Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/86

 

                                                                         

 

 

 

               2024/ШЦТ/86  

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Ц.Б, М.А

Шүүгдэгч: Т.Б, О.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Тийн Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Оы Н нарт холбогдох эрүүгийн 2212000000187  тоот хэргийг хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Архангай аймгийн ...........гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн, тус аймгийн прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийн Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 340 дугаартай тогтоолоор  хэрэгсэхгүй болгосон, мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлийн тухай хуульд хамруулж, 2 жилийн хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, Б овогт Тийн Б, РД: /МЗ.............../,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Архангай аймгийн Тариат суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Архангай аймгийн ............ тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд тус аймаг дахь Сум дундын шүүхийн мөн шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөлийн тухай хуульд хамруулж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, Б овогт Оы Н/РД:АЗ.................../,

 

                           Холбогдсон хэргийн талаар:  

 

   Шүүгдэгч Т.Б, О.Н нар нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Архангай .. нутаг дэвсгэрт байрлах ..... гэх газар байрлах иргэн Б.И, Ж.Б нарын гэрт хууль бусаар нэвтэрч Мустанг 5 мотоцикль, хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бугуйлын сур 1 ширхэг, монгол гутал 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлж бусдад 5,800,000 төгрөгийн хохирол учруулсан,

   2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үед машин механизм ашиглан бусдын 2 тооны сарлагийн шүдлэн үхэр, 4 тооны бяруу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 4,100,000 төгрөгийн хохирол учруулсан,

   2021 оны 04 дүгээр 16-ны үеэр Архангай аймгийн ..... багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Д.Цын 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Д.Цод 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

  Шүүгдэгч О.Н нь ганцаараа Архангай аймгийн ....... 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Н.Пийн цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

               Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн болон шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

              Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтойд тооцож, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Б, О.Н нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой, мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, Эрүүгийн хэргийн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан зөрчил тус тус тогтоогдохгүй байна гэж дүгнэв.

 

 

            Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Архангай аймгийн ..........т гэх газар байрлах иргэн Б.И, Ж.Б нарын орон байрнаас Мустанг 5 мотоцикл, хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бугуйлын сур 1 ширхэг, монгол гутал 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайд алдагдаж, түүнд 5,800,000 төгрөгийн хохирол учирсан,

  2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үед хохирогч Г.Эы  2 тооны сарлагийн шүдлэн үхэр, 4 тооны бяруу хулгайд алдагдаж, түүнд 4,100,000 төгрөгийн хохирол учирсан,

  2021 оны 04 дүгээр 16-ны үеэр Архангай аймгийн .............. багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Д.Цын 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайд алдагдаж, түүнд 5.000.000 төгрөгийн хохирол учирсан,

  Архангай аймгийн Өндөр-Улаан ............. хороололд 2020 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Н.Пийн цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикль хулгайд алдагдаж, түүнд 1,900,000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  Шүүгдэгч Т.Б, О.Н нар нь бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч О.Н нь  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

            *Хохирогч Б.Иы өгсөн:

“...Манайх Архангай аймгийн ........... гэх газар өвөлжөөтэй манай өвлийн байшинд 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 08-ны шилжих шөнө хулгай орж байшин дотор байсан ногоон өнгийн Мустанг-5 загварын мотоцикл, авдар дотор байсан бор өнгөтэй хуран дотортой дээл, эрэгтэй битүү угалзтай монгол гутал, 8 алд бугуйлын сур, алдсан хажуу талд байдаг аавын байшингаас бор өнгөтэй хурган дотортой дээл, бор өнгөтэй ноолууран цамц, эрэгтэй мөнгөн бүс алдагдсан. Би тэр үед цагдаад хандаагүй манай баз болох О.Н нь үйлдсэн байж магадаггүй гэж бодоод уулзаж байгаад учраа олчих байх гэж бодоод цагдаад хандаагүй. Би монгол гутлаа 2011 онд манай аав Завхан аймгаас 1.800.000 төгрөгөөр авч байсан, 2018 оны хавар Өндөр-Улаан сумын Б гэдэг хүнээс шинээр нь угсруулж 1.850.000 төгрөгөө авч байсан, бор өнгийн хурган дотортой дээл үнэ нь сайн мэдэхгүй байна, 8 алд бугуйлын сураа 2020 оны хавар 3 сарын үед Бямбаа гэдэг хүнээс даага өгч авч байна. Аавын байшингаас алдсан эд зүйлийг үнэ ханш нь ямар үнэтэйг нь би мэдэхгүй аав өөрөө үнэлэх байх. Би баз болох О.Ныг сэжиглэж байгаа учир нь О.Н нь манай амбаарт мотоцикл байгааг мэдэж байсан 2021 оны өвөл манайд 2 удаа очиж байсан гэсэн. Өөр надад сэжиглэж байсан хүн байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байна..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 7-8 дугаар тал/

 

*Гэрч Ж.Бгийн өгсөн:

“...Манайх Мөрөн багийн ....гэх газар өөрийн хүү болох Б.Итай хамт байдаг. 2021 оны 05 дугаар сарын үед манай хүү Б.И нь тэр өдөр өглөө мал руугаа явсан юм удалгүй манай хүүхэд утсаар яриад манай байшинд хулгай орсон байна гэж ярьж байсан. Тэгээд би өөрийн бэртэй хамт очиж үзэхэд манай хүүгийн байшингийн хаалганы даруулга төмрийг эвдээд дотор нь байсан эд зүйлсийг аваад явсан байсан. Манайх хаваржаан дээрээ байсан, харин манай хүү Мөрөн багийн Б гэх газар отор хийж явсан манай өвөлжөөний ойр орчим айлгүй байсан. Манайхаас эрэгтэй хүний мөнгөн бүс, ноолууран цамц, эрэгтэй хүний хурган дотортой дээл алга болсон. Манай хүүгийн байшингийн даруулга төмрийг нь эвдсэн байсан, харин манай байшингийн хаалгыг нь эвдээд доогуур нь сөхөөд орсон байсан, тухайн үед авч байсан зураг нь байхгүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 26-27 дугаар тал/

 

*Гэрч З.Гын өгсөн:

“...2021 оны 05 дугаар сард надад М /Т.Б/ нь мотоциклтой ганцаараа ирээд зарах юм байна та үзэх үү гэхээр нь үзэхэд хурган дотортой бор өнгийн дээл мөнгөн бүс, монгол гутал үзүүлсэн мөн бугуйлын сур байсан. Тэгэхээр нь би хурган дотортой дээл, мөнгөн бүс хоёрыг нь хязаалан үхрээр өгөх юм уу гэсэн чинь М /Т.Б/ тэг тэг гээд би үстэй дээл, мөнгөн бүсийг нь худалдан авсан. Худалдан авсан эд зүйлийнхээ оронд хязаалан үхэр өгсөн. М нь /Т.Б/ аваад явсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 29-30  дугаар тал/

 

*Гэрч Х.Пгийн өгсөн:

“...Би худалдаж аваагүй сонгууль болдог өдөр тэр М /Т.Б/ гэх залуу монгол гутал, бугуйлын сур тоглоомд уралдуулан тоглуулах гэж байсан. Би уг тоглоомд бүдүүрсэн эм ямаа өгч нийт 5 хүн тоглоод уг тоглоомд би хожиж  монгол гутал авсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 32-33 дугаар тал/

 

*Гэрч Г.Сгийн өгсөн:

“...Би М /Т.Б/ гэх залууг танина 2021 оны хавар монгол гутал уралдуулан тоглох үед нь харж байсан өөр ямар нэгэн холбоо байхгүй тэр үед М /Т.Б/ гэх залуу үстэй дээл байгаа авах уу гэхэд нь хийсэн бэлэн үстэй дээл байгаа юм бол авна гэж хэлж байсан. Би тэр залуугаас Бор өнгийн хурган дотортой үстэй дээл 800,000 төгрөгөөр худалдаж авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 35-36 дугаар тал/,

 

*Гэрч Г.Гын өгсөн:

“...2021 оны 05 дугаар сарын 20-ны үеэр манай эхнэрийн дүү Б.Б нь Архангай аймгийн Хангай сумын Ноёнхангай багийн төвд Архангай аймгийн Хангай сумын ...... иргэн Т.Бтэй тааралдсан чинь шинэ мотоцикл худалдаж авсан хуучин унаж яваа мотоциклоо зарна гэхээр нь Б.Б сонирхоод үнэ ханшаа 200,000 төгрөгөөр тохироод Т.Бөд 50,000 төгрөг өгөөд үлдэгдэл 150,000 төгрөгийг нь сүүлд өгөхөөр болоод Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг нь авсан юм удалгүй Б.Б 4-5 хоногийн дараа Улаанбаатар хот орж барилгын ажил хийхээр болоод надад Б.Б та малдаа унах уу би Т.Бөөс авсан Мустанг-5 загварын улсын дугааргүй улаан өнгийн мотоциклыг зарахаар боллоо гэхээр нь би Б.Бд 100,000 төгрөг өгөөд Архангай аймгийн Тэрх багт өөрийн малдаа явж байсан. Харахад өнгө хуучин харин мотор нь шинэ байсан. Надад задарснаараа яг хэвээрээ байгаа би түлхүүрээ хаяад кундатор сольсон, өөр зүйл хийгээгүй. Би мөнгийг бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 43-44 дүгээр тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 689 дугаартай:                   “...Мустанг-5 маркийн мотоциклийн үнэ 900.000/есөн зуун мянга/ төгрөг, хурган дотортой дээлийн үнэ 1.100.000/нэг сая нэг зуун мянга/ төгрөг, мөнгөн бүсийн үнэ 350.000/гурван зуун тавин мянга/ төгрөг, бугуйлын сурын үнэ 150.000/нэг зуун тавин мянга/ төгрөг, хурган дотортой дээлийн үнэ 900.000/есөн зуун мянга/ төгрөг, монгол гутлын үнэ 1.400.000/нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөг, монгол гутлын үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, нийт 5.800.000/таван сая найман зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/1-р хх-ийн 14 дүгээр тал/

 

*Хохирогч Н.Пийн өгсөн:

“...2020 оны 04 дүгээр сарын 18-ны орой 18 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын ....... байдаг өөрийн гэрийн хашааны гадаа малдаа явж ирээд Цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг данхраадаад тавьсан байж байгаад  орой 21 цаг 30 минутын үед гэрээсээ гарч ирээд мотоциклоо хашаандаа оруулах гэтэл миний хашааны гадна орхисон байсан цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл  алга болсон байсан. Тэгэхээр нь сумын төвөөр таньдаг мэддэг хүмүүсээс сугалаад гарч ирэхгүй байхаар нь хулгайд алдсан байна гэж өөрөө бодоод  орхисон. Тэгээд битүүхэн ор дотны хүмүүстээ захиад байж байтал Тариат сумын Бөөрөлжүүт багийн иргэн  Л.Ц гэдэг хүн унаж ашиглаж байгаа сураг гарахаар нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн. Миний жолоодож байсан Цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл нь хоёр тольгүй шинэ мотоцикл байсан. Би уг Цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг шинээр нь 2019 оны 11 дүгээр сард нутгийн иргэнээс худалдан авч байсан. Би уг Цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр худалдан авч байсан. Гаалийн бичиг болон мотор рамын дугаар байхгүй. Надад миний алдсан мотоциклийн зураг байхгүй харин нь би алдсан мотоциклио харвал өөрөө шууд танина. Би Архангай аймгийн Тариат сумын Бөөрөлжүүт багийн иргэн Л.Ц гэдэг хүнийг сэжиглэж байгаа. 2020 онд цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл ховор цөөхөн зарагддаг байсан тухайн үед сумандаа би ганцаараа цагаан өнгийн Даюун маркийн мотоциклтой байсан юм тэгээд би өөрийн сумын залгаа Тариат сумын төвд тандаг хүмүүсээс алдсан мотоциклио сураглаад байж байтал нутгийн хүмүүс Л.Ц хоёр жилийн өмнө Цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл худалдаж авсан гэхээр сэжиглэж байгаа. Би гомдолтой байна, миний алдсан мотоцикль шинэ байсан тул 2.000.000 төгрөгийг нэхэмжилж байна..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 99-101 дүгээр тал/

 

*Гэрч Н.Оийн өгсөн:

“...Тухайн өдөр би Өндөр-Улаан суманд байх өөрийн гэртээ байсан. Тэр өдөр ажил дээрээ байж байгаад орой гэртээ ирээд оройн хоолоо хийж идчихээд мотоцикл машинаа оруулах гээд манай нөхөр гэрээсээ гарсан. Тэгсэн манай цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл байхгүй байсан. Тэгээд нөхөр бид хоёр сумын төвөөр хайсан боловч олоогүй. 2019 оны 11 сарын үед нутгийн иргэнээс худалдан авсан улсын дугааргүй байсан. Манайх нутгийн нэг хүнээс 2.000.000 төгрөгөөр худалдан авч байсан тухайн үед нь мөнгийг нь бэлэн өгөөд авч байсан болохоор мөнгө төгрөгийн асуудал байхгүй. Бараг шинэ мотоцикль байсан, 2 тольгүй байсан. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй, харин манай нөхөр Тариат сумын нэг хүнийг сэжиглэж байгаа гэж хальт ярьж байсан би хэнийг сэжиглэж байгаа талаар нь мэдэхгүй байна. Мотоциклийн хохирлоо барагдуулж мотоциклоо олж авмаар байна...”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 103-104 дүгээр тал/

 

*Гэрч Ч.Лгийн өгсөн:

“...Манай хүүхэд Л.Ц нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотоос Мустанг-5 маркийн мотоцикл авч ирээд гэрийнхээ гадаа угсарч янзлаад шинээр ашигласан. Манай хүү Л.Ц нь үхэр хоньтойгоо оторт яваад 2020 оны 05 дугаар сард гэртээ ирэхдээ өөрийн Мустанг-5 маркийн мотоциклийн мотор дугуй нь муудахаар нь Архангай аймгийн Тариат сумын иргэн О.Н гэх хүнээс хонь ямаагаар мотор дугуй авч сольсон гээд Мустанг-5 маркийн мотоциклоо Даюун маркийн мотор тавьсан байсан. Би Л.Цыг хэзээ мотор дугуйгаа сольсныг мэдэхгүй байна....”гэх мэдүүлэг/1-р хх-ийн 115-116 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 744 дугаартай:

“...Улсын дугааргүй Даюун маркийн мотоциклийн үнэ 1.900.000/нэг сая есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 123 дугаар тал/

 

*Хохирогч Г.Эгийн өгсөн:

“...Манайх 2021 оны 03 дугаар сарын сүүлээр 04 дүгээр сарын эхээр өөрийн үхэр сүргээс уруудсан байсан үхрээ хайж явж байхад манай үхэр Мөрөн багийн доохон талд очиж хоносон байсан. Тэгээд манай 2 шүдлэн үхэр бяруу 4 ширхэг байхгүй байна гээд үхрээ туугаад ирсэн. Тэгээд би тэр хавиар нь хайж үзсэн боловч байхгүй байсан. Би 2 шүдлэн үхэр, 4 бяруугаа булан орсон байх хэд хоногоос өөрсдөө гараад ирэх байх гэж бодоод нэг их хайгаагүй. Тэгээд гарч ирэхгүй болохоор нь хулгайд алдсан юм байна гэж бодсон манайх байнга үхрээ хураадаг байсан. Бяруу шүдлэн үхэр алдагдах үед манайх үхрээ хурааж чадалгүй 2 шөнө хээр хонуулсан эхний шөнө гэрээс доошоо бараа нь харагдаад хоносон байсан. Би өглөө нь дурангаар барааг нь харсан тэгээд тэр оройгоо хурааж чадалгүй дахин хээр хонуулсан өглөө үхэр харагдахгүй болохоор нь би хүүхэд болох Э.Ш, Баяржавхлан нарыг явуулсан. Үдээс хойш үхрээ олоод ирсэн. Хоёр шүдлэн үхэр, 4 тооны бяруу байхгүй байсан. Би М, О.Н нарыг авсан байх гэж бодож байгаа учир нь би танай хүүхэд чинь манай үхрийг хулгайлсан байна гэж аавд ээжид нь хэлж байсан. Ээж манай хүүхэд нэг үхрийн мөнгийг нь авсан гэсэн. Харин бусдыг нь М авсан гэж байна лээ гэж хэлж байсан. Би миний хохирлыг бүрэн барагдуулах юм бол цагдаад мэдэгдэхгүй байя гэж бодож байсан боловч одоог хүртэл тоохгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 233-235 дугаар тал/

 

*Гэрч П.Оын өгсөн:

“...2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үед 2 сарлаг шүдлэн үхэр, 4 тооны бяруу алдсан. Манайх хамт байдаг болохоор би хамт хайсан боловч олдоогүй бас хамт Д ах хамт хайсан. Үхэрээ доошилж уруудуулаад хурааж чадахгүй  2 хоносон гэж байсан. Тэгээд хураагаад ирсэн чинь 6 тооны үхэр байхгүй байна гээд хайж эхэлсэн. Мөрөн багийн урдаас алдсан байх. Халтар хар, хөх зүсмийн үхрүүд байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 240-241 дүгээр тал/

 

*Гэрч Ю.Дийн өгсөн:

“...Тэр үед манайх Этай саахалт хаваржиж байхад 2021 оны 04 дүгээр сарын 1-5-ны өдрийн хооронд үхрээ хурааж чадахгүй  2 хоног хээр хонуулсан чинь 6 тооны үхэр алга болсон байна. хамт яваад хайгаад өгөөч гэсэн тэгээд П.О Г.Э бид 3 хэсэг хугацаанд хайсан боловч олдоогүй, 2 шүдлэн, 4 бяруу алдсан. Эм тэмдгийг нь сайн мэдэхгүй байна. үхэр олдох үедээ хээр 2 хонуулсан. Хурааж чадахгүй байсаар гэж  ярьж байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 243-244 дүгээр тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...Надад Г.Э нь өөрөө танай хүүхэд О.Н, М 2 манай 2 тооны шүдлэн үхэр, 4 тооны бярууг хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү О.Наас Дийн 6 тооны үхрийг авсан юм уу гэж асуусан чинь ээжээ 2 тооны шүдлэн үхэр, 4 тооны сарлагийн бяруу авсан юм уг 6 тооны үхрээс 1 тооны үхрийн мөнгийг нь сүүлд М надад өгсөн юм. 1 тооны үхрийн мөнгийг нь би төлнө. М бусад 5 тооны бяруу шүдлэн үхрийн мөнгийг М өөрөө авсан. Хааш нь зарж борлуулсныг нь би мэдэхгүй байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дид хандан манай хүүхэд 1 тооны шүдлэнг нь авсан. М ах надад нэг шүдлэнгийн мөнгө өгсөн гэж байна. Тэгэхээр би чамд 1 шүдлэнг нь үхрээр нь өгье. Бусдыг нь Моос чи өөрөө авчих гэсэн чинь Д за гэж байсан. Одоо 1 тооны шүдлэн үхрийн хохирлоо манайхаас үхрээр нь аваагүй байгаа. Уг хэргийг манай хүү О.Н, М нар нь үлдээд М нь сүүлд нь манай хүүд нэг шүдлэн үхрийн мөнгө өгсөн байсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 246-247 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 743 дугаартай:

“...2 тооны шүдлэн үхрийн үнэ 1.700.000/нэг сая долоон зуун мянга/ төгрөг, 4 тооны сарлагийн бярууны үнэ 2.400.000/хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг, нийт 4.100.000/дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 03 дугаар тал/,

 

*Дамно ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн АА-22-47 дугаартай:

“...1996 онд үйлдвэрлэгдсэн, 1998 онд Монгол улсад бүртгэгдсэн, УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн үнийг 495.000/дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 34-37 дугаар тал/

 

*Хохирогч Д.Цын өгсөн:

“...Манайх 2021 оны 04 дүгээр сарын 16-ны үед Өндөр-Улаан сумын ......газраас өөрийн үхэр сүрэг дотроос 3 сарлагийн үнээ, 1 сарлагийн шүдлэн гунж, 1 хайнагийн үнээ алдсан. Уг алдсан үхрүүд маань бүгд тугаллах үнээ байсан. Би алдсан үнээгээ хайж, 2 сар шахуу Хангай, Тариат сумдаар явсан тэр үед хамаатан садны Г гэх айлын 18 тооны үхэр алдаад Г ах бид 2 Хангай сумын /мохнор/ хочтой Т.Б, О.Н гэх 2 залуутай Хангай суманд уулзсан. Г ахын алдсан 18 тооны үхрийг авсан нь тодорхой болсон байсан. Тэгэхээр нь би О.Н, Т.Б нарт хандан та манай үхрийг авсан байна би авмаар байна гэж хэлсэн чинь тэр 2 бид 2 аваагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгвэл цагдаад хэлээд учраа олно гэж хэлсэн чинь та байж бай бид 2 эхлээд Гийн 18 тооны үхрийн асуудлыг шийдэж өгье гэхээр нь би за тэг тэг гэж хэлсэн. Тэгээд манайхан зусланд буугаад байж байхад О.Н нь 18 тооны үхрийг туугаад ирсэн. Тэгэхээр нь би за одоо миний үхрийн асуудлыг шийдэж өг гэсэн. Тэгсэн чинь О.Н нь бид нар үхрийг чинь аваагүй гэхээр нь би цагдаад хэлж шалгуулна гэж хэлсэн чинь та битгий хэл би тэнсэнтэй байгаа таныг би хохиролгүй болгож өнгө гэсэн. Тэгээд бид нар тэрнээс хойш зөндөө олон удаа утсаар ярьсан. Заримдаа таны үхрийг бид нар авсан төлж өгнө гэдэг, заримдаа аваагүй гээд байдаг юм. Тэгээд би О.Н, Т.Б нарт хандан та нар үнэндээ аваагүй юм бол би та 2-ыг гүтгээд яах вэ гэсэн чинь бид нар таны үхрийг авсан юм. Бид төлөөд өгнө гэсэн. Тэгээд дараа би зун Мын гэрт нь очоод нөгөө О.Н чинь нэг болохоор үхэр авсан заримдаа бид 2 аваагүй гээд байна. Ямар учиртай юм бэ гэсэн чинь би сайн мэдэхгүй байна гэж байсан. Тэгснээ манай гадаа байгаа О.Нын УАЗ-469 маркийн автомашиныг хохиролдоо авах уу гэсэн. Тэгэхээр нь би тэрүүгээр чинь яах бэ гэж хэлсэн. Тэгээд дараа нь бүр зун О.Нтай нь утсаар ярьсан чинь таныг хохиролгүй болгож өгнө, та хохиролдоо нэг шарга морь авах уу гэж асуусан. Тэгэхээр нь би авахгүй гэж хэлсэн тэгээд намар 10 сард би утсаар яриад Улаанбаатар хот явах гэж байна. Надад мөнгө төгрөгийн хэрэг болоод байна гээд О.Нтай нь утсаар ярьсан. Тэгсэн О.Н нь 250.000 төгрөг хийсэн. Тэгэхээр нь би О.Над чи хоёрын хооронд ийм мөнгө хийгээд байхдаа яадаг юм бэ гэж хэлсэн чинь утсаа салгасан. Тэгээд би залгаад байсан чинь утсаа авахгүй байсан. Дараа нь Т.Б залгаад одоо би төв ороод 1.000.000 төгрөг хийе. Одоо төв орох гэж байна гэж байсан. удалгүй нэг хүүхэн залгаад Мын эхнэр байна 1.000.000 төгрөг хийсэн шүү гэж хэлсэн. Тэгээд чимээгүй байж байгаад О.Н нь над руу нэг мессеж бичсэн байсан. Тэгээд таг байж байгаад цагдаад баригдсан сураг байсан. 2022 оны 01 дүгээр сарын 05-06-ны үед О.Нын ээж нь над руу яриад чи юун хүн бэ гэж асуухаар нь би үхэр алдсан юм аа, О.Н, М нар нь манай үхрийг хулгай хийсэн. Миний хохирлыг барагдуулахгүй байна гэж хэлсэн чинь ээж нь харин тийм гэнэ ээ би сая л мэдлээ. Миний дүү битгий цагдаа, шүүх гэж яваарай би хохирлыг чинь бүрэн барагдуулна гэж хэлсэн. Хэд хоногийн дараа 2 сая төгрөг, 750.000 төгрөг, 1.000.000 төгрөгийг 3 хувааж гүйлгээний утга дээр нь Б гэсэн утгатай нийт 3.750.000 төгрөг хийсэн. Ээж нь залгаад мөнгө хийсэн шүү гэж байсан. Тэрнээс хойш холбоо бариагүй. Миний үхрийг огт аваагүй байсан бол 5.000.000 төгрөг надад өгөхгүй, бас над руу бичсэн мессеж нь байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 76-78 дугаар тал/

 

*Гэрч М.Эгийн өгсөн:

“...Манайх Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Их шавар гэх газар 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хаваржиж байхад манай үхэр сүргээс 4 тооны сарлагийн хээлтэй үнээ, мөн хайнагийн нэг хээлтэй үнээ, үхэр сүрэг дотроосоо алга болоод манай нөхөр Д.Ц ойр орчмоор хайгаад олохгүй байж байтал удалгүй манай ахын үхэр алга болоод манай нөхөр Д.Ц, Г нар нь алдсан үхрийн араас яваад Хангай сумаас олоод хулгай хийсэн О.Н, Т.Б нартай манай нөхөр уулзсан чинь Цагдаагийн байгууллагад битгий мэдэгдээрэй  танай 5 тооны үхрийг бид хоёр хулгай хийсэн нь үнэн, танай хохирлыг бүрэн барагдуулна гэж байна гээд манай нөхөр П.Ц ирсэн. Удалгүй 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 1.250.000 төгрөг дараа нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.750.000 төгрөгийг миний Хаан банкны 5141179897 дансанд О.Н, Т.Б нар нь нийт 5.000.000 төгрөг шилжүүлсэн. Одоо  О.Н, Т.Б нар нь манай үхрийн мөнгө болох 1.800.000 төгрөг дутуу байгаа болохоор манай нөхөр Д.Ц цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 81-82 дугаар тал/

 

*Гэрч С.Бын өгсөн:

“...О.Н нь манай хүүхэд байгаа юм. Би Өндөр-Улаан сумын Бэлхи багийн иргэн Д.Ц гэх хүнийг танихгүй харж байгаагүй. 2021 оны 12 дугаар сард нэг удаа утсаар ярьсан. 12 дугаар сард миний 98950605 дугаарын утас руу нэг залуу залгаад сайн байна уу та О.Нын ээж мөн үү гэсэн тэгэхээр нь мөн байна гэсэн чинь танай хүү О.Н, М нар манай 5 үнээг авсан байна. Тэгээд О.Н 1.350.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгө болох 3.750.000 төгрөг төлөх хуцааг нь их удаан харлаа. Та 3.750.000 төгрөг өгөхгүй бол би шүүхэд нь өглөө гэхээр нь би О.Наас Чулуут сумын гүүрэн дээрээс нэг хүний 4 тугалтай сарлагийн үнээ, 1 хайнагийн үнээ авсан юм уу гэсэн чинь манай хүү тиймээ ээжээ би 1.350.000 төгрөг өгсөн. Одоо үлдэгдэл 3.750.000 төгрөг өгчих юм бол цагдаад хэлэхгүй гэж байна лээ гэхээр нь би Чулуутын гүүрний залуугийн эхнэрийн данс руу 3 удаагийн гүйлгээгээр 3.750.000 төгрөг хийсэн. Эхнэр нь Э гэх хүн байсан. Би хүү О.Наас уг 5 тооны үнээг авсан юм уу хааш нь зарж үрсэн юм бэ, тэрний чинь мөнгө байхгүй юм уу гэж асуусан чинь манай хүү надад хандан ээжээ хүүгээ уучлаарай хүү нь наадах 5 тооны үнээг чинь авсан юм аа гэж хэлсэн. Тэгэхээр нь хааш нь зарсан юм гэсэн чинь дуугарахгүй байсан. Тэгэхээр нь миний хүү л юм чинь гээд өөрөөсөө 3.750.000 төгрөг төлж барагдуулсан. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 92-93 дугаар тал/

 

*Хас үнэлгээ ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 743 дугаартай:

“...4 тооны сарлагийн үнээний үнэ 4.000.000/дөрвөн сая/ төгрөг, 1 тооны тугалтай хайнагийн үнээний үнэ 1.000.000/нэг сая/ төгрөг, нийт 5.000.000/таван сая/ төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт/хх-ийн 98 дугаар тал/,

 

*Хаан банкны 5141179897 дугаартай иргэн М.Эгийн дансны хуулга/2-р хх-ийн 98 дугаар зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Б, О.Н нар нь бүлэглэн хохирогч Б.И, Ж.Б нарын орон байранд хаалганы цоожийг эвдэж, хөшиж буюу бусдын эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч Мустанг 5 мотоцикл, хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн бүс 1 ширхэг, бугуйлын сур 1 ширхэг, монгол гутал 2 ширхэг зэрэг эд зүйлс хулгайлсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийн шинжийг,

Мөн машин механизм ашиглан бусдын 2 тооны сарлагийн шүдлэн үхэр, 4 тооны бяруу зэргийг буюу бусдын олон тооны малыг хулгайлсан, хохирогч Д.Цын 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлсан үйлдэл нь бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр  бусдын олон тооны малыг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн шинжийг,

шүүгдэгч О.Н нь хохирогч Н.Пийн цагаан өнгийн Даюун маркийн улсын дугааргүй мотоциклийг хулгайлсан үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлсан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх ба Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.Б, О.Н нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар,

шүүгдэгч О.Над холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан,  хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрт хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Прокурор  шүүгдэгч Т.Б, О.Н нарын бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамласан байх бөгөөд шүүгдэгч Т.Б, О.Н нар нь бүлэглэн, нэг цаг хугацаанд нэг объектод халдаж дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул үргэлжилсэн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхгүй, харин шүүгдэгч О.Н нь ганцаараа болон бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн.  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж Эрүүгийн хуульд заасан тул түүний ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдсэн хулгайлах гэмт хэрэгт дээрх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг журамлан, аль хүнд зүйлчлэлээр нь зүйлчлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлхи багийн нутаг дэвсгэрт бэлчээрлэж байсан хохирогч Д.Цын 5 тооны үхэр буюу олон тооны малыг хулгайлж, хохирогч Д.Цод 5.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2022 оны 04 дүгээр 16-ны үеэр гэж зөрүүтэй бичсэн байна. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 136 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа дээрх алдааг зөвтгүүлэхээр заасан боловч засалгүй ирүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д гэмт хэрэг гарсан байдал буюу цаг хугацааг шүүх хуралдааны явцад тогтоож болохоор заасан тул хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэгт үндэслэн хохирогч Д.Цын 5 тооны үхэр хулгайлсан цаг хугацааг 2021 оны 04 сарын 16-ны үеэр гэж зөвтгөн шийдвэрлэлээ.

           Шүүхээс шүүгдэгч Т.Бийг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, О.Ныг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн шүүгдэгч Т.Б, О.Н нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

   Хохирол хор уршгийн талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.Ид 5,800,000 төгрөгийн, хохирогч Г.Эд 4,100,000 төгрөгийн, хохирогч Д.Цод 5.000.000 төгрөгийн, хохирогч Н.Пид 1,900,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдсон, шүүгдэгч Т.Б, О.Н нар нь шүүх хуралдаанд хохирол төлсөн талаар нотлох баримтыг ирүүлсэн, хохирогч нар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 Шүүгдэгч Т.Б, О.Н нар нь урьд ял шийтгэл эдэлж байсан болох нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 168, 169 дүгээр тал/ тогтоогдож байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөнг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзаж, шүүгдэгч нарт Эрүүгийн хуульд хорих ялыг ялгамжтай оногдуулж шийдвэрлэх зүйтэй байна.

 

2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт “...Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж  7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “....Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4, 17.12 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж тус тус заасан байна. Шүүгдэгч Т.Б, О.Н нар нь 2021 оны 03 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үе,  2021 оны 04 дүгээр 16-ны үеэр бүлэглэн, машин механизм ашиглан, бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, мөн 2021 оны 05 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд багтаж байх ба шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо нөхөн  төлсөн болно. Иймд 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт  зааснаар оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж, тэдгээрт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж  шийдвэрлэв.

Мөн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4-т “...Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж заасан шүүгдэгч нар нь өмнө шүүхээр ял шийтгүүлж, тус өршөөлийн хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн байх болов Өршөөл үзүүлэх тухай хуулийн нэг эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ гэж заасан бөгөөд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан байна. Иймд шүүгдэгч О.Над Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4/дөрөв/ жил 7/долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Бөд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жил 5/тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоож, шүүгдэгч О.Н, Т.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр өөрсдийн оршин оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч О.Над 4/дөрөв/ жил 7/долоо/ сарын хугацаанд, Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс явахыг шүүгдэгч Т.Бөд 4/дөрөв/ жил 5/тав/ сарын хугацаагаар хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник,  хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж тус тус хуульчилсан байна. Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Т.Б, О.Н нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 495.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.Бийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 6/зургаа/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хасаж, шүүгдэгч О.Н нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Боржигин овогт Тийн Бийг бусадтай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, Б овогт Оы Ныг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн шүүгдэгч Боржигин овогт Тийн Б, Б овогт Оы Н нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.Ныг 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Т.Бийг 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4-т зааснаар шүүгдэгч О.Ныг 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Бийг 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

             3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Т.Б нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч О.Над Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Бөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан  2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар хорих ялыг 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус өршөөн дүйцүүлэн сольсугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3, 2021 оны 07 сарын 01-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн  12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Над Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 4/дөрөв/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2,  2.4-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/  сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн эдлэх ялыг 4/дөрөв/ жил 7/долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч Т.Бөд Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 2/хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар оногдуулсан 2/хоёр/ жил 3/гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4/дөрөв/ жил 5/тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус тогтоосугай.

     

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Т.Б нар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, шүүгдэгч О.Н нь өөрийн оршин суух Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрээс явахыг 4/дөрөв/ жил 7/долоо/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.Б нь өөрийн оршин суух Архангай аймгийн Хангай сумын нутаг дэвсгэрээс явахыг 4/дөрөв/ жил 5/тав/ сарын хугацаагаар тус тус хориглосугай.

    

             7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Н, Т.Б нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

             8. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийн цагдан хоригдсон 6/зургаа/ хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас хассугай.

 

             9. Шүүгдэгч О.Н, Т.Б нарт хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч  О.Н, Т.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашины үнэ болох 495.000/дөрвөн зуун ерэн таван мянга/ төгрөгийг шүүгдэгч тус бүрээс  хувь тэнцүүлэн гаргуулж /тус бүр 247.500/ хураан улсын орлого болгосугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

            12. Шүүгдэгч О.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            14. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.Н, Т.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР