Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 41

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0038/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  Д.Мөнхцэцэг ,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Шүүгдэгчийн өмгөөлөгч             Б.Болортунгалаг,
Шүүгдэгч                   Б.Аянчин нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бумсан овогт Батбуянгийн Аянчинд холбогдох эрүүгийн 201723000022 дугаартай хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Хэнтий аймгийн Баян-Овоо суманд 1993 оны 08 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 23 настай, бүрэн бус дунд боловсролтой, автын инженер мэргэжилтэй, ам бүл 5, эцэг, эх дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р баг, Язгууртан хорооллын К17-56 тоотод оршин суух, урьд 2011 оны 5 сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйлийн 181.2.1, 181.2.5 дах хэсэгт зааснаар 6 сар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, 2015 оны 11 сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт 02 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай гэх  Бумсан овогт Батбуянгийн Аянчин /РД:СД93080318/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллах дүгнэлтэнд дурдсанаар:
Яллагдагч Б.Аянчин нь 2017 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 03-12 тоотод оршин суух иргэн Н.Мөнгөнтуулын гэрт хууль бусаар нэвтрэн орж DDish тогоо антенны дуран ком-ийг хулгайлж 357.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт болон хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг судлав. Үүнд:
    Хохирогч Н.Мөнгөнтуулын мөрдөн байцаалтанд өгсөн “...Манайх Хэрлэн сумын 2-р баг Булгийн 03-12 тоотод хашаанд байдаг юм. Хөдөө малтай учраас хөдөө гэр болон аймгийн төв 2-н хооронд ирэн очин байдаг. ... 2017 оны 01 сарын 11-ний өдөр хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд гэрийн гадаа байсан нарны толь болон тогоо антен, мөн гэр дотор байсан зурагтны ддиш станц зэрэг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-18 тал/,
     Иргэний нэхэмжлэгч Л.Бямбасүхийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Аянчин гэдэг залуугаас ддиш станц 40.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгсэн надад зарсан тэр станц нь хулгайн эд зүйлс болж таараад цагдаагийн байгууллагаас хурааж авсан. Иймд би Аянчингаас 40.000 төгрөг нэхэмжилж байна. Би хулгайн эд зүйлс гэдгийг мэдээгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 тал/,
    Гэрч Н.Баярболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...Сураг сонсоход Аянчин манайхаар орж хулгай хийсэн байсан. ... Аянчин хэдийгээр ах дүү нар ч гэсэн гэрт нэвтрэх, эд зүйлсийг дур мэдэн захиран зарцуулах эрх байхгүй ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,
Гэрч С.Ганбатын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би яг хэзээ гэдгийг мэдэхгүй байна. Намайг гэртээ байж байхад шөнө 02 цагийн алдад манай хашаанд хүн яваад байх шиг байхаар нь гараад хартал хашааны үүдэнд нэг хар куртиктэй залуу зогсож байсан. Тэгэхээр нь би тухайн залууг юу хийгээд наана зогсож байгаа юм гэж асуутал найз охиноо хүлээгээд байж байна гэж хэлсэн. Тэгээд би хашааны үүднээс холд гэж хэлээд хашааны хаалгаа түгжээд гэр рүү орох гэтэл манай баруун айлд хүн дугарахаар нь би очоод хаалганых нь цоожийг үзтэл зүгээр байсан. Тэгээд би айлын хүн рүү залгаад танайд хулгайлч орсон юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд би гэртээ орж хувцасаа дулаалчихаад үүднийнхээ амбаарт байж байтал баруун гэрээс тооноор хүн гараад гулсаад бууж байх нь сонсогдсон. Тэгээд би амбаарын ойролцоо ирэхээр нь гартал надаас баруун айлын эгч байхгүй  юм уу гэж асуучихаад хашаанаас гараад явсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26тал/,
Сэжигтнээр Б.Аянчингийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2017 оны 01 сарын 03-ний өдөр Хэрлэн голын урд найзуудтайгаа архи ууж байгаад шөнө 02 цагийн алдад Хэрлэн сумын 2-р баг Өлзийтийн 3-12 тоотод байх ах Баярболдын гэрт очих санаатай очсон чинь хүн байхгүй байсан. Тэгэхээр нь гэрийн тооноор ороод зурагтынх нь станцыг аваад гарсан. Антен, нарны толийг танихгүй хүнд зарсан ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

Үнэлгээний комиссын тэмдэглэл /хх-ийн 8 тал/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-10 тал/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11 тал/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12 тал/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 24-68 тал/,
Шүүгдэгчийн хувьд оногдох эд хөрөнгөтэй эсэхийг тодруулсан тухай баримтууд /хх-ийн 54-60 тал/,
Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-50 тал/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үнэлээд, шүүгдэгч Б.Аянчинг  2017 оны 01 дүгээр сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг Булгийн 03-12 тоотод оршин суух иргэн Н.Мөнгөнтуулын гэрт хууль бусаар нэвтрэн орж DDish тогоо антенны дуран ком-ийг хулгайлж 357.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуульд заасан ял шийтгэлийг халдаах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Аянчин нь орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Аянчин нь 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил, 01 сарын хорих ялаар шийтгүүлж, шүүх уг ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоосон байна. Шүүгдэгч нь хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын заримыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй болно.
Шүүгдэгч Б.Аянчин нь хохирогч Н.Мөнгөнтуул, иргэний нэхэмжлэгч Л.Бямбасүх нарт учруулсан хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүх түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нь хувьд оногдох эд хөрөнгөгүй байх тул шүүх түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлснийг хөнгөрүүлэх, ялыг тэнсэж хянан харгалзсан хугацаанд дахин гэмт хэрэг үйлдснийг хүндрүүлэх нөхцөл байдал болгон тус тус харгалзав.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 283, 284, 290 дүгээр зүйлийн 290.3, 297, 298  дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон    

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Бумсан овогт Батбуянгийн Аянчинг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аянчинг эд хөрөнгийг хураахгүйгээр 6 /зургаа/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аянчинд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын баривчлах ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 01 сарын хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялыг 01 жил 6 сарын хугацаагаар  тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аянчинд оногдуулсан 01 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аянчингийн цагдан хоригдсон 47 дөчин долоо/ хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
 7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл  бичих эрхтэй болохыг дурдсугай.
 8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Аянчинд авсан батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.


     
      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.УЯНГА