Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 128/ШШ2022/0530

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М******* ******* ********* *******” ГҮТББ

Хариуцагч: Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төв

Гуравдагч этгээд: М.С*********нарын хоорондын галт зэвсгийн эзэмшигчийн нэр шилжүүлэхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А*********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С*******, Г.А********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Л********нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С********ид  хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулах”-аар маргаж байна.

2. Цагдаагийн ерөнхий газар нь 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ-д  Галт зэвсгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8-д заасныг үндэслэн /спорт-сургалтын/ “Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл”-ийг 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр бүртгэлийн 004 дугаарт бүртгэн 3 /гурав/ жилийн хугацаагаар олгожээ.

Нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төвд 02/62 дугаар албан бичгээр “...манай байгууллага Оросын холбооны улсаас импортолсон Сайга-9 Яровит загварын, 9х19 мм-ийн калибртай, их биеийн 2*******, замагны *** дугаартай галт зэвсгийг Галт зэвсгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн, хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно” гэж заасны дагуу “М******* ******* ********* *******” ГҮТББ-ын гишүүн М.С********ийн нэр дээр шилжүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан,

2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 21/2290 дүгээр мэдэгдлээр “Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д “Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана” гэж заасан тул галт зэвсэг эзэмшигчийн нэрийг бусдад шилжүүлэх боломжгүйг үүгээр мэдэгдэж байна” гэсэн хариуг өгсөн,

Улмаар нэхэмжлэгч байгууллага 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Цагдаагийн ерөнхий газарт 01/02 дугаар албан бичгээр “...цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаартай албан бичгийг Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-т заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэж хандсан,

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Цагдаагийн ерөнхий газраас 3/73 дугаар албан бичгээр “Галт зэвсгийн тухай хуулийн 19.5-д заасан зөвшөөрлийн дагуу оруулж ирсэн галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглах талаар 19.7-д заажээ. Иймд таны гаргасан “Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 21/2290 дугаартай албан бичгийг хүчингүй болгуулах тухай” гомдлыг хүлээн авах боломжгүйг үүгээр мэдэгдье” гэсэн хариу өгсөн.

3. Үүнийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр анх 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд хандан “...М******* ******* ********* *******” ГҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар захиргааны актыг хүчингүй болгуулж, нэр бүхий галт зэвсгийг нэхэмжлэгч хуулийн этгээдийн гишүүн Монгол Улсын иргэнд шилжүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Татварын албанд холбогдуулан гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “М******* ******* ********* *******” ГҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С********ид хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулах” гэж өөрчилсөн, энэ шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэв.

4. Нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...1/ "М******* ******* ********* *******" нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд "Төрийн бус байгууллагын тухай хууль"-ийн 4 дүгээр зүйлийн 3-т "гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага" гэж өөрийн гишүүдэд үйлчилдэг, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үндсэн зорилготой, нийгэмд үйлчилдгээс бусад төрийн бус байгууллагыг хэлнэ” хэмээн тодорхойлсон.

“М******* ******* ********* *******” нь практик буудлагын спортыг Монгол улсад хөгжүүлэх зорилгоор 2009 онд анх үндэс сууриа тавьж 2010 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэн албан ёсоор байгуулагдсан спорт холбоо юм.

Тус холбоо нь 2012 онд Олон Улсын Практик Буудлагын Холбоонд гишүүнээр элссэнээр Монгол улс дэлхийн практик буудлагын спортод бүртгэлтэй болсон. 2013 оны 7-р сараас эхлэн тус холбоо нь анхны олон улсын тэмцээн болох "Mongolian Open 2013" нэр бүхий олон улсын нээлттэй тэмцээн зохион байгуулж, өнөөдрийг хүртэл энэхүү спортыг хөгжүүлж ирсэн.

Холбооны үндсэн чиг үүргийн хүрээнд өөрийн гишүүд, тамирчдыг бэлтгэх, сургах, галт зэвсэгтэй зөв харьцах зорилгоор өөрийн өмчлөлийн, иргэний зориулалттай галт зэвсгийг гишүүддээ шилжүүлэх хэрэгцээ шаардлага үүссэн.

Нэхэмжлэгч нь 2020 оны 09 сарын 01-ний өдрийн Хууль зүй, дотоод хэргийн сайдын А/139 дугаар бүхий "галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, улсын хилээр оруулах зөвшөөрөл олгох тухай" тушаалын дагуу, Галт зэвсгийн тухай хуулийн 5-р зүйлд заасан "Иргэний зориулалттай" галт зэвсгийг Монгол улсын хилээр хуульд заасны дагуу нэвтрүүлсэн.

Тус холбооны гишүүн М.С*********нь Биеийн тамир, спортын тухай хуулийн 4.1.8-т зааснаар практик буудлагын спортын тамирчин болсон бөгөөд тус холбооны өмчлөлийн галт зэвсгийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авах бүрэн эрх нь нээгдсэн.

М.С*********нь Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-т "21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн" гэж заасны дагуу галт зэвсгийг өмчилж болох иргэн билээ.

2/ Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл Хяналтын Төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар бүхий шийдвэрийн хууль зүйн үндэслэл болох "Галт зэвсгийн тухай хуулийн 19.7-т “... галт зэвсэг сумыг нийтэд худалдахгүй бөгөөд спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана..." гэж заасан байна.

Дээр дурдсанчлан нэхэмжлэгч нь маргаан бүхий галт зэвсгийг нийтэд худалдаалахгүй бөгөөд Гишүүддээ үйлчилдэг Төрийн бус байгууллагын хувьд өөрийн гишүүн, практик буудлагын спортын тамирчны хууль ёсны өмчлөлд шилжүүлж байгаа бөгөөд нийтэд худалдаалах гэсэн ойлголтод огт хамаарахгүй юм.

Мөн галт зэвсгийн тухай хуулийн 18.1-т "... хуулийн этгээд өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнд худалдаж болно...", Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах" гэж тус тус зааснаар хууль ёсны дагуу гишүүндээ шилжүүлэх эрхийг хариуцагч тал ноцтой зөрчиж байна.” гэжээ.

5. Хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл хяналтын төв дарга Д.Н********аас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...1/ Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр бүлгийн 16-аас 18 дугаар зүйлүүдэд иргэн. болон галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нийтэд худалдах эрхтэй хуулийн этгээд буюу борлуулагчаас галт зэвсэг, сумыг импортлох, нийтэд худалдах, худалдаж авах, өвлөх, бэлэглэх харилцааг зохицуулсан байдаг.

Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1... “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно"... гэж, Хууль зүйн сайдын 2015 оны А/245 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйл 4.1.9-д галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нийтэд худалдах хуулийн этгээд нь Буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх гэж журамласан нь буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн галт зэвсгийг нийтэд худалдахаар импортлох, өмчлөлд шилжүүлэхийг хориглосон байна.

Дээрх зохицуулалтаас гадна Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 13 дугаар зүйл 13.1.1... "Галт зэвсэг, сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 10.000.000 төгрөг, галт зэвсгийн сум импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгоход 5.000.000 төгрөг"... 13.1.3 дахь заалтад "Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 500.000 төгрөг”-ийн тэмдэгтийн хураамж төлөхөөр заасан нь үйл ажиллагааны чиглэлийн ялгамжтай байдлыг тодорхойлж өгсөн байна.

2/ Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан галт зэвсэг /Сайга-9 Яровит загварын 9х19 мм-ийн калибртай, их биеийн 2*******, замагны *** дугаартай/-ийг Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасан Хууль зүйн сайд, Сангийн сайдын 2015 оны А/251/304 тоот хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан "Галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журам"-ын дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/139 дүгээр тушаалын хавсралтад спорт-сургалтын хэрэгцээнд зориулан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл авч оруулж ирсэн байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д "Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана" гэж тусгайлан нарийвчлан зохицуулсан нь тухайн галт зэвсгийг иргэн М.С*********/ШБ84******/-ын өмчлөлд шилжүүлэх боломжгүй юм.

Иймд дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасан "Иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно" гэсэн заалтад огт хамаарахгүй юм.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С********ид  хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргав.

Нэхэмжлэгч нь Галт зэвсэг, сум ашиглан спорт-сургалтын зорилгоор үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, уг тусгай зөвшөөрлийн дагуу Хууль зүй дотоод хэргийн сайдын 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн А/139 дүгээр тушаалаар хавсралтад заасан иргэний зориулалттай 42 ширхэг галт зэвсэг...-ийг улсын хилээр оруулах зөвшөөрөл авч, 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Сайга-9 Яровит загварын 9х19 мм-ийн калибртай, их биеийн 2*******, замагны *** дугаартай галт зэвсгийг спорт-сургалтын хэрэгцээнд зориулан улсын хилээр оруулж ирсэн, уг галт зэвсгийг М******* ******* ********* ******* нь 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 01 тоот зөвшөөрлийн дагуу өмчлөгчөөр бүртгүүлсэн үйл баримтууд тогтоогдсон байх ба эдгээр үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаагүй.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын, спорт-сургалтын хэрэгцээнд зориулан улсын хилээр оруулж ирсэн галт зэвсгүүд дотроос Сайга-9 Яровит загварын 9х19 мм-ийн калибртай, их биеийн 2*******, замагны *** дугаартай галт зэвсгийг иргэн М.С*********өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаар “...миний бие М.С*********нь М******* ******* ********* *******ноос Сайга-9 яргай загварын 9 мм-ийн калибртай галт зэвсэг авч байгаа тул миний нэр дээр шилжүүлэн бүртгэж өгнө үү” гэх хүсэлтийг хүргүүлсэн,

Уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгч нь гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллагын хувьд өөрийн холбооны гишүүн, практик буудлагын спортын тамирчин М.С********ид тус холбооны өмчлөлийн галт зэвсгийг түүний өмчлөлд шилжүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүсэлт гаргасныг хариуцагчаас “спорт-сургалтын зориулалтаар оруулж ирсэн галт зэвсгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хориглох”-оор хуульд заасан гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Галт зэвсгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол 21 нас хүрсэн, иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, галт зэвсэг ашиглаж гэмт хэрэг санаатай үйлдэж байгаагүй, галт зэвсэг эзэмших, ашиглах, хадгалах аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж гэрчилгээ авсан Монгол Улсын иргэн иргэний зориулалттай галт зэвсэг өмчилж болно” гэж заасан ба уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах хуулийн этгээд нь зургаан жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй байна. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох бөгөөд тусгай зөвшөөрлийг сунгаж болно" гэж, Хууль зүйн сайдын 2015 оны А/245 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.1.9-д “галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нийтэд худалдах хуулийн этгээд нь Буудлагын спорт-сургалтын үйл ажиллагаа эрхэлдэггүй байх”-аар нарийвчлан заасан байна.

Мөн Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д "Энэ хуулийн 19.6-д заасан галт зэвсэг, сумыг нийтэд худалдахгүй бөгөөд зөвхөн спорт-сургалтын зориулалтаар спортын тэмцээнд оролцох, бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглана" гэж, 19.6-д “Энэ хуулийн 19.5-д заасан хүсэлтэд дараах мэдээллийг тусгана:”, 19.6.1-д “тухайн жилд болох тэмцээн, бэлтгэлийн төлөвлөгөө;”, 19.6.2-д “галт зэвсэг, сумны тоо ширхэг;”, 19.6.3-д “тухайн гадаад улсын худалдаж байгаа байгууллагын тодорхойлолт” гэж тус тус заасан.

Хууль болон журмын дээрх заалтуудаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын импортоор оруулж ирсэн “Сайга-9 Яровит” загварын 9х19 мм-ийн калибртай, их биеийн 2*******, замагны *** дугаартай галт зэвсэг нь спорт-сургалтын зориулалтаар хэрэглэгдэх, энэ зориулалтаар импортлогдсон галт зэвсэг болохын хувьд зөвхөн эзэмшигч этгээдийн спортын тэмцээнд оролцох бэлтгэл хийх хэрэгцээнд ашиглагдах ба уг галт зэвсгийг бусдад /нийтэд/ худалдахыг хуулиар тусгайлан хориглосон агуулгатай байна.

Нэхэмжлэгч нь хуулийн уг заалтын “нийтэд” гэх үгийг явцуу утгаар тайлбарлан “нийтэд гэдэгт тус Төрийн бус байгууллагын гишүүн-иргэн хамаарахгүй, хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Иргэн, хуулийн этгээд нь өөрийн өмчид байгаа галт зэвсгийг энэ хуульд заасан шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болно гэж заасан” гэж маргасныг шүүх хүлээж авах хууль зүйн боломжгүй. Учир нь:

Галт зэвсгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Иргэн, хуулийн этгээд борлуулагчаас галт зэвсэг худалдаж авах тухай хүсэлтээ цагдаагийн байгууллагад бичгээр гаргана.”, 17.3-т “Борлуулагч энэ хуулийн 17.2-т заасан зөвшөөрлийг үндэслэн иргэн, хуулийн этгээдэд галт зэвсэг худалдана.” гэж зааснаас үзвэл галт зэвсэг, сумыг зөвхөн тусгай зөвшөөрөл бүхий борлуулагчаас худалдан авах, харин худалдаж байгаа нөхцөлд хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д зааснаар тодорхой шаардлага хангасан иргэн, хуулийн этгээдэд худалдаж болох ба хуулийн энэ заалт нь спорт-сургалтын зориулалттай галт зэвсгийн тухайд хэрэглэгдэхгүй, хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7 дахь заалтаар тусгайлан хязгаарласан гэж үзнэ.

Иймд Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг үндэслэн нэхэмжлэгч байгууллагаас гаргасан хүсэлтэд “...тухайн галт зэвсгийг иргэн М.С********ийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй...” гэж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байх тул хүчингүй болгох хууль зүйн боломжгүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ нь хүсэлтэд дурдсан галт зэвсгийг тус Төрийн бус байгууллагын гишүүн М.С********ийн өмчлөлд шилжүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүхийн энэ шийдвэрээр М.С********ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэх үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн хариуцагч Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн тул уг “даалгуулах” шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  106 дугаар зүйлийн 106.3.4-д “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох;”-оор заасан ба нэгэнт хариуцагчаас гаргасан татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй тул уг галт зэвсгийг М.С********ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг даалгах боломжгүй.

Иймд дээр дурдсан хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.7-д заасныг  баримтлан нэхэмжлэгч “М******* ******* ********* *******” ГҮТББ-аас гаргасан “М******* ******* ********* *******” ГҮТББ-аас Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд холбогдуулан “Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 21/2290 дугаар шийдвэр нь эс үйлдэхүй буюу захиргааны акт гаргах ёстой захиргааны байгууллага хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гэрчилгээ олгохтой холбоотой захиргааны акт гаргаагүй байгаа учраас М.С********ид  хүсэлтэд дурдсан галт зэвсгийг шилжүүлэхийг даалгуулахнэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй,

Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш  14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН