| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/186 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/186
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга П.П
Улсын яллагч Ц.Л
Шүүгдэгч Х.Х нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х.Х-д холбогдох эрүүгийн 2425000000171 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Х.Х
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Х.Х нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоотод хамтран амьдрагч Б.О-г “архи уулаа” гэж хэлсний улмаас маргаан үүсгэж, нүүр, шанаа руу нь цохих, өгзөг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ “Мэдүүлэг өгөхгүй, согтуу байсан санахгүй байгаа. Миний буруу” гэв.
Хохирогч Б.О шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл. /хх-н 10-12-р тал/
2. Хохирогч Б.О-н “2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчим ажлаасаа тараад өөрийн гэртээ ирэх үед манай хамтран амьдрагч Х нь А түүний эхнэр Д , нэг үл таних эмэгтэйтэй гурвуулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд сууж байсан. Тэр үед миний 7 настай, 3 настай хүүхдүүд гэрт байсан. Тэд нарын хажууд архи ууж байсан. Тэгээд А , Д нар намайг манайд очиж шинэлье гэж хэлсэн. Би явахгүй гэж хэлэхэд А , Д , Х нар яваад өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний шөнийн 05 цагийн үед Х гаднаас эрүүл орж ирсэн. Тэгээд унтаад өглөө 07 цагийн үед би хүүхдүүдээ цэцэрлэгт нь хүргэж өгөхөөр гарсан. Х гэртээ унтаад үлдсэн. Том охин дүү нараа хүргэж өгөхөөр надтай цуг гараад буцаж гэрлүүгээ харьсан. 10 цагийн үед над руу том охин гар утсаар яриад аав ажил руугаа явлаа гэж хэлээд гэрээс гараад явлаа гэсэн. Тэгээд орой ажлаа тараад ажлаасаа гарах гэж байхад хадам ээж Ц гар утсаараа залгаж нөхөр чинь ирсэн юм уу очиж аваач гэсэн. Би хүүхдүүдээ цэцэрлэг сургуулиас нь авахаас өмнө Х , манай гэрт хамт ирсэн үл таних эмэгтэйтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Би нөхрөө явъя гэж хэлтэл үл таних эмэгтэй намайг янхан минь энд яагаад ирсэн юм гэж орилсон би уурлаад тухайн эмэгтэйг нэг удаа алгадсан. Би Х г яагаад утсаа авахгүй байгаа юм, энд хоносон юм уу, гэж хэлээд Х г би нэг удаа алгадаж, хуванцар сандлаар 2 удаа зүүн мөр хэсэг рүү цохисон. Х намайг баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Би манараад толгой эргээд орон дээр уначихсан. Миний дээрээс Х гараараа баруун, зүүн шанаа руу цохисон, миний хамраас цус гараад би орон дээр нүүрээ таглаад суутал миний бөгс хэсэг рүү хөшиглөсөн. Миний хамраас цус гараад байж байтал гаднаас Д орж ирээд Х чи яагаад эмэгтэй хүн цохиод байгаа гээд загнаад байсан” гэх мэдүүлэг. /хх-н 15-16-р тал/
3. Гэрч Х.Д ын “2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х манай гэрт ирж цай уугаарай гэж хэлсэн. Тус өдрийн 12 цагийн үед би өөрийн хамтран амьдрагч А , С нартай Х гийн гэрт очоод хоол унд идсэн. Бид нарыг очих үед Х согтуу байсан. Х 0.5 литрийн нэг шилтэй архи хувааж уусан. 17 цагийн үед О ирсэн. Бид нар гэр лүгээ буцахаар болж Х , О нарыг манайд очъё цай уу гэж хэлээд машиндаа бүгд суутал О байгаагүй, О г дуудаач гэтэл Х наадхаараа яах гээд байгаа юм хая гэж хэлсэн. Ер нь бол намайг нойл орчихоод ирэх хооронд О Х нар нь маргалдчихсан байсан. Тэгээд манай гэр очоод А , Х , С нар нь хараа нэртэй 0,75 литрийн 3 шилархи уусан. Орой ууж байсан зүйл нь дуусаад С-н найз нь ирж аваад шөнө шөнө дунд Х манайхаас яваад өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 14-ний өглөө 10 цагийн үед С-г гэрээс нь аваад гэртээ ирээд байж байтал гаднаас манай гэр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоотод Х ирсэн. Тэгээд тэд нар ахиад уусан, би харин уугаагүй. 15 цагийн үед би гадуур ажилтай байсан учир гэрээс гараад явсан. Би гадуур явж байх үед С над руу гар утсаар залгаж. Х чинь эхнэрээ зодоод аллаа шүү, чи хурдан ирээч гэж хэлсэн Би яваад очтол О уйлчихсан, нүд нь хөхөрсөн, цус болсон байдалтай байсан. Би С-гоос юу болсон талаар асуухад Х гийн эхнэр гаднаас орж ирээд Х лүү орилоод цохиод байсан тэр үед Х босож ирээд О г зодсон гэсэн эхнэрээ ямар аймар зоддог юм бэ гэсэн” гэх мэдүүлэг. /хх-н 12-р тал/
4. Гэрч С.С-н“бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд байж байтал орой 17 цагийн үед гаднаас Х гийн хамтран амьдрагч О орж ирээд орилоод Х г сандлаас цохиод байсан. Х гэнэт уурлаад О гийн нуруу луу өшиглөж буйдан дээр унагаагаад цохиод зодоод байсан. Би айгаад Д луу залгаж хэлсэн. Тэр үед А согтуу унтаж байсан. Д орж ирээд О г буйдангаас босгох үед О гийн нүүрэн цус болсон, нүүрэн хавдчихсан байсан. Х тэднийхээс гараад явсны дараа цагдаа нар орж ирсэн” гэх мэдүүлэг. /хх-н 20-р тал/
5. Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаартай “Б.О-н биед баруун, зүүн нүдний зовхи. зүүн шанаанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт. /хх-н 25-26-р тал/
6. Яллагдагч Х.Х гийн “Манай найзууд болох А , Д сүрэн хоёр манай гэрт ирсэн. Тэгэхээр нь би Болор нэртэй тал шил архи гаргаж ирээд хундгалж өгч бууж жигнэж идчихээд А ын гэрт нь очсон. Тэнд 2 шил 0,75 граммын Агар нэртэй архи А ын хамт уусан. Тэгээд үүрээр 3 цагийн үед гэртээ харьсан. Өглөө нь ажил дээрээ очоод цагаан сарын шинэ хийгээд А ын гэрт очсон. Тэнд 0,5 граммын архи уугаад унтаж байхад эхнэр орж ирсэн. Бид хоёр маргалдсан тэрнээс бусдыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг. /хх-н 33-34-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “Шүүгдэгч Х.Х нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоотод 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б.О-г “архи уулаа” гэж хэлсний улмаас маргаан үүсгэж, нүүр, шанаа руу нь цохих, өгзөг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн тусгай ангйн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл, хохирогч Б.О-н “Х намайг баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. Би манараад толгой эргээд орон дээр уначихсан. Миний дээрээс Х гараараа баруун, зүүн шанаа руу цохисон, миний хамраас цус гараад би орон дээр нүүрээ таглаад суутал миний бөгс хэсэг рүү хөшиглөсөн” гэх мэдүүлэг, гэрч Х.Д ын “С над руу гар утсаар залгаж. Х чинь эхнэрээ зодоод аллаа шүү, чи хурдан ирээч гэж хэлсэн Би яваад очтол О уйлчихсан, нүд нь хөхөрсөн, цус болсон байдалтай байсан” гэх мэдүүлэг, гэрч С.С-н “Х гэнэт уурлаад О гийн нуруу луу өшиглөж буйдан дээр унагаагаад цохиод зодоод байсан. Д орж ирээд О г буйдангаас босгох үед О гийн нүүрэн цус болсон, нүүрэн хавдчихсан байсан” гэх мэдүүлэг, Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 218 дугаартай дүгнэлт, яллагдагч Х.Х гийн “Өглөө нь ажил дээрээ очоод цагаан сарын шинэ хийгээд А ын гэрт очсон. Тэнд 0,5 граммын архи уугаад унтаж байхад эхнэр орж ирсэн. Бид хоёр маргалдсан тэрнээс бусдыг нь санахгүй байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Х.Х нь 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 46-12 тоотод хамтран амьдрагч Б. О тэй маргалдаж, нүүр, шанаа руу нь цохих, өгзөг рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Х.Х нь санаатай үйлдлээр бусдын биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Х-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.О-н эрүүл мэндэд нь баруун, зүүн нүдний зовхи, зүүн шанаанд цус хуралт, дагзанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Х.Х оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхэр шийдвэрлэв.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овгийн Х-ын Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-г 3 /гурав/ сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС