Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01438

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: “М К” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.О-д холбогдох

2,421,231 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 990000 дугаар буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунболд, хариуцагч Н.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Н.О- манай Үйлчилгээний нөхцөл-ийг хүлээн зөвшөөрч My Mobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлтээ гарган 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22244251 тоот гэрээг байгуулж 990000 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн. Мөн өдөр гар утас, төхөөрөмж хөнгөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах багц ашиглах хугацаатай гэрээ байгуулж 3,599,000 төгрөгийн үнэ бүхий IphoneXSGOLD 64GB гар утасны төлбөрийг урьдчилгаа 1,271,000 төгрөг төлж үлдэх төлбөрийг 12 сард  хуваан төлөх нөхцөлөөр зээлээр худалдан авсан. Н.О- нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлэн 990000 дугаарын үйлчилгээний төлбөр, зээлээр авсан гар утасны 2019 оны 02,03,04 дүгээр сарын төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон гэрээний дагуу нийт төлбөр 2,421,231 төгрөг төлөхийг сануулж Анхааруулах хуудас илгээсэн мөн шүүхэд шилжүүлсэн боловч хаягтаа суудаггүй үндэслэлээр эрэн сурвалжилж хаяг тогтоон төлбөрөө төлөхийг сануулсан ч төлбөрөө өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймд Н.О-гээс 99000000 дугаарын үйлчилгээний төлбөр 93,231 төгрөг, зээлээр авсан IphoneXSGOLD 64GB гар утасны төлбөрийн үлдэгдэл 1,940,000 төгрөг ,торгууль 388,000 төгрөг, нийт 2,421,231 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Н.О- шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2,421,231 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна гэв.

Н.О- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагадаа: Н.О- миний бие үүрэн холбооны Мобиком ХХК-иас 2016 онд 990000 дугаарыг анх эзэмшиж эхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 22244251 тоот гэрээ байгуулж IphoneXSGOLD 64GB гар утсыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж авсан. “М К” ХХК- нь 2019 оны 02, 03, 04 дүгээр сарын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр үйлчилгээг зогсоосон Миний бие нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр авсан гар утасны үнийн дүн 2,421,131 төгрөг дээр маргаагүй. Н.О- миний бие 5 жилийн турш шударга эзэмшигчээр эзэмшижбасйан 9900000 дугаарыг “М К” ХХК- нь давуу эрх эдэлж цуцалж өөр хүний нэр дээр эзэмших эрх үүсгэсэнд гомдолтой байна. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн гар утас зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах гэрээний 3.11-д хэсэгт гэрээ цуцлагдаж тухайн дугаарыг цаашид ашиглах боломжгүй гэж дурдсан байна. Гэтэл Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж хуульчилсан. Гэрээний аль ч нөхцөлд Мобиком корпорациХХК хэрэглэгчийн дугаарыг хурааж авна гэсэн заалт байхгүй 3.11-п хэсэгт заасан ашиглах боломжгүй гэдэг нь дуудлага хийх, өөр бусад дугаартай холбоотой үйлчилгээ хийхийг хязгаарласан мэтээр ойлгогдож байна Иймд Н.О- миний 5 жил шударгаар эзэмшиж ирсэн дугаарыг тус “М К” ХХК--иас буцаан гаргуулж өгнө үү гэв.

“М К” ХХК--ийн төлөөлөгч Ц.Ариунболд шүүх хуралдаанд сөрөг шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Аливаа үүрэн операторын дугаарлалт бол тусгай зөвшөөрлийн хүрээнд тухайн компани эзэмшилд байдаг дугаарлалт юм. Дугаарлалт бол тухайн үүрэн холбооны оператор болон хэрэглэгчийг ялгах тэмдэг юм. Харилцаа холбооны тухай хуулийн 3.1.12 дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг хэлдэг. Мөн хуулийн 3.1.6—д хэрэглэгч гэж харилцаа холбооны үйлчилгээний үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр ороолцож байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан байдаг бөгөөд Н.О- гэрээний хүрээд 990000 дугаарлалт дээр “М К” ХХК--иас үйлчилгээ авч хэрэглэгч байсан. Энэхүү дугаарлалт үүрэн холбооны сүлжээнд хэрэглэгчийг ялгах тоон илэрхийлэл болохоос тухайн хэрэглэгчийн эзэмшлийн эд хөрөнгө бол биш юм.Н.О- манай үйлчилгээний нөхцөл,гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч My Mobi үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 22244251 тоот гэрээ байгуулж 990000 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ ашиглаж эхэлсэн хэрэглэгч юм. Тус гэрээний 7 дугаар зүйлд үйлчилгээ хязгаарлах, хаах гэрээ цуцлах талаар заасан байдаг бөгөөд 7.1.1-гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчвөл 7.1.2-т Төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй, 7.1.8-д мэдүүлсэн хаягтаа оршин суудаггүй болох нь тогтоогдон хаягийн өөрчлөлтийн талаар ажлын 5 хоногийн дотор мэдэгдээгүй бол гэрээ цуцлахаар тодорхой заасан байдаг. Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйл Үйлчлэгчийн эрх, үүрэг гээд 25.1.2-т хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоо, гэрээг зогсоох, эрхтэй  байхаар зохицуулсан байдаг. Н.О-гийн хувьд 2019 оны 02,03,04 дүгээр сарын үйлчилгээний төлбөр болон зээлээр авсан гар утасныхаа төлбөрийг төлөөгүй өнөөдрийг хүрч байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй 2 жил болж байна мөн хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдон учир эрэн сурвалжлах шүүгчийн захирамж гарч цагдаагийн байгууллагаар эрэн сурвалжилж одоогийн хаягийг тогтоосон.

Дараа төлбөрт үйлчилгээ гэдэг бол үйлчилгээ авсныхаа дараа төлбөрийг төлдөг онцлогтой үйлчилгээ бөгөөд өөрөөр хэлбэл зээлээр үйлчилгээг авч ашиглаад дараа нь төлбөрийг төлдөг зээлээр худалдах, худалдан авах гэрээний нэг хэлбэр юм. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн Худалдагч гэрээнээс татгалзах гээд 264.1- Зээлээр худалдах худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ худалдан авагч биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол худалдагч гэрээнээс татгалзах үүрэгтэй байдаг. Хуульд өөрөөр заагаагүй бол талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байдаг. Гэтэл хэрэглэгч аль хэдийн үйлчилгээгээ аваад гар утсаа ашиглаад үр шимийг  нь хүртсэн учир буцаах боломжгүй иймд төлбөрөө л төлөх үүрэгтэй. Мөн 264,2-т Энэ хуулийн 264.1-д заасан тохиолдолд худалдагч учирсан хохирол, зардлаа худалдан авагчаас шаардах эрхтэй. Иймд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж талуудын хооронд гэрээний үүрэгтэй шаардах эрхээс бусад эрх зүйн харилцаа дуусгавар болсон тул Н.О-гийн гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй шаардлага байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Үндсэн нэхэмжлэл 2,421,231 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “М К” ХХК- нь хариуцагч Н.О-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,421,231 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрч байна.

 Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д “Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна.”;

Энэ хуулийн 106.6.-д ”Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол нэхэмжлэгч, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч, зохигч эвлэрсэн бол нэхэмжлэгч, хариуцагчид хувааж хариуцуулахаар шүүхийн шийдвэрт заана.” гэж тус тус заасан.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан, зохигчид дахин энэ асуудлаар шүүхэд хандах эрхгүйг дурдах нь зүйтэй.

2. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага 990000 дугаар гаргуулах шаардлагын тухайд:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н.О- 990000 дугаарыг “М К” ХХК--иас гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

      ”М К” ХХК- нь сөрөг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

       Н.О нь 9000000 дугаарыг 2016 онд анх “М К” ХХК--иас худалдан авч шударгаар эзэмшиж байгаа хэмээн тайлбарлаж байх боловч энэ талаар баримтаар нотлоогүй.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх “гэж зааснаар 2016 онд “М К” ХХК--иас 990000 дугаар худалдан авсан талаарх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн

3.1.5. “үйлчлэгч” гэж Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.16.1-15.16.33.1.6.“хэрэглэгч” гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг;

3.1.6-д “заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий иргэн, хуулийн этгээдийг”;

3.1.12.-т “дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө” гэж улс, хот хооронд, орон нутгийн сүлжээ болон үйлчлэгчийг ялгаж таних, дуудлагын чиглэлийг тодорхойлох тоон илэрхийллийг.;

6 дугаар зүйлийн  6.1.5.-д “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө батлах;”,  

9 дүгээр зүйлийн 9.1.9-д “сүлжээний дугаарлалтын нэгдсэн төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;” гэж заажээ.

Н.О- нь MyМobi үйлчилгээг хүлээн зөвшөөрч “М К” ХХК--тай 22244251 дугаартай Үйлчилгээний гэрээ-г байгуулсан ба гэрээтэй холбоотой үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс үзэхэд Н.О- нь 9000000 дугаарын хүрээнд “М К” ХХК--иас үйлчилгээ авч байсан хэрэглэгч байх бөгөөд тухайн дугаар нь хэрэглэгчийн эзэмшлийн эд хөрөнгө биш байх тул сөрөг шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Сөрөг шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хээлийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М К” ХХК--ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.О-д холбогдох 2,421,231 төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12-т заасныг баримтлан Н.О-гийн нэхэмжлэлтэй “М К” ХХК--ид холбогдох 990000 дугаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 53,690 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 26,845 төгрөгийг, улсын орлогоос 26,845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид, сөрөг шаардлагын хүрээнд урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Хариуцагч Н.О- шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтыг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 дэх заалтад нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл энэ гаргах эрхгүй болохыг дурдсугай.

6. Зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад гомдол гаргах эрхгүйг, 2 дахь заалтыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авснаас хойш 14 хоногт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Т.ГАНЧИМЭГ