Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 35

 

Э.Э-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Б.Бадмарага нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 107 дугаар магадлалтай, 1725001590075 дугаар эрүүгийн хэргийг Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1993 оны 5 дугаар сарын 4-ний өдөр төрсөн, эмэгтэй, ял шийтгэлгүй, Тэмээт овогт Э.Э нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт “Хүлэг” хүнсний захын ногооны тасагт иргэн Х.Бүжинлхамын лангуун дээр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллахдаа 543.162 төгрөг завшсан гэх гэмт хэрэгт холбогдож, прокуророос Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоолоор Э.Э-т Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.Э-ыг цагаатгаж, хохирогч Х.Б нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 107 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяа бичсэн эсэргүүцэлдээ “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу шинжээч Д.Мөнхбат нь санхүүч мэргэжилтэй тул түүнийг нягтлан бодох бүртгэлийн тусгай мэдлэг эзэмшсэн этгээд гэж үзэх үндэслэлтэй.

Иймд Д.Мөнхбатыг шинжээчээр томилсон нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 6.1.2, 6.1.5 дахь заалтад нийцнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана гэж заасан.

Гэтэл шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт гэрч Э.Энхриймаа, Ж.Сувдаа, хохирогч Х.Бүжинлхам нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзэж шинжлэн судалсан.

Шүүх дээрх хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэн яллах дүгнэлтэд заасан нотлох баримтууд нь ямар нотлох баримтаар няцаагдаж байгаад дүгнэлт хийлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож үндэслэлгүй шийдвэрлэсэн. Дээрх нотлох баримтуудаар Э.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшсан нь нотлогдож байна.

...Шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн гэм буруу нотлогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх 2 дүгнэлтийг хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийн 3 дахь заалтад дүгнэлт хийгээгүй.

Шүүхийн цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчийг ямар үндэслэлээр цагаатгасан үндэслэлээ дурьдаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтыг зөрчиж байх ба цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Хохирогчийн гаргаж өгсөн нотлох баримтуудад үндэслэн эрх бүхий этгээд хохирлын үнэлгээний дүгнэлтийг гаргаж, энэ дүгнэлттэй талууд танилцаж, зөвшөөрсөн байдаг. Шүүх шийдвэрээ гаргахдаа хэрэгт авагдсан баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ хангалттай дурьдаагүй, хуулийн үндэслэл бүхий цагаатгах тогтоол гаргаагүй байх тул цагаатгах тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Э.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Анхан шатны шүүх “Бан хас” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, 2, 16.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9.1, 6.1.2, 6.1.5 дахь заалтуудыг зөрчсөн байна” гэж, давж заалдах шатны шүүх “Э.Э, Х.Б нарын хооронд хөлсөөр ажиллах иргэний эрх зүйн гэрээний харилцаа үүссэн байгаа боловч эд хөрөнгийн хариуцлагын гэрээ байгуулагдаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ тодорхойгүй байхад шүүгдэгч Э.Эыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй” гэж тус тус дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх тохиолдолд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадварыг тодруулахын зэрэгцээ, шинжээч нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт заасан шүүхийн шинжилгээ хийж дүгнэлт гаргахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх ёстой боловч Э.Э-т холбогдох хэрэгт үнэлгээний тайлан гаргасан шинжээч Д.Мөнхбатын хувьд санхүүгийн шинжилгээ хийх тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэнийг нотолсон баримт хэрэгт байхгүй, түүний гаргасан дүгнэлтийн үндэслэл болсон баримтууд нь санхүүгийн дүгнэлт гаргах шаардлагыг хангаагүйгээс гадна үнэн зөв эсэх нь тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч Э.Э нь иргэн Х.Б-ын лангуун дээр 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд худалдагчаар ажиллахдаа 543.162 төгрөгийг хэрхэн дутагдуулсан, эсхүл завшсаныг мөрдөн байцаалтын шатанд хөдөлбөргүй тогтоож чадаагүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг цагаатгаж, давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.

Иймд цагаатгах тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгуулах талаар хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 300 дугаар цагаатгах тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 107 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай

 

                              ДАРГАЛАГЧ                                                            Б.ЦОГТ

                              ШҮҮГЧ                                                                     Б.БАТЦЭРЭН

                                                                                                               Д.ГАНЗОРИГ

                                                                                                               Ч.ХОСБАЯР

                                                                                                               Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН