/, “Ен Сар Лай” ХХК-ийн баталгааны хуудас /2хх 61/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургууд /1хх 87-88/, “Хаан” банкны 5009871086, 5030241309 дугаартай дансны хуулга /1хх 189-192, 2хх 83/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Б.Бийг хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бийн хохирогч Т.Бийн гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, “Samsung А50” загварын гар утас, хохирогч П.Мын “Хаан” банкны виза карт зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол тус тус учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч В.Тагийн эзэмшлийн 04-34 УНӨ улсын дугаартай “Prius 10” загварын автомашиныг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдлийг 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч А.Быг хуурч, үргэлжилсэн үйлдлээр, нийт 435.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч О.Оын өөрийн эзэмшлийн 50-74 УБЕ улсын дугаартай “Verna Accent” загварын автомашиныг итгэмжлэн хариуцуулж явуулсныг завшиж бусдад худалдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Т.Бийн 19-52 УНҮ улсын дугаартай “Toyota Prius 30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Б.Б “...Миний бие эхнэр Бямбасаруулаас тусдаа амьдраад 2 жил гаруйн хугацаа өнгөрч байна. Бид тусдаа амьдрах болсноос хойш эхнэр том хүүхдээ аваад явсан бөгөөд би бага охин 5 настай Аззаяатай хоёулаа амьдардаг байсан. Намайг хоригдсоноос хойш охин маань миний эцэг, эх дээр байгаа. ...Миний бие дээрх хохирогч нарын хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа тул шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар шүүгдэгч Б.Б нь ганц бие эцэг болох нь нотлогдон тогтоогдохгүй байх тул дээрх түүний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Б нь урьд 3 удаа ял шийтгүүлж, шүүхээс оногдуулсан ялыг эдлээгүй ба өмнө нь үйлдсэн хэрэгтээ гэмшээгүй, засрал хүмүүжил олоогүй, дахин гэмт хэрэг санаатай үйлдсэн зэрэг нь хувийн байдлыг илтгэх хүчин зүйл болж байх тул анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй болно.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бийг хулгайлах, дээрэмдэх, залилах, хөрөнгө завших, автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан холбогдсон хэрэг тус бүрт нь ял оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн нь, түүнчлэн өмнөх хүчин төгөлдөр болсон тогтоолоор оногдуулсан ялын биелэгдээгүй ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 58 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /2хх 115-116/ үйлдэхдээ яллагдагч Б.Бт холбогдох эрүүгийн хэргээс 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоотод байрлах хохирогч Т.Бийн гэрээс “гагнуурын аппарат, эрэгтэй хос гутал 1 ширхэг, “Samsung А50” загварын гар утас зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 896.400 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бат хаан” нэртэй зочид буудалд хохирогч П.Мын “Хаан” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, картнаас зарлагын гүйлгээ хийж бусдад 650.000 төгрөгийн хохирол учруулсан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 51 дүгээр гудамжны 229 тоот хашаанд байрлах гаражид байсан 19-52 УНҮ дугаартай “Toyota Prius 30” загварын автомашиныг завших зорилгогүйгээр эзэмшигч Т.Бийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдлүүдийг орхигдуулсан боловч тухайн хэрэг тус бүрт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан, тус хэргүүдийг нэгтгэснээс үзэхэд шүүгдэгч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдсэн, уг хэргүүдийн талаар мэдүүлэг өгсөн байх тул яллагдагчаар татах тогтоолд уг үйлдлүүдээ нэмж тусгах шаардлагагүй гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, дээрх прокурорын тогтоол нь мөрдөн шалгах ажиллагааны үед оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд цаашид прокурор дээрх асуудлын талаар анхаарч ажиллахыг тэмдэглэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/391 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ