Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 43

 


    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                     Хэргийн индекс: 180/2017/0049/Э

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг  шүүгч Л.Уянга даргалж тус шүүхийн “А” танхимд  нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга                  Н.Болор-Уянга,
Улсын яллагч                Ц.Цэен-Ойдов,
Хохирогч                   М.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч           С.Нарангэрэл,
Шүүгдэгч                     Э.Батбаяр нарыг  оролцуулан

     Тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Эрдэнэбаатарын Батбаярт холбогдох эрүүгийн 201723000064 дугаартай хэргийг 2017 оны 04 сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1987 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр  сумын 3 дугаар баг Хар чулууны үзүүр гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэх, хэрэг хариуцах чадвартай Боржигон овогт Эрдэнэбаатарын Батбаяр /РД: СР87070318/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар: яллагдагч Э.Батбаяр нь хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр М.Уянгыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн  судлав. Үүнд:

 Хохирогч М.Уянгын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “ би 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Жаст ойл ШТС-д ээлжинд 24 цагаар гарсан. Энэ өдөр цагаан сарын шинийн 3-ны өдөр манай нөхөр гэртээ архи уусан байсан. Тэгээд шөнө 01 цагийн үед утсаар залгаад загнаад байсан. Би “чи ажил хийж байхад юу гээд байгаа юм бэ гээд” хэрэлдээд утсаа салгасан. Шөнө 2 цагийн үед манай нөхөр Батбаяр согтуу орж ирсэн. Орж ирээд миний зүүн талын шанаа руу цохисон. Тэгэхэд нь би телекамераас хол харагдахгүй газар орсон. Батбаяр араас ирж нуруунд гараараа 5-6 удаа, зүүн талын шилбэн тус газар хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн, зүүн талын бугалганд гараараа 1 удаа, духанд 1 удаа цохисон. Тэгж байхад найз Төмөрхуяг орж ирээд Батбаярыг аваад гарсан. Би эрхлэгч Ираг утсаар дуудаж, Ира эгч ирээд аавыг Мөнхбаярыг дуудаж намайг эмнэлэгт аваачиж үзүүлсэн. Би эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Батбаяр одоо дахин ийм явдал гаргахгүй гэж надаас уучлал гуйсан. Бид хоёр эвлэрсэн. ...Нөхөр маань дахиж ийм асуудал гаргахгүй гэсэн тул 2 охиныхоо аавыг шоронд оруулмааргүй байна. Бид эвлэрч одоо хамтдаа амьдарч байгаа бөгөөд нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй. Эмнэлэгт очиход эмнэлэгээс цагдаагийн газар руу дуудлага өгсөн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 тал/,  
Гэрч О.Мөнхбаярын хэрэг бүртгэлтэнд өгсөн : 2017.3.01-ний өдөр би аймагт ээждээ золголт хийгээд шөнө амарч байхад Жаст Ойл шатахуун түгээх станцын эрхлэгч Ира нь намайг утсаар дуудаж охин Уянгыг чинь нөхөр Батбаяр нь зодсон байна хүрээд ир гэхээр нь очсон. Тэгээд охин Уянгыг авч яваад эмч Ган-Эрдэнийг дуудаж үзүүлсэн. Манай хүргэн Батбаяр ааш зангийн хувьд даруухан архи дарс уугаад хэрэгт төвөгт ороод байдаггүй хүүхэд юм. Юунаас болсон талаар би аль алинаас нь асуугаагүй өөрсдөө ч юм яриагүй гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 тал/,
Гэрч О.Одончимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Батбаяр нь урд нь эхнэр хүүхдээ зодсон гэж сонсож байгаагүй, зан аашийн хувьд дөлгөөн дуугай залуу байдаг.Их архи уугаад байдаггүй, хааяа л найз нөхөдтэйгээ уудаг байх. Энэ хоёр хоорондоо хэрэлдэж муудаад байдаггүй, их эвтэй байдаг, юунаас болж зодсоныг нь мэдэхгүй байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Яллагдагчаар Э.Батбаярын хэрэг бүртгэлтэнд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Цагаан сарын шинийн 3-ны өдөр ангийн багш Энхнямынд орой 18 цагийн үед очсон. Тэнд байж байхад манай гэрт Оюунболд ирээд байна гэхээр нь харьсан. Оюунболд надтай золгоно гээд ирээд бид нар 1 шил архи, талтай уусан. Дараа нь эхнэр Уянгатай утсаар ярьж хоёр хоногийн өмнө манай эхнэр ээлжинд гарч байхад нь эрхлэгч нь гаргалгүй хүүхдээ явуулж манай эхнэртэй цуг хонуулсан талаар нь хэлж хардаж маргалдсан. Дараа нь гэрээсээ гэрч эхнэрийн ажил дээр очиж хоёр удаа алгадаад дараа нь буланд шахаж байгаад нэлээн хэдэн удаа цохиж өшиглөж зодсон. Өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм асуудал гаргахгүй. Миний буруу их сайн ойлгож , гэмшиж байгаа тул хөнгөн шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 тал/,

Шинжээчийн дүгнэлт: 2017.03.14 Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт ¹107, Дүгнэлт: 1. М.Уянгын биед нүүр, нүдний дээд, доод зовхи, толгой, хөл, гарын зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь нүүр, нүдний дээд, доод зовхи, толгой, хөл, гар, толгойд зөөлөн эдийн няцрал, цус хуралт үүссэн байна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.  4. Дээрх гэмтлүүд нь  шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэжээ. (хх-ийн 25 тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 52 тал),
    Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 48 тал) зэрэг болно.

    Шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалдсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Э.Батбаярыг  2017 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Жаст Ойл шатахуун түгээх газар эхнэр М.Уянгыг бусадтай хардаж, хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
    Хохирогч М.Уянга нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцох нь зүйтэй болно.
Шүүгдэгч Э.Батбаяр нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч М.Уянга нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн байх тул шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.  


Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 283, 284, 290, 294, 298, 418 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Боржигон овогт Эрдэнэбаатарын Батбаярыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Батбаярт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж түүнд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт  зааснаар энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Л.УЯНГА