| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0093/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/91 |
| Огноо | 2024-04-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/91
2024/ШЦТ/91
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгч: Ө.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Өгийн Нд холбогдох эрүүгийн 2412.................... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, .................. аймаг, ............ сум, ................ баг, ..................... тоотод оршин суух, урьд Урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар нийт эдлэх ялыг 640 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар нийт 3 жил 9 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ө Н /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 23 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “таксины төлбөр өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Г.Эын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний зовхи, шанаад зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ө.Н нь 2024 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр баг, Бор толгойн 23 дугаар гудамжинд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ “таксины төлбөр өгөхгүй” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Г.Эын нүүрэн тус газарт гараараа цохиж, түүний биед зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч Г.Эын өгсөн “...Би хувиараа такси үйлчилгээнд явдаг. 2024 оны 02 дугаар сарын 23-ны шөнө 02 цаг хагасын үед нэг эмэгтэй, хоёр эрэгтэй гар өргөөд суусан. Тэгээд 4 дүгээр сургуулийн хажууд байрлах нийтийн байрнаас дахиад 3 хүн дуудаж гаргаж ирээд 6 хүн миний машинд суусан. Тэгээд 4 дүгээр сургуулийн хажууд байрлах нийтийн байрнаас дахиад 3 хүн дуудаж гаргаж ирээд зургуулаа миний машинд шахаад суусан. Тэгээд тэр хүмүүс Цогт-Уул руу явъя гэж хэлээд явсан. Тэгээд Цогт-Уулд очоод заасан зам руу нь явах гэтэл миний машин явах боломжгүй байсан. Тэгээд би тэд нарт дээшээ явахгүй гэж хэлэхэд за за энд бууя гээд 3 залуу буугаад шууд доошоо алхаад яваад өгсөн. Нэг эмэгтэй 2 залуу надтай хамт үлдсэн. Тэгээд нэг залуу нь чамд таксины мөнгө өгөхгүй гэрт хүргэж өгөөгүй болохоор гэсэн. Тэгэхээр нь би мөнгөө өгчих гээд машинаасаа буутал өөдөөс ойртоод ирэхээр нь би түлхсэн, тэгсэн чинь эмэгтэй нь манай нөхрийг зодлоо гээд машин руу өшиглөөд байхаар нь эмэгтэйг нь бас би очиж түлхсэн. Тэгээд нөгөө муудалцсан залуутай нь зууралдаж байсан чинь намайг цохисон, би доошоо нүүрээ дараад суутал намайг дахиад цохисон. Би урьд өмнө нь харж байгаагүй хүмүүс байсан. Тэр хүмүүс бүгд архи уусан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/,
Гэрч Д.Чн өгсөн “...Би 2024 оны 02 дугаар сарын 22-ны орой аймгийн төвд банкны бичиг баримт хөөцөлдөж яваад гэртээ очиход манай нөхөр Н 2 найзын хамт гэрт архи ууж байсан. Тэгээд бид хамт караоке орж дуулахаар болоод Одод караоке орж пиво ууж дуулсан. Дараа нь бид 4 харихаар болоод би нөхрийг 4 дүгээр сургуулийн хажууд байдаг цагаан нийтийн байранд нэг найзтай нь түр орхичихоод нөгөө найзтай нь хамт такси олж ирэхээр явсан. Тэгээд би таксигаа Нэфтүн баарны гаднаас бариад нөхрөө найзтай нь хамт очиж авсан. Манай гэр машин очиход жоохон хэцүү байдаг өгсүүр замтай, чулуу ихтэй болохоор таксины жолооч гэрийн урдхан талд ирээд цаашаа явахгүй гэж хэлсэн. Тэгээд таксины жолооч мөнгөө авъя гэж хэлэхэд манай нөхөр Н нь гэрийн гадаа буулгасан хойно чинь мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Тэгсэн таксины жолооч манай нөхрийг чирч буулгасан. Тэгээд нөхөр жолооч хоёр маргалдсан. Тэгээд би болиулах санаатай жолооч дээр очиход жолооч намайг түлхэж унагасан. Тэгээд Н жолоочтой барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Нүүрэн хэсэгт нь гараараа цохисон хэдэн удаа гэдгийг нь мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/,
Гэрч Э.Б өгсөн “...Тухайн өдөр би Арвис баарны гаднаас такси бариад Тэрх худалдааны төв хүргүүлэх гэтэл Нэфтүн баарны гадаа 3 хүн гар өргөөд зогсож байсан. Тэр 3 хүнийг таксины жолооч ах аваад явтал тэр 3 хүн 4 дүгээр сургуулийн тэндээс хүн авна гэж хэлээд очсон. Тэгтэл нэг газраас дахиад 3 залуу гараад ирсэн. Тэгээд таксины ах багтахгүй юм байна өөр такси авчих гэж хэлтэл тэр 3 залуу багтана гэж хэлээд машинд чихээд суусан. Тэгээд бид нар 8 хүн болоод Бор толгой руу өгсөөд явж байтал дээшээ машин нь гарахгүй байхаар нь таксины жолооч ах дээшээ явахгүй байна эндээ буучих гэж хэлсэн. Тэгтэл 3 залуу нь за за энд бууя гэж хэлээд шууд буугаад алхаад яваад өгсөн. Тэгээд жолооч ах үлдсэн 1 эмэгтэй, 2 эрэгтэйгээс мөнгөө нэхэхэд нэг залуу нь би гэртээ буугаагүй байж яагаад мөнгө өгөх ёстой юм гээд таксины жолооч ахтай маргаж эхэлсэн. Тэгээд тэр 3 машинаас буухаар нь жолооч ах араас нь мөнгөө авъя гэж хэлээд буусан. Би машинд суугаад үлдсэн. Тэгтэл удалгүй машиныг эмэгтэй нь цохиод байхаар нь би буугаад машиныг нь холдуулаад толиндоо хартал жолооч ах нөгөө залуутай зууралдаад байсан. Би тэгээд за гайгүй байлгүй гэж бодоод машинаас гаралгүй байж байтал жолооч ах нэг нүд нь хавдаад цус болсон байдалтай машиндаа суусан. Тэгээд бид хоёр тэндээс яваад би захын урд буугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Мн өгсөн “...Г.Э нь 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 193,200 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100900020080 тоот дансанд төлүүлмээр байна. Гүйлгээний утга дээр нь РД, нэр, Архангай гэж бичнэ...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114 хуу/,
Яллагдагч Ө.Нн “...Надад зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би хохирлоо бүрэн барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/,
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Отгонжаргалын гаргасан 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан 92 дугаартай дүгнэлтэд:
1. Г.Эын биед зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал, зүүн хөмсөгний гадна буланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүснэ.
4. Зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ө.Н нь хохирогч Г.Эын эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Ө.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус хуульчилсан.
Хохирогч Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ө.Нас 500.000 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд “хохирогч шүүгдэгч нар нь хоорондоо тохиролцсон, Ө.Н нь 4 сард хохирол 500,000 төгрөг өгнө гэж тохирсон” хохирогч гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Ө.Н энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан. Хохирогч Г.Э нь эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй яаралтай тусламж авч, эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 193.200 /нэг зуун ерөн гурван мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгдэгч Ө.Нас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100............... тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ө.Н нь Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 193.200 /нэг зуун ерөн гурван мянга хоёр зуу/ төгрөг төлөхөө илэрхийлсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ө.Н нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ө.Нд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 цагаас доошгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Н өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох талаар хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
зааснаар шүүгдэгч Ө.Н 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт 8 /найм/ цагаас дээшгүй хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162, 163 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхийг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Нас 193.200 /нэг зуун ерөн гурван мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100................... тоот дансанд олгосугай.
6. Шүүгдэгч Ө.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч /иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ө.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР