Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01353

 

                        

 

 

 

            

 

 2021           05          14                                         101/ШШ2021/01353

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоот хаягт оршин суух, Н.О-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Гачуурт тосгон өөрийн байранд байрлах, Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид холбогдох

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн Б/0 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.О шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.О нь 2018 оны 05 сараас БЗД-ийн 20-р хорооны -р хэсгийн ахлагчаар ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн хариуцлага алдаж байгаагүй, хорооны даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь хийж гүйцэтгэдэг байсан бөгөөд урамшуулал буюу цалинг 100 хувиар тогтоолгож авч байсан. Мөн 2020-12-31-ний өдөр цаашид хэсгийн ахлагчаар ажиллах хүсэлтэй байгаа гэдгээ мэдэгдэж, өмнө өмнө нь удаа дараа БЗД-ийн ЗДТГ-т амаар илэрхийлж байсан. Гэвч БЗД-ийн Гачуурт тосгоны 2020-12-31-ний өдрийн Б/ дугаартай “Н.О-г ажлаас чөлөөлөх тухай” тушаалыг хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлөхдөө гэрээний хугацаа дуусгавар болсон гэсэн хууль бус үндэслэлийг үндэслэж тушаал гаргасан. Иймд дараах хууль зүйн үндэслэлээр тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээ биш хөдөлмөрийн гэрээ болохын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл 3.1.15 дахь хэсэгт байнгын ажлын байр гэдгийг “ажил олгогчийн заасан ажлын байранд, тогтоосон горимын дагуу түүнээс 1 олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр, ажил олгогч, эсхүл түүний төлөөлөгчийн удирдлагын дор баталсан норм, үнэлгээ, сүлжээгээр цалин хөлс авч, ажлын өдөр, ээлжийн давтамжтайгаар гүйцэтгэх ажил, үүргийг” гэж тодорхойлдог. Мөн энэ хуулийн 24 дүгээр зүйл 24.1 дэх хэсэгт “Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасан.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 дугаартай тогтоол, түүний хавсралтаар “Хэсгийн ахлагчийн ажиллах журам”-ыг баталсан бөгөөд уг журмын 1.2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нь МУ-ын хууль, тогтоомж төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагааны чиглэлээр хариуцсан нутаг дэвсгэрийн иргэд, аж ахуй нэгж, байгууллагад, хөнгөн шуурхай хүргэх, мэдээлэх, сурталчлах, тухайн ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төр иргэний хамтын ажиллагаанд бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасан. Мөн энэ журмын 2.1 дэх хэсэгт “Дүүргийн нэг хороонд ажиллах хэсгийн ахлагчийн тоог гэр хорооллын хороонд 200-250, орон сууцны хорооллын хороонд 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч ажиллахаар тогтооно” гэж тус тус зааж зохицуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.15 дахь хэсэгт заасан байнгын ажлын байр гэдэг тодорхойлолттой нийцэж байгаа юм. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажлын байрыг 250-300 өрх тутамд нэг хэсгийн ахлагч гэж заасан байх бөгөөд ажил олгогчоос “Хэсгийн ахлагчийн ажиллах журам” гэж ажилтны ажил, үүргээ гүйцэтгэх горим, норм, үнэлгээ тогтоосон байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээ нь үүргийн эрх зүйн хоёр талын гэрээ бөгөөд энэ гэрээний нэг тал нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, нөгөө тал нь тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Харин Хөдөлмөрийн гэрээний хувьд ажилтан нь ажил олгогчоос захирах, захирагдах зарчмын дагуу хувь этгээдийн хувьд хараат байж, тодорхой хөлс авч хөдөлмөрлөдөг. Өөрөөр хэлбэл хөлсөөр ажиллах гэрээний хувьд тухайн хүний хийж гүйцэтгэх тодорхой зүйлсийг тоо, чанар, хэмжээ, хугацаа нь тодорхой байдаг. Мөн аливаа нэг хөдөлмөрийн журам, тогтоосон ч дүрэм гэж байх ёсгүй бөгөөд сахилгын арга хэмжээ оногдуулдаггүйгээр хөдөлмөрийн гэрээнээс ялгагддаг. Иймд талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь байнгын ажлын байран дээр үүссэн хөдөлмөрийн гэрээний харилцаа.

Хөлсөөр ажиллах гэрээний урамшуулал буюу цалин, хөлсний хувьд НИТХ-ын 2015-10-30-ны өдрийн 0 дугаартай тогтоолын 2 дахь хэсэгт “Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож тогтоожээ. Мөн БЗД-ийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны захирагчийн 2020-12-31-ний өдрийн 0 дугаартай захирамж нь Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл 23.6 дахь хэсэгт “Захирагчийн ажлын албаны ажилтныг томилж, чөлөөлнө” гэж заасныг үндэслэсэн байна. Өөрөөр хэлбэл хэсгийн ахлагч нь Захирагчийн ажлын албаны орон тоонд багтаж байх бөгөөд засаг даргын тамгын газрын цалингийн сангаас урамшуулал буюу цалингаа авдаг ажилтан. Хэрвээ энэ харилцаа хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан бол ажил, үүргийн гүйцэтгэлийн шинж, чанарт хамаарахгүйгээр үндсэн цалинг тогтоох ёсгүй. Мөн хэсгийн ахлагчийн цалин нь Гачуурт тосгоны цалингийн сангаас буюу төсвөөс гардаг бөгөөд Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйл 7.6 дахь хэсэгт заасны дагуу хэсгийн ахлагч нарын 2021 оны цалин төсөвт суугдсан болно. Энэхүү харилцаанд хөдөлмөрийн тухай хууль үйлчилдгийн хувьд хэсгийн ахлагч нь долоо хоногт нийтдээ 40-н цаг ажилдаг бөгөөд амралтын өдрүүдэд амардаг, мөн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу хэсгийн ахлагч нар нь баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. Уг хууль нь Хөдөлмөрийн тухай хуулийг удирдлага болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтнуудад үйлчилдэг тул энэхүү харилцааг хөдөлмөрийн харилцаа гэж үзнэ.

БЗД-ын ЗДТГ-ыг төлөөлж гэрээ байгуулсан 20-р хорооны Гачуурт  тосгоны захирагч нь төрийн ажил, чиг үүргийг хэрэгжүүлж буй хэсгийн ахлагч албан тушаалтай иргэний эрх зүйн байдлыг дордуулж Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулж уг гэрээний хугацаа дууссан гэдэг хууль бус үндэслэлээр ажлаас халсан байна. Иймд Баянзүрх дүүргийн 20-р хорооны Гачуурт тосгоны захирагчийн гаргасан 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгч Н.О-г хэсгийн ахлагч албан тушаалтай ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан үеийн цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

Хариуцагч Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0 тоот тогтоолоор Хэсгийн ахлагчийн ажиллах журмыг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаар хэсэгт хэсгийн ахлагч нарт cap бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцохоор тогтоосон байдаг. Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагч нь дээрх 0 тоот тогтоол, түүний хавсралт Хэсгийн ахлагчийн ажиллах журмаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, Хэсгийн ахлагч нарт тавигдах шаардлага хангасан иргэнтэй тухайн хорооны гэр хороолол болон орон сууцны хорооллын өрх айлын тоонд тулгуурлан Хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.1-д заасны дагуу хөлсөөр ажиллуулах гэрээг Иргэний хуулийн 40 дүгээр зүйл 40.1-д зааснаар гурван тал /Иргэн, хорооны Засаг дарга, дүүргийн Засаг даргын Тамгын газар/ харилцан тохиролцож, хүсэл зоригийн үндсэн дээр гэрээг байгуулсан. Дээрх Хөлсөөр ажиллах гэрээ нь хугацаатай бөгөөд Хэсгийн ахлагчийн ажиллах журмын 2.3-д зааснаар нэг жилийн хугацаатай байгуулж, 6.6-д заасны дагуу жил бүрийн 12 дугаар сард Хөлсөөр ажиллах гэрээг дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагч дүгнэж байсан. Хөлсөөр ажиллуулах гэрээ байгуулах үед иргэн Н.О нь гэрээтэй холбоотой санал татгалзал, гэрээний нэр төрлийг өөрчлөх санал гаргаж байгаагүй. Өөрийн хүсэл зоригийн дагуу гэрээг хүлээн зөвшөөрч байгуулсан. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 0 тоот тогтоол, Хэсгийн ахлагчийн ажиллах журамд зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагч нь хэсгийн ахлагч нартай байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул 2020-12-31-ний өдрийн 0 тоот захирамж гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд Гачуурт тосгоны захирагч нь өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн нэгдүгээрт:

1. Хэсгийн ахлагч нарт дүүргийн Засаг даргын Тамгын газар болон хорооноос ямар нэгэн байнгын ажлын байр зааж өгөөгүй, энэ талаар Хөлсөөр ажиллуулах гэрээнд тусгасан зүйл байхгүй болно.

2. Ажлын байрны тодорхойлолтоор эрхлэх ажлын горим тогтоогоогүй, хэсгийн ахлагчийн ажлыг хийхдээ ашиглах тусгайлсан хөдөлмөрийн багаж хэрэгсэл ямар нэгэн эд хөрөнгө хүлээлцэх актаар олгоогүй.

3. Ажил олгогч гэж үзээд байгаа Гачуурт тосгоны захирагч нь хэсгийн ахлагч нарын урамшууллын хэмжээг тогтоогоогүй урамшууллын хэмжээг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтоосон байна.

 4. Хэсгийн ахлагчтай байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээнд ажлын өдрийг сард хэд байх талаар заагаагүй, нэг өдөрт хэдэн цаг ажиллах талаар заагаагүй байна. Хэсгийн ахлагч нь өгөгдсөн ажлыг өөрийн зохион байгуулалтаар өөрийн боломжид тааруулж хийж байсан.

 5.Иргэний хуулийн 359 дүгээр зүйл 359.2 “Энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил, үйлчилгээ байж болно.” гэж зааснаар Хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь ямар ч ажил үйлчилгээ байж болохоор заасан байна. Дээрх нөхцөл байдал нотлох баримтуудаас үзэхэд хэсгийн ахлагчийн ажил нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйл, 3.1.15-д заасан байнгын ажлын байр гэсэн тодорхойлолтод нийцэхгүй бөгөөд байнгын ажлын байр биш гэдэг нь нотлогдож байна. Байнгын ажил байр биш тул хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй.

Нэхэмжлэлийн үндэслэл хэсгийн хоёрдугаарт: 1.Төр, Төрийн байгууллага нь ажил олгогч мөн бөгөөд хорооны бүтэц, ажлын байрны жагсаалтыг Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчийн Хурал тогтоон баталдаг. Хэсгийн ахлагч нь байнгын ажлын байр биш тул бүтэц, ажлын байрны орон тоонд байхгүй. Тухайн дүүрэгт байнга оршин суух бүртгэлтэй иргэнийг хорооны өрхийн тоо хэмжээнээс хамаарч ажиллуулдаг. Хэрэв тухай хорооны нутаг дэвсгэрт оршин сууж байгаа өрх айлуудын тоо цөөрч эсвэл тухай хороонд өрх айл оршин суухаа больсон тохиолдолд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй болох тул өрхийн тоотой шууд хамааралтай байна.

2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 хороо Гачуурт тосгоны захирагчийн 0 тоот цалин шинэчлэн тогтоох тухай захирамжаар тосгоны бүтэц ажлын байрыг тогтоосон байдаг. Үүнд хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0 тоот “Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрны жагсаалтыг шинэчлэн батлах тухай” захирамжаар тус тус Засаг даргын Тамгын газрын бүтэц, ажлын байрыг тогтоосон байдаг. Дээрх захирамжуудад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо байхгүй. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйл, Энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын төрөлд хамаарах албан тушаалын жагсаалтыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална." гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны 0 дугаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор Төрийн үйлчилгээний албан хаагчдын жагсаалтыг гаргасан байдаг. Энэ жагсаалтад хэсгийн ахлагчийн албан тушаал байхгүй.

3. Хэсгийн ахлагчийн Хөлсөөр ажиллуулах гэрээний урамшууллыг цалин гэж үзэж байгаа бол Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйл, 57.5-т “доор дурдсан төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 0 тоот “Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор цалин хөлсийг тогтоох ёстой гэтэл хэсгийн ахлагчийн урамшууллыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 тоот тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1,5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон олгохоор тогтоосон байна.

 Дээрх нөхцөл байдлаас үзэхэд иргэн Н.О-тай байгуулсан Хөлсөөр ажиллуулах гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр байгуулагдаж, гэрээгээр тохирсон урамшууллыг Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны захирагчийн ажлын албанаас саадгүй олгож, гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан тул “Иргэний хуулийн 364 дүгээр зүйл 364.1.Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно." гэж заасны дагуу дуусгавар болсон. Нэхэмжлэгч талын маргаж байгаа Хөдөлмөрийн харилцаатай төсөөтэй харилцаа боловч зарим нэг нарийн ялгаа, хуулийн шаардлага байгаа. Хөдөлмөрийн гэрээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйл 21.1-д заасан 4-н шаардлагыг хангасан байхыг шаарддаг, хэрэв 21.1-д заасан 4-н шаардлагаас аль нэг нь байхгүй бол хөдөлмөрийн гэрээ гэж үздэггүй. Хөдөлмөрийн тухай хууль 21 дүгээр зүйл, 21.1.2. ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, хэсгийн ахлагч нартай ажлын байрны тодорхойлолт огт хийгээгүй, ганцхан хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулсан байдаг. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 0 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Баянзүрх дүүргийн дүүргийн Гачуурт тосгоны захирагчаас “...Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015-10-30-ны өдрийн 0 тоот тогтоолд “хэсгийн ахлагчийн ажиллах журамд” зааснаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагч нь хэсгийн ахлагч нартай байгуулсан хөлсөөр ажиллуулах гэрээний хугацаа 2020-12-31-ний өдөр дууссан гэж үзэж 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 20 тоот тушаал гаргаж хэсгийн ахлагчийг ажлаас чөлөөлсөн. Дээрх үйлдэл нь Монгол Улсын ямар нэгэн хууль, дүрэм, журмыг зөрчөөгүй бөгөөд өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрх зүйн харилцааг үүсгэж, дуусгавар болгосон...” тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 0 дугаартай тушаалаар Н.О-н хөлсөөр ажиллах гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсонтой холбогдуулан түүнийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. /хх-ийн 3 тал/

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах, харилцаа холбоог бэхжүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрыг төлөөлж Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Засаг дарга бөгөөд захирагч нь Н.О-тай харилцан тохиролцож, Иргэний хуулийн 359-368 дугаар зүйл, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 0 дугаартай тогтоолыг тус тус үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай, Тосгоны захирагч нь зохион байгуулагчаас ирүүлсэн хэсгийн ахлагчийн ажлыг дүгнэсэн үнэлгээг хянан үзэж, зохих урамшууллыг тооцон олгохоор хөлсөөр ажиллуулах гэрээг байгуулжээ.

Дээрх Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 0 дугаартай Журам батлах тухай тогтоолын 2 дахь хэсэгт Хэсгийн ахлагч нарт сар бүр олгох урамшууллын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцон тогтоохоор заажээ.

 Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.1 дүгээр хэсгийн 5-д зааснаар хэсгийн ахлагч нь гэрээ байгуулсан өдрөөс эхлэн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл сар бүр төлүүлэх эрхтэй байхаар тохирсон байх ба дээрх хугацааны урамшууллыг хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгч Н.О-д олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу төлсөн болох нь зохигчдын тайлбар, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар дээрх гэрээний агуулгаас үзэхэд зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар хэсгийн ахлагч нь дүүрэг, хорооноос өгсөн тодорхой ажлуудыг гүйцэтгэх, Баянзүрх дүүргийн 20 дугаар Гачуурт тосгоны захирагч нь урамшуулал олгохоор харилцан тохиролцсон нь дээрх хуулийн зохицуулалтын дагуу хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн ба уг гэрээгээр ажиллагч нь гэрээнд заасан ажлыг өөрийн боломжоор гүйцэтгэх, талууд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахдаа энэ асуудлыг Иргэний хуулийн нийтлэг үндэслэлийг удирдлага болгодог бөгөөд энэ шинжээрээ хөдөлмөрийн гэрээнээс ялгаатай.

Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаа үүсээгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тухайн маргааныг шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны бүтэц, ажлын байрны жагсаалтад хорооны хэсгийн ахлагчийн орон тоо батлагдаагүй болох нь Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 1 сарын 2-ны өдрийн 0 дугаартай захирамж, түүний хавсралтаар тогтоогдож байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д зааснаар байнгын ажлын байр гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Хөлсөөр ажиллуулах гэрээний 7.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан ба энэ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д Хөлсөөр ажиллах гэрээ тохирсон хугацаа дууссанаар дуусгавар болно гэж заасан зохицуулалтад нийцсэн, Н.О нь 2018 оноос хөлсөөр ажиллах гэрээг байгуулж ажил үүргийг гүйцэтгэж байсан, энэ хугацаанд гэрээний нөхцөлийг өөрчлөх талаар ямар хүсэлт гаргаж байгаагүй. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Гачуурт тосгоны захирагчаас Н.О-тай байгуулсан гэрээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон гэж үзэж, хөлсөөр ажиллах гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй байна.

 Гэрээний 7.2-т Хөлсөөр ажиллах гэрээний хугацаа дууссаныг гэрээ дуусгавар болох өдрөөс ажлын 15 хоногийн өмнө дүүргийн Захирагчаас хэсгийн ахлагч нарт мэдэгдэнэ гэж талууд тохирсон байх боловч энэ нь Иргэний хуулийн 364 дүгээр зүйлийн 364.1-д заасан зохицуулалтад нийцэхгүй, мөн нэхэмжлэгч Н.О нь гэрээг үргэлжлүүлэхийг хүсч хүсэл зоригоо илэрхийлсэн гэх боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй байна.

 Иймд хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид холбогдох Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 0 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.Оы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх хэргийн төрөлд хамааруулан улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т зааснаар хариуцагч Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчид холбогдох Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны захирагчийн 2020 оны 12 сарын 31-ний өдрийн 0 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, хэсгийн ахлагчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Н.О-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА