Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2021/01090

 

 

 

 

 

 

 

 

2021          04          06                                         101/ШШ2021/01090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин суух, Н.Н-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: тоот хаягт оршин суух, Ц.М-дхолбогдох зээлийн гэрээний үүрэгт 13.842.900 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 02-р сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Б.Т, хариуцагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М-тай Солонгос улсад байх үеэс эхэлж байнга холбоотой байсан бөгөөд удаан хугацааны туршид харилцаж хайр сэтгэлийн холбоотой болсон. Монголд ирэхээр чинь гэр бүл болж, цуг сайхан амьдарна гэж байнга утсаар ярилцаж, чат бичдэг байсан. Тухайн үедээ М надад туслаач мөнгө хэрэгтэй байна, зээлчих дүүгээ Солонгос явуулах гэж байгаа юмаа боломжтой болсон үедээ өгье, гэхээр нь тухайн үедээ итгэж өөрийн төрсөн эгч Н.Ү-ийн данс руу мөнгө шилжүүлж та энэ мөнгийг Ц.М-н Хаан банкны 5020991455 данс руу хийчих гэж хэлээд 7.000.000 сая төгрөг шилжүүлж зээлдүүлсэн.

Би Монголд 2019 онд ирээд цуг амьдраагүй ч гэсэн мөн л байнгын холбоотой байдаг байсан. Би Өмнөговь аймагт том оврын авто машин барьдаг ажилд орж тэндээ байрлаж 3, 4 сар болчихоод хотод ирдэг. 2019 оны 5 дугаар сарын сүүлээр буцаж ажилдаа явах үед М “чи сүлжээ барьдаггүй газар байдаг холбогдож чаддаггүй юмаа надад мөнгө хэрэгтэй байна зээлчих” гээд гуйгаад байхаар нь өөрийн эзэмшлийн Хаан банкны 57 дансны дугаартай виза картаа үлдээж, картаа М-ын Баянзүрх дүүргийн  тоот гэрт нь аваачиж өгсөн.

Ажилдаа явчихаад 10 дугаар сарын сүүлээр хотод ирэхэд М нь миний дансанд байсан 6.842.900 сая төгрөгийг олон удаагийн зарлагаар авч өөрийн хэрэгцээндээ ашигласан байсан, би ямар их мөнгө авсан юм бэ гэхэд ямар сүртэй юм бэ зээлж авсан мөнгөө удахгүй төлнө гэж хэлээд уурласан. Тэр үеэс эхлээд холбоогүй болж гар утас руу нь залгахаар утсаа авахгүй, чат бичихээр хариу бичихгүй, сүүлдээ миний фэйсбүүк хаяг, гар утасны дуудлагыг хүлээж авахгүй болгож холбогдохгүй алга болсон. Ар гэрийн хүмүүс нь гэх эгч, дүү нартай нь утсаар ярьж хэлэхэд бид нарт хамаагүй өгдөг газар нь өгч шалгуул гэж хэлдэг. 

Н.Н ах маань Солонгос улсад ажиллаж мөнгөө Н.Н ахад мөнгө хураалгадаг байсан. Тэр мөнгөнөөс 5.000.000 төгрөгийг Ц.М-н данс руу шилжүүлсэн. Тэр мөнгийг Ц.М буцааж төлсөн тул нэхэмжлээгүй. 2017 онд бас виз мэдүүлэх гэж байна гэж хэлээд 7.000.000 төгрөгийг Н.Ү эгчээр дамжуулан авсан. Дахин 7.000.000 төгрөг өгөх болсон шалтгаан өмнө нь 5.000.000 төгрөг өгөөд буцааж авсан тул зээлж байгаа гэж өгсөн. Н.Н ах Ц.М-д зээлчих гэж Н.Ү эгчид хэлээд өгүүлсэн байдаг.

2019 онд Монгол улсад ирээд Ц.М-тай харилцаа холбоотой байж байсан. Ах маань Өмнөговь аймагт том тэрэгний жолооч ажилтай. Хөдөө явахдаа Ц.М-д Хаан банкны картаа үлдээгээд явсан. Мөнгө захиран зарцуул гэж хэлээгүй. Гэтэл Ц.М нь Н.Н-ын 57 тоот данснаас 6.842.900 төгрөгийг өөрийн хувийн зорилгодоо ашиглан үрэн таран хийсэн. Манай ах сүлжээгүй газар ажилладаг. Сүлжээтэй газар орж ирэхэд дансны мэдээлэл нь мессежээр очиход Ц.М руу залгаж ямар учиртай ийм их мөнгө үрж байгаа юм бэ, мөнгө чинь дууслаа гэхэд Ц.М нь сүртэй шдээ төлчихнө гэж хэлээд утсаа таслаад түүнээс хойш ямар ч холбоогүй болсон гэсэн. Иймд Ц.М-аас 13.842.900 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Ц.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.М миний бие Н.Н-тай БНСУлсад байх үеэс 2017 оноос хойш хайр сэтгэлийн холбоотой байсан нь үнэн. Н.Н өөрөө Ц.М намайг “БНСУлсад хүрээд ир, энд хамт байя” гээд “виз хүсэх материал бүрдүүлэлтэд шаардагдах мөнгийг найз нь өгье” гэж хэлээд 7.000.000 төгрөгийг миний Хаан банкин дахь дансаар дамжуулж надад өгсөн. Тухайн үед БНСУлсад зорчих миний виз гараагүй тул “наад мөнгөө миний найз өөрөө хэрэглэ” гэж хэлсэн учир би 5.000.000 төгрөгийг өөртөө зарцуулсан, 2 сая төгрөгийг виз гаргуулахаар аваачиж өг гэсэн хүнд нь аваачиж өгсөн. Мөн Н.Н-ын данснаас гарсан 6.842.900 төгрөгийг надаас гаргуулах гэснийг нь би огт ойлгохгүй байна. Энэ мөнгийг би аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Бид 2 харилцаа холбоотой байсан нь үнэн. 7.000.000 төгрөгийг авахдаа би “Монголд хэцүү байна Солонгост очъё зээлээч” гэж хэлж аваагүй. Н.Н өөрөө “визний материал бүрдүүл” гэж мөнгө шилжүүлсэн. Зан харилцааны доголдол гаргасан учраас утасны дугаар, фэйсбүүкийг нь хаасан. 6.842.900 төгрөгийг би авч хэрэглээгүй нотлох баримтгүй тул хүлээн зөвшөөрөхгүй, виз гаргуулахаар өгсөн 7.000.000 төгрөгнөөс 5.000.000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэв.

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Ннь хариуцагч Ц.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 13.842.900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.М 7.000.000 төгрөгийг Н.Н-аас зээлж аваагүй, 6.842.900 төгрөгийг авч хэрэглээгүй нотлох баримтгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хариуцагч Ц.М нь 2017-07-25-ны өдөр 7.000.000 төгрөгийг Н.Н-ын эгч Н.Ү-р дамжуулж авч, 5.000.000 төгрөгийг өөрийн хэрэгцээнд зарцуулсан гэдэг дээр маргаагүй. 2.000.000 төгрөгийг Солонгос улсын виз гаргуулах зорилгоор бусдад өгсөн гэсэн тайлбарыг хариуцагч Ц.М гаргаж байгаа боловч энэ нь бичгийн нотлох баримтаар нотлогдоогүй.

Хариуцагч Ц.М-ын 50 тоот ХААН банкны дансаар 2017-07-25-ны өдөр 7.000.000 төгрөгийг шилжүүлж өгсөн болох нь гэрч Н.Ү-ийн “миний дүү Н.Н нь Солонгос улсад ажиллаж байхдаа мөнгөө надад хадгалуулж, 2017-07-25-ны өдөр Ц.М гэж хүнд 7.000.000 төгрөгийг шилжүүлүүлсэн” гэх мэдүүлэг, ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. /хх-ийн 5 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.

Зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Иймд хариуцагч Ц.М-аас 7.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч Н.Н нь хөдөө явахдаа хариуцагч Ц.М-д ХААН банкны визаа картаа үлдээсэн, данснаас 6.842.900 төгрөгийг Ц.М авч хэрэглэсэн гэсэн тайлбарыг гаргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38-р зүйлд зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа нотлож чадаагүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул 6.842.900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Н-аас хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 227.164 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.М-аас 7.000.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч Ц.М-аас 7.000.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-т олгож, нэхэмжлэлээс 6.842.900 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 227.164 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ц.М-аас 126.950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Н-т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА