Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2016/00356/з |
Дугаар | 221/МА2017/0056 |
Огноо | 2017-01-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2017/0056
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Номуулин даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Ц.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, Ц.*******гийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ц.*******г ажилд томилохгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, Ц.*******г ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “Миний Соёл, спорт, аялал жуулчлалын яам /хуучин нэрээр/-ны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан үндэслэлгүйгээр албан тушаал бууруулсан асуудлаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 165 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 254 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 45 дугаар захирамжаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрүүдийг үндэслэн Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 6674 дүгээр захирамжаар "...иргэн Ц.*******гийн нэхэмжлэлийг хангаж албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/29, 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, албан тушаал бууруулсны цалингийн зөрүү болох 1,181,226 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн Гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулж мэргэжилтэн болгосон асуудлын маргаан шүүх /дээд/-ээр эцэслэн шийдвэрлэгдэхээс өмнө хариуцагч намайг мэргэжилтний ажлаас халсан. Мэргэжилтний ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар Төрийн албаны зөвлөлд гомдол, захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа урьд нь албан тушаал бууруулсан асуудлыг хууль бус гэж үзэн тушаалыг хүчингүй болгож, цалингийн зөрүүг олгуулах шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэж ажилд эгүүлэн тогтоох шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдэж, хэрэгжүүлэхээр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж байсан тул нэхэмжлэлд ажилд эргүүлэн томилуулах шаардлагагүй гэж үзэн ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах шаардлагуудыг гаргаж Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 375 дугаар магадлалаар миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ажлаас халсан шийдвэрийг хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулахаар шийдвэрлэсэн. Эдгээр шийдвэрийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 7075 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр мөн өдрийн 95 дугаар Гүйцэтгэх хуудсыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлсэн.
Намайг Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас мэргэжилтэн болгосон, мэргэжилтний ажлаас халсан тушаалуудыг хүчингүй болгосон шүүхийн шийдвэрүүдээр би яамны хэлтсийн дарга хэвээрээ байгаа гэж ойлгогдож байна. Нэгэнт албан тушаал бууруулсан болон ажлаас халсан шийдвэрүүд хүчингүй болсон тул ажилд томилсон шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж намайг ажилд эргүүлэн томилсноор шүүхийн шийдвэр хэрэгжиж, миний хууль ёсны эрх сэргээгдэх ёстой.
Ажилд буцаан томилох үүрэг бүхий хариуцагч Соёл, спорт, аялал жуулчлалын яам татан буугдсан ба шинээр эрх залгамжлан авч шүүхэд хариуцагчаар оролцсон Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа /эс үйлдэхүй/ явдал хууль бус болохыг тогтоолгохоор дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаагаас миний хууль ёсны эрх ашиг хохирсон хэвээр байгаа төдийгүй шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх процесст надаас үл хамаарах олон өөрчлөлт орж, би ажилгүй орлогогүй байгаа тул шүүхийн шийдвэр гарснаас хойшхи ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжилсэн.
Би нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг хэлтсийн даргын цалингаар тооцож, нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу нийт 3 жилийн цалин, нэмэгдлийг cap өдрөөр тооцож, нотлох баримт болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн хүснэгтийн хамт нэхэмжлэлд хавсаргасан.
Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 384 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ мэргэжилтний тарифт цалингаар тооцож олгохоор шийдвэрлэж, зөрүүг хангахгүй орхисон ба шийдвэрийн үндэслэх хэсэгт "... шүүх хурлаар мэргэжилтний ажлаас халсан тушаалын үндэслэлийг хянаж хүчингүй болгуулах, мэргэжилтний ажлаас халагдаж ажилгүй байсан хугацааны цалинг олгох нэхэмжлэлийн шаардлагаар хэргийг хянан хэлэлцэж байгаа тул хэлтсийн даргын цалин орсон нийгмийн даатгалын дэвтрийн дүнгээр хохирол тооцох боломжгүй гэж үзсэн ба шүүхийн шийдвэрт Ц.******* нь ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн нэмэгдлийн зөрүү зэргээ жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр, магадлал нөлөөлөхгүй болохыг дурдсан.
Нэхэмжлэлийн шаардлагад нийгмийн даатгалын дэвтрийн үндсэн цалингийн орлогоор тооцож нийт орлого 49,359,253 төгрөг, үүнээс шүүхийн шийдвэрээр мэргэжилтнээр тогтоосон цалин 16,771,517 төгрөг, зөрүү 32,587,736 төгрөгийг нэхэмжилсэн.
Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг буюу Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны ажилд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус гэж үзэн ажилд эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн ба ажилгүй байсан хугацааны цалин нэмэгдлийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт энэхүү гомдлыг гаргаж, захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсон эрх ашгаа сэргээлгэх, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийлгэх гомдлыг гаргаж байна.
Гомдлын шаардлага: Ажилгүй байсан хугацааны хохирлыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийн бичилтийг хийлгэх
Үндэслэл: Хариуцагч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, ажилд томилохгүй байгаагаас би хохирсоор байгаа бөгөөд энэхүү эс үйлдэхүй нь хууль бус болохыг анхан шатны шүүх 2 удаа тогтоосон боловч хохирлыг төлүүлэхээр шийдвэрлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон”, З6.2 “Ажилтны урьд эрхэлж байсан ажлын байр, албан тушаал нь цомхтгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй”, 69 дүгээр зүйлийн 69.1 “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно" гэж зааснаас харахад ажилтныг ажлаас үндэслэлгүй халсан болох нь тогтоогдвол ажилд нь эргүүлэн тогтоох, урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох шийдвэрийг шүүх болон төрийн захиргааны байгууллага гаргах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа эргүүлэн тогтоохоор заах ёстой гэж хуульчлаагүй байна.
Гэтэл шүүх эргүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн мөртлөө хохирол нэхэмжилсэн шаардлагыг хангахгүй орхигдуулсан нь хууль бус байна.
Хуульд З6.З “Энэ хуулийн 40.1.1-д зааснаар орон тоо хасагдсан гэх боловч түүнийг гурван сарын дотор дахин бий болгож, орон тоо хассан нь үндэслэлгүй болох нь тогтоогдвол тухайн ажилтныг ажилд нь эгүүлэн тогтооно" гэж зааснаас харахад эргүүлэн тогтоох асуудал зөвхөн ажлын байрны орон тоо хасагдсан, түүнийг дахин бий болгосон тохиолдолд хамаарахаар байна.
Мөн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх шүүгчийн захирамжид ажилд эргүүлэн тогтоохоор зааж, хуулийн хүчин төгөлдөр хэрэгжиж байсан бөгөөд энэхүү захирамж хүчингүй болсныг мэдсэн даруйд шүүхэд нэхэмжлэл гаргасан цаг хугацаа үйл баримтыг шүүх зөв үнэлээгүй гэж үзэж байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д "Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна" гэж заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба Гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны 2016 оны бүтэц, төсвийн хуулийг хүлээж, надад мөн тэрхүү хариуг ирүүлж байсан.
Ажилд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр нөхөн олговрыг олгохгүйгээр шийдвэрлэсэн төдийгүй албан тушаал бууруулсан захиргааны акт хүчингүй болчихоод байхад ажилтны эрхийг хэрхэн сэргээх, шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгаагүй нь маргаан бүхий байдлыг хэвээр нь үлдээсэн.
Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана: 70.2.4 захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон бол шаардагдах захиргааны актыг гаргахыг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах; 70.2.6 захиргааны байгууллага, албан тушаалтнаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах, хохирлын хэмжээг өөрчлөх, хасах”, 70.4 “3ахиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь тогтоогдвол нөхөн төлүүлэх ба хохирлын хэмжээний талаар маргаан гарсан бол иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлнэ" гэж заасны дагуу гомдлыг шийдвэрлэж өгнө үү.
Нотлох баримтаар: 1. Шүүхийн шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл буюу мэргэжилтний ажлаас халагдах өдөр хүртэл хэлтсийн даргын цалинг олгохоор шийдвэрлэсэн тул энэ хугацаанд ямар нэгэн маргаан байхгүй. Шүүхийн шийдвэрээр зөрүүг авах боломжтой. 2. Шүүхийн шийдвэрээр 2013 оны 11 дүгээр сарын 22-ноос 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны хохирлыг мэргэжилтний тарифт цалингаар буюу 16771,0 мянган төгрөгөөр тогтоосон. Би нэхэмжлэлээ Нийгмийн даатгалын дэвтрийн бичилтийг үндэслэн төрийн албан хаагчийн үндсэн ба нэмэгдэл цалин болох бодит орлогоор нэхэмжилсэн боловч нэхэмжилсэн дүнгээс зарим хэсгийг хангахгүй орхигдуулж "... ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн нэмэгдлийн зөрүү зэргээ жич нэхэмжлэхэд энэхүү шийдвэр магадлал нөлөөлөхгүй" болохыг дурдаж шийдвэрлэсэн. 3. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл шүүхийн процесс үргэлжилсэн бөгөөд 2015 оны 09 дүгээр сарын 28-нд 3 шатны шүүхийн процесс дуусч шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж гарсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлж, төрийн байгууллага хооронд албан бичиг дамжиж төсөв орон тоо гэх мэт тайлбарууд үргэлжилсээр өнөөдрийг хүртэл нийт 1 жил, 3 cap ажилгүй хэвээрээ байсаар байна.
Шүүхийн процесс дууссанаас хойш Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргах журмын тухай хуульд заасан хугацаанд зохих өргөдөл гомдлыг гарган шат шатны байгууллагуудаар хөөцөлдсөөр 2016 оны 02 дугаар сарын 01-ээс ажилд орох болсон ч мөн надаас үл хамаарах шалтгаанаар би ажилгүй хэвээрээ үлдсэн тул дахин нэхэмжлэл гаргасан билээ.
Намайг албан тушаал бууруулахдаа уг тушаалаар мэргэжилтэн болгосон. Албан тушаал бууруулсан тушаал бүхэлдээ хүчингүй болоход мэргэжилтнээр томилсон тушаал мөн хүчингүй болсон. Ингэснээр намайг хэлтсийн даргын албан тушаалд томилсон шийдвэр хүчинтэй хэвээр үлдсэнээр би уг ажлыг эрхлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон тушаалыг гурван шатны шүүхийн шийдвэрийг харж байж буцаан хуучин албан тушаалд томилно гэсээр сүүлд халах тушаал гаргасан. Ингэхдээ угаасаа чиний мэргэжилтнээр томилсон тушаал чинь хүчингүй болсон гэх тайлбарыг гаргасан ба энэхүү халсан тушаал мөн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон.
Шүүхийн шийдвэр, түүнийг биелүүлэх төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус үйлдэл, эс үйлдэхгүйгээс би хохирсоор байгаа нь нотлох баримтаар тогтоогдсоор байхад дахин тодорхой бус байдлаар шийдвэрлэж, хохирол нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус байна.
Шүүх анхнаасаа хохирлыг шийдвэрлэхгүй байх сонирхлоор хүсэлт гаргасаар байхад цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан хариуцагчаас цалин хөлстэй холбоотой баримтыг гаргуулаагүй, нэхэмжлэгчид төрийн байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүйгээс хохирол учирсан эсэх, хохирлын тооцооллыг хэлэлцээгүй гэж үзэж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “тооцоолол мэдээж ойлгомжтой Засгийн газрын тогтоол журмаар цалин хөлс тооцоологддог, нийгмийн даатгалын дэвтэр төрийн албан хаагчийн орлогын үндсэн баримт юм. Гэхдээ төсөвт байгууллага учраас төсөв мөнгө байхгүй, нэхэмжлэгчийг ажилд томилохоор шийдвэрлэж байгаа учраас нөхөн олговор өгөх боломжгүй” хэмээн барьцаалсан тайлбар хэлсэн байдаг.
Нэхэмжлэлийг шүүх хүлээн авч шийдвэрлэсэн боловч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль бус бөгөөд ойлгомжгүй байна.
Би ажлаас халагдсан 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл буюу нийт 3 жилийн цалин, нэмэгдлийг cap, өдрөөр 2 янзаар тооцож, нотлох баримтын хамт нэхэмжлэлд хавсаргасан. Анхан шатны шүүх 2 удаа шийдвэр гаргахдаа ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгохгүй байхаар шийдвэрлэхдээ хуулийн заалт, үндэслэлийг тодорхойлоогүй нотлох баримтыг үнэлээгүй, хохирлыг цаашид хэрхэх талаар шийдвэртээ тайлбарлаагүй байна.
Миний ажилласан жил, нийгмийн даатгалын төлөлт 1 жил, 3 сараар тасрахад хүрч байгаа бөгөөд хэлтсийн даргын албан тушаалтай мөртлөө мэргэжилтний цалингаар хохирол барагдуулснаас цалин орлого, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт багасч энэ нь цаашид нийгмийн халамж хүртэх, тэтгэвэр тэтгэмж тогтоолгох зэрэгт ноцтой нөлөөлөхүйц байдалд хүрээд байгаа. Шүүх үүнийг хуулийн ямар үндэслэлээр хэрхэн яаж шийдвэрлэсэн, хэлтсийн даргаар томилсон тушаал хүчинтэй байсаар байхад ажил албан тушаалгүй, цалин орлогогүй байгаад байгаа нь хуульд нийцэж байгаа эсэх, шүүхийн шийдвэрийг хэн хэрхэн яаж хэрэгжүүлэх талаар тайлбар дүгнэлт хийгээгүй юм” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалын заалтыг биелүүлэлгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд “Ажилд томилох захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, урьд нь эрхэлж байсан албан тушаал ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд эгүүлэн томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгах, хууль бус эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол буюу ажилгүй байсан 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулахаар тооцохдоо төрийн албанд ажилласан хугацаа 25 жил болж нэмэгдэл авах нөхцөл бүрдсэн талаар дурдсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэхэмжлэгчийн төрийн албанд ямар хугацаагаар ажиллаж байгаа болохыг тодруулж, цалин хөлстэй холбоотой баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж цуглуулалгүй хэргийг шийдвэрлэжээ.
Нөгөөтэйгүүр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 589 дүгээр магадлалын хянавал хэсэгт “...Шүүх нэхэмжлэлийн цалин хөлс гаргуулах шаардлагатай нь холбогдуулан ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж, тооцоолол зөв эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангах эсэхээс үл хамааран уг шаардлагын үндэслэл болсон ажилгүй байсан хугацаанд олгох цалин хөлстэй холбоотой баримтууд болох нэхэмжлэгчийн ажиллаж байсан Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга буюу ТЗ-10 ангиллын цалингийн цэс, болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой баримтуудыг цуглуулж, нэхэмжлэгчийн өөрөө тооцож гаргасан цалин хөлс, шимтгэлтэй холбоотой тооцоолол нь зөв эсэх талаар хариуцагчаас тодруулаагүй...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон байх бөгөөд энэхүү магадлал хүчин төгөлдөр байна.
Гэтэл шүүх магадлалд дурдсан дээрх ажиллагааг хийж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хангалттай биелүүлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна. Түүнчлэн хэрэгт авагдсан нэхэмжлэгч Ц.*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй төдийгүй зөвхөн 2013 онд хамаарах хэсгийнх нь хуулбар байна.
Мөн шүүх хариуцагчийн “нэхэмжлэгч Ц.*******г Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргын албан тушаалаас бууруулсан, мөн мэргэжилтний албан тушаалаас халсан тушаалууд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр хууль бус болох нь тогтоогдож, хүчингүй болсон талаар дурдаж, түүнийг ТЗ-10 зэрэглэлтэй дүйцэхүйц албан тушаалд томилохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгаж, эрх нь зөрчигдсөн болохыг тогтоож, сэргээхээр шийдвэрлэсэн атлаа ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь өөр хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй болжээ.
Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдаанд “...шүүх миний өмнө нь гаргаж байсан нэхэмжлэлийг шийдвэрлэгдсэн 3 хавтаст хэргийг татан авч, уг хэргүүд дэх нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан” гэх боловч энэ талаар баримтгүй, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй төдийгүй Ц.*******гийн нэхэмжлэлээр өмнө нь шийдвэрлэгдсэн гэх 3 хавтаст хэрэг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Ийнхүү анхан шатны шүүх магадлалын заалтыг биелүүлж хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүйн улмаас давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 947 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН