Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01360

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01360

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.О

            Хариуцагч: Х.С

Гэрээний үүргийн биелэлт 17.095.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Т, хариуцагчийн төлөөлөгч  А.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өлзийсайхан нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний төлөөлөгч Ж.Т  шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Х.Сд эмнэлгийн хэрэгсэл худалдан авч борлуулахад нь зориулж 10.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай барьцаагүй зээлдүүлж, мөнгийг дансаар шилжүүлсэн.  Гэрээг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр нотариатын газар орж байгуулсан. Гэрээний хугацааг анх тохирсон 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, 10 хувийн хүүтэй, хугацаа хэтэрвэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохиролцож байгуулсан. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хууль буюу гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй алданги төлнө гэж хуульчилсан. Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдэгт үндсэн зээл, хүү аль аль орно.  Иймд хариуцагч Х.Сээс үндсэн зээл 10.000.000 төгрөг, 3 сарын хүү 3.000.000 төгрөг, алданги 63 хоногийг 1 хоногийн алданги 65.000 төгрөгөөр тооцож 4.095.000 төгрөг нийт 17.095.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр гаргасан үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан гэв.

Хариуцагч Х.С шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Үүрцайх шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Гэрээг үндэслэн үндсэн зээл 10.000.000 төгрөг, 3 сарын хүү 3.000.000 төгрөг нийт 13.000.000 төгрөгийг төлнө. Алдангийг хоногийн төлбөрийг 65.000 төгрөгөөр тооцсон нь хуульд нийцэхгүй байна. Учир нь үндсэн мөнгө 10.000.000 төгрөгөөс алдангийг тооцох ёстой. Нэхэмжлэгч шүүхэд 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэл гаргасан тул 03 дугаар сарын 16-наас 30-ны хооронд 14 хоногийн алданги 700.000 төгрөг нийт 13.700.000 төгрөгийг төлнө гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Х.Сд холбогдох гэрээний үүргийн биелэлтэд 17.095.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг хүлээхээр заасан тул нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй.

            Нэхэмжлэгчээс хариуцагч Х.Сд 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 3 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй 10.000.000 төгрөг зээлдүүлж, мөнгийг шилжүүлж талууд 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дээрх нөхцөлөөр зээлийн гэрээг нөхөн байгуулсан, зээл, зээлийн хүү 13.000.000 төгрөг төлөх үйл явдалд талууд маргаагүй, хариуцагч зөвшөөрсөн байна.

            Шүүх хуралдаанд хариуцагч нь “нэхэмжлэгч тал 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан тул гэрээ дуусгавар болсон 03 дугаар сарын 16-наас 30-ны өдрийн хоорондох 14 хоногийн алданги төлнө” гэж тайлбарлан маргасан боловч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний гол нөхцөл буюу 3.7-д  гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр тохирсон, хариуцагч тал гэрээний 4.7-д заасан зээлийн эргэн төлөх нөхцөлийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх, Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т заасан үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүргээ тус тус зөрчсөн буруутай тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд хариуцагч Х.Сээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 10.000.000 төгрөг, хүү 3.000.000 төгрөг, алданги  4.095.000 төгрөг нийт 17.095.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Сээс хангасан үнийн дүнгийн хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамж гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсан болно.

           

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус  удирдлага болгон                                                                                                               

  ТОГТООХ нь:

 

            1. Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Х.Сээс 17.095.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 243.550 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Х.Сээс 243.425 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Од олгосугай.

3. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь гар утасны мессежид үзлэг хийлгэх хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.КУЛЬДАНА