| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2020/05150/И |
| Дугаар | 101/ШШ2021/01028 |
| Огноо | 2021-03-31 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 101/ШШ2021/01028
2021 03 31 101/ШШ2021/01028
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Д.Янжиндулам нарын бүрэлдэхүүнтэй,
Нэхэмжлэгч: Б дүүрэг, тоотод оршин суух, РД:, Н.Ш-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг тоотод оршин суух, РД:, О.У-д холбогдох
Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10.731.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10-р сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч О.У, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ч, иргэдийн төлөөлөгч У.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.У нь 2020-01-30-ны өдрийн 19 цаг 10 минут орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд талын уулзварын явган хүний гарцан дээр УБП улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “ Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар яваа явган зорчигчид зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч Н.Ш-ийг мөргөж зүүн хөлийн шилбэний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020-04-27-ны өдрийн 2020/ШШТ/ дугаар шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн.
Энэ гэмт хэргийн улмаас Н.Ш миний зүүн хөлийн шилбэ олон хугарч эрүүл мэндэд хүнд гэмтэл учирч түүний улмаас хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан. 2020 оны 05 сарын 14-ний өдрөөс 2021 оны 05 сарын 14 хүртэл нэг жилийн хугацаагаар тахир дутуугийн группэд орсон. Сар бүр 350.000 төгрөгийн тэтгэмж авч байгаа.
Н.Ш миний бие цахилгаан сантехник угсралтын Х ХК-нд 2015 оны 04-р сараас эхлэн сантехникийн слесариар ажиллаж, хийснээрээ цалинжиж байсан бөгөөд сард дунджаар 1.200.000 төгрөгийн цалин авч амьдралаа залгуулж ирсэн.
Иймд хариуцагч О.У-оос гэм хорын хохиролд тахир дутуугийн тэтгэмж, цалин хөлс, орлогын зөрүүг 2020-05-14-ний өдрөөс 2021-05-14-ний өдрийг хүртэл сар бүрийн 850.000 төгрөгөөр тооцож 10.200.000 төгрөгийг гаргуулах. Мөн өөрийн биеэр шүүхэд очих боломжгүй болж өмгөөлөгчөөр ажлаа хийлгэж байгаа тул өмгөөлөгчийн ажлын хөлсөнд 500.000 төгрөг, нэхэмжлэл гаргах шаардлагын хүрээнд нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлэхэд гарсан зардалд 31500 төгрөг, нийт 10.731.500 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж тооцож гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Зам тээврийн ослын улмаас Н.Ш-ийг согтуу гарцаар явж байсан гэж буруутгаж байгаа ч зуун хувь О.У-ын буруутай үйлдлээс шалтгаалж Н.Ш-ийн биед гэмтэл учирсан. 2019 оны 5-р сараас 9-р сард 1 сая гаруй төгрөгийн цалин авдаг байсан, энэ бүх боломжоо алдаж байна. Слесарь хийх боломжгүй, бригадаар ажиллах боломжгүй болсон. 2020 оны 11-р сараас цэвэрлэгээ үйлчилгээний ажил хийж 700.000 төгрөг авсан. Цалингийн зөрүү 10.200.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээ шаардлагаа 5.848.083 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 31.500 төгрөг, нийт 6.379.083 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна гэв.
Хариуцагч О.У, өмгөөлөгч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Н.Ш-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсантай маргахгүй. Харин Н.Ш-ийн нэхэмжилж буй 10.731.500 төгрөг нь хэт их хэмжээний мөнгө байгаа тул бүгдийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэм хороос үүдэлтэй шаардах эрх нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасан зардлууд багтана. Өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардал нь гэм хорын асуудалд хамааралгүй юм. М.Ц гуай өнөөдөр итгэмжлэлээр оролцож байгаа, өмгөөлөгчийн байр сууринаас оролцоогүй тул өмгөөлөгчийн хөлс, нотариатын зардлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нотариатын зардал бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотлох баримтыг өөрөө бүрдүүлж өгөхөд зарцуулагдсан үйлчилгээний хураамж учир гэм хортой холбогдолгүй. Гэм хорын тухайд цалингийн зөрүүний тодорхой хэсгийг зөвшөөрч байна. Нийгмийн даатгалын тухай хууль, хэрэг авагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолтод 2019-01-01-ний өдрөөс 2019-12-30-ны өдриг хүртэл хугацаанд буюу осолд орохоос өмнө 2019 онд 10.048.074 төгрөгийн цалин авсан байгаа. Үүнээс дундаж цалин 837.000 төгрөг байна. Нэхэмжлэлд тодорхойлсон 1.200.000 төгрөгийн дундаж цалин нь нотлогдохгүй байна. Үүнээс группийн мөнгө 350.000 төгрөг авч байсан. Зөрүү нь 487.339 төгрөг. Баримтаас харахад 2021-05-14-ний өдөр хүртэл хугацаанд нэхэмжлэх боломжгүй. Нэхэмжлэгч нь 2020 оны 11 сараас үндсэн ажилдаа буцаад орсон байна. Үндсэн ажилдаа буцаад орсон цалин хөлсөө авч байгаа нь харагдаж байна. Хөдөлмөрийн чадвар алдсан хугацаа нь 5 сарын 14-ний өдөр гэсэн боловч 5 сарын 30-ны өдрөөс хойш тооцохоор сар 16 хоног байна. Алдсан орлого 487.339 төгрөгөөр үржүүлэхээр 2.680.367 төгрөг болж байна. Эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байсан баримтуудаас харахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл, согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэвтэр зэргийн согтолттой байсан нь нөлөөлсөн. Иймд Иргэний хуулийн 514 дугаар зүйлийн 514.1-т зааснаар гэм хор учрах, түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн бол хариуцлагыг багасгаж болно гэдэг заалтаар мөнгөн дүн 2.680.367 төгрөгийг тавин хувиар багасгаж 1.340.184 төгрөгийг гаргуулж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Ш нь хариуцагч О.У-оос гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 10.731.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 6.379.083 төгрөг гаргуулахаар өөрчилж шаардсан.
Хариуцагч О.У гэм хор учрахад хохирогчийн болгоомжгүй үйлдэл, согтууруулах ундаа хэрэглэсэн, хүндэвтэр зэргийн согтолттой байсан нь нөлөөлсөн тул цалингийн зөрүүг тавин хувь багасгаж 1.340.184 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, 5.038.899 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч О.У нь 2020 оны 01-р сарын 30-ны өдрийн 19 цаг 10 минутын орчим Баянзүрх дүүргийн 14-р хороо, Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд талын уулзварын явган хуний гарцан дээр УБП улсын дугаартай автомашин жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа МУ-ын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийн 15.1-д “ Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар яваа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ш-ийг мөргөж зүүн хөлийн шилбэний ясыг хугалж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан үйл баримт дээр талууд маргаагүй.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 27-ны өдрийн 2020/ШШТ/дугаар шийтгэх тогтоолоор О.У-ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон. /хх-ийн 3-6 тал/
Ослын улмаас авсан гэмтэл шилбэний олон хугарал оношоор Н.Ш-т Нийслэлийн Баянзүрх дүүргийн дэргэдэх Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссоос хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож шийдвэрлэжээ. /хх-ийн 10-13, 33-83 тал/
Уг гэмтлийн улмаас нэхэмжлэгч Н.Ш 2020 оны 05-р сарын 14-ний өдрөөс ажил үүргээ гүйцэтгээгүй ба түүний ажил үүргээ гүйцэтгэж эхэлсэн 2020 оны 11-р сарыг хүртэл 5 сар 12 хоногийн ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 2.176.633 төгрөг, нэхэмжлэл гаргахад гаргасан нотариатын зардалд 8500 төгрөг, нийт 2.185.133 төгрөгийг хариуцагч О.У-оос гаргуулах үндэслэлтэй байна. /хх-ийн 72-73 тал/
Нэхэмжлэгч Н.Ш-ээс ирүүлсэн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолт бичигдсэн 2019 оны 10-р сараас 12-р сарын цалингаас дундаж цалинг тооцож гаргасан.
М.Ц нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон тул өмгөөлөгчийн хөлс 500.000 төгрөг, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нотариатын үйлчилгээнд 31500 төгрөгний зардал гаргасан гэдэг нь нотлогдохгүй байх тул 23.000 төгрөг, цалингийн зөрүү 3.671.450 төгрөг, нийт 4.194.450 төгрөгийг нэхэмжлэлээс хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Гэм хор учрах түүнээс үүдэн гарах хохиролын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Н.Ш-ийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн Иргэний хуулийн 514 дүгээр зүйлд зааснаар гэм хорын хэмжээг багасгах хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иргэдийн төлөөлөгч У.Н нь нэхэмжлэлийн шаардлагын тал хувийг хангаж шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлогдож буй бичгийн нотлох баримтанд үндэслэн 2.185.133 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Н.Ш нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.У-оос 2.185.133 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 49.912 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч О.У-оос 2.185.133 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ш-т олгож, нэхэмжлэлээс 4.193.950 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуульд зааснаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.У-оос 49.912 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Б.ЦОЛМОНГЭРЭЛ
Д.ЯНЖИНДУЛАМ