| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2021/01125/И |
| Дугаар | 102/ШШ2021/01113 |
| Огноо | 2021-05-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2021/01113
| 2021 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2021/01113 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Т
Хариуцагч: Л.Ц
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Т, хариуцагч Л.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2011 онд Л.Цтэй танилцаж хамтран амьдарсан. 2013 оны 01 дүгээр сарын 29-нд охин Ц.М, 2018 оны 10 дугаар сарын 24-нд Ц.Мс, 2015 оны 10 дугаар сарын 21-нд охин Ц.Мц нар төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүйн улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарч байна. Энэ хугацаанд Л.Ц архи ууж, агсан согтуу тавьж, намайг зодож элдвээр доромжлох болсон. Тэрээр 2020 оны 12 дугаар сард намайг зодож танхайрсан тул 7 хоногийн баривчилгаанд явсан. Бид цаашид хамтран амьдрахгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Хүүхдүүдийн нэр дээр данс нээж тэтгэврийн мөнгийг хийхийг зөвшөөрч байна гэв.
Хариуцагч Л.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хүүхдүүд миний хүүхэд мөн. Тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Гэхдээ ээжид нь мөнгийг өгөхгүй. Энэ хүн аваад хэрэглэчихнэ. 3 хүүхдийн нэр дээр данс нээж хүүхдүүд 18 насанд хүрээд хэрэглэхээр болгож мөнгийг хийнэ гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Л.Цд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.
Ц.Т, Л.Ц нар 2011 онд танилцан хамтран амьдарч, 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр охин Ц.М, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Ц.Мц, 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр охин Ц.Мс нарыг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2020 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Т хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч Л.Ц зөвшөөрсөн бөгөөд тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.
Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Л.Цээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Ц.М, Ц.Мс, Ц.Мц нарыг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тд олох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 29-ны өдөр төрсөн охин Ц.М, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Ц.Мц, 2018 оны 10 дугаар сарын 24-ны өдөр төрсөн охин Ц.Мс нарыг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Л.Ц-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Цээс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Тд олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА