Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01359

 

2021 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 102/ШШ2021/01359

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Ж.Ц

Хариуцагч: Б.С

Хариуцагч: В.Г

            Орон сууцны хөлс 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Ц,  хариуцагчийн төлөөлөгч М.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг нар оролцов.

 

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Өөрийн өмчлөлийн 3 өрөө 70.4 мкв талбай бүхий орон сууцаа түрээслэхээр Үл хөдлөх хөрөнгө зуучлалын Ремакс компанид 2020 оны 06 дугаар сард хандсан. 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр үл хөдлөх хөрөнгийн зуучлалын газраас Б.У, н.Ж нарыг дагуулан ирснээр гэрээг н.Жтой байгуулсан. Гэрээний хугацааг 3 жил, сарын 850.000 төгрөгийн түрээсийн төлбөртэй, төлбөрийг 3 сараар нь урьдчилан төлж байх нөхцөлтэйгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн. Тухайн өдрийн орой түрээсийн төлбөрт 2.500.000 төгрөг шилжүүлсэн нь 2020 оны 07 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх төлбөр юм. 2020 оны 07 дугаар сарын 20-дын үеэр Б.У утсаар холбогдож гэрээ байгуулсан н.Ж гадагшаа явах болсон тул байранд эгч Б.Ж, түүний нөхөр В.Гнар амьдрахаар боллоо гэсэн тул би зөвшөөрч өмнөх гэрээг хүчингүй болгож Б.Утай орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. Б.Утай байгуулсан гэрээний нөхцөл өмнөх гэрээний нөхцөлтэй адилхан байсан ба Б.Уын хүсэлтээр гэрээний 5.7-д заасан “гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлж болох” заалтыг нэмж оруулсан. Ингээд 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр болж дараагийн 3 сарын түрээсийн төлбөрийг авах гэтэл Б.У алга болоод холбогдоогүй тул байранд очиж Б.Ж, В.Гнараас түрээсийн төлбөрөө асуухад Б.Утай гэрээ хийж 20.000.000 төгрөг өгсөн гэж хэлсэн. Орон сууц хөлслөх гэрээнд бусдад дамжуулан түрээслэх эрхийг Б.Ут өгсөн хэдийч энэ нь өөрийнхөө орон сууцанд бусдыг суулгасны үндсэн дээр бусдаас их хэмжээний зээл авах эрхийг олгосон үйлдэл биш. Анх гэрээг баталсан нотариатчид гэрээг цуцлах хүсэлт гаргаж 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гэрээг хүчингүй болгосон тухай тодорхойлолт гаргаж өгсөн. 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр орон сууцаа чөлөөлж авсан. Иймд хариуцагч Б.Ж, В.Гнараас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл миний орон сууцад амьдарсан хугацааны сарын түрээсийг 1.200.000 төгрөгөөр тооцож 4.800.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв

 Хариуцагч Б.Ж, В.Гнарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ж, В.Гнар “мөнгө зээлж хүүнд нь орон сууцанд суулгана” гэсэн зарын дагуу Ц ХХК-ийн захирал Б.Утай холбогдож зээлийн гэрээ байгуулж 20.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай сарын 4,25 хувийн хүү /850.000 төгрөг/-тэй зээлдүүлж .од байрлах 3 өрөө 70.4 мкв тайлбай бүхий орон сууцыг түрээсэлсэн. Б.У, Ж.Ц нарын байгуулсан гэрээг үзэхэд гэрээний 5.7-д хөлслөгчийг уг орон сууцыг дамжуулан хөлслөх эрх олгогдсон байсан. Ж.Ц нь 2020 оны 11 дүгээр сараас эхлэн өмчлөгч гэдгээрээ удаа дараа гэр оронд ирж, элдвээр дарамтлах болсон. Энэ хугацаанд Б.У болон компанийг нь цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан.  Б.У нь Б.Ж болон бусад олон хүмүүст их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгагдаж байна. Б.Ж, В.Гнар Б.Ут 20.000.000 төгрөг өгч залилуулж хохирсон. Ж.Ц гэрээ байгуулсан Б.Уаас түрээсийн төлбөрөө шаардах ёстой. Иргэний хуулийн 8.1-т заасны дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Иргэний хуулийн 305.1-т хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй, 305.2-т энэ хуулийн 305.1-д заасан тохиолдолд хөлслүүлэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзах эрхгүй гэж тодорхой заасан байгаа. Хариуцагч нар байрыг чөлөөлж өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв.

 

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                    

                                                                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Б.Ж, В.Гнарт холбогдох орон сууцны хөлс 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч Ж.Ц нь хариуцагч Б.Утай 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өмчлөлийн . хаягт байршилтай 70.4 мкв тайлбай 3 өрөө орон сууцыг 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай, сарын төлбөр 850.000 төгрөг төлөхөөр тохиролцож Орон сууц хөлслөх гэрээ байгуулсан байна.

Гэрээгээр талууд гэрээний 4.3-т хөлслүүлэгч нь хөлслөгчөөс орон сууц хөлсөлсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхийг шаардах эрхтэй. 4.7, 5.4-д хөлслүүлэгч, хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслөгч, хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй. 5.2-т хөлслөгч гэрээнд заасан хугацаанд орон сууц хөлслүүлсний төлбөрийг хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй, 5.7-д хөлслөгч нь хөлсөлсөн байраа өөр бусад гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлж болно гэсэн эрх, үүрэгтэй байхаар тохиролцжээ. Иргэний хуулийн  305 дугаар зүйлийн  305.4-т зааснаар Б.У, Б.Ж нарын байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ нь Ж.Ц, Б.У нарын байгуулсан гэрээний хугацаанаас хэтрээгүй байна.

Хөлслөгч Б.У нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Б.Жтэй 20.000.000 төгрөгний зээлийн гэрээг 3 жилийн хугацаатай 4.25 хувийн хүүтэй зээлдэж, зээлийн хүү 850.000 төгрөгт тооцож 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хөлслүүлэгч Ж.Цгийн өмчлөлийн дээрх орон сууцыг 3 жилийн хугацаатай, сарын төлбөр 850.000 төгрөг төлөхөөр тохиролцож Үл хөдлөх хөрөнгө хөлслөх гэрээг тус тус  байгуулсан байна. Б.У нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1, Орон сууц хөлслөх гэрээний 5.7-д зааснаар орон сууцыг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй байна. Эдгээр үйл баримтад талууд маргаагүй байна.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь орон сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ.

  Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Ж, В.Гнарт холбогдуулж нотариатчийн тодорхойлолтоор Орон сууц хөлслөх гэрээг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүчингүйд тооцсон гэж тайлбарлан 2020 оны 11 дүгээр сарын 10-наас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны орон сууц хөлслөсний төлбөр 4.800.000 төгрөгийг шаардсан байна.

Хөлслүүлэгч Ж.Ц, хөлслөгч Б.У нар 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Орон сууц хөлслөх гэрээг 3 жилийн хугацаатай байгуулж гэрээний 4.3, 5.2-т зааснаар хөлсийг Б.У төлөхөөр тохирсон, хөлслөгч Б.Ж, В.Гнар Б.Утай байгуулсан гэрээнийхээ дагуу үүргээ биелүүлсэн боловч Б.У Ж.Цд төлөх хөлсөө гэрээнд зааснаар төлөөгүйд хариуцагч нар буруугүй байна.

Нэхэмжлэгч Ж.Ц, Б.У нарын байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд нэхэмжлэгч нь гэрээний 5.4-т заасан хөлслөгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол нэг сарын өмнө хөлслүүлэгч талд мэдэгдэх үүрэгтэй гэж зааснаар Б.Ут гэрээ цуцлах талаар мэдэгдээгүй, талуудын хооронд байгуулсан гэрээнд зааснаар хөлсийг Б.У төлөх тул  2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Хан Уул тойргийн нотариатчийн тодорхойлолтыг үндэслэн хариуцагч Б.Ж, В.Гнараас хөлсийг шаардах эрхгүй.

Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.6-д орон сууцыг дамжуулан хөлсөлсөн бол орон сууц хөлслөх гэрээ дуусгавар болоход дамжуулан хөлслүүлэгчийн эрх, үүрэг хөлслүүлэгчид шилжихээр заасан тул хариуцагч нараас орон сууц хөлслөсний төлбөр 4.800.000 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Ц шаардах эрхгүй байна.

Иймд хариуцагч Б.Ж, В.Гнарт холбогдох орон сууцны хөлс 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                                                                                                          ТОГТООХ нь:

         

            1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-т зааснаар хариуцагч Б.Ж, В.Гнарт холбогдох 4.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Ж.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 91.750 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.                     

 

                                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Ж.КУЛЬДАНА