| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0067/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/90 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/90
2024/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгч: Я.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Яын Бд холбогдох эрүүгийн 2312................. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютер программ хангамж мэргэжилтэй, Барс захад жимс ногооны түгээгч ажилтай, ам бүл 2, ээжийн хамт, ............аймгийн ............ сум, .................. багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Яын Б /РД:................./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Я.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Я.Б нь хохирогч С.Бг ямаа худалдаж авч байгаа талаар сонсож, түүнтэй утсаар холбогдож 3 удаагийн үйлдлээр нийт 28 тооны ямаа зарахаар хуурч, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хаан банкны 51.............. дугаартай дансаар 630,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Хаан банкны 51.............. дугаартай дансаар 720,000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хаан банкны 51.............. дугаартай дансаар 1,300,000 төгрөг нийт 2,650,000 төгрөгийг шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Я.Б нь дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч С.Бгийн өгсөн: “...Б буюу З бол нэг нутгийн танидаг хүн байгаа юм. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед би өөрийн гэр болох Архангай аймгийн Өлзийт сумын Бодонт багийн Шивээт хонхор гэх газар байж байх үед Я.Б над руу залгаж та ямааны мөнгө тарааж байгаа юм уу, би танд 7 тооны ямаа өгье та мөнгийг нь одоо дансаар шилжүүлчих гэж хэлсэн. Миний дансанд тухайн үед мөнгө байгаагүй учир миний эхнэр болох Аийн Мийн Хаан банкны 51............ тоот дугаартай данснаас Хаан банкны 51.............. тоот дугаартай данс руу “Ямааны мөнгө” гэсэн утгатай 650,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 630,000 шилжүүлэх ёстойгоос тооцоон дээр андуурч 20,000 төгрөг илүү шилжүүлчихсэн. Тэгэхээр нь шууд Б рүү утсаар яриад 20,000 төгрөгөө буцааж авсан. Дараа нь 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Б залгаж 8 тооны ямаа ахиж өгье мөнгийг дансаар шилжүүлчих 2022 оны 09 дүгээр сарын 10-ны дотор нийлүүлээд мөнгийг нь өгье ах гэж хэлсэн. Би Бд итгээд өөрийн эхнэр Мийн Хаан банкны 51............ тоо дугаартай данснаас Хаан банкны 51.............. дугаартай данс руу “Ямааны мөнгө Б” гэсэн утгатай 720,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Б дахин залгаж та надад мөнгө зээлээч би банкны зээлээ дарахгүй бол болохгүй болчихлоо, би ахин 13 тооны ямаа өгье, нэг тооны ямааг 100,000 төгрөгөөр тооцон зээлчих гэж хэлсэн. Би өөрийн эхнэр Мийн Хаан банкны 51............ тоот дугаартай данснаас Хаан банкны 51.............. тоот дугаартай данс руу “Б” гэсэн утгатай 1,300,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 09 дүгээр сарын 10-нд Б рүү залгаж мөнгө авах гэсэн боловч утсаа авахгүй, унтраагаад алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 131-133 дугаар тал/,
Гэрч А.Мийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Я.Б миний нөхөр болох Б рүү утсаар залгаж би танд 7 тооны ямаа өгье та мөнгийг нь дансаар шилжүүлчих гэж хэлсэн юм шиг байсан. Манай нөхөр Б нь чи Б рүү 650,000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны 51............ тоот дугаартай данснаас Хаан банкны 51.............. тоот дугаартай данс руу “Ямааны мөнгө” гэсэн утгатай 650,000 төгрөг шилжүүлсэн. Нийт 630,000 төгрөг шилжүүлэх ёстойгоос тооцоон дээр андуурч 20,000 төгрөг илүү шилжүүлчихсэн. Тэгэхээр нь шууд Б рүү утсаар яриад 20,000 төгрөгөө буцааж авсан. 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 22 цагийн үед Б нь ахин манай нөхөр Б рүү залгаж 8 тооны ямаа ахиж өгье мөнгийг дансаар шилжүүлчих 2022 оны 09 дүгээр сарын 10-ны дотор нийлүүлээд мөнгийг нь өгье ах гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны 51............ дугаартай данснаас Хаан банкны 51.............. дугаартай данс руу “Ямааны мөнгө Баатархүү” гэсэн утгатай 720,000 төгрөг шилжүүлсэн. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед Б дахин манай нөхөр рүү залгаж та надад мөнгө зээлээч би банкны зээлээ дарахгүй бол болохгүй болчихлоо, би ахин 13 тооны ямаа өгье, нэг тооны ямааг 100,000 тооцон зээлчих гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны 51............ тоот дугаартай данснаас Хаан банкны 51.............. тоот дугаартай данс руу “Б” гэсэн утгатай 1,300,000 төгрөг шилжүүлсэн. Би Бэс 28 тооны ямааны мөнгө буюу нийт 2,650,000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар тал/,
Гэрч Г.Сын өгсөн: “...Б гэх хүн 2021 онд надад хонь өгнө гээд мөнгө зээлж авсан юм. Тэр мөнгөө авах гээд 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр З буюу Б гэрт очоод мөнгө авъя гэж хэлтэл орой хүрээд ир гэсэн. Би тэр өдрийн орой Жийг дагуулаад Б гэрт очсон Б би одоо олоод өгье чи буцаад хүрээд ир гэж хэлсэн. Би Жийг гэрт нь хүргэж өгөөд буцаад Б гэрт очсон Б миний хажууд Б ах руу утсаар яриад 720,000 төгрөг зээлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 дугаар тал/,
Гэрч Ц.Жийн өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 28-ны орой би гэртээ байж байх үед Б, С хоёр манай гэрт ороод ирсэн. С надад хандаж чи дансаа өгчих мөнгө хийлгүүлээд авъя гэж хэлсэн. Би өөрийн Хаан банкны 51.............. тоот дугаартай дансыг өгсөн миний дансанд 720,000 төгрөг орж ирсэн. Б чи О руу 100,000 төгрөг шилжүүлээд өгөөч гээд би өөрийн Хаан банкны 51.............. дугаартай данснаас Хаан банкны 50.............. дугаартай данс руу 100,000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 620,000 төгрөгийг нь Сын Хаан банкны 50.................. дугаарын данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-36 дугаар тал/,
Гэрч Ж.Дын өгсөн: “...Одоо онлайн гар утасны покер тоглоод амьдралаа үрж, хүнээс зээл авч, зээл авсан мөнгөөрөө покер тоглоод мөнгөө алдаад, их уурладаг хажууд байгаа хүнээ загнадаг тийм хүн байгаа юм. Б миний Хаан банкны интернэт банкны кодыг мэддэг. 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 650,000 төгрөгийн орлого ороход тухайн үед би ямар учир шалтгаантай мөнгө гэдгийг нь сайн мэдэхгүй байсан. Сүүлд сонсоход Б ахад ямаа өгье гээд мөнгийг нь миний дансаар авсан байсан. Тухайн мөнгийг яаж үрж дуусгасан талаар мэдэхгүй байна. ...Онлайн гар утасны покер тоглоод дуусгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дугаар тал/,
Гэрч О.С өгсөн: “...Б хамтран амьдрагч Д нь Архангай аймгийн Өлзийт сумын Ерөнхий боловсролын сургуульд тогооч хийдэг юм. 2022 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийн мэдэхгүй байна. Б банкны зээлийн мөнгө өгөх шаардлагатай болчихлоо 1,300,000 төгрөг зээлээч гэсэн би Б эхнэр Дтой нэг байгууллагад ажилладаг болохоор итгээд зээлсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 30-ны өдөр миний Хаан банкны 51.............. тоот дугаартай данс руу 1,300,000 төгрөг орсон юм. Тухайн мөнгөний гүйлгээний утга нь “Б” гэсэн утгатай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 дугаар тал/,
Гэрч Я.А өгсөн: “...2023 онд хонь, ямаа, адуу, үхэр нийлээд 50 толгой мал тоолуулсан байх сайн мэдэхгүй байна. Б нь сүүлийн үед маш их тоглосон тэрнээс болж малаа зарж дуусгасан байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 112- 113 хуудас/,
Гэрч Т.Ө өгсөн: “...2022 оны жилийн эцсийн мал тооллогоор Б адуу 4, хонь 35, ямаа 15 тоолуулсан. Өөрөө байгаагүй хөдөө байдаг хүргэн ах нь малыг тоолуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 241-242 дугаар тал/,
Яллагдагч Я.Б өгсөн: “...Миний үйлдэл тохирч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн дугаар тал/,
А.Мийн деспозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 11-12, 47-52 дугаар тал/,
Ж.Дын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 55-62 дугаар тал/,
О.Сдепозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63-67 дугаар тал/,
Ц.Жийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 69-75 дугаар тал/,
Шүүгдэгч Я.Б депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 83-103, 160-194 дугаар тал/,
Ял шийтгэлийн тэмдэглэл /хх-ийн 202 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөргүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа маргаанаас ялгагдах бөгөөд шүүгдэгч Я.Б нь хохирогч С.Бг “ямаа худалдаж авч байгаа талаар сонсож, түүнтэй утсаар холбогдож, 3 удаагийн үйлдлээр нийт 28 тооны ямаа зарна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч хохирогч С.Бд 2.650.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг залилж авсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Я.Б хуурч, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Я.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Я.Б хуурч, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч С.Бд 2.650.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд “Я.Бэс 94-65 УНВ улсын дугаартай Муссо маркийн тээврийн хэрэгсэл авсан, надад гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Я.Б хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Я.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Я.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлан, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Я.Б өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Яын Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, итгэл эвдэх, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан шүүгдэгч Я.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Я.Бд тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар шүүгдэгч Я.Бд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан 6 /зургаа/ сарын хугацаанд түүнд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Я.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР