Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/331

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

улсын яллагч Г.Онон,

шүүгдэгч *******,

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ******* овогт *******ын *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305032670278 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 9 дүгээр сарын 19-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д барилгын туслах ажилтай, ам бүл ганцаараа Дархан-Уул аймаг, Орхон сум, *******, *******од оршин суух бүртгэлтэй, урьд нь 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:МЖ*******/, ******* овогт *******ын *******. 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” зочид буудлын 5 давхарт хохирогч *******тай маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар нь гараараа цохих, унасан байхад нь хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдаж, түүний биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ “Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Намайг хохирогч эхлээд цохисон болохоор би түлхээд дараа нь цохисон. Миний араа шүд хугарсан.  Адилхан эр хүмүүс гэж бодоод би цагдаа шүүх эмнэлэг гэж яваагүй. Би өрөө андуурч орсноос болж маргаан үүссэн. Намайг чам шиг гуйлгачин ийм өрөөнд ордоггүй юм гэж хэлсэн. Тэгээд над руу дайраад байхаар нь уураа барьж чадаагүй. Баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлнө. Би бүтэн өнчин өссөн. Айлын өргөмөл хүүхэд, аав маань нэг жилийн өмнө бурхан болсон, ээж маань 12 жилийн өмнө бурхан болсон. Намайг гэх ах дүү хамаатан садан байхгүй. Хохирогчийн төлбөрийг 2 сар гаруй хугацаанд барагдуулах боломжтой.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ “Тухайн зочид буудалд амарч байхад гадны хүн ороод ирсэн. Тэгээд ресейпшн рүү очоод буцаж ирээд маргалдсан. Би түрүүлж очиж шүүгдэгчийг цохисон нь үнэн. Баримтаар ороогүй зардлуудаа нэхэмжилж байна. Имплант хийлгэхээр 2 сая гаруй төгрөг болсон. И баримттайг нь  хэрэгт гаргаж өгсөн. Хагалгаа хийлгэх газраас бичиг аваад нэхэмжлэх ёстой байсан эсэхийг мэдэхгүй байна. Эмчилгээний зардал болон хагалгаанд орох зардлаа нэхэмжилж байна. Одоо миний биеийн байдлын хувьд миний шүд юм даахгүй байгаа. Нүд гажигтай болсон учраас сэтгэл санаа нэг хэсэг хямралтай байсан.” гэв.

Гурав: Эрүүгийн 2305032670278 дугаартай хэргээс

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч *******ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг зочид буудлын өрөөнд байхад нэг үл таних залуу унтаж байхад байхад орж ирсэн байсан. Буудлын хаалганы цоож эвдэрхий байгааг утсаар буудлын ресейпшнд мэдэгдсэн улмаар буудлын хамгаалагч ирсэн. Гэтэл үл таних залуутай бид хоёр мууталцаж намайг сүртэй писда вэ гэж хэлээд миний уур хүрч тухайн залууг очиж цохисон. Гэтэл үл таних залуу намайг зөрүүлж цохиход би сөхрөөд унасан байталтай байсан.Удалгүй цагдаа ирж нөгөө залууг эрүүлжих рүү авч явсан...Намайг яаж цохиж зодсоныг мэдэхгүй байна. Миний зүүн нүд хавдаж хөхөрсөн, зүүн нүдний ухархайны дотор хана доод хананы яс хугарч, баруун хацар хавдаж зулгарсан, зүүн өвдөг зулгарсан, хамар битүүрч хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг зочид буудлын 6 давхрын 604 тоотын хаалга эвдэрсэн гэх гомдол гаргасны дагуу би яваад очиход нэг шалдан залуу хаалга эвдэрсэн хамаагүй хүн ороод байна гэж зогсож байсан. Би тухайн 604 хаалгыг шалгаж үзэхэд эвдэрсэн байсан. Ууг нь картаар онгойх ёстой шууд онгойж байсан. Гэтэл тухайн 604 тоот өрөөний хаалгаар орсон гэх хүн 601 тоот хаалганы үүдэнд зогсож байхад ******* ******* нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Гэтэл очиж *******гийн шанаа хэсэгт нь баруун гараараа хүчтэй цохисон. ******* нь аль гараараа цохисныг мэдэхгүй байна нүүр рүү нь цохиход хойшоогоо сөхөрч унахад ******* нь зүүн хөлөөрөө хавирга мөр хоёр руу нь нэг удаа өшиглөсөн. ******* нь дахиж дээрээс нь дэвсэх гэж байхад би тухайн үед боль гэж хэлэхэд ******* нь больсон. нь дөрвөн хөллөөд доошоо хараад хэвтэж байсан. Би *******г дагуулж доошоо буулгаснаас хойш хэрэлдэж зодолдоогүй. ******* нь уучлал гуйгаад танай өрөө рүү андуураад орчихжээ гэхэд хоорондоо удалгүй хараалын үгээр харааж хэрэлдэж эхэлсэн. Гэтэл түрүүлээд очиж цохисон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал)

3. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11269 дугаартай “*******ын биед зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад сэжигтэн *******гийн өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 30-ны Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Наранбулаг зочид буудалд 2 ортой өрөө нэг хонгоор авсан байсан. Би гадагш гараад өөрийн машинаа шалгаад орж ирэхдээ өөрийн орсон өрөөгөө андуураад өөр өрөөний хаалга татсан. Гэтэл тухайн эрэгтэй эмэгтэй 2 хүн байсан ба өө уучлаарай би өрөө андуурчихлаа гэж хэлсэн. Гэтэл тухайн хүн чам шиг хүмүүс энэ буудалд ордоггүй юм гэж хэлсэн. Би тухайн үед ажлын хувцастай явж байсан. Би өрөө рүүгээ орох гээд байж байхад миний андуурч орсон өрөөний хүн гарж ирээд тухайн зочид буудлын харуулд энэ гуйлгачныгаа гаргаач гэж хэлсэн.Тухайн харуул миний өрөөний чипийг бариад онгойлгож өгөх гэж байхад би урдаас нь чи давраад байгаарай, хэлэх үгээ бодоорой пизда минь гэхэд тухайн хүн ямар овоо пизда вэ гэж хэлээд хүрж ирээд намайг 2-3 удаа намайг цохисон. Би тухайн хүний нүүр хэсэг рүү нь зүүн гараараа нэг удаа цохиход газар унасан би унахаар хавирга руу нь нэг удаа өшиглөөд дахиж өшиглөх гэж байхад хамгаалагч намайг болиулсан. Би болиод өрөө рүү орсон. Би байж байгаад доошоо буугаад учраа олъё гэхэд тухайн хүн цагдаа дуудсан байсан. Тэгээд цагдаа намайг эрүүлжүүлсэн...Би бусдад гэмтэл учруулсан. Би тухайн үйлдэлдээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дэх тал)

5. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 26-31 дэх тал)

6. Камерын бичлэгт үзлэг хийсэн (хавтаст хэргийн 33-49 дэх тал)

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч *******гийн өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 30-ны орой Дархан-Уул аймгаас ногоо ачаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд тухайн өдрөө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Наранбулаг” нэртэй зочид буудлын 601 тоот өрөөнд орсон санагдаж байна. Тэгээд би доош ресейпшнтэй уулзахаар буугаад өрөөндөө орох гээд явж байхдаа өрөөгөө андуурч орсон чинь танихгүй хүн байхаар би уучлаарай өрөөгөө андуурчихлаа гээд гарсан. Миний араас тухайн хүн гарч ирээд хэл амаар доромжлоод ирээд намайг нэг удаа шанаа хэсэг рүү цохичихсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход газарт унахаар нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал)

8. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 51 дэх тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

******* нь 2023 оны 8 дугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Наранбулаг” зочид буудлын 5 давхарт өрөө андуурч орлоо гэх шалтгаанаар *******тэй маргалджээ.

Улмаар ******* нь *******гийн нүүрэн тус газарт нэг удаа цохиход нь зөрүүлж ******* нь *******ын нүүрэн тус газар нь гараараа цохиж газарт унахад нь хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдсаны улмаас биед нь зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

хохирогч *******ын өгсөн: “...Гэтэл үл таних залуутай бид хоёр муудалцаж намайг сүртэй пизда вэ гэж хэлээд миний уур хүрч тухайн залууг очиж цохисон. Гэтэл үл таних залуу намайг зөрүүлж цохиход би сөхрөөд унасан байталтай байсан. Удалгүй цагдаа ирж нөгөө залууг эрүүлжих рүү авч явсан...Миний зүүн нүд хавдаж сөхөрсөн, зүүн нүдний ухархайн дотор хана доод хананы яс хугарч, баруун хацар хавдаж зулгарсан, зүүн өвдөг зулгарсан, хамар битүүрч хамраас цус гарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал), гэрч ын өгсөн: “...Гэтэл очиж *******гийн шанаа хэсэгт нь баруун гараараа хүчтэй цохисон. ******* нь аль гараараа цохисныг мэдэхгүй байна нүүр рүү нь цохиход хойшоогоо сөхөрч унахад ******* нь зүүн хөлөөрөө хавирга мөр хоёр руу нь нэг удаа өшиглөсөн. ******* нь дахиж дээрээс нь дэвсэх гэж байхад би тухайн үед боль гэж хэлэхэд ******* нь больсон. нь дөрвөн хөллөөд доошоо хараад хэвтэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11269 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал) Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 26-31 дэх тал), Камерын бичлэгт үзлэг хийсэн (хавтаст хэргийн 33-49 дэх тал), яллагдагч *******гийн өгсөн: “...өрөөгөө андуурч орсон чинь танихгүй хүн байхаар би уучлаарай өрөөгөө андуурчихлаа гээд гарсан. Миний араас тухайн хүн гарч ирээд хэл амаар доромжлоод ирээд намайг нэг удаа шанаа хэсэг рүү цохичихсон. Тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа нүүр хэсэг рүү нь нэг удаа цохиход газарт унахаар нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалттай.

Хэргийн хохирогч *******ын эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, бие рүү нь өшиглөсөн шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Иймд хяналтын прокуророос *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч оролцсон болно.

Тав: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хэргийн хохирогч *******ын биед учирсан хөнгөн гэмтэл бүхий эрүүл мэндийн хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 3.300.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Хавтаст хэргийн 55 дахь талд хохиролтой холбоотой нийт 220.000 төгрөгийн эмчилгээтэй холбогдох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч *******гээс гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.

Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч *******д Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдалд хамаарах урьд шүүхээр энэ төрлийн гэмт хэрэгт торгох ял шийтгэгдсэн атлаа засрал хүмүүжил олоогүй байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан  хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, харин хохирогчийн хууль бус, зүй бус (хохирогч ******* түрүүлж шүүгдэгч *******гийн нүүрэн тус газарт гараараа цохисон) үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дахь хэсгийн 1.4 дэх заалтад заасан  хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 Дээрхи нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож уг зүйл хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

Долоо: Бусад асуудлын талаар.

Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                     

ТОГТООХ нь:

1. ******* овогт *******ын *******г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.           

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан цаашид гарах зардал, хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гээс хохиролд 220.000 төгрөг, төгрөг,  сэтгэцэд учирсан  хор уршигт 3.300.000 төгрөг тус тус гаргуулж нийт 3.520.000 төгрөг хохирогч *******д олгосугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдсан компакт диск нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ