Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/01299

 

 

 

 

                                               2021        05          12

                     101/ШШ2021/01299

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: 0 тоотод оршин байрлах, “Т” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: 0 тоотод оршин суух, Боржигин овогт Дулмаагийн Г /рд:0/-т холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,727,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай “Т” ХХК нь хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр иргэн Д.Г нь "Өнө Эрний Гүн Ухааны Судлалын Хүрээлэн" ТББ-аас эрхлэн гаргасан Дөрвөд овогтон номыг зарж борлуулах эрхийн дагуу захиалан бэлтгэсэн 10,000 ширхэг номыг зээлээр худалдан, худалдан авах Тэ-Ма-07/11-тоот гэрээг байгуулж 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдөр уг номыг хүлээн авч явсан юм. Гэрээний 2.2-т зааснаар гэрээний ерөнхий хугацаа 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болгох байсан. Гэрээнд заасны графикийн дагуу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 15,000,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг,  2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг төлж барагдуулахаар тохирсон байсан боловч хугацаандаа төлөлтөө хийгээгүй. Гэрээ байгуулснаас хойш 4,515,000 төгрөг төлж барагдуулсан. Иймд Д.Г ажил гүйцэтгэх гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул түүнээс гэрээний үлдэгдэл 40,485,000 төгрөг, гэрээний 6.2-т заасны дагуу алданги 20,242,500 төгрөг нийт 60,727,500 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ нь Дөрвөд овогтон номыг захиалж “Т” ХХК-иар хэвлүүлсэн. “Т” ХХК нь хэвлэлийн эхийн дагуу хэвлээгүй буруу хэвлэсэн учраас Увс аймгаас буцаан ачиж үйлдвэр дээр нь буулгасан. Улмаар хэвлэлийн компани хэвлэлийн алдааг дахин залруулж, ингэснээр борлуулах хугацаа алдагдсан. Энэхүү номыг худалдан борлуулах гэрээ хийж би дахин ачиж явсан боловч борлуулж чадаагүй. Ингээд аймаг сумуудын төв дээр үйлдвэрийн авдар савлагаатайгаа хадгалагдаж байгаа. Энэ номыг зөвхөн 3 удаа нааш цааш тээвэрлэсний зардалд 5,000,000 төгрөг үрсэн. Одоо энэ номыг буцаан татаж хэвлэлийн компанид тушаах боломжтой. Би энэ номыг зарж борлуулж ямар нэгэн ашиг олоогүй. Хэвлэлийн алдаа гаргаж товлосон цаг хугацаанаас хожимдуулж анхны гэрээг зөрчсөн учраас энэ ном борлогдох боломжгүй хүлээгдэж байгаа. Шаардлагатай тохиолдолд эдгээр номуудыг буцаан татаж буцаах боломжтой. Гэвч би хувиасаа 4,500,000 төгрөг төлсөн. Одоо энэ номнууд цас бороонд норсон байдалтай хадгалагдаж байгаа. Би энэ номыг зарж нэг ч төгрөг хувьдаа аваагүй. Би Гүн ухаан судлалын хүрээлэнд өөрийнхөө менежерийн ажлыг л гүйцэтгэсэн. Дөрвөд овогтон гэдэг 10,000 ширхэг номыг борлуулах төслийн дагуу борлуулалтын менежерүүдийг томилон ажиллуулахаар төлөвлөсөн. Борлуулалтын менежерүүд нь зөвхөн ноолуур самнах үеэр борлуулалтыг хийхээр тохирсон байсан. Манай борлуулалтын менежерийн багт 48 менежер 1 сарын хугацаанд ажиллахаар тохирсон байсан. Манай менежерүүд буруу хэвлэгдсэн номыг хэвлэлийн компанид буцаасан. Үүгээр анхны гэрээ хүчингүй болсон. Борлуулалтын менежерүүд тогтсон цагтаа ажлаар хангагдаагүй учир хугацаа алдаад хоцорсон. Одоо энэ ном сумуудад өрхийн тоогоор хадгалаатай байгаа. Энэ номыг буцаах тээврийн зардлын асуудлыг шийдэх юм бол бид буцаан татаж авчраад хэвлэлийн компанид буцаан тушаах боломжтой. Би Гүн ухаан судлалын хүрээлэнд менежерээр ажилласны төлөө уг төрийн бус байгууллагын өмнөөс хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна. Яагаад надад холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч ”Т” ХХК нь хариуцагч Д.Гт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,727,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан  байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдөр “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Тэпэ”ХХК нь Дөрвөд овогтон гэх нэртэй номыг А5, 400 нүүр хэмжээтэй, хавтас нь 250 гр шохойтой, матт бүрэлттэй, супер хавтастай,  дотор нь 70 гр гөлгөр шар цаас, нурууг нааж бэхэлснээр 10,000 ширхэг хэвлэх, “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ нь ажлын хөлсөнд 1 ширхэг номыг 4,500 төгрөг, нийт 45,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 14-17 дугаар тал/

 

Дээрх гэрээний дагуу “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын захиалгаар Дөрвөд овогтон номыг “Т” ХХК нь 10,000 ширхэг хэвлэж, “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын менежер Д.Гт хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй, тайлбарласан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хэн аль нь менежер Д.Гт 10,000 ширхэг номыг хүлээлгэн өгөхдөө 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулах замаар хүлээлгэн өгсөн талаар тайлбарласан ба уг гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдсан. /хх-ийн 12-13 дугаар тал/

Мөн “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/98 тоот албан бичигт “...Дөрвөд овогтон номын хэвлэлтээс гарсны дараах 10,000 ширхэг номын борлуулалтын эрхийг шилжүүлэн өгөх тухай “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүний шийдвэрийг баталгаажуулав. Дулам овогтой Ганхуяг нь “Т” ХХК-д хэвлүүлсэн 10,000 ширхэг Дөрвөд овогтой номыг борлуулан хэвлэлийн зардлын тооцоог “Т” ХХК-тай хийж дуусгавар болгох эрх үүрэг хүлээнэ. Үүгээр Д.Г нь бие дааж хуулийн этгээд ёсоор “Т” ХХК-тай гэрээ хийх эрх үүрэг хүлээж мөн төлбөр тооцоо эрх үүрэг оноогдов. Тиймээс цаашид Д.Г нь “Т” ХХК-ийн Дөрвөд овогтон номын талаарх асуудлыг шийдэх бүрэн эрхийг олгов. Борлуулалтын эрхийг Д.Гт олголоо” гэжээ.

 

Нэхэмжлэгч нь шаардах эрхийн үндэслэлээ дээрх 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ болон “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/98 тоот албан бичгийг үндэслэсэн.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-д борлуулалтын менежерээр ажилласныхаа төлөө уг байгууллагын захиалж хэвлүүлсэн номны төлбөрийг төлөх үндэслэлгүй” гэж маргасан.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Д.Г нь “...“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-д борлуулалтын менежерээр ажилладаг байх ба “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ нь маргааны зүйл болох Дөрвөд овогтон номыг 10,000 ширхгийг нэхэмжлэгч “Т” ХХК-иар хэвлүүлэх ажлыг гүйцэтгүүлжээ.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээдэг. Дөрвөд овогтон номыг хэвлүүлэх захиалга өгсөн этгээд “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ байхад нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийг уг төрийн бус байгууллагын ажилтан Д.Гаас шаардаж буй нь үндэслэлгүй байна.

 

Хариуцагч Д.Гтай байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 06-ны өдөр зээлээр худалдах, худалдан авах гэрээ нь нэхэмжлэгч “Т” ХХК нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэл болох 10,000 ширхэг номыг үүрэг гүйцэтгүүлэгч болох “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын ажилтан Д.Гт хүлээлгэн өгсөн харилцаа байна.

 

Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.3 дахь хэсэгт Гуравдагч этгээд хариуцлага хүлээхээр хуульд заагаагүй бол түүний гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн хариуцлагыг үндсэн үүрэг гүйцэтгэгч хариуцна” гэж заасан. Талуудын байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээгээр гуравдагч этгээд буюу ажилтан Д.Г нь хариуцлага хүлээхээр тохиролцоогүй байх тул нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг үндсэн үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь зүйтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан. Нэхэмжлэгч нь “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/98 тоот албан бичгийг үндэслэн “Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын төлөх өр нь хариуцагч Д.Гт шилжсэн гэх боловч уг албан бичиг нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй байна.

 

Мөн нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж байгаа тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан. Нэхэмжлэгч “Т” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хариуцагч Д.Гт холбогдуулан гаргасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 64,485,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ татан авсан болох нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШЗ2016/29837 дугаар захирамжаар тогтоогдсон. /хх-ийн 37 дугаар тал/

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь нэхэмжлэлээ татан авснаас хойш хариуцагч Д.Гт холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, цагдаагийн байгууллагаас гомдлыг хянан шийдвэрлэж, 2017 онд эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгосон талаар шүүх хуралдаанд талуудын хэн аль нь тайлбарласан, уг үйл баримтын талаар талууд маргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын тайлбар нотолгооны хэрэгсэлд хамаардаг.

 

 Нэхэмжлэгч нь 2017 онд эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болсноос хойш гэрээний үүрэг шаардах хугацаа тоологдож, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад заасан 3 жилийн хугацаанд гэрээний үүргийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа буюу 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан, эсхүл сэргээх нөхцөл байдал үүссэн талаарх баримт авагдаагүй. Нэхэмжлэгч нь уг үйл баримттай холбоотой бичгийн нотлох баримтаа хэрэгт цуглуулж өгөөгүй болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

    ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх заалтад тус тус зааснаар хариуцагч Д.Гт холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 60,727,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 461,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.БЯМБАЖАРГАЛ