| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0124/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/176 |
| Огноо | 2024-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/176
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Д.У
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н-д холбогдох эрүүгийн 2425000570095 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Г.Н
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г Г.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгайн * тоотод Т.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун гарын 1-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Т.Д-т шүүх хуралдааны тов хүрээгүй, түүний байгаа газар нь тодорхойгүй, гар утас холбогдохгүй газарт ажиллаж байгаа тухай гэрийнх нь мэдэгдсэн тухай шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Т.Д-н “2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө би төрсөн өдрөө тэмдэглэсэн. Тухайн үед миний уулздаг залуу Г.Н , найз О, С, Г бид нар байсан. Тэгээд О, С 2 яваад өгсөн. Харин Н, Г бид 3 Г-гийн гэр болох Шанд багийн баруун задгайн * тоотод очоод би унтаад өгсөн. Нөгөө 2 архи уугаад байж байсан. Би хэсэг хугацааны дараа сэрсэн чинь Г, Н хоёр бэлгийн харилцаанд орж байсан. Тэгсэн тэр хоёр намайг харангуутаа сандраад 2 тийшээ салсан. Н над руу ойртохоор нь би алгадсан чинь шууд намайг алгадаж, гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон. Би арай гэж холдоод гал тогооны өрөө рүү орсон чинь Н араас хувцсаа өмсөж ирснээ гурван хүүхэдтэй хөгшин хүүхэн минь чамайг хэн тоодог юм гэхээр нь би цагдаа дуудах гэж гар утсаа гаргаж ирсэн чинь Н миний толгой, хүзүү, хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод би тухайн үед хэсэг шокт ороод юу болж байгааг мэдэхгүй байсан. Миний бие бүхэлдээ босох тэнхэлгүй болчихсон байсан. Арай гэж босоод гарч цагдаа дуудсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/
2. Гэрч С.Г-гийн “төрсөн өдрийн үйл ажиллагаа дуусаад Н, Д , О. С бид 5 манай гэрт очоод үргэлжлүүлэн архи, согтууруулах ундаа хэрэглэсэн. О. С хоёр удалгүй яваад өгсөн. Харин Д эгч орон дээр унтаад өгсөн. Ингээд би орон дээр хэвтсэн чинь Н миний хажуугаар ороод хзвтэж байсньг санаж байна. Хэсэг хугацааны дараа Д эгч босч ирээд Н бид хоёрыг унтлаа гээд хардаад Н-ыг алгадаад дараа нь намайг алгадсан. Н, Д эгчтэй маргалдсан. Харанхуй байсан болохоор би хараагүй, ямар ч байсан манай гэрийн аяга, халуун сав хоёр хагарсан байсан. Мөн тэр хавиар цус болсон байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг. /хх-ийн 21 дүгээр хуудас/
3. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаартай “Т.Д-н биед зүүн бугалганд цус хуралт, доод урууланд шарх, зулгаралт, дээд уруулд цус хуралт, баруун гарын 1-р хуруунд шарх, 2, 3, 4-р хуруунд зулгаралт гэмтэл тогтоогдсон байна. Доод уруулд шарх, баруун гарын 1-р хуруунд шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хх-ийн 30- 31 дугаар хуудас/
4. Яллагдагч Г.Н ын “2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Д өөрийнхөө төрсөн өдрөөр Орхон молл худалдааны төвийн 5 давхарт үйл ажиллагаа явуулдаг Гранд караокед тэмдэглээд тэндээсээ гараад Г-гийн гэрт ухаан орсон. Тухайн үед Д хойд талын ханан талын орон дээр унтаж харин би Гтой цонхны доор байх буйдан дээр хэвтэж байхдаа Г-той тохиролцон бэлгийн харилцаанд орж байсан чинь Д босож ирээд Г бид хоёр луу дайраад байсан. Тэгээд намайг алгадаад тайвшрахгүй болохоор нь би хоёр удаа нүүр лүү нь гараараа цохичихсон. Д Г-гийн гэрээс гарч яваад удалгүй цагдаагийн алба хаагч нар дагуулчихсан орж ирсэн” гэх мэдүүлэг. /хх-ийн 45-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Г.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгайн * тоотод Т.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун гарын 1-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Д-н “Н над руу ойртохоор нь би алгадсан чинь шууд намайг алгадан гараа атгаж байгаад миний нүүр хэсэг рүү 4-5 удаа цохисон. Н миний толгой, хүзүү, хэсэг рүү гараа атгаж байгаад цохиод би тухайн үед хэсэг шокт ороод юу болж байгааг мэдэхгүй байсан...” гэх мэдүүлэг, гэрч С.Ггийн “...Д эгч босч ирээд Н бид хоёрыг унтлаа гээд хардаад Ныг алгадаад дараа нь намайг алгадсан. Н, Д эгчтэй маргалдсан Харанхуй байсан болохоор би хараагүй, ямар ч байсан манай гэрийн аяга, халуун сав хоёр хагарсан байсан. Мөн тэр хавиар цус болсон байсан. Удалгүй цагдаа нар ирээд тэр хоёрыг аваад явсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт, яллагдагч Г.Н ын “намайг алгадаад тайвшрахгүй болохоор нь би хоёр удаа нүүр лүү нь гараараа цохичихсон. Д Ггийн гэрээс гарч яваад удалгүй цагдаагийн алба хаагч нар дагуулчихсан орж ирсэн” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Г.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд багийн баруун задгайн * тоотод Т.Д-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь дээд, доод уруулд шарх, баруун гарын 1-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтын талаар улсын яллагч болон хохирогч, шүүгдэгч нараас зөрүүтэй санал дүгнэлт гараагүй бөгөөд хэрэг учрал болсон цаг хугацаа, газар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шалтгаан, оролцогчдын үйлдэл оролцоо, учирсан хохирол хор уршиг зэрэг нотлогдвол зохих зүйлүүд хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.Н нь санаатай үйлдлээр хүний эрүүл мэндэд халдаж, хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Н-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас Т.Д-н биед дээд, доод уруулд шарх, баруун гарын 1-р хуруунд шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөх ажиллагааны явцад гэм хорын нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны тов хүрээгүй, шүүх хуралдаанд оролцоогүй тул хохирлын асуудлыг хэлэлцэлгүй орхиж, хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жагар овгийн Ганпүрэвийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь шүүхээс оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС