Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин ҮД:06-11,

хохирогч Д.Аюушжавшинэжаргал,

шүүгдэгч Т.Сумъяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулж Баянзүрх дүүргийн Прокурорын газраас:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, Увс  аймгийн Улаангом хотод 1982 оны 12 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, баяд, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономч мэргэжилтэй, хэрэг үйлдэх үедээ “Барган ХХК”-д талбайн даамал  ажилтай байсан, ам бүл-2, эхнэрийн  хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 29-7  тоотод оршин суух хаягтай  боловч одоогаар  Баянзүрх дүүргийн 2-р хороо Цэргийн хотхоны  1/б/ тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, Улаач  овогт Тэгшээгийн Сумъяад /РД:ОЮ82122876/

Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар яллах дүгнэлт  үйлдсэн эрүүгийн 2016 2501 4346 дугаар 105/2017/0175/Э индекстэй хэргийг 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан шийдвэрлээд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Сумъяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29-768 тоотод хамтран амьдрагч Д.Аюушжавшинэжаргалыг “хэл амаар доромжилж, гэрээсээ хөөлөө” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь баруун гарын нэгдүгээр хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Сумъяа мэдүүлэхдээ: Би  2016 оны 11 дүгээр сарын 04 өдөр үдээс хойш ажил хөөцөлдөхөөр гарсан. Тэгээд урьд нь хамт мужаан хийж байсан залуутай таараад хамт хоол идэж 2 шил пиво ууцгаасан. Тэгээд би гэртээ орой 19 цагийн үед орсон. Эхнэр угаалагын машинаар хувцас угаагаад зогсож байсан. Би эхнэртээ орой чихэр авчирч өгдөг тэр чихрээ өгөөд үнстэл миний амнаас пиво үнэртсэн, эхнэр надаас архи уусан юм уу гэж асуухаар нь таньдаг хүн таараад 2 лааз пиво уусан талаар хэлсэн. Эхнэр чи архи уусан юм бол яах гэж ирсэн юм дүүгийнхээ гэрт очиж хоно гэж хэлсэн.  Тэгэхээр нь би хоймрын орон дээр сууж байхад эхнэр намайг хэл амаар доромжлоод байхаар нь би явлаа гэж хэлээд гарах гэтэл, эхнэр “орох орохгүй гуйлагчин минь тэр чигээрээ зайлаарай” гэж хэлсэн. Би тэгэхээр нь эхнэр угаалагын машины таг барчихсан зогсож байхаар нь  таг руу өшиглөсөн. Мөн толгой руу нь түлхэж унагаачихаад гараад явсан. Би 3 хоногийн дараа хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогч хүлээж авахгүй байхаар нь явсан. 11 дүгээр сарын 11 өдөр хохирогч над руу утсаар гар өвдөөд байна гэж хэлсэн. Би 12-ны өдөр хохирогчийн гарын зургийг эмнэлэгт авахуулсан. Тэгээд миний аавын бие муу байсан болохоор Эрдэнэт хот руу явсан. 12 дугаар сарын 08 өдөр цагдаагаас над руу утсаар ийм өргөдөл өгсөн байна гэж хэлсэн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, одоо хохирогчтой цуг амьдарч байгаа гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч Д. Аюушжавшинэжаргал мэдүүлэхдээ: Би

2016 оны 11 дүгээр сарын 04 өдөр  завгүй их ажилтай байсан учраас ядраад стресстэй байсан тэгтэл гаднаас Сумъяа  согтуу ороод ирсэн. Миний уур хүрээд түүнийг  хэл амаар доромжилсон үнэн. Тэгээд Сумъяа  явах гэхээр нь “орох оронгүй, оочих аяггүй байж хаана очдог юм бэ” гэж доромжилсон.  Тэгтэл Сумъяа  миний гарт байсан угаалагын машины таг руу өшиглөж намайг ор руу түлхэж унагаасан. 3 хоногийн дараа Сумъяа уучлалт гуйсан. Би уучлалтыг хүлээж аваагүй. Тухайн үед миний гар өвдөөд халуураад байхаар нь Сумъяа  руу гар өвдөөд байна гэж утсаар хэлсэн. Тэгээд Сумъяа  намайг дагуулж эмнэлэгт үзүүлсэн. Одоо миний гар зүгээр болсон одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн одоо жирэмсэн Сумъяагийн  хүүхдийг тээж байгаа учраас хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

           Талуудын хүсэлтээр  хавтаст хэргээс :

Мөрдөн байцаалтанд хохирогч Д.Аюушжавшинэжаргалын:... гаднаас 20 цагийн үед Сумъяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн тэгэхээр нь миний уур хүрээд хөгийн муу архичин архи ууж ирэх байсан юм бол тэр чигтээ зайлсангүй яасан юм,  муу орох оронгүй очих хаяггүй гуйлгачин минь гэтэл Т.Сумъяа гэнэт дүрс хийж уурлан босч ирээд би баруун гартаа угаалгын машины таг барьчихсан зогсож байтал тэр лүү өшиглөчихөөд намайг хойшоо түлхэж унагаасан…Тэгээд Сумъяа гараад явсан дараа нь миний баруун гарын эрхий хуруу сонин болоод хөндүүрлээд байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр зураг авхуулахад эрхий хуруу хугарсан болохыг мэдсэн…Надад гомдол санал хүсэлт байхгүй, Т.Сумъяагаас нэхэмжлэх зүйлгүй. гэх мэдүүлэг /хх-ийн 13-14-р тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 12 дугаар сарын 06-ний өдрийн шинжээчийн үзлэг хийсэн 16335 тоот дүгнэлтэнд:

1. Д.Аюушжавшинэжаргалын биед баруун гарын 1-р хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн  үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.  

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  гэх дүгнэлт шинжээч  эмч Ц.Оюун-Эрдэнэ гэсэн дүгнэлт /хх-21-р тал/  зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Хэрэгт цугларсан  нотлох баримтуудаас дүгнэхэд  Т.Сумъяа нь  хамтран амьдрагч Д.Аюушжавшинэжаргалыг  хэл  амаар доромжиллоо  гэдэг  шалтгаанаар   маргалдсаны улмаас Д.Аюушжавшинэжаргалын эрх чөлөөнд халдаж  бие махбодид нь  хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан  үйл баримт  байна.

Иймд Т.Сумъяаг  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орой 20 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 29-768 тоотод хамтран амьдрагч Д.Аюушжавшинэжаргалыг “хэл амаар доромжилж, гэрээсээ хөөлөө” гэж хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож бие махбодид нь баруун гарын нэгдүгээр хурууны шивнүүрийн хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, бүхий хүндэвтэр   зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь  хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож  байх ба  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй  тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Прокуророос  Т.Сумъяаг гэм бурууг  зүйлчлэн  ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон гэж үзэв.

Шүүгдэгч Т.Сумъяа урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь шалгах хуудас зэргээр тогтоогдож байна./хх-н 34-р тал/

Хохирогч  Д.Аюушжавшинэжаргал нь хохирол төлбөр нэхэмжилээгүй тул  түүнийг бусдад төлөх  төлбөргүй  гэж үзэв.

Шүүгдэгч Т.Сумъяаг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-т зааснаар анх удаа хөнгөн болон хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.9-т зааснаар үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт  хэрэг үйлдэгдэхэд  хохирогчийн буруутай  үйл ажиллагаа нөлөөлсөн  зэрэг ял шийтгэлийг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 295, 296, 297, 298 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улаач  овогт Тэгшээгийн Сумъяаг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар Улаач овогт Тэгшээгийн Сумъяаг 1 /нэг/ жил 6/зургаан/ сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Т.Сумъяад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Т.Сумъяа  нь хэргийн улмаас  цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Т.Сумъяад оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаан/  сарын хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Орхон аймаг дах  Цагдаагийн хэлтэст даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Т.Сумъяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.Сумъяад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                               

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ч.АЛТАНЦЭЦЭГ