Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/334

 

                                                                              

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/

шүүгдэгч ******* /Үндсэн хуульд зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх  хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 24050**************0176 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.     

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 7 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5*******, *******, *******од оршин суух хаягтай, урьд 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж хянан харгалзсан, /РД:ЧВ*******/, ******* овогт *******ы *******.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 03-нд шилжих шөнө 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүргийн 7******* “Фламинго” баарны урд замд Toyota Harrier маркийн *******- УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...”, 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах...”, 12.3-т Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Б.г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ноос 3-ны шилжих шөнө 4 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянгол дүүрэг 7******* “Фламинго” баарны урд замд Toyota Harrier маркийн *******- УБГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/, 3.4.а, 12.3-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт /нөхөн/ үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч  болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 46-50 дахь тал)

Хохирогч Б.ы “Би фейсбүүкээр одоогоос 7 хоногийн өмнө *******ы ******* гэх залуутай танилцаад 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 22 цагийн үед Баянгол дүүргийн 3,4 дүгээр хорооллын “Шонхор” нэртэй караокед *******-, н.-, Н.- нартай уулзаж караокед *******, н. 2 нь 0,5 мл нэрийг нь мэдэхгүй 2 шил архи хувааж уусан. Н. бид 2 Сэнгүр нэртэй пиво хүний 3 шилийг уусан тэгээд тухайн караокеноос цагийг нь сайн мэдэхгүй байна шөнө болсон байсан бид 4 гараад хажууд талд байрлах бааранд орцгоосон. Тухайн бааранд ороод хүний нэг нэг шил пиво уусан. Тэгээд тухайн баар үүрээр 3-4 цагийн үед хаагаад бид гарцгаасан. Бид дөрөв тухайн баарнаас гараад үүдэнд зогсож байхад ******* алга болчихсон байсан. Удалгүй гэнэт цаанаас дунд гарын хар өнгийн жийп машин хүчтэй ирээд намайг мөргөөд унагачихсан. Би газарт унаад намайг н. нь татаад босгож байхад тухайн намайг мөргөж унагасан гэх хар машин нь хүчтэй хаазлаад миний баруун мөрөн дээгүүр гараад явсан...машин цааш очоод эргээд ирээд миний хажууд зогсоод тухайн намайг мөргөж дайрсан машины жолооч талаас ******* гарч ирээд намайг өргөөд машиндаа суулгаад цагдаа, эмнэлэг дуудаад хэрэггүй, согтуу байгаа юм чинь  хоёулаа тохиръё цагдаа дуудчихвал би согтуу дээрээс нь хүн дайрчихсан юм чинь найз нь баларна шүү дээ гээд гуйгаад байхаар нь би цагдаа дуудаагүй...Тэгээд би болон хамт явсан н., Н. бид *******ийн машинд суугаад ярилцтал ******* нь чи цагдаа битгий дууд гээд байхаар нь би гэрээсээ хүн дуудъя гэхэд ******* нь гэрээсээ хүн дуудаж яах юм бэ одоо надад байгаа нь эхний ээлжинд бэлэн 500,000 төгрөг байна гээд миний данс руу шилжүүлсэн. Тэгээд ******* нь н.ийг дэлгүүр оруулж 2,5 мл пиво авхуулаад тэр гурав хуваагаад уусан. Би дулаан машинд суугаад унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд өглөө болчихсон бид дөрөв машиндаа унтчихсан байсан тэгээд би такси бариад Монел руу эгчийндээ очоод амрах гэтэл миний баруун гар даагдахгүй мөр цээж хэсэг битүү хөндүүрлээд байхаар нь би гэмтэл орж зургаа авхуултал миний баруун гарын тохойны холбоос яс хугарчихсан байсан. Бусад шинжилгээг намайг томографикаар харуул гэж хэлсэн. Тэгээд би цагдаад хандсан...тухайн шөнө зам тээврийн осолд ороод тухайн машинд хоносон. Өглөө нь тухайн газраасаа 10 цагийн орчмын үед эгчийнх рүү явсан. Очиж унтаад 13 цагийн үед босож ирэхэд гар даагдахгүй, өвдөөд байсан болохоор нь хугарсан юм байна гэж бодоод Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү очиж үзүүлсэн. Тэгээд очоод үзүүлэхэд баруун гарын тохойны холбоос яс хугарсан гээд гипсдүүлсэн. Хэвтэн эмчлүүлээгүй...Эрүүл мэндэд учирсан эм тарианы хохирлын баримт байхгүй.... ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13, 54 дэх тал)

Гэрч Н.ын...”Би фейсбүүк групп дээр Б. гэх эмэгтэйтэй найзалдаг бөгөөд өмнө би Б.тай нэг удаа л уулзаж байсан. Б. нь фейсбүүкээр “Найзууд" нэртэй групп ажиллуулдаг бөгөөд тухайн группийн залуус хааяа уулздаг юм...тухайн өдөр буюу 2024 оны 01 дүгээр сарын эхээр би он сарыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Б. нь над руу залгаад манай группийнхэн уулзаж байна чи хүрээд ир гээд байсан. Тухайн үед би гэртэй ажил ихтэй байсан бөгөөд амжихгүй гэхэд Б. нь намайг шалсаар байгаад аваачсан. Би орой 23 цаг өнгөрөөд 00 цаг болох гэж байхад Баянгол дүүргийн 7*******ны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн мэдэхгүй байна. Караокед ортол Б. нь үл таних н.Төгсжаргал, ******* гэх 2 залуутай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн нэлээн согтсон байдалтай байсан. Би тухайн хүн дээр явж ороод 2 шил пиво уусан. Тэгээд бид 4 хороондоо танилцаад байж байгаад баар орохоор шийдээд тухайн караокеноос гараад “Фламинго” нэртэй бааранд орцгоосон тухайн бааранд ороод хүний 1-2 шил пиво авч ууцгаасан ерөнхийдөө тэр 3 нэлээн согтсон байсан. Удалгүй баар хаагаад бид 4 гарахаар болоод гараад тухайн баарны гадна зогсоод жаал юм ярьж байхад ******* нь хаашаа ч юм мэдэхгүй алга болсон. Б. н.Төгсжаргал бид 3 юм яриад баарнаас бага зэрэг ертөнцийн зүгээс баруун тийш явган хүний зам руу алхаад явж байхад өөдөөс гэнэт машин явган хүний зам руу орж ирээд Б. н.Төгсжаргал хоёрыг мөргөөд унагачихсан. Тэгтэл тухайн машины жолооч талаас хамт бааранд байсан ******* нь нэлээн согтуу буугаад ирсэн. Тэгээд би өөрийн дугаараасаа цагдаа, түргэн зэрэг дуудтал цагдаа ирээгүй нэлээн удсан. Энэ хооронд н.Төгсжаргал, ******* нар нь машиндаа өргөж суулгаад цагдаа битгий дуудалдаа гээд гуйгаад байсан. Удалгүй ******* нь Б.ы дансанд 500.000 төгрөг хийсэн гээд Б. нь өөрөө намайг дуудлага буцаагаад өг гэж гуйхаар нь би 102 дугаарт залгаад дуудлагаа буцаасан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1280 дугаартай: “Б.ы биед баруун богтос ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал)

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай: “Б. нь 2024 оны 01 дүгээр сарын 02-03-ний өдөр тээврийн хэрэгсэлд дайруулсан гэх явдал нь тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал)

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-88 дахь тал)

Мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 91-92 дахь тал)

Яллагдагчаар *******ийн “хохирогчийн хохирол болох эмчилгээний төлбөр сэтгэл санааны хохирлыг барагдуулсан. Хохирогч болох Б.ы хувийн данс руу 2.400.000  төгрөг шилжүүлсэн. Холбогдох баримтыг гаргаж өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 2.600.000 төгрөгийг сар болгон 520.000 төгрөг хийж барагдуулахаар тохиролцсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 157 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөний улмаас хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 3.4.а, 12.3-т заасан заалтуудыг зөрчсөний улмаас Б.г мөргөж баруун богтос ясны далд хугарал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь (хавтаст хэргийн 166 дахь тал)-д хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг өөрсдийн сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол төлбөрийн талаар:

Хавтаст хэргийн 167 дахь талд хохирогч шүүгдэгч нарын хооронд байгуулсан төлбөр барагдуулах гэрээнд нийт 5.000.000 төгрөгийг нөхөн төлөх, 2.400.000 төгрөгийг 2024 оны 3 дугаар сарын 28-нд нөхөн төлсөн, үлдэгдэл 2.600.000 төгрөгийг 5 сарын хугацаанд сар бүрийн 26-ны өдөр 500.000 төгрөг төлж барагдуулах тухай гэрээг байгуулжээ.

Мөн хэрэгт хохирогчоос эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 212 дугаартай дүгнэлтэд хохирогч Б.ы сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 72-73 дахь тал)-д авагджээ.

Хавтаст хэргийн 165 дахь талд хохирогч Б. нь хохирол 5.000.000 төгрөгөөс 2.400.000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Үлдэгдэл 2.600.000 төгрөгийг 5 сарын хугацаатай 4 сарын 26-наас 8 сарын 26-ны хооронд сар бүр 520.000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон. надад өөр санал гомдол байхгүй...сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй гэжээ.

Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч Б. шүүгдэгч *******ийн нарын хооронд байгуулсан хохирол барагдуулахаар тохиролцсон төлбөр барагдуулах гэрээ болон сэтгэцэд учирсан хохирол зэргийг харгалзан Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 2.600.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Мөн хохирогч Б. өөрт учирсан хохирол хор уршиг, эмчилгээтэй холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******ээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нь нээлттэй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 173-174 дэх тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  албадлагын арга хэмжээ авах тухай саналыг *******эд танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч *******ийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.     

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох  албадлагын арга хэмжээ авах, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулахыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 10449 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мичидмаад даалгав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4.2,  36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

                                                                                ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ы *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай. 

2. Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэсэн үеэс эхлэн тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 заалтад заасныг баримтлан шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд нь хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******эд анхааруулсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ээс 2.600.000 төгрөг гаруулж хохирогч Б.д олгосугай. 

7. Шүүгдэгч *******ийн “В” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 10449 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд шилжүүлэхээр хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Мичидмаад даалгасугай.

8. Хэрэгт ******* цагдан хоригдсон хоноггүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ДАЙРИЙЖАВ