Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2021/01143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг давхарт байрлах, И ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, Ш.А-д холбогдох 148.614,93 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш.Ань манай компанитай 2020-02-12-ны өдөр L******* дугаартай хэрэглээний зээлийн зориулалттайгаар цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.2 дахь хэсэгт заасан “Цахим зээл гэж - зээлдэгчийн ББСБ-д илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг” мөн 1.3.12 дахь хэсэгт заасан “Цахим покет гэж-аппликейшн дээр харилцагчийн үүсгэн удирдах тухайн харилцагчийн мөнгөн хөрөнгийн дүн болон гүйлгээний мэдээллийг агуулсан харилцагчийн цахим дансыг” ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” хэмээн заасны дагуу Ш.А-ын цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшний ******* дугаартай зээлийн дансанд 2020-02-12-ны өдөр 92.000 төгрөгийн зээлийн олголтыг хийсэн.

Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан байдаг. Зээлдэгч Ш.А нь 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 92000 төгрөгийн зээлийн хугацааг 60 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан. “Цахим зээлийн эрх нээх гэрээ”-ний онцлог нь зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл болон үйлчилгээний төлбөр болох шимтгэлийг хугацаандаа төлсөн тохиолдолд зээлийн хүү төлдөггүй. Харин эргэн төлөлтийн хугацаандаа үндсэн зээл, шимтгэлийг төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоногоос эхлэн зээлийг ашигласан хариу төлбөр болох хүү, түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг хүлээдэг.

Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчиж, зээлийн төлбөрийг төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэсрүү нь мэдэгдэл удаа дараа хүргүүлсэн боловч зээлээ хугацаандаа төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ зөрчсөн тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна. Үндсэн зээл 92.000 төгрөг, шимтгэл 12.900 төгрөг, үндсэн хүү 29.429,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4785,01 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбоотой зардал 9.500 төгрөг, нийт 148.614,93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нотариатын зардлыг буруу тооцоолсон тул 1500 төгрөгнөөс татгалзаж, 147.114,93 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч И ББСБ ХХК хариуцагч Ш.А-с зээлийн гэрээний үүрэгт 148.614,93 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлага 1500 төгрөгөөс татгалзаж, 147.114,93 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн.

Хариуцагч Ш.А-д шүүхээс 2021-03-04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. /хх-ийн 17-19 тал/

Зохигчийн хооронд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр L******* дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, 92000 төгрөгийг 60 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байна. /хх-ийн 8-12 тал/

Хариуцагч Ш.А-д нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг тайлбарлан өгч, хариу тайлбар гаргах хугацаа 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр дууссан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан хуулийн хугацаанд хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч 14 хоногийн дотор хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж хуульчилжээ.

Шүүх хариуцагч Ш.А-д 2021-04-06-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2020-04-02-ны өдөр мэдэгдэх хуудсаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар мэдэгдсэн бөгөөд тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.

2021-04-09-ний өдөр товлогдсон шүүх хуралдааны зарыг 2020-04-06-ны өдөр мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ч хариуцагч дахин хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх хүсэлт гаргасныг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Ш.А-н эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3.-т зааснаар хариуцагчийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Ш.А-с 147.114,93 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.А-с 147.114,93 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ш.А-с 5063 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч И ББСБ ХХК-д олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА