Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2021/01400

 

                        

 

 

 

            

 

 

 2021           05          18                                         101/ШШ2021/01400

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  тоот хаягт оршин суух, Б.Т-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 01 дүгээр хороо, Залуучуудын өргөн чөлөө хаягт байрлах, Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГазарт холбогдох,

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын даргын 2020-12-21-ний өдрийн Б/0 дугаар өөр ажилд шилжүүлсэн, 2021-01-05-ны өдрийн Б/0 дугаар ажлаас халсан тушаалыг тус тус үндэслэлгүй болохыг тогтоолгох, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 11.726.138 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Т нь 2019-07-25-ны өдөр Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн даргатай 844 тоот хөдөлмөрийн гэрээг байгуулж, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэнгийн албан тушаалд томилогдож ажиллаж эхэлсэн. Тус байгууллагад шинэ дарга томилогдож ирсэнтэй холбогдуулан намайг ажлаа өгөхийг шаардаж дарамт шахалт үзүүлж эхэлсэн. 2020 оны 12-р сарын 15, 16-ны үед жирэмсэний амралтаа авсан хүний оронд дотоод ажил хариуцсан ажилтанаар шилжиж ажиллах санал тавьсан. Тус албан тушаал нь миний эзэмшсэн мэргэжил чадвараас өөр чиг үүрэг гүйцэтгэдэг тул би шилжин ажиллуулах саналыг хүлээн аваагүй.

Гэтэл 2020-12-21-ний өдрийн Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн даргын Б/0 тоот тушаалаар миний эрхэлж байсан ажлаас захиргаа, хүний нөөцийн хэлтсийн “дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ийн ажилд шилжүүлэн томилж ажиллуулахаар болсон байна. Ингээд намайг шилжүүлэн ажиллуулахдаа ажил олгогч нь хууль бусаар буюу надтай харилцан тохиролцоогүй шилжүүлсэн, мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д заасныг үндэслэж буюу жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажилд шилжүүлж, тухайн байгууллагад шинээр орж байгаа ажилтан, дагалдан суралцагчийн адил туршилтын буюу дагалдан ажиллуулах хугацаагаар ажиллуулах нөхцөлтэй шилжүүлсэн нь хугацаагүй хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан миний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. 

Иймээс миний бие тухайн хууль бусаар шилжүүлснийг эсэргүүцэж, шилжүүлсэн ажилд ажиллахгүй тухайгаа удирдлагадаа мэдэгдсэн ба ажил олгогчийн зүгээс хууль бусаар шилжүүлсэн ажилд ажиллуулахаар шаардаж байсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасанчилан “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж шилжүүлсэн ажилд ажиллахаас татгалзсан юм.  

Гэтэл намайг хууль бусаар ажилд шилжүүлсэн асуудлыг шийдвэрлээгүй атал 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн Б/0 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь илт хууль бус болсон байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1.3-д зааснаар Хөдөлмөрийн гэрээ нь “тодорхой ажил” гүйцэтгэх түүний хариуд цалин авахаар тохиролцсон хоёр талын тэгш харилцаа юм. Нэг тал гэрээ болон Хөдөлмөрийн хуульд заагаагүй үндэслэлээр гэрээний гол нөхцөл болох “ажлын байр”-ыг өөрчлөх эрхгүй. Тодруулбал ажил олгогчийн зүгээс давуу байдлаа ашиглаж ажилтантай тохиролцолгүй хууль бусаар ажилд шилжүүлсэн, шилжүүлэхдээ Хөдөлмөрийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид нийцээгүй байдлаар буюу ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бусаар шилжүүлсэн ажилд албадан хөдөлмөрлүүлэхээр шаардсан зэрэг нь хууль бус бөгөөд үндэслэлгүй байна.

Мөн миний бие ОНӨААТҮГ-ийн даргатай Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн” ажлын байр дээр ажиллахаар хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, тус ажлыг хүлээж аваагүй байсан тул тухайн албан тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 2020-12-21-ний өдрийн өөр шилжүүлсэн тушаалыг Нарантуяад тушаал байхад би хувилж авсан. Иймд Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ийн даргын ажлаас буруу халсан 2021.01.05-ны өдрийн Б/0 тоот тушаал, ажилд буруу шилжүүлсэн 2020.12.21-ний өдрийн Б/0 тушаалууд нь үндэслэлгүй болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд буцаан тогтоон, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү. 2021 оны 01 сарын 05-ны өдрийн Б/0 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөнөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 126 хоног ажилгүй байна. Сүүлийн 6 сарын дундаж цалин 2.047.421 төгрөг байх бөгөөд ажлын 22 хоногт харьцуулахад хоногт 93064,59 төгрөгийн дундаж цалинтай байна. Ажилгүй байсан хоногийг дундаж цалинтай харьцуулахад нийт 11.726.138 төгрөгийн цалин хөлсийг авч чадаагүй байна. Иймд ажилгүй байсан хугацааны цалин 11.726.138 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ийн Захиргаа хүний нөөцийн хэлтсийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах мэргэжилтнаас Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллах болсон ч Б.Т нь байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөгө болгох эрх зүйн баримт бичиг болох Дотоод журам болоод цаг үеийн нөхцөл байдлаас үүдэлтэйгээр шилжүүлэн ажиллуулах болсон нөхцөл байдалд холбогдох дүрэм, журмуудыг зөрчиж дур мэдэн ажил хаяж явсан тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд шаардлагыг бүхэлд нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Газрын даргын 2020-12-21-ний өдрийн Б/0 дугаартай Б.Т-г шилжүүлэн ажиллуулах тушаалын тухайд дэлхий нийтээр цар тахал гарсан цаг үеийн нөхцөл байдлын үед коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 13.2.1-д заасан үүрэг хариуцлагын хүрээнд байгууллагын дотоод үйл ажиллагааг төрийн байгууллагуудтай холбож мэдээ тайлан гаргах, тайлагнах өдөр тутмын үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах үүднээс дотоод ажил хариуцсан мэргэжилтэн чухал шаардлагатай байсан. Б.Т-гийн гаргасан нэхэмжлэлд дурдсанчилан мэргэжил, чадвар, цалин хөлс болон ажлын байрны нөхцөл байдлыг дордуулж туршилтын буюу дагалдан ажиллуулах хугацаагаар шилжүүлж, хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээ болон байгууллагын дотоод журам, шилжүүлэн ажиллуулах журмуудыг зөрчсөн асуудал байгаагүй болно. Нэхэмжлэгч нь дотоод ажил хариуцсан мэргэжилтэнгээр ажиллах хүсэлгүй байгаа талаар удирдах албан тушаалтанд эсвэл газрын дарга болон ёс зүйн хороонд хүсэлт, өргөдөл гомдол гаргаж байгаагүй.

Б.Т-г хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэнгээс Дотоод ажил хариуцсан мэргэжилтэнгээр шилжүүлэх тушаал гарсан өдрөөс ажлын 8 өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг үл биелүүлэн ажил тасалсан нь газрын даргын 2021 оны 01 сарын 05-ны Б/0 дүгээр тушаал гарах үндэслэл бүрдсэн. Байгууллагын ёс зүйн хороонд гомдлоо гаргах боломжтой байсан. Шүүхэд гомдлоо 1 сарын дотор гаргах байсан гэтэл гомдлоо гаргаагүй. Шилжүүлэн ажиллуулах тушаалыг гардаж авснаас хойш 50 хоног өнгөрсөн. Гардаж аваад мэдээд ажлаа хаяад явсан. Ажлаа таслаад 14 хоног ор сураггүй алга болсон.

Иймд хариуцагчийн хувьд хууль, дүрэм журмыг илт зөрчсөн нөхцөл гаргаагүй бөгөөд Б.Т-н тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГазарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч буюу ажил олгогч нь Б.Т-г 8 өдөр ажлын байрандаа ирээгүй, ажлын байр шалтгаангүйгээр дур мэдэн орхиж явж ноцтой зөрчил гаргасан тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй гэж маргасан.

Нэхэмжлэлийн шаардлага: 2020-12-21-ний өдрийн Б/0 дугаар өөр ажилд шилжүүлэн томилсон тушаалын хувьд:

Нэхэмжлэгч Б.Т-д удирдлагаас нь өөр ажилд шилжүүлэн томилох болсон асуудлыг түүнтэй 2020 оны 12-р сарын 16-ны өдөр ярилцаж, 21-ний өдөр тушаалыг гаргажээ. Уг тушаалыг хамт ажилладаг Нарантуяагаас өөрөө авч хуулбарлаж авсан гэсэн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан. Иймд өөр ажилд шилжүүлэн томилсон ажил олгогчийн шийдвэрийг гардаж авсан гэж үзэхээр байна.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх хугацааг тусгайлсан хуулиар зохицуулсан байх тул нэхэмжлэгч Б.Т эрхээ зөрчигдсөн талаар мэдсэн өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, эрх зөрчигдсөн талаарх гомдлыг хуульд заасан хугацааны дотор гаргах эрхээ алдсан байна.

Хэрэгт авагдсан баримтаар гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх хуульд заасан үндэслэлүүд тогтоогдоогүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б 2020-12-21-ний өдрийн өөр ажилд шилжүүлэн томилсон шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа бол гомдлоо гаргах талаар тайлбарлаж хэлж өгсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Б.Т няцаагаагүй, маргаагүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э хавтаст хэргийн 7-8 талд байгаа 2020-01-12-ны өдрийн хуулбар үнэн тамга даруулж авсан өдрөөс шийдвэрийг гардан авсанд тооцож, энэ өдрөөс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлсэн гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч энэ нь нэхэмжлэгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б нарын тайлбараар няцаагдаж байна. 

Харин нэхэмжлэгч Б.Т нь ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо 2021-02-18-ны өдөр шүүхэд гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтад нийцжээ.

Нэхэмжлэгч Б.Т нь Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГазарт 2019-07-25-ны өдрөөс эхлэн Захиргаа, хүний нөөцийн хэлтэст хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан болох нь зохигчийн тайлбар, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан 844 тоот хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна. /хх-ийн 3-6 тал/

Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГазрын даргын 2021-01-05-ны өдрийн Б/0 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дүрмийн 2 дугаар зүйлийн 2.11 дэх хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 9.1.3 дугаар зүйл, 9.1.5.6 дахь заалт, Хөдөлмөрийн гэрээний 6.3.2-д заасныг үндэслэн Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтэн Б.Т-г хүндэтгэн үзэх шалтгаангүй 8 хоног ажил тасалсан гэх үндэслэлээр мөн өдрөөр тасалбар болгон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлжээ. /хх-ийн 78 тал/

Нэхэмжлэгч талаас гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоос 2020 оны 12-р сард 1.720.250 төгрөг, 2021 оны 1-р сард 107.164 төгрөгний цалин авч байсан болох нь баримтаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч Б.Т 8 өдөр ажил тасалсан учир ажлаас чөлөөлөх үндэслэл болсон гэх тайлбарыг хариуцагч гаргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын талаарх үндэслэл, татгалзлаа нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал хэрэгжүүлээгүй, нотлогдоогүй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Б.Т-г Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГазрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажилд эгүүлэн тогтоож, 2021-01-05-ны өдрөөс 2021-05-18-ны өдрийг хүртэл 102 хоногоор тооцож 8.208.144 төгрөгний ажилгүй байсан хугацааны цалинг олгож, 4.169.368 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаархи тодорхойлолтоос дундаж цалин хөлс тодорхойлох журамд зааснаар /сарын цалинг 1.730.419 төгрөг, 1 хоногт 80472 төгрөгөөр/ тооцлоо.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцон, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.2, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-г Нийслэлийн хот тохижилтын газар ОНӨААТҮГазрын захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 8.208.144 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГазраас гаргуулж олгож, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэнээр ажилд томилуулах, цалин хөлс 4.169.368 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил олгогч төлбөл зохих шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нэхэмжлэгч Б.Т-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГазарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Т-гийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГазраас улсын тэмдэгтийн хураамжид 146.280 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА