Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 128/шш2022/0526

 


  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “С***” ХХК /РД:2762463/,

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын хоорондын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохтой холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “С***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан “ХҮ-0***** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч “С***” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын /хуучин нэрээр/ 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Их агит” нэртэй 6044,22 га талбайд ашигт малтмалын хайгуулын ХV-0***** дугаартай тусгай зөвшөөрлийг авсан,

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Гурванбулаг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын “Сумын зарим газрыг орон нутгийн хамгаалалтад авах тухай” 12/25 дугаар тогтоолоор “...Тус сумын Авзага багийн Нанзангийн хоолой, Хөгнө багийн Их Агьтын эх, Агьт багийн Бага Агьтын эх орчмын зарим газрыг байгалийн онгон төрх, бэлчээрийн болон ашигт ургамлын төрөл зүйл, тоо толгой нь ховордсон халиун Буга, Тарвага, Аргаль зэрэг ан амьтныг хамгаалах өсгөх, түүх соёлын үл хөдлөх дурсгалт зүйлсийг хамгаалах зорилгоор 15 жилийн хугацаагаар орон нутгийн хамгаалалтад авсугай” гэж шийдвэрлэн уг тогтоолыг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосон байна,

Улмаар 2021 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “С***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт 37 дугаар албан бичгээр “... Их агьт нэртэй ХV-0***** дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайтай дүйцэхүйц хэмжээний хайгуулын талбайг олгож, бидэнд тусална уу” гэж хандахад,

Ашигт малтмал, газрын тосны газраас 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 8/2995 дугаар албан бичгээр “С***” ХХК-д хандан “...хуулийн зохицуулалтад танай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хамаарахааргүй байна. Иймд танай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариуг өгсөн,

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нэхэмжлэгч компаниас “...манай компанид 2015 оны 4 дүгээр сарын 27-нд олгосон “Их агьт” нэртэй ХV-0***** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай дүйцэхүйц хэмжээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгож өгнө үү” гэж 21/30 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газарт гаргасан,

2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас “...хариуг 2021 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 8/2995 дугаартай албан бичгээр хүргүүлсэн байна” гэх хариуг 8/4512 дугаар албан бичгээр “С***” ХХК-ийн захирал С.З********д хүргүүлжээ,

2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр “С***” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Х.Х*****д 21/34 дүгээр албан бичгээр хандан “...манай компанид 2015 оны 4 сарын 27-нд олгосон “Их агьт” нэртэй ХV-0***** тоот хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайтай дүйцэхүйц хэмжээний газарт хайгуулын тусгай зөвшөөрөл нөхөн олгож өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан,

2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газраас 1/4834 дүгээр албан бичгээр “С***” ХХК-ийн захирал С.З********д хандан “...хүсэлтээ эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн хариуг өгсөн байна.

 3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч анх 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр анх шүүхэд хандан “...Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь тусгай хэрэгцээнд авагдсанаар нөхөх олговор авах эрх нь үүссэн тус компанийн нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэж өгөхөөс удаа дараа татгалзаж, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанид нөхөх олговор олгох асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газарт даалгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ХҮ-0***** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах” гэж өөрчилсөн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ "С***" ХХК нь Булган аймгийн Гурван булаг сумын Их Агит нэртэй газарт 6044.22 гектар талбай бүхий ХҮ-0*****  дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг 2015 оны04 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийг хүртэл хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхтэй болсон.

Нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл эзэмшсэнээс хойш сумын Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулж, ХV018077 дугаар талбайд хайгуулын үйл ажиллагааг явуулахаар 2015, 2016 онуудад очсон боловч орон нутгийн эсэргүүцэлтэй тулгарч, төлөвлөгөө батлуулж ажлаа хийж чадахгүй буцсаар байсан.

2/ Гэтэл Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 28-ны 12/25 дугаар тогтоолоор манай ХV-0***** дугаар талбайг орон нутгийн тусгай хамгаалалтад авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 1 жилийн дотор нөхөн олговрыг олгоогүй учир манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах эрх нээгдсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д ...хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно" гэж зохицуулсан байхад ХV-0***** дугаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлээр дуусгавар болсныг бүртгэсэн байна.

Өөрөөр хэлбэл Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар тогтоолоор тусгай хамгаалалтад авсан байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан хугацаанд нөхөн төлбөрийг олгоогүй учир энэхүү тусгай хамгаалалтад байсан хугацааг эзэмшсэн хугацаанд оруулж тооцохгүй тул манай тусгай зөвшөөрлийн хугацаа 2019 оны 4 сарын 27-ны өдөр дуусах байсан.

Гэтэл хариуцагчаас тусгай зөвшөөрлийн үндсэн хугацаагаар дуусгавар болгож бүртгэсэн 2018 оны 5 сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус байна. Дээрх нөхцөл байдлыг энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас нотлох баримтууд ирүүлэхэд мэдсэн тул хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаагаар нэхэмжлэгчийн шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг тооцох тул захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл заасан хугацаа зөрчигдөөгүй гэж үзэж байна.

Хэдий нэхэмжлэгч хайгуулын үйл ажиллагааг явуулж чадахгүй байсан боловч нэхэмжлэгчийн зүгээс тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг 2015, 2016, 2017 онуудад төлсөөр ирсэн.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******** шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “...1/ "С***" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-0***** тоот тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт "...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан..." гэж зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна.

Тодруулбал: хайгуулын ХҮ-0***** тоот тусгай зөвшөөрлийг эзэмшигч “С***” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй нь тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл болсон бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн системд бүртгэсэн нь хуульд нийцэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд "Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргана" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдлийг хуулийн шаардлага ханган тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө ирүүлэхээр хуульчилсан бөгөөд сунгуулах өргөдлийг төрийн захиргааны байгууллагад ирүүлэхдээ ашигт малтмалын тухай хуулийн 22.1.1 дэх хэсэгт "хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар", 22.1.2 дахь хэсэгт “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт", 22.1.3 дахь хэсэгт "байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт", 22.1.4 дэх хэсэгт хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт зэргийг тус тус хавсаргахыг шаарддаг.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлэх бөгөөд өргөдөл нь хуулийн шаардлага хангаж байвал тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь хэсэгт "...энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах..." гэж заасны дагуу 3 жилийн хугацаагаар сунгасан геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын шийдвэр гарч, тус хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт “...Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2. 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5 дахь хэсэгт заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хавсралт болон кадастрын системд бүртгэл хөтөлж тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгддэг.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлөө төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт "...тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан..." гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болсныг геологи, уул уурхайн кадастрын системд бүртгэдэг бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчид мэдэгдэхийг Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулаагүй, мөн Геологи, уул уурхайн кадастрын даргын шийдвэр, бусад эрх зүйн акт гардаггүй болно.

2/ Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаатай холбоотой асуудлыг Ашигт малтмалын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “... Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 - 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8 - 11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 - 11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ..." гэж төрийн захиргааны байгууллагын хэрэгжүүлэх үйл ажиллагаа, чиг үүргийг зохицуулсан мөн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн тооцуулах эрх зүйн хэм хэмжээ хуулиар олгогдоогүй.

"С***" ХХК нь ашигт малтмалын хайгуулын ХҮ-0*****  тоот тусгай зөвшөөрлийн хугацааг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр дуусгавар болгож бүртгэснийг мэдсэн тухайгаа 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 01/36 дугаар албан бичгээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт шүүгч дараах тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах нөхцөлүүдийг тусгайлан заасан бөгөөд хуулийн 54.1.3 дахь хэсэгт "Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой" гэж заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар хуульчилсан.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хуулийн хугацаа хэтэрсэн байна.

Иймд нэхэмжлэгчийн “...ХҮ-0*****  тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоолгож, ХҮ-0***** тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах..." нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С***” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч “С***” ХХК-ийг төлөөлж захирал С.З******** тус шүүхэд хандаж анх “Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбай нь тусгай хэрэгцээнд авагдсанаар нөхөх олговор авах эрх нь үүссэн тус компанийн нөхөх олговрын асуудлын шийдвэрлэж өгөхөөс удаа дараа татгалзаж бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанид нөхөх олговор олгох асуудлыг нэн даруй шийдвэрлэж өгөхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “ХҮ-0***** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах” гэж өөрчилсөн,энэхүү өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд буюу 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар бүхий Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор ХҮ-0***** дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авч үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, тус Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 1 жилийн дотор нөхөн олговрыг олгоогүй учир манай байгууллага үйл ажиллагаагаа явуулах эрх нээгдсэн, ...энэхүү тусгай хэрэгцээнд байх хугацааг тусгай зөвшөөрлийг эзэмшсэн хугацаанд оруулж тооцохгүй тул манай тусгай зөвшөөрөл 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байсан...” гэж тодорхойлсныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө хүсэлт болон холбогдох баримтуудаа ирүүлэх үүрэгтэй, энэ хугацаанд хүсэлтээ ирүүлээгүй тул кадастрын бүртгэлийн нэгдсэн системд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэл хийгдсэн, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна.

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч “С***” ХХК-д Булган аймгийн Гурванбулаг сумын нутаг “Их ачит” нэртэй 6044,22 гектар талбайд ашигт малтмал хайхыг зөвшөөрч Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 277 дугаар шийдвэрээр олгож, анхдагч огноог 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгосон,

2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар бүхий Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор ХҮ-0***** дугаар тусгай зөвшөөрлийн талбайг бүхэлд нь орон нутгийн тусгай хэрэгцээнд 15 жилийн хугацаагаар авсан,

            Нэхэмжлэгч нь Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар бүхий тогтоолын улмаас гаргасан зардлын 6222830 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан гаргасныг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 277 дугаар шийдвэрээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон,

            Нэхэмжлэгч компани нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуульд заасан хугацаанд буюу 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 1 сарын өмнө гаргаж хариуцагч захиргааны байгууллагад ирүүлээгүй үйл баримтууд тус тус тогтоогдсон, эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

            Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана:”,  22.1.1-д “хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар /баримт бичгийг хүлээн авч байгаа эрх бүхий этгээд хуулбарыг эх хувьтай нь тулгаж, хуулбар үнэн зөв болох тухай тэмдэглэгээг үнэ төлбөргүй хийнэ/, хэрэв шуудангаар ирүүлсэн бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар;”, 22.1.2-т “үйлчилгээний хөлс, тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн, түүнчлэн хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай баримт”, 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт;”, 22.1.4-т “хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт.”, гэж, мөн хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:”, 53.1.1-д “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан;” гэж тус тус заасан.

            Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө хугацаа сунгуулах өргөдлөө хуульд заасан холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлэх үүрэгтэй байсан хэдий ч уг үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс хариуцагч захиргааны байгууллага түүний эзэмшлийн тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгож 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр бүртгэсэн нь хуульд нийцсэн, уг бүртгэлийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

            Харин нэхэмжлэгч нь  “хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд байх хугацааг тусгай зөвшөөрлийг эзэмшсэн хугацаанд оруулж тооцохгүй тул манай тусгай зөвшөөрөл 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуусах байсан...” гэж маргасан,  ашигт малтмалын харилцааг нарийвчлан зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө.”, 14.5-д “Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно.”, 14.6-д “Нөхөх олговрыг энэ хуулийн 14.5-д зааснаар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах эрхтэй.”, 14.7-д “Энэ хуулийн 14.5-д заасны дагуу тогтоосон нөхөх олговортой холбогдсон маргаан гарвал шүүх хянан шийдвэрлэнэ.”, 14.8-д “Энэ хуулийн 14.2-т зааснаар тогтоосон газрыг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан бол төрийн захиргааны байгууллага энэ тухай нийтэд мэдээлэх бөгөөд урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд ийнхүү мэдээлснээс хойш 1 сарын дотор хүсэлт гаргавал тэрээр тусгай зөвшөөрлийг тэргүүн ээлжинд авах давуу эрх эдэлнэ.” гэж тус тус зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг тусгай хэрэгцээнд авсан байгууллага нь нөхөх олговор олгохоор зохицуулсан боловч тусгай хэрэгцээнд байх хугацааг тусгай зөвшөөрлийг эзэмшсэн хугацаанд оруулж тооцох эсэх талаар тухайлан зохицуулаагүй болно.

            Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч энэхүү үндэслэлээ Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасан “Энэ хуулийн 13.5, 14.8-д заасны дагуу чөлөөлөгдсөн талбайг урьд нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр эзэмшиж байсан этгээдэд үргэлжлүүлэн эзэмшүүлэхдээ тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээ, нөөцөд байсан хугацаагаар сунгаж тооцно.” гэж заасныг эш татаж маргасан боловч хуулийн энэ заалт нь тухайн талбайг тусгай хэрэгцээнд байлгах хугацаа дууссан тохиолдолд өмнө эзэмшиж байсан этгээд давуу эрхээр эзэмших боломжтойг заасан ба хэрвээ өмнөх эзэмшигч нь тухайн талбайг үргэлжлүүлэн эзэмших тохиолдолд тусгай зөвшөөрлийн хугацааг тусгай хэрэгцээнд байсан хугацаагаар сунгаж тооцохоор журамласан, хуулийн энэ заалт нь нэхэмжлэгч компанийн хувьд хэрэглэгдэхгүй.

            Учир нь нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийн талбайг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан Булган аймгийн Гурванбулаг сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 12/25 дугаар тогтоолоор тухайн талбайг 15 жилийн хугацаагаар авсан, ба тусгай хэрэгцээнд байх хугацаа өнөөдрийн байдлаар дуусгавар болоогүй, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг хэрэглэх үндэслэл үүсч бий болоогүй тул нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийн хугацааг нэг жилээр сунгаж тооцох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

            Иймд  нэхэмжлэгч компанийн өмгөөлөгчөөс “...тусгай зөвшөөрөл 2019 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр дуусахаар байхад 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дуусгавар болгосон нь хууль бус” гэсэн үндэслэлээр бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хугацаанд хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах үүрэгтэй байсан боловч энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь буруу, тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийн талаар мэдсэн тухайгаа 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 01/36 дугаар албан бичгээр гаргасан нэхэмжлэлд дурдсан тул шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой” гэж маргасан боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагаа 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд ирүүлсэн, тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон бүртгэлийн талаар шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн гаргасан хариу тайлбар, нотлох баримтаас мэдсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:”, гэж, мөн хуулийн 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.”, гэж, хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.”, гэж тус тус заасан ба шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй тул “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх хариуцагчийн тайлбарыг хүлээж авах хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

            Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч “С***” ХХК-иас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,  106.3, 106.3.14-т заасныг Удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “С***” ХХК-иас гаргасан “ХҮ-0***** дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосныг бүртгэсэн 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэл хууль бус болохыг тогтоож, уг тусгай зөвшөөрлийн хугацааг нөхөн олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН