Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 103/ШШ2021/0063

 

 

 

2021            03            09                                  103/ШШ2021/00063

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Цэцэгдулам даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............................. дүүрэг, ................. дүгээр зам, ....................... тоотод амьдардаг,   ..................аймгийн ..................... сум, ................... дугаар баг, .......................  тоот хаягт бүртгэлтэй, Т.Л.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............ оны ...............дүгээр сарын ..............-ний өдөр Багануур дүүрэгт төрсөн, ....................настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....., эрхэлсэн тодорхой  ажилгүй, Улаанбаатар хот, ......................дүүрэг, 1 дүгээр хороо, ...............дүгээр байрны .................. тоотод оршин суух, Б.А.М-д холбогдох эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах  тухай нэхэмжлэлийг 2021 оны 01 дүгээр сарын  18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, хариуцагч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  А.Ундармаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд  өгсөн тайлбартаа: Л.О нь А.М-тай 2013-2019 он хүртэл хамтран амьдарч, хамтын амьдралын явцад хүү О-ийн  Д  төрсөн. Тэд гэрлэлтээ бүртгүүлээгүй.  2019 оноос тусдаа амьдрахаар болж хүү О.Д нь ээжийнхээ асрамжинд байх болсон. Тусдаа амьдрах болсноос хойш А.М нь сар бүр хүүхдийн тэтгэлэгт 500.000 төгрөгийг өгч байхаар Л.О-тай тохиролцсон боловч 2 удаа л 500.000 төгрөгийг өгсөн байдаг. А.М нь хүү О.Д-тэй уулздаггүй, харилцдаггүй, асаргаанд зориулж мөнгө төгрөг, хувцас зэрэг зүйл юу ч өгөхгүй байгаа. Иймд А.М нь хүү О-ийн  Д-ний эцэг болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч А.М шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.М миний бие нэхэмжлэгч Л.О-ийн  гаргасан хүүхдийн тэтгэмжийн талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. О.Д нь миний хүү мөн.  Анх хүүхэд төрөхөд Улсын бүртгэлд  надаар овоглож  бүртгүүлсэн, сүүлд ээжээрээ овоглох болж овогоо солиулсан, маргаан байхгүй. Л.О нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа. Хүү маань хадмууд дээр байдаг гэв.

                                            ҮНДЭСЛЭХ нь:

             Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч А.М-т холбогдуулан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

  Нэхэмжлэгч Д-ний, хариуцагч А.М нар нь 2013 оноос эхлэн хамтран амьдарч, хамтран амьдрах хугацаандаа  2015 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүү О.Д-нийг  төрүүлэн  эцэг эхийн үүргээ гүйцэтгэж байгаад 2019 тусдаа амьдрах болж хүү О.Д эхийн асрамжинд одоог хүртэл эрүүл саруул, өсөн бойжиж байгаа, тэд гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй  болох нь  Иргэний улсын бүртгэлийн лавлагаа, “Эмийн цэцэглэн” өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн  шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч өргөдөл гаргаснаар Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т зааснаар иргэний гэр бүлийн бүртгэлийн  байгууллага эцэг эхийг тогтоохоор хуульчилсан,  хүүхдийг 2015 онд төрөхөд улсын бүртгэлд эцэг М гэж бүртгүүлсэн боловч түүнээс хойш тодорхой шалтгааны улмаас хүүхдийг эх О-аар овоглосон нөхцөл байдал тогтоогдсон,  А.М нь эцэг мөн эсэхэд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар шүүх тогтоох нь зүйтэй гэж үзэв.

          

           Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д ”хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,  21.5-д “гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн

дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж үүрэг хүлээнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-д ”эцэг эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж тус тус зааснаар зохигчид гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй хэдий ч хүү О.Д төрснөөр түүнийг  тэжээн тэтгэх үүрэг хуулийн дагуу хариуцагчид  үүснэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3-т “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг А.М-аас тэтгэлгийг гаргуулж хүү О.Д-нийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар А.М-аас гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т “гэр бүл, нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаална”,  4.5-д “хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, түүний эрх, ашиг сонирхолыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ”, 26 дугаар зүйлийн 26.1-д “эцэг эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.2-т “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах тэжээн тэтгэх,  хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох,  хүүхдийн эрхийг хамгаалж үүргээ биелүүлэхэд туслах зэрэг үүргийг эцэг эх хүлээнэ” гэж тус тус хуульчилсан.

 

Талууд гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч хуулинд заасан дээрх эрх, үүрэг зохигчдод хэвээр үлдэх бөгөөд эцэг, эх тодорхой шалтгаанаар тусдаа амьдарснаар хүүхдийн эрх ашиг хамгийн ихээр хөндөгддөг.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй”, 5.3-т “хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх  эрхтэй” гэж зааснаар хүү  О.Д-нийг эцэг А.М-тай байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүтэй  нь уулзахыг хориглох эрхгүй,  хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.

 

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудлаар зохигчид маргах эрхтэй хэдий ч талууд  асрамжийн асуудлаар   хэн аль нь шаардлага гаргаагүй тул нэхэмжлэгчээс гаргасан  шаардлагын хүрээнд шүүх маргааныг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 107.230 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 107.230 төгрөгийг гаргуулж  нэхэмжлэгч Д-нийд олгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 01 дугаар сарын 31-ний өдөр төрсөн О.Д-ний эцэг Б.А-ийн  мөн болохыг тогтоосугай.

 2.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсгүүдэд зааснаар О. Д-нийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11 нас хүрмэгц 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Б.А-ийн М-аас  сар бүр гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.     

             3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,    63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107.230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 107.230 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

        5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    П.ЦЭЦЭГДУЛАМ