| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2021/00635/И |
| Дугаар | 101/ШШ2021/01289 |
| Огноо | 2021-05-12 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2021/01289
й
2021 05 12 101/ШШ2021/01289
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Э.Б-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө-57 өөрийн байранд байрлах, БЗД ЗДТГ-т холбогдох
БЗД ЗДТГ ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/0 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Э.Б-г хэсгийн ахлагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Б нь 2020-09-01-ний өдрөөс хойш БЗД-ийн 0-р хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авч байсан. Мөн 2021-01-04-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ бичгээр болон амаар илэрхийлж байсан. Гэвч БЗД-ийн ЗДТГ-ын 2021-01-06-ны өдрийн Б/0 дугаартай “Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг гаргаж манай хорооны 112 хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс 1 олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт “Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин Хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон ч дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа.
Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд НИТ-ийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоожээ. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021-01-06-ны өдөр Б/0 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын тамгын газрын орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь ЗДТГ-ын цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40-н цаг ажилдаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ.
БЗД-ын ЗДТГ нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай тушаалын хавсралтын Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага нь БЗД-ийн ЗДТГ-ын даргын гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/03 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Э.Б-г хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаад байна. БЗД ЗДТГ буюу хариуцагч тал дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 тогтоолоор “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг тогтоосон. БЗД ЗДТГ нь дээрх 30/24 тоот тогтоол түүний хавсралт “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-аар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.1-д заасны дагуу “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гурван тал /Иргэн, хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамга газар/ харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Дээрх “Хөлсөөр ажиллах гэрээ” нь хугацаатай бөгөөд “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард “Хөлсөөр ажиллах гэрээ”-г дүүргийн Засаг даргын Тамгын газар дүгнэж байсан.
“Хөлсөөр ажиллуулах гэрээ”-г байгуулах үед иргэн Э.Б нь гэрээтэй холбоотой ямар нэгэн санал, татгалзал, гэрээний нэр, төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй, өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Төр, төрийн байгууллага, албан тушаалтан, Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага түүний ажлын алба, албан тушаалтанд хууль, тогтоомж, журам, дээд шатны байгууллагын шийдвэр, Захиргааны актаар олгосон, зөвшөөрснөөс бусад эрхийг иргэний нэгэн адил эдлэхгүй хязгаарласан байдаг. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0 тоот тогтоол, “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-д зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд БЗД ЗДТГ нь Хэсгийн ахлагч нартай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/0 тоот тушаал гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон.
Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 1 дүгээрт “Талуудын хооронд үүссэн харилцаа нь Хөлсөөр ажиллах гэрээ биш Хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж, хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно гэж заасан” гэж Хэсгийн ахлагчийн ажил нь байнгын ажлын байр, Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах, хөлсөөр ажиллах гэрээний хуулийн зохицуулалтаар зохицуулагдах харилцаа биш” гэж маргаж байна.
1. Хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооноос ямар нэгэн байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар хөлсөөр ажиллуулах гэрээнд тусгасан зүйл байхгүй.
2. Ажлын байрны тодорхойлолтоор эрхлэх ажлын горим тогтоогоогүй, хэсгийн ахлагчийн ажлыг хийхдээ ашиглах тусгайлсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл ямар нэгэн эд хөрөнгө хүлээлцэх актаар олгоогүй.
3. Ажил олгогч гэж үзээд байгаа БЗД ЗДТГ, түүний төлөөлөгчийн удирдлага гэж үзээд байгаа хорооны Засаг дарга нар нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоогоогүй урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон байна.
4. Хэсгийн ахлагчтай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-нд ажлын өдрийг сард хэд байх талаар заагаагүй, нэг өдөрт хэдэн цаг ажиллах талаар заагаагүй байна. Хэсгийн ахлагч нь өгөгдсөн ажлыг өөрийн зохион байгуулалтаар өөрийн боломжид тааруулж хийж байсан.
5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйл 359.2 “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.” гэж зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар ч ажил үйлчилгээ байж болохоор заасан байна.
Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажлын байр биш тул Хөдөлмөрийн гэрээ хийх шаардлагагүй.
Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн 2 дугаарт “Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015.10.30-ны өдрийн 0 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоосугай гэж заасан байна. Мөн БЗД-ийн ЗДТГ-ын 2021 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Б/0 дугаартай тушаалд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйл 33.4 дэх хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан, Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Засаг даргын Тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан байна” гэж маргаж байна.
1. Төр, төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүгэц, ажлын байрны жагсаалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал тогтоон баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүгэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухай хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухай хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна.
2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019-03-06-ны өдрийн А/0 тоот, 2020-05-14-ний өдрийн А/0 тоот “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамжаар тус тус Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрыг тогтоосон. Хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019-07-03-ны өдрийн 0 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтыг гаргасан байдаг энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй.
3. Хэсгийн ахлагчийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйл, “57.5. Доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно: ” гэж заасны дагуу Засгийн газрын 2019-12-25-ны өдрийн 0 тоот “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой гэтэл хэсгийн ахлагчийн урамшууллыг НИТхурлын 2015-10-30-ны өдрийн 0 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоосон байдаг.
Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Э.Б-тай байгуулсан “Хөлсөөр ажиллуулах гэрээ” нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул “Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1 дэх хэсэгт Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасны дагуу дуусгавар болсон.
Нэхэмжлэгч талын маргаж байгаа Хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1-д заасан 4-н шаардлагыг хангасан байхыг шаарддаг, хэрэв 21.1 -д заасан 4-н шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй. Хөдөлмөрийн тухай хууль 21 дүгээр зүйл, 21.1.2 ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг. Хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч БЗД ЗДТГ-т холбогдуулан 2021-01-05-ны өдрийн Б/0 дугаар тушаалын хавсралтын Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч БЗД ЗДТГ -с “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 тоот тогтоолд “хэсгийн ахлагчийн ажиллах журамд” зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд БЗД ЗДТГ нь хэсгийн ахлагч нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2020-12-31-ний өдөр дууссан гэж үзэж 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б/0 тоот тушаал гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Засаг даргын Тамгын газар нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон...” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Нийслэлийн БЗД ЗДТГ -н даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/0 тушаалаар тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан хавсралтад дурдагдсан хэсгийн ахлагч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 35-39 тал/
БЗД ЗДТГ -н даргын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/0 дугаартай Хэсгийн ахлагч нарыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5-д заасныг үндэслэн тус дүүргийн хороодын хэсгийн ахлагч нарын хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан хавсралтад дурдагдсан хэсгийн ахлагч нарыг 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба уг тушаалын хавсралтын 320 дугаарт 0 дүгээр хорооны 0 дүгээр хэсгийн ахлагч Э.Б-г чөлөөлсөн байна.
Зохигчдын хооронд Хөлсөөр ажиллуулах гэрээ бичгээр байгуулагдаагүй боловч Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 0 дугаартай Журам батлах тухай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоохоор заасны дагуу уг журамд заасан ажил үүргийг хариуцагч нь нэхэмжлэгчээр гүйцэтгүүлэн, улмаар 2020 оны 9 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр 630.000 төгрөгийн урамшууллыг олгож байсан болох нь зохигчдын тайлбар, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Баянзүрх дүүргийн 0 дүгээр хорооны Засаг даргын 2021 оны 04 сарын 13-ны өдрийн 37 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.
Ийнхүү зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээ байгуулсанд тооцох ба мөн хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр ажиллагч нь гэрээнд заасан ажлыг өөрийн боломжоор гүйцэтгэх, талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахдаа энэ асуудлыг Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг удирдлага болгодог бөгөөд энэ шинжээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.
Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн А/0 дугаартай болон 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн А/0 дугаартай Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай захирамж болон захирамжийн хавсралтаас үзэхэд дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо дотор хорооны хэсгийн ахлагч гэсэн байнгын ажлын байр байхгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.2-т Гэрээнд хугацаа тогтоогоогүй буюу ажил, үйлчилгээний онцлог, зорилгоос шалтгаалан хугацаа заагаагүй бол гэрээний талууд тохиролцон хэдийд ч гэрээг дуусгавар болгож болно гэж зааснаар зохигчдын хооронд бичгээр гэрээ байгуулагдаагүй буюу хугацаа тохироогүй байх тул хариуцагч нь хэдийд ч гэрээг дуусгавар болгох эрхтэй байна.
Гэрээний талуудын хувьд ямар хугацаагаар ажиллах талаар талууд хоорондоо харилцан тохиролцсон гэрээ байгуулаагүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхээ эдлээгүй атлаа, дээрх журамд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзэж буй нь үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч БЗД ЗДТГ-т холбогдох БЗД ЗДТГ ын 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/0 дугаар тушаалын хавсралтын Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамааруулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч БЗД ЗДТГт холбогдох 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/0 дугаар тушаалын хавсралтын Э.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийг хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Э.Б-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА