| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2021/01283/и |
| Дугаар | 101/ШШ2021/01448 |
| Огноо | 2021-05-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2021/01448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 0 давхарт оршин байрлах, “Б б” ХХК /рд:0/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн 0 тоотод оршин байрлах, “Б “ ХХК /рд:0/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н, хариуцагчийн төлөөлөгч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.Б, Г.Х, гэрч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“Б б” ХХК нь “Б “ ХХК-тай 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр №19/76 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж энэхүү гэрээгээр гүйцэтгэгч нь банкны Пос системд хөгжүүлэлт хийх, болон бусад ажлыг гэрээ байгуулснаас хойш 3 сарын хугацаанд хийх, захиалагч нь тогтоосон хугацаанд ажлын гүйцэтгэлийн хөлсийг төлөх үүрэг тус тус хүлээсэн. Энэхүү гэрээний дагуу захиалагч тал гэрээний урьдчилгаа болох 32,000,000 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэгч талын Голомт банк дахь 1415102044 тоот дансанд шилжүүлсэн. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээний үүргээ биелүүлж байгаа талаар газар дээр нь болон төлөвлөгөөт тайлан мэдээгээ хугацаандаа ирүүлэхгүй байх, явцын талаар худал мэдээлэл ирүүлэх болж улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөх үүрэг бүхий хугацаанаас өнөөдрийг хүртэл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөөгүй байна. Манай зүгээс шаардлагатай зарим материалыг хэд хоногоор хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдлыг харгалзан гэрээний үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоож гэрээний хугацааг сунгах санал тавьж байсан болно. Цаашид хариуцагч талтай хамтран ажиллах нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй гэрээний үүргийн гүйцэтгэл нь захиалагч талын үйл ажиллагаанд шаардлагагүй болсон байна. Иймд хариуцагчтай байгуулсан №19/76 тоот гэрээнээс татгалзаж , гэрээний урьдчилгаанд төлсөн 32,000,000 төгрөгийг гаргуулан “Б б” ХХК-ийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Бид гэрээтэй холбоотой ажлуудыг гүйцэтгэсэн. Ажил 70 хувьтай байгаа. Учир нь нэхэмжлэгч тал гэрээний 4 дүгээр зүйлийн 4.22-т заасан техникээр хангаагүй. Пос төхөөрөмжийг 2019 онд буюу гэрээнээс хойш 42 хоногийн дараа өгсөн, банкны системийн текийг гэрээний дараа өгөх байсан боловч гэрээ дууссанаас 28 хоногийн дараа буюу 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргаж өгсөн. Тестийн картыг 2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өгсөн. Тэр нь тестийн карт биш бодит карт байсан. Нэхэмжлэгч дандаа тестийн биш бодит зүйл гаргаж өгөөд байсан нь ажиллахад төвөгтэй байдал үүсгэдэг. И баримтын нууцлалтай холбоотой файлуудыг нэхэмжлэгч тал огт өгөөгүй. Би хурал бүрт ажлын явцыг үзүүлдэг байсан. Нэхэмжлэгч тал зарим девайсаа буцаагаад авчихсан. Зайнаас ажиллах ВПН-ыг мөн нэхэмжлэгч гаргаж өгөөгүй. Тиймээс гэрээг сунгах талаар бид ярилцсан боловч ковид гарснаас хойш бид ажиллаж чадахгүй байдалд хүрсэн. Тус төхөөрөмжийг 2020 оны 3 дугаар сард буюу 16 хоногийн хоцрогдолтой гаргаж өгсөн. Ингээд байж байтал гэнэт гэрээ цуцлах хүсэлт явуулдаг. Бид төлбөрийн 50 хувийг авсан, одоо ажлын 70 хувь хийгдсэн. Тиймээс бид ажлаа дуусгаж бүрэн төлбөрөө авах хүсэлттэй байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаад, түүнийхээ үндэслэлээ хариуцагч тал төлөвлөгөө, тайлангаа хугацаандаа ирүүлээгүй гэдэг. Гэтэл ямар хугацаанд, ямар ажил гэдэг талаар нэхэмжлэгч тал нотлоогүй. Ажлын явцын талаар худал мэдүүлэг ирүүлсэн гэдэг боловч ямар худал мэдүүлэг гэдгийг нотлоогүй. Одоо үр дүн ярьдаг боловч нэхэмжлэлийн шаардлагад байдаггүй. Хугацаа хэтрүүлсэн зөрчлийг Иргэний хуулийн 222.2-т “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан. Гэрээний 4.2.2-т зааснаар мэйл явуулсан, гэрч хүлээн авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Захиалагч нь гэрээний 5.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй. Үүнээс болж үүссэн нөхцөлийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Мөн хуулийн 223.2-т “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж заасан. Захиалагч шаардлагатай зүйлийг шаардсан талаар мэйл хэрэгт байна. Гэрчийн мэдүүлэг эх сурвалжаар давхар нотлогдож байх ёстой. Гэрээний хугацаа дууссаны дараа тэдгээр шаардсан зүйлсийг өгөөд байдаг. Гэрээнээс татгалзаж болохгүй талаар Иргэний хуулийн 225.4.3-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай” гэж заасны дагуу манайд шаардлагатай гэж үзсэн материалыг өөрсдөө шаардлагагүй гэж үзээд манайд гэрээний хугацаанд гаргаж өгөөгүй. Өнөөдөр огт ажил хийгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй зүйл ярьж байна. Гэтэл гэрч 2 терминал авсан, 1 дүгээр сарын 7-ны өдөр уулзалт хийсэнтэй маргаагүй. Нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй зүйл яриад байгаа нь бидний татгалзал гаргах эрхийг зөрчиж байна. 310 дугаартай мэдэгдэлд урьдчилан сануулсан, нэмэлт хугацаа сунгасан агуулга байхгүй байна. Өмнө нь хугацааг сунгах талаар хоорондоо ярьсан юм шиг байгаа юм. Гэрээний зүйлийг нэхэмжлэгч тал үргэлжлүүлэн гүйцэтгүүлж авах шаардлага байгаа буюу “манай банканд хэрэгтэй байгаа” гэж гэрч хэлсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэхийг хүсье. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Б б” ХХК нь хариуцагч ”Б “ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Б б” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр “Б “ ХХК-тай 19/79 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр “Б “ ХХК нь төлбөрийн картын дамжуулагч систем болон төлбөрийн карт уншигч төлөх төхөөрөмжийн программыг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг 90 хоногт гүйцэтгэх, “Б б” ХХК нь ажлын хөлсөнд нийт 64,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 10-16 дугаар тал/
Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Ажил гүйцэтгэх гэрээний дагуу захиалагч “Б б” ХХК-иас ажлын хөлсний урьдчилгаа төлбөрт 32,000,000 төгрөгийг гүйцэтгэгч “Б “ ХХК-д шилжүүлсэн болох нь төлбөр төлсөн баримтаар тогтоогдсон, талууд уг үйл баримтад маргаагүй. /хх-ийн 49 дүгээр тал/
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...гэрээгээр тохиролцсон хугацаанд ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч цаашид үр дүн гарахгүй болох нь тогтоогдсон тул гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцааж авна” гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ “...гэрээний дагуу гүйцэтгэх ажилд захиалагч талаас ирүүлэх техник болон нууцлалтай холбоотой файлуудаа өгөөгүй. Эдгээр зүйлсийг гаргаж өгөхийг удаа дараа хүссэн боловч захиалагчийн зүгээс өгөөгүйгээс ажлын үр дүн удааширсан. Одоо ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Захиалагч талын буруутай үйлдлийн улмаас гэрээгээр тохирсон хугацаанд ажлаа хүлээлгэж өгөх боломжгүй болсон” гэж тус тус тайлбарлаж, маргасан.
Талуудын гэрээгээр тохиролцсон гүйцэтгэвэл зохих ажил нь төлбөрийн картын дамжуулагч систем болон төлбөрийн карт уншигч төлөх төхөөрөмжийн программыг хөгжүүлэх, нэвтрүүлэх байх ба гэрээний хавсралт-1-д заасан нэр бүхий төлбөрийн гүйлгээтэй холбоотой системийн ажлуудыг гүйцэтгэхээр байна. Эдгээр ажил нь банкны гүйлгээний нууцлалд нэвтрэх замаар банкнаас картын төхөөрөмжийг тестээр авч, уг төхөөрөмжид төлбөр төлөх гүйлгээг нэвтрүүлж, и-баримт хэвлэх кью-ар код бүхий баримт хэвлэх төхөөрөмж /пос/ бий болгож, уг төхөөрөмжийг татварын төхөөрөмжтэй холбох зэрэг ажил болохыг шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон.
Эдгээр ажлуудыг гүйцэтгэхийн тулд гүйцэтгэгч “Б “ ХХК-ийн зүгээс дангаараа хариуцан гүйцэтгэх боломжгүй, тухайн ажлын онцлогтой холбоотойгоор захиалагч “Б б” ХХК-ийн оролцоо, хамааралтайгаар гүйцэтгэх ажил болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдсон. Тодруулбал,
Үзлэгийн тэмдэглэлээр гүйцэтгэгч “Б “ ХХК-иас ажил гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсүүд болох Худалдаа хөгжлийн банкны картын холболтын системийг ямар байдлаар холбох системийн мэдээлэл /spec/, тестийн орчны хандалт, тестийн терминал, тестийн карт, татвараас и-баримтын багцын эрх авах, файлууд, VPS бэлдэх, тестэнд ашиглах карт, чиптэй карт, бага дүнгээр тест хийх боломжтой үлдэгдэлтэй карт зэргийг гаргаж өгөхийг “Б б” ХХК-ийн ажилтан уг ажлыг банкны зүгээс хариуцсан программист болох М.Алтанзүрхэд болон банкны холбогдох хариуцсан ажилтан нарт тухай бүр мэдэгдэж байсан нь тогтоогдсон. /хх-ийн 53, 57, 59, 63 дугаар тал/
Дээрх үзлэгээс үзэхэд гүйцэтгэгчээс ажил гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсийг гаргаж өгөхийг захиалагчид гэрээний хугацаа дууссанаас хойш удаа дараа мэдэгдэж, талууд гэрээгээр тохиролцсон хугацаа дууссан боловч цаашид тодорхойгүй хугацаагаар гэрээг сунгаж, ажлыг гүйцэтгүүлэхээр тохиролцсон байна.
Талуудын болон гэрчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мэдүүлгээс тус тус үзэхэд “Б б” ХХК нь картын системийн холболтгүй тул Худалдаа хөгжлийн банкны нэвтрүүлсэн холболт дээр тулгуурлан картын систем нэвтрүүлэх ажлыг өөрийн банканд гүйцэтгүүлэх байсан. Уг картын системийн ажлыг гүйцэтгэхийн тулд захиалагч “Б б” ХХК нь Худалдаа хөгжлийн банкнаас холбогдох эрх, зөвшөөрөл авч өгөх, картыг туршиж үзэхийн тулд өөрийн банкны нууцлалд нэвтрэх эрхийг өгөх, картын төхөөрөмжөөр гүйлгээ гүйцэтгэж, уг гүйлгээ нь системд бүртгэгдэж байгаа эсэхийг шалгахын тулд мөнгөн хөрөнгөтэй туршилтын карт зэргийг “Б “ ХХК-д гаргаж өгснөөр гэрээгээр тохиролцсон ажлыг гүйцэтгэх нөхцөл боломж бүрдэхээр байжээ.
Гэвч захиалагч “Б б” ХХК нь гүйцэтгэгч “Б “ ХХК-ийг ажиллах нөхцөл боломжоор хангаагүй, ажил гүйцэтгэхэд шаардлагатай зүйлсээр хангаагүй байна. Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.3 дахь заалтад зааснаар гэрээнд заасан бол ажил гүйцэтгэхэд шаардлагатай материал, багаж, тоног төхөөрөмж, ажлын байр гаргаж ажил гүйцэтгэгчид шилжүүлэх нь захиалагчийн үүрэгт хамаарахаар байна.
Захиалагч “Б б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4-т заасан гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн ажлыг гүйцэтгэх нөхцөлөөр хангаж, шаардлагатай мэдээлэл, баримт, материал гаргаж өгөх, тоног төхөөрөмж, хэрэгцээт мэдээллээр зөвлөх үүргээ биелүүлээгүйгээс гүйцэтгэгч “Б “ ХХК нь ажлын үр дүнг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөх үүргээ хэрэгжүүлэх боломжгүй болжээ.
Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт “Хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтуудаар гэрээгээр тохиролцсон хугацааг хариуцагч “Б “ ХХК-ийн буруутай үйлдлийн улмаас хэтрүүлсэн гэж үзэхээргүй байна.
Гүйцэтгэгч “Б “ ХХК-ийн зүгээс гэрээгээр тохиролцсон ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ба захиалагч “Б б” ХХК-иас ажил гүйцэтгэхэд шаардлагатай системийн мэдээллийг гаргаж өгвөл ажил бүрэн дуусгахад бэлэн байгаа. Гүйцэтгэсэн ажил болох 70 хувийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгөхөд бэлэн гэж,
Захиалагч “Б б” ХХК-ийн төлбөрийн картын дамжуулагч систем болон төлбөрийн карт уншигч төлөх төхөөрөмжийн программыг хөгжүүлэх, нэвтрүүлэх ажлыг хариуцсан ажилтан буюу гэрч М.Алтанзүрхээс “...Битлайн ХХК-иар гүйцэтгүүлэхээр тохиролцсон ажил нь одоог хүртэл манай банканд хийгдээгүй, цаашид энэ ажил нь манайд хэрэгтэй” гэж тус тус тайлбарласан.
Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж зааснаар талуудын гэрээгээр тохиролцсон ажлын үр дүн нь захиалагчийн нөлөөгүйгээр хэрэгжих боломжгүй байхад захиалагч нь ажлын үр дүн бий болоход зайлшгүй шаардагдах үйлдлийг хийгээгүй тул гэрээний хугацааг захиалагчийн буруутай үйлдлээс хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь заалтад үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэж зааснаар нэхэмжлэгч “Б б” ХХК нь ажил гүйцэтгэх гэрээнээс хугацаа хэтэрсэн үндэслэлээр татгалзах эрхгүй.
Хэрэгт авагдсан баримтуудаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Б “ ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 32,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Б б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 317,951 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ