Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2021/01281

 

 

 

 

 

 

 

 

2021           05          11                                        101/ШШ2021/01281

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаа  даргалж,

Нэхэмжлэгч: Б дүүрэг, тоотод оршин суух, Л.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б дүүрэг, тоотод оршин суух, Г.Б, Э ХХК-д холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.629.091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 4-р сарын 01-ний өдөр Л.Оаас Э ХХК-ийн захирал Б ирж барилгын материал бетон зуурмаг зээлээр авах санал тавьж 7 хоногийн дараа мөнгийг өгөхөөр тохиролцсон. Үйлдвэрлэл явуулдаг гэж Сонгинохайрхан дүүргийн 20-р хороонд байрлах түрээсэлж байсан үйлдвэрээ үзүүлсэн тул Г.Бд итгэж тухайн үеийн бетон зуурмагны ханшаар хэрэгцээтэй бетон зуурмагийг Л.О нийлүүлэх, Г.Б төлбөрийг 7 хоногийн дараа төлөх нөхцөлтэйгээр бетон зуурмаг зээлээр худалдах, худалдан авах гэрээг амаар хийж,  зуурмагаа доорхи байдлаар нийлүүлсэн. Үүнд:

1. 2017 оны 04 сарын 04-ний өдөр өдөр 180 м.куб буюу 27.252.000 төгрөгний бэлэн зуурмаг,

2. 2017 оны 04 сарын 19-ний өдөр 168 м.куб буюу 24.964.000 төгрөгний бетон зуурмагуудыг Хөшигтийн хөндийд Т ХХК-ийн хэрэгжүүлж байгаа хувийн хауснуудад аваачиж өгсөн.

3. 18.413.091 төгрөгний хайргыг СХД-ийн 20-р хороонд байрлах Б-н түрээсэлж байсан бетон зуурмагийн үйлдвэрт аваачиж буулгасан. Бетон зуурмаг болон хайрганы үнэ 70.629.091 төгрөгийг олон удаа шаардсан боловч өгөөгүй. Арга бараад цагдаад гомдол гаргаж эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулсан. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас иргэний эрх зүйн маргаан гэж үзэж гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж, 2020-04-01-ний өдрийн 225 хариу мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Г.Б нь Э ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь баримтаар нотлогдсон. Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйл 262.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-т зааснаар Э компаниас 70.629.091 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төв аймгийн Сэргэлэн сумын 2-р багийн нутаг дэвсгэрт баригдаж байсан Нью пеарл хотхоны барилгын цутгалтанд ашиглах бетон зуурмагийг нийлүүлсэн. Хариуцагч Г.Б нь Л.Оаас бетон зуурмаг худалдаж аваагүй, талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй бөгөөд харин Т ХХК нь тухайн бетон зуурмагийг өөрийн барьж буй барилгын ажилд ашиглахаар Л.О-с худалдаж авсан. Прокурорын байгууллагаас ирүүлсэн тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтад 2017-07-07-ны өдөр 70.629.691 төгрөгийн төлбөрийг буцааж өгнө гэсэн байгаа. 70.629.091 төгрөг дээр бол маргах зүйл байхгүй. Гэхдээ 2017-07-07-ны өдрөөс нэхэмжлэгч талын шаардах эрх үүсэж байгаа. Гэрээний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2020-07-07-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хөөн хэлэлцэх өнгөрсөн учир үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Нэхэмжлэгч тал 2021-01-27-ны өдөр шүүхэд хандсан хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шаардах эрхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Г.Б, Э ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.629.091 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А нар шүүхийн хэлэлцүүлгийн шатанд зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.629.091 төгрөгийг хариуцагч Э ХХК-иас гаргуулахаар тодорхойлсон.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н нь талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй, гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Э ХХК-ийн захирал Г.Б-тай амаар ярьж тохиролцсоны дагуу 70.629.091 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг нийлүүлсэн үйл баримт дээр талууд маргаагүй.

Хариуцагч Э ХХК нь төлбөрийг төлнө гэсэн хугацаандаа төлж барагдуулаагүй тул нэхэмжлэгч Л.О-н гомдлын дагуу Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газар 0 дугаартай хэргийг нээж шалгаж, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас гомдлыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэж 2020-04-01-ний өдрийн 225 тоот хариу мэдэгдэх хуудсаар хариу мэдэгджээ. /хх-ийн 4-5 тал/

Иймд нэхэмжлэгч Л.Оыг хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч Л.О хариуцагч Э ХХК-д 70.629.091 төгрөгний бетон зуурмаг нийлүүлсэн, хариуцагч төлбөрийг төлөхийг зөвшөөрч байсан болох нь хариуцагч Э ХХК-ийн захирал Г.Б-аас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт 2017-10-05-ны өдөр гэрчээр мэдүүлгийг өгөхдөө “зуурмагийг авсан Т ХХК-иас мөнгийг авахаар 70 сая төгрөгийг төлөхийг зөвшөөрнө” гэх мэдүүлэг, мөн тооцооны үлдэгдлийн баталгааны баримтууд, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна. /хх-ийн 29-31 тал/     

Хариуцагч Э ХХК-ийн захирал Г.Б амаар ярьж тохиролцсоны дагуу 70.629.091 төгрөгний үнэ бүхий бетон зуурмагийг авсан, төлбөрийг төлөх үйл баримт дээр маргаагүй.

 Зохигчдийн хооронд  Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

Иймд хариуцагч Э ХХК-иас бетон зуурмагийн үнэ 70.629.091 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Нэхэмжлэгч Л.О-с улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 511.095 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас 511.095 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож хуульд зааснаар хувиарлан шийдвэрлэх. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э ХХК-иас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 70.629.091 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.О-т олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 511.095 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Э ХХК-иас 511.095 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.О-т олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА