Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2021/01437

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Р.М-д холбогдох

5,604,798 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Ц-, өмгөөлөгч Л.Баярсайхан, хариуцагч Р.М-, нарийн бичгийн дарга С.Өсөхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:Миний бие хариуцагч Р.М-д 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй анх зээлдүүлсэн. 2018 оны 6 дугаар сард Чингэлтэй дүүрэг, Уртцагаанд байрлах зуны үйл ажиллагаатай ТҮЦ-ийг түрээслэхээр тохиролцож, надаас 2,000,000 төгрөгийг нэмж нийтдээ 3,000,000 төгрөгийг зээлсэн. ТҮЦ түрээслэн ажиллуулахад цахилгаан байхгүй байсан тул би зээлсэн мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг буцаан авч 500,000 төгрөгийг тогны мөнгийг төлж, үлдэгдэл мөнгөөр нь Р.М-д ус, ундааг өөрийн машинаар захаас авч буулгаж өгч байсан. Хариуцагч Р.М- зээлсэн 1,000,000 төгрөгөөс хүү гэж 200,000 төгрөгийг, 1,000,000 төгрөгийн хүү, үндсэн төлбөрөөс 400,000 төгрөгийг буцаан төлсөн. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,750,000 төгрөгийг төлөөгүй болно. Миний өмчлөлийн Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хороолол 103 дугаар байрны 1010 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 7 дугаар сараас эхлэн нэг сарын 350,000  төгрөгт амаар тохиролцон  хөлсөлж суусан. Орон сууц түрээслэн суусан 7 сарын хугацааны хөлс 2,450,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно.

Миний бие Р.М-ийн амьдрал ахуй, өөрийн дүү шигээ итгэн найдаж тусалж итгэж байхад миний итгэлийг эвдэж өнөөдрийг хүртэл хугацаанд надад хохирол учруулж байна. Хариуцагч надад төлөх ёстой 5,200,000 төгрөгийг төлөх болно гэж өөрөө Төлбөр барагдуулах тухай гэрээ”-г бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байдаг. Мөн эрүүгийн журмаар шалгуулахад Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын Гомдол хянан шийдвэрлэсэн тухай хариу мэдэгдэх хуудаст надад байрны түрээс төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн нь дурдагдсан.

Иймд хариуцагч Р.М-гаас надад төлөх ёстой 5,200,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 104,000 төгрөг нийт 5,604,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.М- шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2018 оны 01 дүгээр сард Урт цагаанд байрлах Д.Ц-гийн ажиллуулдаг Үсчинд суудал түрээслэн ажилд орж энэ хүнтэй танилцсан. Миний бие Д.Ц- эгчээс анх 1,000,000 төгрөгийг сарын 20 хувийн хүүтэй зээлэхээр амаар тохирсон. Дараа түүний эзэмшлийн Урт цагааны урд байрлах ТҮЦ-ийг 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс 11 дүгээр сарыг хүртэл хугацаанд ажиллуулахаар тохиролцсон. ТҮЦ-д бараа авах зорилгоор 1,000,000 төгрөгийг зээлсэн. Д.Ц- эгч зээлүүлсэн мөнгөнөөс 500,000 төгрөгийг буцаан авч ТҮЦ-ийн цахилгааны төлбөрийг төлж, үлдэгдэл 460,000 төгрөгт ус ундаа авчирч өгсөн. Би түүнээс зээлсэн мөнгийг бүгдийг өдрийн орлогоос төлж барагдуулсан. Одоо надаа төлөх төлбөр байхгүй. Баянзүрх дүүрэг 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хороолол 103 дугаар байрны 1010 тоот 2 өрөө орон сууцыг 2018 оны 7 дугаар сараас эхлэн нэг сарын 350,000 төгрөгт амаар тохиролцон хөлсөлж суусан үнэн. Байранд анх орохдоо барьцаа 250,000 төгрөг, нэг сарын түрээсийн төлбөр 350,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг төлж байранд орсон. Орон сууцны төлбөрөөс 2,450,000 төгрөгийг төлөөгүй хүлээн зөвшөөрнө маргахгүй. Харин миний орон сууцанд ороход барьцаанд төлсөн 250,000 төгрөгийг надаас авчхаад яагаад аваагүй гэж байгааг ойлгохгүй байна.Би зээлж авсан бүх төлбөрөө төлсөн. Цэцгээ эгч миний өдрийн орлогоос нэг ч төгрөг үлдээхгүй бүгдийг өдөр болгон хураан авч, хүүхдүүдэд минь талхны мөнгө ч үлдээдэггүй байсан. Түүнчлэн надтай хамт амьдарч байсан хүний цалинг хүртэл хураан авдаг байсан. Би өдөр болгон олсон орлогоос бүгдийг төлсөн тул одоо надаа төлөх төлбөргүй гэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Р.М-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,750,000 төгрөг, орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 2,450,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 104,798 төгрөг, нийт 5,604,798 төгрөгийг гаргуулахыг шаарджээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 2,450,000 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрч бусад шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар дараах нөхцөл байдал тогтоогдов.

1.  Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 2,450,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 1/184 тоот “Гомдол хянан шийдвэрлэсэн тухай“ хариу мэдэгдэх хуудас, Монгол Улсын Ерөнхий Прокурорын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 1/1331 тоот “Гомдолд хариу өгөх тухай” хариу мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч Д.Ц-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Баярсайхан нарт хүргүүлжээ. /хх-ийн 9, 87-88 дугаар тал/

Дээрх Прокурорын хариу мэдэгдэх хуудаст ....Р.М-, Д.Ц- нарын хооронд үүссэн асуудал Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийн шинжгүй, Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шийдвэрлүүлбэл зохих эд хөрөнгийн маргааны шинжтэй асуудал байх тул прокурорын шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг мэдэгдье. гэжээ. /хх-ийн 87 дугаар тал/

Зохигчид Д.Ц-гийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Саруул тэнгэр хороолол, 103 дугаар байрны 1010 тоот хаягт байрлалтай, 2 өрөө орон сууцыг нэг сарын 350,000 төгрөгт тооцон 2018 оны 7 дугаар сараас хөлслүүлэх, хөлсөн суухаар харилцан тохиролцжээ.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохиролцсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч, нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцыг 2018 оны 7 дугаар сард хүлээн авч нүүн орсон, нэхэмжлэгч орон сууцыг хүлээлгэн өгсөн, хариуцагч Р.М- дээрх орон сууцад 10 сарын хугацаанд 2019 оны 5 дугаар сард тухайн орон сууцнаас нүүн гарсан үйл баримтад зохигчид маргаагүй.

Хариуцагч Р.М- 2018 оны 7, 8, 9 дүгээр сарын төлбөрт 1,050,000 төгрөгийг төлсөн, 10, 11, 12, 2019 оны 01, 02, 03, 04 дүгээр сарын төлбөр нийт 2,450,000 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх тул нэхэмжлэгч орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээний үүрэгт 2,450,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагч ......2018 оны 7 дугаар сард би Д.Ц-д орон сууцны хөлслөх барьцаанд 250,000 төгрөг, 7 сарын түрээс 350,000 төгрөг нийт 600,000 төгрөгийг төлж, нүүн орсон. гэж маргасан. Хариуцагчийн орон сууцад нүүн ороход барьцааны төлбөр 250,000 төгрөгийг хүлээн авсан талаар нэхэмжлэгч маргахгүй байх тул хариуцагчийн гэрээний үүрэгт ёстой 2,450,000 төгрөгөөс барьцаанд төлсөн 250,000 төгрөгийг хасаж, үлдэх 2,200,000 төгрөгийг Р.М- нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

2.    Зээлийн гэрээний үүрэгт 2,750,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:  

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хариуцагч Р.М-гаас  Төлбөр барагдуулах тухай, 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр .....5,200,000 төгрөгийг төлөх нь үнэн гэх тайлбарыг бичсэн баримтыг хавсаргажээ./хх-ийн 10,12 дугаар талууд/

Дээрх тайлбаруудыг хариуцагч бичиж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж нэхэмжлэгч тайлбарлах хэдий ч энэхүү баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх үндэслэлгүй.

Хариуцагч Р.М- нэхэмжлэгч Д.Ц-с 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарны 10 хувийн хүүтэй, 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Урт цагааны урд байрлалтай Д.Ц-гийн эзэмшлийн ТҮЦ-ийг ажиллуулах зорилгоор 1,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 7 дугаар сарын 08-ны өдөр 1,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй нийт 3,000,000 төгрөгийг  зээлдүүлжээ.

Нэхэмжлэгч Д.Ц- зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Р.М- зээлийн гэрээний үүрэгт 4,000,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс зээлийн хүүд 1,200,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 2,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.  

Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт төлөх төлбөргүй, өдөр бүрийн орлогоос Д.Ц- хураан авдаг байсан, өр төлөгдсөн гэж маргаж байна.

Дээрх үйл баримт, талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 

282 дугаар зүйлийн 282.4-т: ”Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно”

282 дугаар зүйлийн 282.3-т:”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж зааснаас зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн хэдийч талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй, хуульд заасан шаардлага хангаагүй байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүрэгт 1,200,000 төгрөгийг зээлийн хүү гэж авах эрхгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт ....нэхэмжлэгч ТҮЦ ажиллуулах зорилгоор хариуцагчид 2018 оны 6 дугаар сарын 18-ны өдөр зээлдүүлсэн 1,000,000 төгрөгөөс ТҮЦ-ийн цахилгааныг холбуулахаар 500,000 төгрөгийг авч тэр дор нь тушааж тог холбуулсан, үлдэгдэл 460,000 төгрөгт ус, ундааг зөөвөрлөн авчирч Р.М-д хүлээлгэн өгсөн гэж тайлбарласан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний зүйл болох мөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй бөгөөд үүрэг нь Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1-т зааснаар үүсэх ба талууд анхнаасаа зээлийн гэрээний харилцаанд орж байгаа бол Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин гэрээний зүйл зээлдэгчийн өмчлөлд шилжсэн эсэхээс хамаарах учиртай. Дээрхээс үйл баримтаас үзвэл 500,000 төгрөгийг зээлийн гэрээний дагуу үүрэг үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.

Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн “MONTAGE” гэсэн бичигтэй шар өнгийн 24 хуудастай тооны дэвтэрт бичигдсэн тооцоо нь талуудын хэн аль мөнгө хүлээлгэн өгсөн, хүлээн авсан талаар гарын үсэг зурагдаагүй, тооцоо нийлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нотлох баримтаар үнэлээгүй болно./хх-ийн 14-41 дүгээр тал/

Хариуцагч Р.М- 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баталгаа гаргах тухай хар өнгийн балаар ....5,200,000 төлөх нь үнэн,...2019.11.03-2020.1.05-ныг хүртэл ажиллаж 197,000 төгрөг төлсөн........” гэж бичигдсэн хуудаст 5,200,000 төгрөгөөс 197,000 төгрөгийг, хэргийн 82 дугаар талд авагдсан баримтад 1,120,000+430,000=1,550,000 төгрөгийг Мөөгий төлсөн, Данс нийлсэн гэж талууд гарын үсэг зурагдсанаас үзэхэд хариуцагчийг 350,000 төгрөгийг нийт 547,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэж хасаж тооцох нь зүйтэй гэж үзэв./хх-ийн 12, 82 дугаар талууд/

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зээлийн гэрээний үүргийг хянан шийдвэрлэж хариуцагч Р.М-гаас 503,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,247,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

3. Өмгөөллийн хөлс 300,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 104,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

Өмгөөллийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ үйлчлүүлэгч, эсхүл түүний сонгосон этгээдтэй хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээг бичгээр байгуулна.”, 22.2.3-т “төлбөрийн хэмжээ, төлөх нөхцөл, дансны дугаар;” зэргийг гэрээндээ тусгасан байхыг шаардана.

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар Хөлсөөр ажиллах гэрээ-д зааснаар нэхэмжлэгч нь өмгөөлөгчид хөлс төлөх, өмгөөлөгч гэрээнд заасан ажил үүргийг гүйцэтгэх үүрэгтэй байх бөгөөд  нэхэмжлэгч өмгөөлөгчид төлсөн хөлс 300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах үндэслэлгүйг;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.“Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө.” гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж хуульд зааснаар хувиарлах учиртай тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв

Дээрх үндэслэлүүдийг дүгнэвэл хариуцагч Р.М-гаас 2,695,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,511,596 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Р.М-аас 2,695,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,511,596 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.М-гаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 58,078.23 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ