Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01183

 

2021 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 102/ШШ2021/01183

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН  ӨМНӨӨС

 

           Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана  даргалж тус шүүхийн танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

           Нэхэмжлэгч: С.Ш

           Хариуцагч: Э.М

           Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Оюунтулга  оролцов.                                                                                                                                                                                                    

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

      Нэхэмжлэгч С.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Мтэй 2017 онд танилцаж, 2018 онд хамтран амьдарсан. Бидний охин Ш.Ү 2019 оны 05 сарын 01-ний өдөр төрсөн. Бид гэрлэлтээ бүртгүүлээгүй, мөн тухайн үед охины эцэг Э.М нь Монгол улсад байгаагүй учир охиноо өөрөөрөө овоглож төрсний гэрчилгээ авсан. Бид зан харьцаа гэр бүлээс гадуурх харилцаанаас болж 2019 оны 05 сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Охин Ш.Ү нь энэ жил 2 нас хүрч байгаа бөгөөд охины хоол унд, хувцас, эм тариа зэрэг амжиргааны зардлуудыг ганцаар хариуцахад хүндрэлтэй байна. Иймд Э.Мэс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

      Нэхэмжлэгч С.Ш шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: С.Ш миний бие 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс харъяа дүүргийн эмнэлэгт эрүүл мэндийн шалтгааны улмаас хэвтэн эмчлүүлж байна. 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүх хуралд эмнэлэгээс гараагүй байх учраас оролцож чадахгүй тул хэргийг миний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэжээ.

      Хариуцагч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь С.Шын нэхэмжлэлийн шаардлага болох охин Ш.Үд тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна. Миний эмээ covid-19 өвчний халдвар авч, миний бие ойрын хавьталд орсон тул өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний эзгүйд шүүх хуралдааныг хийж өгнө үү гэжээ.

     

      Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч С.Ш нь хариуцагч Э.Мд холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргажээ.

           Э.М, С.Ш нар 2017 онд танилцан хамтран амьдарч, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр охин Ш.Үг төрүүлсэн, зан харьцааны таарамжгүй байдлын улмаас 2019 оны 5 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтаар тогтоогдож байна.

            Нэхэмжлэгч С.Ш хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэл гаргасанг хариуцагч Э.М зөвшөөрсөн бөгөөд тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх, хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй байна.

    Иймд Гэр бүлийн тухай 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар эцэг Э.Мэс хүүхдийн тэтгэлэг гаргуулж охин Ш.Үг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулж шийдвэрлэлээ.

Зохигчид хүүхдийн тэтгэлгийг яаж төлөх аргаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцож шийдвэрлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Шд олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлд заасныг удирдлага болгон                                                                                    

                                                                                                          ТОГТООХ нь:

         

        1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн охин Ш.Үг 11 нас хүртэл тэдний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан эцэг Э.Мэр тэжээн тэтгүүлсүгэй.

        2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурдсугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Мэс 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Шд олгосугай.

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                  

                             

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА