Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 2024/ШЦТ/305

 

 

 

 

                                              

 

 

 

 

 

 

 

 

       2024            4              18                                                  2024/ШЦТ/305

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Золбоо даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Эрдэнэбулган хөтөлж,  

улсын яллагч Г.Т,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 22050192002** дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй Х** овогт Н.Б (РД:********).

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг: Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Гэм буруугийн талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мэдүүлэг өгөхгүй” гэв.

            Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 11-ээс 4 дүгээр сарын 12-нд шилжих шөнийн 02 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Wings” нэртэй баарны гадна хохирогч Н.М-тай үл ялих зүйлээс болж маргалдаж, улмаар түүний биед халдаж эрүүл мэндэд нь дух ясны зүүн талд духны хөндийн өмнөд хана цөмөрч зүүн нүдний ухархайн дээд хана руу үргэлжилсэн хугарал, зүүн нүдний доод зовхи, хацар, хамар, доод эрүүнд зулгаралт, дээд, доод уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 4, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Х** овогт Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 10000 (арван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 (арван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д оногдуулсан торгох ялыг 3 (гурав) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.ЗОЛБОО