| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0086/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/81 |
| Огноо | 2024-04-15 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Нямжав |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/81
2024/ШЦТ/81
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Б.Н
Шүүгдэгч: С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч овогт Сгийн Нд холбогдох эрүүгийн 2412000000055 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Ихтамир суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Архангай аймгийн ........ гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ч овогт Сгийн Н/РД:АГ.............../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар С.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Архангай аймгийн ............. тусгаарлалт хийгдсэн газраас 5 босоо модноос 35 ширхэг, 1.48 м-ийн урттай, 2.5 м3 шинэс төрлийн хуурай босоо модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, Супер портер маркийн 35-32 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 186591 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Д.А “...Би иргэн С.Н гэх хүнээс хууль бусаар мод бэлтгэж ойн санд 923.590 төгрөгийн хохирол учруулсан байна. Тэр төлбөрийг барагдуулчихвал өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 53-54 дүгээр тал/, гэрч Ц.Он“...Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Ихтамир сумын төвд Нтэй тааралдаад “цас ихтэй түлэх түлээгүй болчихлоо” гэхэд “өвс тэжээл авах гэсэн юм зарах мод байгаа 450.000 төгрөгт өгнө” гэж С.Нг хэлэхээр нь мөнгийг нь бэлнээр аваачиж өгсөн. Тэгээд 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр С.Нгийн Ихтамир сумын төвд байдаг хашаанаас нь ачаад гэртээ аваачиж буулгах гэж яваад экологийн байцаагч тааралдаж шалгаад Ихтамир сумын замын цагдаагийн постын хашаанд буулгуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 16-18 дугаар тал/, гэрч Ц.Бат-Эрдэнийн “...С.Н нь 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр сумын төв рүү орж уулзаад галын түлээний мод авахаар 24026815 дугаарын мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Унанги модноос галын түлээний мод бэлтгэх талаар анхааруулж хэлээд мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Архангай аймгийн ...мод бэлтгэх эрхийн бичиг бичсэн. Архангай аймгийн Ихтамир сумын .......... газарт 2023 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдсэн. 2024 оны гараад цус зуд ихтэй учраас талбай тусгаарлалт хийгдээгүй байгаа. 2023 онд хийгдсэн талбай тусгаарлалтын хугацаа нь дуусаагүй байгаа...” гэх мэдүүлэг, яллагдагч С.Нгийн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Архангай аймгийн Ихтамир суман дахь Сум дундын ойн ангийн ойн инженер А.Ч.ын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаартай ”...Иргэн С.Н нь 35 ширхэг галын мод бэлтгэхдээ 5 ширхэг босоо мод унагааж бэлтгэсэн 35 ширхэг галын мод нь 1.7 метр куб мод байна. Нийт үнэлгээ 186.591 төгрөгөөр тогтоогдлоо...” гэх дүгнэлт/хх-ийн 100-101 дүгээр тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа, эд зүйл буюу модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийг газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч С.Нгийн хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч С.Нг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 186.591 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /186.591*3=559,773/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан гурав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 559,773/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тооцон, шүүгдэгч С.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой. Прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын үр дагаварыг шүүгдэгч хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч С.Нг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан. Шүүгдэгч С.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.037.500/хоёр сая гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий ........ АРХ улсын дугаартай Портер маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул уг автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 559,773/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,477,727/нэг сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун хорин долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.5 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75.000/далан таван мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овогт Сгийн Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Нг 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь шүүхээс оногдуулсан 450/дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000/дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч С.Нгээс 559,773/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан гурав/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Нгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.037.500/хоёр сая гучин долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий ..... АРХ улсын дугаартай Портер маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 559,773/таван зуун тавин есөн мянга долоон зуун далан гурав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1,477,727/нэг сая дөрвөн зуун далан долоон мянга долоон зуун хорин долоо/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 250.000/хоёр зуун тавин мянга/ төгрөгийн үнэ бүхий 2.5 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 75.000/далан таван мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
7. Шүүгдэгч С.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР