Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/302

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нэргүйсувд,

улсын яллагч Д.Түмэнжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч *********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч *********холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000001979 дугаартай хэргийг 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: **********

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудал дээр хохирогч *********баруун талын халааснаас “iphone 12” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч *********шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Түрээсийн байрны мөнгө нэхэгдээд дүүгийнх рүү явж байсан. Автобусны буудал дээр нэг охины утас нэлээд цухуйсан байхаар авчихсан. Тэр охин над дээр ирээд утсаа асуухаар нь “би аваагүй, ажилдаа явж байна” гээд явсан. Ажил хийгээд хохирлыг төлнө гэж бодож байна. Маш их харамсаж байна. Хохирлоо төлөх боломж олгож өгнө үү. Хорихоос өөр төрлийн ял өгнө үү” гэв.

Эрүүгийн 2308000001979 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч *********: “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хөтөлийн автобусны буудал дээр өглөө 07 цагийн орчимд баруун талын халаасандаа гар утсаа хийгээд зогсож байтал автобус ирсэн. Суух гээд зогсож байгаад би хаалганы бариулаас баруун гараараа бариад орох гэсэн чинь баруун талын халаас гэнэт хоосон болоод шалгасан чинь миний “iphone 12” маркын утас алга болсон байсан. Би утсаа унагаасан юм болов уу гээд эргэж харсан чинь байхгүй байсан. Миний ард 35-50 орчим насны, хар өнгийн куртиктай, хар өнгийн малгайтай ах байсан. Автобусанд суух гэж байгаад Баянхошууны чиглэлд суухгүй алхаад явахаар араас нь очоод “ахаа утсаа авъя” гэж хэлсэн чинь хуруугаараа цааш явчихсан гэхээр нь буцаж очоод харсан чинь хүмүүс суугаад явсан байсан. Тэгээд хүний гар утсаар залгасан чинь дуудаж байгаад холбогдохгүй болсон. Гар утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний 23/042 дугаар тайланд: “iphone фирм 12 загварын гар утас 1 ширхэг 1,200,000 төгрөг” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Шүүгдэгч *********яллагдагчаар өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 07-08 цагийн хооронд гэрээсээ гараад дүүгийнх рүү явж байтал Хөтөлийн автобусны буудал дээр нэг охины халааснаас утас нь цухуйчихсан, автобусанд суух гэж байхаар утсыг мэдэгдэхгүйгээр аваад зам гараад алхаж байтал араас ирээд “ахаа утсаа авья” гэхээр “ах нь аваагүй ээ, ажил руугаа яараад явж байна” гэсэн чинь яваад өгсөн. Тэгээд Хархорин зах руу яваад “гар утас авна, зарна” гээд зогсож байсан нэг залууд 80,000 төгрөгөөр зараад тамхи, хоол унд аваад ахуйн хэрэгцээндээ зарцуулчихсан. Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” (хавтаст хэргийн 103 дахь тал),

камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...07 цаг 35 минутад иргэд автобусанд суух ба хохирогч *********ард холбогдогч зогсож байгаад тухайн автобусанд суухгүй иргэдийн араар тойрч Баянхошуу чиглэлд алхаж байгаа бичлэг байв. Хохирогч *********араас нь очоод гар утсаа асууж байгаа бичлэг байв. Холбогдогч өөр хүн авсан гэх талаараа хуруугаараа заагаад холдоод явган хүний гарцаар гараад алхаж байгаа бичлэг байв...” гэжээ (хх-3-6),

шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-84), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-25), оршин суугаа хаягийн лавлагаа (хх-82), эд хөрөнгө бүртгэлгүй лавлагаа (хх-77, 78), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-79), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-83) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудал дээр байсан хохирогч *********баруун талын халааснаас түүний эзэмшлийн “iphone 12” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. 1,200,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй тул гаргуулах саналтай” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож, өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын 1,200,000 төгрөг гаргуулах саналтай” гэж тус тус гэм буруугийн дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх хуралдаанаар шүүгдэгч *********нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөлийн автобусны буудал дээр хохирогч *********баруун талын халааснаас “iphone 12” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч *********“...миний баруун талын халаас гэнэт хоосон болоод халаасаа шалгасан чинь “iphone 12” маркын гар утас алга болсон байсан. Утсаа олж авмаар байна...” гэх мэдүүлэг (хх-12-13, 16), “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...iphone фирм 12 загварын гар утас 1 ширхэг 1,200,000 төгрөг” гэх тайлан (хх-23-24), шүүгдэгч *********“...нэг охины халааснаас гар утас нь цухуйчихсан автобусанд суух гэж байхаар утсыг мэдэгдэхгүйгээр аваад зам гараад алхаж байтал араас ирээд “ахаа утсаа авья” гэхээр нь “ах нь аваагүй ээ, ажил руугаа яараад явж байна” гэсэн чинь цаашаа яваад өгсөн...” гэх мэдүүлэг (хх-103), камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-3-6) зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *********хохирогчийн халааснаас гар утас хулгайлан авсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч *********1,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, хохирогчийн “...Гомдолтой байна, 1,200,000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (хх-16)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч *********аас 1,200,000 төгрөг гаргуулж, хохирогч *********(***********)-д олгохоор шийдвэрлэлээ.  

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч *********Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгчийн цагдан хоригдсон 15 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцуулах саналтай. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч ажил эрхэлдэг гэх боловч баримтгүй, мөн оршин суух бүртгэлтэй хаягтаа амьдардаггүй зэргийг харгалзсан...” гэж,

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирол төлөгдөөгүй, 62 настай, хохирол төлөх эрмэлзэл байгаа, төлөхөө илэрхийлж байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэж тус тус эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, автобусанд суух гэж байсан хохирогчийн халааснаас гар утсыг хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд халдсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид 1,200,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй, хохирогчийн “Гомдолтой байна, хохирлоо авмаар байна” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс оргон зайлж хэрэг хянан хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан, хохирол төлөх талаар санал санаачилга гаргахгүй байгаа, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, оршин суух хаягтаа амьдардаггүй, насны байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж шүүх дүгнээд эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********7 (долоо) сарын хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч *********62 настай болох нь иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-84)-аар тогтоогдож байх тул нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй, мөн шүүгдэгч тодорхой оршин суух хаяггүй, бүртгэлтэй гэх хаягтаа амьдардаггүй тул зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах боломжгүй гэж үзснийг тэмдэглэж байна.

Шүүгдэгч *********2024.02.21-ний өдрөөс 2024.03.07-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний эдлэх ялд оруулах тооцох нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ********* овогт **********ийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********7 (долоо) сарын хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********цагдан хоригдсон 15 (арван тав) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хассугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч *********хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********аас 1,200,000 төгрөг гаргуулж, хохирогч *********(***********)-д олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                          Л.БААТАР