Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01439

 

 

 

               

                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд цахимаар хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Б.А-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т.З-д холбогдох

3,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад:

Цахим шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.А-, хариуцагч Т.З-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Б.А- би 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг 01 дүгээр сарын 16-ны өдөр 1,000,000 төгрөгийг нийт 3,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай Зээлийн гэрээ байгуулж Т.З-д зээлүүлсэн. Зээлийн гэрээ 2020 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болоод утсаар яриад дахин 4 сарын хугацаатай сунгасан Т.З- нь 1,800,000 төгрөгийг авсан түүнээс хойш өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй тул гэрээний үүрэгт 3,600,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Т.З- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би Б.А-тай харилцан тохиролцож 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн хугацаа дуусаад утсаар яриад зээлийн гэрээг сунгасан. Би түүний Хаан банкны 5166173615 дансанд 1,800,000 төгрөгийг 2020 оны 02дугаар сараас 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сар бүр 300,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн.Үлдсэн мөнгийг төлнө гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:  

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч Т.З-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,600,000 төгрөг гаргуулах шаардлагыг гаргажээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 1,800,000 төгрөгийг төлсөн үлдэх мөнгийг төлнө гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

Зохигчид 3,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлэхээр харилцан тохиролцож, хариуцагч  2020 оны 01 дүгээр16-ны өдөр 2,000,000 төгрөгийг, 01 дүгээр сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан талаар талууд маргаагүй./хх-ийн 4 дүгээр тал/

Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, энэ хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасны дагуу талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар талууд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс 3,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг бичгээр байгуулж мөнгө хүлээн авсан талаарх үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас үзэхэд  нэхэмжлэгч зээлийн гэрээг бичгээр байгуулсан хугацаанд үндсэн зээл, зээлийн хүүг хариуцагчаас шаардах эрхтэй.

Хариуцагч Т.З- нь Хаан банкны 500000065 өөрийн данснаас нэхэмжлэгч А-гийн Хаан банкны 500000016 дансанд 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 300,000 төгрөг, 3 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 4 дүгээр сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 5 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг нийт 1,800,000 төгрөгийг шилжүүлсэн нь Хаан банкны депозит дансны хуулгаар тогтоогдож байна.  /хх-ийн 15-20 дугаар тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3,000,000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүү төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Т.З- үндсэн зээл 3,000,000 төгрөг, хүү 900,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.А-д буцаан өгөх үүрэгтэй гэж үзэх ба үүнээс тэрээр хүү 900,000 төгрөгийг буцаан төлж, үндсэн зээл 3,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т: ”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаар талуудын хооронд байгуулсан  зээлийн гэрээний хугацаа дуусаж, цаашид бичгээр гэрээг байгуулаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй тул нэхэмжлэгч зээлийн гэрэээний үүрэгт хүү шаардах эрхгүй болно.

Хариуцагч Т.З- нь нэхэмжлэгчийн Хаан банкны 5166173615 дансанд 5 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 6 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг, 7 дугаар сарын 16-ны өдөр 300,000 төгрөг нийт 900,000 төгрөгийг  зээлийн хүү гэж төлсөн хэрэгт авагдсан бичгийн  баримтаар нотлогдсон тул үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс 900,000 төгрөгийг хасан тооцож, үлдэх 2,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Т.З--аас зээлийн гэрээний үүрэгт 2,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 74,091 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 48,550 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ГАНЧИМЭГ