Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/883

 

Ц.С, Г.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Бүжинлхам,

яллагдагч Ц.С, Г.Г, тэдний өмгөөлөгч А.Оюун,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1085 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Бүжинлхамын бичсэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлээр Ц.С, Г.Г нарт холбогдох 1709011120141 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ш овгийн Цгийн С, 1983 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, банкны эдийн засагч мэргэжилтэй, “Ханбогд Иреита” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Шидэн Симэнс” ХХК-ийн Монгол Улс дахь захирал, “Алтан гэрэг финанс” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал, “Говь Оасис” ХХК-ийн гүйцэтгэх захирал зэрэг ажилтай, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 107-85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

            2. Г овгийн Г /Gong Ganbayar/, 1992 оны 2 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, химич мэргэжилтэй, “Ханбогд Иреита” ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хорооллын 107-85 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй;

 

            1. “Х Б” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Ц.С нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байхдаа Г овогтой Гтай бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Хаан” банкны салбар дээр тус компанийн “Хаан” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 5595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ву Вэнжианаас шилжүүлэн авахдаа хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж, зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г овогтой Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд “Х Б” ХХК-ийн дээрх данснуудаас 405,003,336.8 төгрөгийн, 509,150.0 ам.доллар буюу 1,227,952,695.5 төгрөг /ханш 2,411.77/, нийт 1,632,956,032.3 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан,

            2. Ц.С нь Г овогтой Гтай бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “Х Б” ХХК-иас завшсан 1,632,956,032.3 төгрөгөөс 350,000.0 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны 5079159190 тоот дансанд “Сэс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны 5079159190 тоот дансанд орсон 350,000.0 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH OT TANII ELECTRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414.84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.долларыг /113,848,984.11 төгрөг/ угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 8-наас 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан, “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2.300.000 юанийг Ц.Сувд-Эрдэнийн “Хаан” банкны юанийн 5130008277 тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2.300.000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon” /Ц Сэс 65 мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 сар 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан, түүнчлэн, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэмүүнзаяагийн данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Гаас гэж, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000.0 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Эйртикетэд 7,838,500.0, 2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн, мөн Ц.С нь Г овогтой Гтай бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК, “Алтан гэрэгэ ББСБ” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “Ханбогд-Оюу” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн Жералд аудитаар ХХК-иар тайлан гаргуулсан,

            3. “Ханбогд-Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Х Б” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж /Ц овогтой С 50%, Gong овогтой Ganbayar 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/, ногдол ашиг хувиарлах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Ханбогд-Оюу” ХХК-иас ногдол ашиг хуваарилав” гэсэн утгатай нөхөр Г овогтой Гын Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гарган өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж ашигласан,

            1. “Х Б” ХХК-ийн 5 хувийн хувьцаа эзэмшигч Г овогтой Г нь тухайн компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан явуулж, санхүүгийн баримтад хоёрдугаар гарын үсэг зурахаар итгэмжлэгдэн томилогдож ажиллаж байсан Ц.Стэй бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн “Хаан” банкны салбар дээр тус компанийн “Хаан” банк дахь төгрөгийн 5595102496, ам.долларын 5595121690, юанийн 595121689 дугаартай харилцах данснуудаас гүйлгээ хийх баталгаат гарын үсэг зурах эрх, тамганы загварыг компанийн ерөнхий захирал Бүгд найрамдах хятад ард улсын иргэн Ву Вэнжианаас шилжүүлэн авахдаа хамтран ажиллах 001 дугаартай гэрээний 9 дүгээр зүйлд зааснаар 1 дүгээр гарын үсгийг гэрээний А тал буюу компанийн гүйцэтгэх захирал Чин Тао, 2 дугаар гарын үсгийг гэрээний Б тал буюу хувьцаа эзэмшигч Ц.С зурж, зарлагын гүйлгээ хийж байх мэдүүлгийг гаргахдаа Г овогтой Г нь худал орчуулга хийн зарлага гаргахдаа нэг гарын үсэг зурж гаргахаар мэдүүлж, улмаар 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүртэл хугацаанд “Х Б” ХХК-ийн дээрх данснуудаас 405,003,336.8 төгрөгийн, 509,150.0 ам.доллар буюу 1,227,952,695.5 төгрөг /ханш 2,411.77/, нийт 1,632,956,032.3 төгрөгийг өөрийн хувийн дансаар шилжүүлэн авч албан тушаалын байдлаа ашиглаж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийн үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон,

            2. Г овогтой Г нь Ц.Стэй бүлэглэн 2016 оны 10 дугаар сарын 6-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “Х Б” ХХК-иас завшсан 1,632,956,032.3 төгрөгөөс 350.000 ам.доллар /төгрөгөөр 844,119,500.0/-ыг 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдөр “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны 5079159190 тоот дансанд “Сэс зээлд” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлж, “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны 5079159190 тоот дансанд орсон 350.000 ам.долларыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “ERENH OT TANII ELECTRONIC COMMERCE” гэсэн утгатай 2 удаагийн гадаад гүйлгээгээр 291,886.36 ам.доллар /долларын ханш 2,414.84 төгрөгөөр -704,858,857.58/ гадаад улсад шилжүүлсэн, 47,145.56 ам.доллар /113,848,984.11 төгрөг/-ыг угсралтын төлбөрт шилжүүлсэн, 2017 оны 6 дугаар сарын 8-наас 27-ны өдрийн хооронд 10,919.41 ам.доллар /25,924,042.01 төгрөг/-ыг Хоу Жин Хинг /HOU JINXING е59133641/ нэрээр 3 удаагийн гүйлгээгээр бэлнээр гаргасан, “Шидэ Сименс” ХХК-ийн “Хаан” банкны юанийн 5079159203 тоот данснаас 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр “Зээлийн буцаалт” нэрээр 2.300.000 юанийг Ц.Сувд-Эрдэнийн “Хаан” банкны юанийн 5130008277 тоот дансанд шилжүүлж, Ц.С нь 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр уг 2.300.000 юанийг өөрийн эзэмшлийн “Чингис Хаан” банкны 3101000074 тоот юанийн дансаар дамжуулан тухайн өдрөө “payment for steel Grinding Ball 65 mm for Suvd-Erdene Tsolmon” /Ц Сэс 65 мм ган бөмбөлгийн төлбөр/ гэсэн утгатай гадаад гүйлгээ хийж, 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрөөс 4 сар 6 хоногийн хугацаанд өөр компанийн үйл ажиллагаанд эргэлтэд оруулсан, түүнчлэн, 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр “Их хуурч” ХХК-иас иргэн Цоглогт зээл 9,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 265,000.0 төгрөгийг “Их хуурч” ХХК-ийн нэрийн өмнөөс аж ахуйн нэгжийн орлогын албан татварт төлсөн, 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр иргэн Д.Нэмүүнзаяагийн данс руу аудитын төлбөр нэрээр 3,000,000.0 төгрөг, 2017 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 6,500,000.0 төгрөгийг Г.Гаас гэж, 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ц.Баярмаад аудитын төлбөр 800,000.0 төгрөг, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Д.Даваадоржид “Ханбогд-Оюу” түрээсийн төлбөр, 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тийзийн зардалд Эйртикетэд 7,838,500.0, 2016 оноос 2017 оны хооронд 90,739,000.0 төгрөгийг иргэн Ч.Дашдэмбэрэл, Т.Батбаяр, Г.Г, Л.Билгүүн, Ц.С нарт цалин нэрээр гаргаж, нийт 121,142,500 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулсан, хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон, мөн Г овогтой Г нь Ц.Стэй бүлэглэн “Их хуурч ББСБ” ХХК, “Алтан гэрэгэ ББСБ” ХХК-ийн дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу “Ханбогд-Оюу” ХХК-ийн 2016 оны санхүүгийн баримтуудыг хуурамчаар бүрдүүлэн Жералд аудитаар ХХК-иар тайлан гаргуулсан,

            3. “Ханбогд-Оюу” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын протокол хуурамчаар үйлдсэн, Өмнөговь аймгийн Ханбогд суманд бүртгэлтэй “Х Б” ХХК-ийн гэрчилгээ, дүрмийг хуурамчаар бүрдүүлж /Ц овогтой С 50%, Gong овогтой Ganbayar 50% хувьцаа эзэмшигчтэй мэтээр/, ногдол ашиг хувиарлах тогтоол хуурамчаар үйлдэж 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр 325,000.0 ам.долларыг “Ханбогд-Оюу” ХХК-иас ногдол ашиг хуваарилав” гэсэн утгатай өөрийн Төрийн банкны 380000024452 дугаартай ам.долларын дансанд шилжүүлсэн баримтыг санхүүгийн зохицуулах хороонд гарган өгч санхүүгийн баримт хуурамчаар бүрдүүлсэн буюу хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж ашигласан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Ц.Сувд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

            Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримт гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг ойлгоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мөрдөгч нотлох баримтыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлэхээр хуульчилсан. Яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, хавтас хэрэгт тусгаж хавсаргана. Ийнхүү гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах, шүүх хуралдаанд шинжлэн судлуулах эрхтэй. Гэтэл яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтас хэрэгт авагдаагүй 453 хуудас бүхий баримт, 1 ширхэг сидиг гарган өгч нотлох баримтаар тооцуулах, үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргажээ. Иймд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгох зорилгоор гаргаж өгсөн дээрх баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой эсэхийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийж тодруулах шаардлагатай гэсэн үндэслэлээр яллагдагч Ц.С, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.С, Г.Г нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Яллагдагч Ц.С, Г.Г нар өмгөөлөгч Н.Цэцэгмаа прокурорын эсэргүүцэлд гаргасан хариу тайлбартаа: “...“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоож, 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч, шүүгдэгчийг яллах, ял хүндрүүлэх нөхцөл байдлыг шалгахаас гадна, цагаатгах, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бүх арга хэмжээг авч, хэргийн бодит байдлыг нотлох үүргээ мөрдөгч, прокурорын зүгээс хэрэгжүүлж өгнө үү” хэмээн бид удаа дараа мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын бүх шатанд гомдол хүсэлтээ гаргасан. Ц.С, Г.Г нар өөрт хадгалагдаж үлдсэн санхүүгийн анхан шатны баримтын хуулбар хувиудыг нотлох баримтаар гаргаж өгөөд эх хувийг нь холбогдох газруудаас нь гаргуулан авч хэрэгт нотлох баримтаар хавсаргаж, уг баримтуудаа мөрдөн байцаалтаар шалгуулахаар мөрдөгчид хандаж гомдол хүсэлтээ гаргасаар ирсэн боловч огт ажиллагаа хийж өгдөггүй ба илт нэг талыг барьж зөвхөн яллах, ял хүндрүүлэх нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлсэн. Прокурорын бичсэнчлэн яллагдагч, түүний өмгөөлөгч “баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхтэй нь үнэн боловч энэ эрхийнхээ дагуу мөрдөгч, прокурорт хандаж, өөрт байгаа баримт сэлтээ гаргаж өгөөд, шалгуулах гомдол, хүсэлтээ тэдэнд залхтал гаргасан. Хуулиар нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх, шалгах, хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт өгөгдсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагчаас гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахыг шаардахыг хориглосон бөгөөд хуулийн энэ заалт нь өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримт сэлтээ өөрөө гаргаж өгөх эрхтэй мэтээр бичсэн прокурорын эсэргүүцлийн үндэслэлтэй нийцэхгүй гэж үзэж байна. Түүнчлэн прокурор эсэргүүцэлдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг шүүх ноцтой зөрчсөн гэж үзнэ” гэжээ. Прокурор хуулийн энэ заалтыг ойлгохдоо хавтас хэргийн хүрээнд, өөрөөр хэлбэл, үдэж хавтасласан цаасны хүрээнд гэж ойлгожээ. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэдэг нь эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, улмаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх тухай ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах тухай хүсэлтийг шүүхэд .... гаргах эрхтэй”, мөн хуулийн 15.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүсэлт гомдлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гаргаж болно” гэж, мөн хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах .... тухай шүүх ... шийдвэр гаргана” гэж, мөн хуулийн 15.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хэрэгт хавсаргана” гэж тус тус хуульчилснаас харахад хэргийн оролцогч шүүхийн шатанд гомдол хүсэлт гаргаж, хүсэлттэйгээ холбогдуулан баримт сэлт гаргаж өгөх эрхтэй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... яллагдагч, тэдгээрийн өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүхэд ... гаргах эрхтэй”, 4 дэх хэсэгт “ шүүх ... энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүсэлт нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой тогтооход ач холбогдолтой бол бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах ... тухай шийдвэр гаргана” гэж, мөн 7 дахь хэсэгт “энэ зүйлд заасны дагуу гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл бусад баримтыг оролцогчийн хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтаар тооцуулах эрхтэй” гэж тус тус заасны дагуу өмгөөлөгч миний бие 453 хуудас нотлох баримт, 1 ширхэг сидиг шүүхэд гаргаж өгсөн. Шүүх хуулийн дээрх заалтуудыг баримтлан бидний зүгээс гаргаж өгсөн нотлох баримтыг хүлээн авч, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, эрх хэмжээгээ хэтрүүлээгүй, мөрдөн байцаалтын шатанд хүч мөхөсдсөн хэргийн оролцогчийн эрхийг хамгаалсан шүүхийн шударга ажиллагаа гэж үзэж байна. ... Ц.С, Г.Г нар болон өмгөөлөгч бид анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн хэмээн үзэж, нэгэнт үүргээ хэрэгжүүлээгүй прокурор, мөрдөгч нарыг шүүгчийн захирамжийн дагуу хэргийг хүлээн авч холбогдох ажиллагааг хийнэ хэмээн найдсаны улмаас давж заалдах гомдол гаргаагүй билээ. Гэвч прокурор эсэргүүцэл бичсэнээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах тул мөрдөн байцаалтын шатанд миний үйлчлүүлэгч нараас гаргасан гомдол хүсэлтийг мөрдөгч, прокурорууд хэрхэн нэр төдий шийдвэрлэж, нэг талыг барьж мөрдөн байцаалтын ажиллагааг явуулсныг анхааран үзэж, өмгөөлөгчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтүүдийг хянан үзэж, нэмэлт ажиллагаа хийлгүүлж, хэргийн бодит байдлыг тогтоолгох талаар магадлалдаа нэмж тусган шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Б.Бүжинлхам бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангаагүй, хэргийг прокурорт буцаах тухай хууль зүйн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаарыг зөрчсөн гэж үзэж байна. Яллагдагч нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтас хэрэгт авагдаагүй 453 хуудас бүхий баримт, 1 ширхэг сидиг гарган өгч нотлох баримтаар тооцуулах, үүнтэй холбоотойгоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хэрэгт хамааралтай эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар тодруулах шаардлагатай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ. Мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөөгүй, энэ талаарх хүсэлт гаргаагүй гэдгээ яллагдагч, өмгөөлөгч нарын зүгээс шүүхэд мэдүүлсэн нь тэмдэглэл, бичлэгт авагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад яллагдагчид, тэдний өмгөөлөгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар бүлэгт заасан эрхийг, ялангуяа мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах” эрхийг бүрэн эдлүүлж, мөрдөгч, прокуророос аливаа зөрчил гаргаагүй, хязгаарлалт бий болгоогүй байхад шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад гаргаж өгсөн баримт сэлтийг хэргийг прокурорт буцаах үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан “Хууль ёсны байх” зарчим, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ, хязгаар”-ыг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзнэ. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар шалгагдаж, хавтас хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, прокурорын яллах дүгнэлтийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг шинжлэн судлах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд яллагдагч, өмгөөлөгч нараас гаргаж өгсөн баримт нь хэдийгээр нотлох баримтаар хүлээн авч үнэлэх боломжгүй боловч хэрэгт хамааралтай эсэх талаар дүгнэлт хийж, талуудыг мэтгэлцэх боломжийг хангахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нэг талын гаргаж ирүүлсэн баримтыг үндэслэн яллагдагчдын гэм буруутай эсэхийг хэлэлцэлгүйгээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны 2020/ШЗ/1085 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

            Яллагдагч Ц.С, Г.Г нарын өмгөөлөгч А.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн хуралдааныг явуулж асуудлыг шийдвэрлүүлье гэхээр хэргийн бүрдэл бүрэн хангагдаагүй байдаг. Санхүүгийн албаны тайлан тэнцэлтэй холбоотой хэрэгт хэдэн төгрөгийг Ц.С үрэгдүүлсэн, хэдэн төгрөгт анхан шатны баримт бүрдүүлээгүй гэдгийг нарийвчлан тогтоох ёстой байсан. Өмгөөлөгч Н.Цэцэгмаа удаа дараа хүсэлт, гомдол бичиж өгсөн байхад огт хангаагүй. 453 хуудас санхүүгийн баримтыыг гаргаж өгөхөөсөө өмнө бидний зүгээс мөрдөгчөөр энэ ажиллагааг хийлгэх гэж олон удаа хүсэлт өгч, эх хувийг авах гэж явсан боловч ажлаа хийгээгүй. Компанийн анхан шатны баримтыг бүрдүүлж авах эрх бүхий хүн нь Өвөрмонголын Алтанбагана гэх хүн байдаг. Тэр хүн Монгол Улсад ирдэг эсэх нь тодорхойгүй, нэг удаа мэдүүлэг өгсөн байдаг. Ц.Сд хуулбар хувь нь байгаад байхад санхүүгийн тайлан тэнцэл гаргадаг Алтанбагана гэх хүн эх хувийг нь авч явсан гэдэг асуудал яригддаг. Хавтас хэргийн 94 дэх талд компанийн гүйцэтгэх захирал Чин Тао гэх гэж хүн Алтанбаганад санхүүгийн баримтын эх хувь байдаг талаар мэдүүлсэн. Гэтэл Алтанбагана түрээсэлж байсан оффистоо орхиж явсан гээд дундаа хаясан мэт ярьдаг. Гэвч санхүүгийн нягтлан гарын үсэг зурсан хүний хувьд баримтыг хүлээлгэж өгөх ёстой байсан. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар санхүүгийн баримт бичиг архивлагдах хугацаа 10-оос доошгүй жил заасан. Гэтэл баримтыг хаяад явсан мэт ярьж байгаа байдал нь Ц.Сувд-Эрдэнийг маш их хэмжээний мөнгө идсэн мэт харагдуулж байна. Ц.С байгууллагынхаа мөнгийг өөрийн хувийн “Хаан” банкны дансаар гаргасан буруутай үйлдэл байгаа бөгөөд үүнийг тогтоож өгөхийг хүсч Ц.Сувд-Эрдэнийн данстай холбоотой дүгнэлт гаргуулахаар 7 үндэслэлээр хүсэлт гаргахад мөрдөгч Одонбаатар хүсэлтийг хэсэгчлэн хангасан. Энэ асуудал нь “Х Б” ХХК нь Хятад Улсын иргэдийн эхнэр, хүүхдэд нь цалин өгч, нийгмийн даатгалын шимтгэлийг нь төлж, дээрх хүмүүсийн ирэх очих замын зардал, байрлах зочид буудлын мөнгө, хоол унд зэрэг бүх мөнгийг тухайн үед байгууллагаас гаргуулахаар Ц.Сувд-Эрдэнийг зохицуул гэж явуулж байсан хэрнээ одоо түүнийг их хэмжээний мөнгө идсэн мэтээр ярьж байгаа үйлдлийг санхүүгийн тайлан баримтуудаар тогтоох ёстой байсан. Ийм учраас хэргийн бүрдэл хангагдаагүй гэж үзэж байна. Бын хүү Анхбаярын нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар төлсөн баримтыг аваагүй, хаясан байдаг. Г.Б гэх хүн “Х Б” ХХК-ийн 5 хувийг, Ву Вэнжиан 65 хувийн хувьцааг эзэмшдэг. Гэтэл бодит байдал дээр Г.Б хохирсон бол шүүх хуралдаанд хохирогч биш. Энэ хэрэгт хохирогчийг зөв тогтоогоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан гэж үзэж байна. ...“ гэв.

            Яллагдагч Ц.С тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 10 дугаар сард компанийн анхдугаар хурал болсон бөгөөд уг хурлын сиди болон надад байсан Алтанбаганын мэйлээр явуулдаг байсан баримтын хуулбар хувь бүгдийг нь хамт анхан шатны шүүх 2 хавтас хэрэг, 1 ширхэг сиди гэж дурдсан. Би дээрх баримтыг мөрдөгч Одонбаатар болон прокурорт удаа дараа танилцуулж баримтаар гаргаж өгөх гэсэн боловч хуулбар хувь гээд хүлээж аваагүй. Иймд би 453 хуудас баримтыг хавтаслаад, компанийн хурлын араас сидиг хийсэн. Сидид тамга, тэмдэг, бичиг баримт хаана байдаг болох нь бичигдсэн байгаа. Прокуророос бичиг баримт, тамга, тэмдэг нь Ц.Сд байдаг учир төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хийж чадаагүй. Улмаар Г.Быг хохирогчоор томилсон гэж тайлбарлаж байна. Гэвч ийм зүйл огт байхгүй ба надад тамга, тэмдэг өгөөгүй. Компанийн 65 хувийн хувьцаа эзэмшигч, 20 хувийн хувьцаа эзэмшигч Цэвэгжав нар байгаа тохиолдолд хэзээ ч хуралдах боломжтой. Тамга, тэмдэг нь албан ёсны анхдугаар хурлаар хариуцуулж өгсөн хүмүүст байдаг бөгөөд миний мэдэлд байдаг зүйл биш юм. Хохирогчийг зөв тогтоогоогүй. Хохирлын хэмжээ гурван удаагийн шинжээчийн дүгнэлтээр өөр өөр тогтоогдсон. Хэдэн төгрөгийн ямар хохирол учирсан болох нь тодорхойгүй. Мөн би Ву Вэнжиан Хятад Улсад залилангийн хэрэгт холбогдсон талаарх баримтыг гаргаж өгсөн. Компанийн шилжүүлсэн мөнгийг Ву Вэнжиан хувьдаа авах гэж байсныг би үйлдвэрт шилжүүлсэн. Энэ компанид ашиглах мөнгө юу ч байхгүй. Харин би тус компаниас авлагатай байгаа. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татварын улсад төлсөн мөнгийг мөрдөгч Одонбаатар яаж олж авсныг би ойлгоогүй. “Хаан” банкны дансны хуулгыг авахдаа улирал тус бүрээр нь бус дунд нь орхигдуулж авсан. Иймэрхүү байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явуулбал хэргийг яаж нотолж шийдэх юм бэ. ...” гэв.

            Яллагдагч Г.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Компани байгуулагдаад 2 жилийн хугацаанд ямар ч хурал хийгээгүй. Анхдугаар хурал хийхдээ Хятад Улсын тал болох Ву Вэнжиан, Чин Тао нарыг оролцуулан Ганболд, Даваадорж нарт “цаашдаа Ц.С болон Чин Тао нар хамтын гарын үсэг, тамга, тэмдгээр бүх гүйлгээ, бичиг баримт гарна” гэсэн үүргийг хүлээж, бүх бичиг баримтыг холбогдох хүмүүст шилжүүлж өгсөн. Мөрдөгч Одонбаатарын хувьд маш дарамттай ханддаг. Сиди гаргаж өгөх гэхээр “наадах чинь надад ямар хамаатай юм, шүүхэд гаргаж өгөхгүй юу” гэдэг. Түүнчлэн бидний завшсан гэх хэргийн тухайд “Эйч Эйм Ар Лимитэд” гэх компани орж ирэхэд 100.000 ам.долларыг байршуулсан бөгөөд уг мөнгөө маргааш нь авсан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л зардлыг Ц.С өөрийн мөнгөнөөс гаргаж, дараа нь санхүүгийн анхан шатны баримт бүрдүүлж компаниас буцааж авдаг байсан. Энэ бүхнийг нэмж тооцоод залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Мөн бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд хүндрүүлэх нөхцөл байдалтай гэж тооцдог учир намайг Ц.Стэй бүлэглэн завшсан хэрэг үйлдсэн гэж үзсэн. Алтанбагана гэх нягтлан, орчуулагчийг томилж, тэр хүн компанийн бүх албан ёсны санхүү, банкинд бүрдүүлэх, орчуулгын ажил бүгдийг хийж гүйцэтгэдэг байсан. Би тухайн өдөр хурлын зааланд байсан боловч өөр зүйл хийж байсан. Гэтэл намайг бүлэглэсэн, худал орчуулга хийсэн гэж энэ хэрэгт татан оруулсан. Би Ц.Сувд-Эрдэнийн нөхөр мөн. Гэхдээ худал орчуулга хийхэд ямар үр дүнтэй болохыг мэднэ. Огт хийгээгүй ажлынхаа төлөө өнөөдөр би шүүхэд ирэх хүртэл хэмжээнд хүрнэ гэж бодоогүй. ...“ гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Ц.Сувд-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...яллагдагч, тэдгээрийн ... өмгөөлөгч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шалган тогтоолгохоор мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шүүх, прокурор, мөрдөгчид гаргах эрхтэй.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагч Ц.С, Г.Г нар болон тэдгээрийн өмгөөлөгчөөс 1 ширхэг сиди, 453 хуудас бүхий хавтас хэрэгт авагдаагүй баримтыг гарган өгч, уг баримтыг нотлох баримтаар тооцуулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Учир нь, Ц.С, Г.Г нар нь бүлэглэн, гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн, олон удаагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон ба завших гэмт хэргийн нэг шинж нь хохирлын хэмжээ байдаг тул эдгээр санхүүгийн баримттай уялдсан баримтууд дээр шинжээчийн дүгнэлт гаргуулах, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, дээрх ажиллагааг хийснээр яллагдагч нарын гэмт үйлдэл, нийт хохирлын хэмжээ, хүн тус бүрийн бусдад учруулсан хохирлын хэмжээ, төлөх төлбөрийн хэмжээг тогтооход ач холбогдолтой гэж үзнэ.

Түүнчлэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Ц.С, Г.Г нарт холбогдох хэргийн хохирогч нь гадаадын хөрөнгө оруулалттай “Х Б” ХХК бөгөөд тус компани нь С.Цэвэгжав, Д.Ганболд, Ц.С, Г.Г, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чин Тао гэсэн төлөөлөн удирдах зөвлөлийн 5 гишүүнтэй үйл ажиллагаа явуулдаг болох нь тогтоогдсон байна. Эдгээр хувьцаа эзэмшигчдийн Ц.С, Г.Г нь тухайн компанийн санхүүгийн баримттай холбоотой гэмт хэрэгт шалгагдаж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүсгэж байгаа хэдий ч бусад хувьцаа эзэмшигчид хуульд заасан чиг үүргийн дагуу компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлж, компанийг хохирогчоор тогтоогдсон гэж үзвэл компанийн тухай хуулиар хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, компанийн хууль ёсны төлөөлөгчийг томилж, эрх ашгаа хамгаалуулах буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоолгох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэх юм.

Өөрөөр хэлбэл, “Ханбогд-Оюу” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Чин Тао нь дан ганцаараа “Х Б” ХХК-ийг төлөөлөх эрхийг Г.Бд олгосон тухай албан бичиг /8хх 227-228/-ийг нотлох баримтаар тооцож, 1709011120141 дугаартай эрүүгийн хэргийн хохирогчоор Г.Быг тогтоосон нь ойлгомжгүй байх тул хохирогчийг мөрдөн шалгах ажиллагаагаар нарийвчлан тогтоох нөхцөл байдал байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Түүнчлэн, прокурорын газраас шүүгдэгч нарыг хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 233 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн атлаа ямар баримтыг хуурамчаар үйлдсэн, ашигласан болохыг бичгийн баримтаар тогтоогоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтаар бэхжүүлээгүй байна.

Мөн прокурор яллах дүгнэлтдээ яллагдагч нарыг хуурамч баримт бичиг, тамга тэмдэг, хэвлэмэл маягт үйлдэж, ашигласан гэж дурдсан боловч уг гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн талаар яллах дүгнэлтэд тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт.” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй гэж үзэв.

Иймд анхан шатны шүүхийн “Ц.С, Г.Г нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 2020/ШЗ/1085 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Б.Бүжинлхамын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

                        ШҮҮГЧ                                                                       Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ